“BBC” агентлагийн сэтгүүлч Эрин Крейг Монголын хушны самар болон тайгын амьдралын тухай “Mongolia’s obsession with pine nuts” буюу “Толгойноос гардаггүй Монгол хушны самар”нийтлэл бичжээ. Түүний нийтлэлийг www.bbc.com сайтаас хөрвүүлэн хүргэж байна. 


“Энхбаатар аа чи хаана байна” гэж намайг орилоход Энхбаатар цагаан малгайгаараа над руу даллаж хаана байгаагаа мэдэгдэв. Бид Сибирийн хилээс хэдхэн километрийн зайд орших тайга гэж нэрлэгдэх газар байгаа юм. Би газарт унасан модны мөчирт бүдэрч, нуруугаараа уулын уруу зөөлөн гулсав. Харин дээшээ харахад Энхбаатар газраас 10 гаруй метрийн өндөрт хуш модны оройд харагдаж байв.Тэр хушны орой дээрээс ямар нэгэн юм мулт татаж аваад бидэн рүү шидэж байв. Би Энхбаатарын доош унагасан зүйлийг ихэд сонирхож яаран очсон ч надаас түрүүлээд аль хэдийнэ түүний зургаан настай хүү оччихсон ямар нэгэн жимс шиг зүйлийг боргоцойноос суга татан гаргаж ирээд хэмэлж харагдав. Хүү удалгүй цагаан шаргал өнгөтэй хушны самар гаргаж ирээд надад үзүүлэв.Нутгийн хүмүүс энэ хушны самарт ихэд дуртай аж. Учир нь  хушны самар  зөөлөн, сайхан амттай. Миний хувьд содон шинэлэг зүйл байсан ч Энхбаатар болон монголчуудын хувьд ердийн өдөр тутамдаа хийдэг л зүйл нь байлаа. Энхбаатар бол Монголын хойд хэсэгт тайгад амьдрах цаатан хүмүүсийн нэг. Цаатан үндэстнүүд цаа бугаа маллаж, майхандаа амьдардаг. Тэд өвлийн хүйтнийг майхандаа ажралгүй давдаг тэсвэртэй хүмүүс. Хушны самар бол тэдний хувьд дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байдаг хөнгөн зууш л гэсэн үг. Монголын хойд хэсэг буюу цаатангуудын амьдарч буй хэсэг газар тариалан явуулахад тохиромжгүй, хатуу ширүүн уур амьсгалтай. Тиймээс цаатангууд цаа бугаа  маллаж сүүгээр нь хүнсээ бэлдэж, зэрлэг байгальд ургаж буй самар жимсээр хооллож шаардлагатай витаминаа авдаг. Эдгээр цаатангуудын аж амьдрал Чингисийн үеэс хойш огт өөрчлөгдөөгүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энхбаатарын гэр бүл жил бүр хушны самар олон кг-аар нь бэлдэж, нөөцөлдөг. Нөөцөлсөн самраа өвөл Улаанбаатар хотод аваачиж борлуулдаг. Хушны самрын худалдаа монголчуудын хувьд томоохон бизнес болжээ. Наймдугаар сарын сүүлчээс эхлэн монголчуудын олонх нь самарт явж, түүсэн самраа он гартал худалддаг байна. Хэр ургаснаас нь шалтгаалж, кг нь 8000-13000 төгрөгийн хооронд байдаг аж. Харин АНУ-д нэг кг хушны самар 60 ам.долларын үнэтэй байдаг. Хушны самрын идээ нь Газар дундын тэнгис орчим оршин суугчдын хоолны  чухал орц болдог бөгөөд ийм төрлийн хоол чамгүй өндөр үнэд хүрдэг. Монголчууд түүсэн самрынхаа 70-80 хувийг гадагшаа экспортолдог. Монголоос экспортолсон  самрыг Хятадад боловсруулан, “Сибирийн самар” нэрээр зүүн Европ болон Хойд Америк, Газар дундын тэнгисийн орнуудад экспортлодог  байна. Дэлхий дээр нийт 28 төрлийн хушны самар ургадаг байна. Харин нэлээн эрэлт ихтэй, борлуулалт сайтай нь хоёр төрлийнх. Энэ хоёр нь зөвхөн  зүүн хойд Ази болон Сибирт ургадаг. Харин нөгөө нь ОХУ, Солонгосын хойгт ургадаг байна. Харин “Сибирийн хушны самар” нэрээр борлуулагддаг самар нь Монголоос экспортолдог самар юм. 


Эх сурвалж: http://www.bbc.com/travel/story/20180114-mongolias-obsession-with-pine-nuts

Үндэсний шуудан сонин