Энэ сарын сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг ЦУОШГ-аас анхаарууллаа. Тодруулбал, нэгдүгээр сарын 18-наас 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нээс 23-нд ихэнх нутгаар, 24-нөөс 25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, сарын эцсээр зарим газраар цас орж, 21-нээс 23-нд ихэнх нутгаар хүчтэй салхилж, говь талын нутгаар зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж.

Цасны улмаас зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах төдийгүй баруун, төв, зүүн аймгуудын цас ихтэй газруудын цасны зузаан улам нэмэгдэж, малын бэлчээрлэлт, өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг анхааруулав.

Нэгдүгээр сарын 21-нээс хүйтний эрч ихэнх нутгаар эрс чангарч, 27-ныг хүртэл шөнөдөө Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эх, Дархадын хотгороор -45..-50 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар -35..-40 градус, бусад нутгаар -29..-34 градус хүрч чангарах төлөвтэй байгаа аж.