Дорнод аймгийн харъяат З.Сэлэнгэ гэгч бүсгүй эхнэр хүүхэдтэй Ц.Ц гэх эртэй дотно харьцаатай болсон байна. Улмаар Ц.Ц-тэй хамт амьдрах суух дээрээ тулахад Ц.Ц “Хүүхэдтэй болохоор эхнэрээсээ салж чадахгүй байна” гэж хэлсэн нь гэмт хэрэг гарах үндэс болсон байна.

Үүнээс гадна З.Сэлэнгийн тээж байсан ураг төрж чадаагүй бөгөөд зулбуулсан, авахуулсан эсэх нь мөрдөн байцаалтын нууцад хамаарч байга юм.  Өөрөөсөө үе мултарсан нэгэнтэй хамт амьдрахын тулд  З.Сэлэнгэ 200 000 төгрөг  хамаатныхаа П.Барсболдод  өгч долоон настай хүүг хөнөөх захиалга өгсөн хэрэг 2016 оны 09 сарын 06-ны өдөр гарсан.  Энэ хэргийн улмаас долоон настай хүү эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан юм. Энэ хэргийг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэлэлцэж З.Сэлэнгэ, П.Барсболд нарыг буруутай гэж үзлээ.

Прокуророос З.Сэлэнгэ нь Ц.Ц-тэй эр эмийн харьцаа тогтоосны улмаас түүний эхнэр Л.М-тэй маргалдаж, улмаар өс хонзон санаж П.Барсбодтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Х дүгээр баг, Х тоотод оршин суух 7 настай Ц.Т-г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг насанд хүрээгүй П.Барболдод захиалсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.11, 91.2.15 дахь заалтад зааснаар, мөн насанд хүрээгүй П.Б-ыг “хүнийг санаатай алах” буюу онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт зааснаар,

П.Б нь насанд хүрээгүй байхдаа З.С-ийн захиалгаар, түүнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Х дүгээр баг, Х тоотод оршин суух 7 настай Ц.Т-г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гар утасны цэнэглэгч, уртасгагч залгуураар хоолойг нь боомилж санаатай алсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.11, 91.2.15 дахь заалтад зааснаар, мөн 2015 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын Х дугаар багт байрлах Алт, мөнгөний дарханы газрын хаалгыг эвдэн орж мөнгөн аяга, ээмэг, бөгж зэргийг нууцаар авч, бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Анхан шатны шүүхээр хэргийг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцэж, тус өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор З.Сэлэнгэд 23 жилийн ял, П.Барсболдод 15 жилийн ял оноосон. Шүүх хуралдааны дараа ялтан З.Сэлэнгийн аав Зориг “Миний охин бүү санаа зов. Аав нь энэ хүмүүсийг бүгдий нь зүйл дуусгана” заналхийлсэн бөгөөд энэ талаар талийгаачийн ээж шүүх хуралдаанд мэдүүлсэн байдаг.

Давж заалдах шатны шүүхээр буюу Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 39 дүгээр магадлалаар анхан шатны шүүх хурлаас гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулж ялыг хөнгөрүүлсэн байдаг.  Тодруулбал, анхан шатны шүүхээс З.Сэлэнгэд оногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, ялтан П.Барсболдод оногдуулсан 15 жилийн хорих ялыг 2-5 жилээр ялыг хөнгөрүүлсэн байна. Ингэхдээ ялтан З.Сэлэнгэд оногдуулсан ялыг 17 жил 3 сар 10 хоног хорих ялыг эмэгтэйчүүдийн хаалттай хорих ангид, шүүгдэгч П.Барсболдод оногдуулсан ялыг 13 жил хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон.  

Гэсэн ч З.Сэлэнгэ энэ ялыг хүлээн зөвшөөрөөгүй Улсын дээд шүүхэд гомдол гаргасан юм.   Тэрбээр  УДШ-д гаргасан гомдолдоо: “...Уг хэрэгт миний бие ямар ч хамааралгүй бөгөөд энэхүү хэрэгт холбогдож гүтгэгдсэндээ туйлын их гомдолтой байна. П.Барсболдыг ийм хэрэг хийснийг нь мэдэхгүй. Надад хүний хүүхдийг алаад өг гэх сэтгэл байхгүй. П.Б-ыг ийм хэрэг хийсэн гэхэд одоо хүртэл итгэхгүй байна. Би П.Барсболдод хэлээгүй, хэлж байгаагүй. Би эрүүл саруул ухаантай, 5 настай охинтой эх хүн. Ц.Ц-тэй уулзаж байнгын цуг байхдаа өөр хүнтэй уулзаж байгаагүй. Миний тээж байсан хүүхэд Ц.Ц-ийн хүүхэд байсан. Ц.Ц, Л.М нарын зулбуулсан өөрийн ураг буюу хүүхэддээ шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Л.М-ийн миний хүүхдийг зулбуулах гэж байсныг, зорилго агуулж байсныг ихэр З.Солонгод мэдүүлсээр байхад нотлох баримтаар авч шалгаагүй. Л.М, Ц.Ц нар хэвлийд минь байсан 6 сартай хүүхдийг онц хэрцгийгээр зулбуулчихаад уучлалт гуйх нь байтугай элдвээр доромжлон мессеж бичдэг, мөнгө төгрөг гээд гэрт гадаа ирдэг, 20 насаар ах, эгч эдгээр хүмүүс хэрцгий, балмад гэдгээ гүтгэсэн мэдүүлэг бүрээрээ батлан харуулж байна. Миний хэвлийд байсан 6 сартай хүүхдийг Л.М, Ц.Ц нар онц хэрцгийгээр зодож дайрч зулбуулсан үйлдлийг мөрдөн байцаагч, прокурорт гомдол гарган шалгуулах гэхэд шалгаагүй. Аймгийн прокурорт гомдол гаргахад мөрдөн байцаагчид шалгах даалгавар өгдөг. Гэвч мөрдөн байцаагч шалгаагүй. Энэ байдал нь Л.М, Ц.Ц нарыг хамгаалж энэ хоёр хүний хүүхдийг хүн гэж үзчихээд намайг буруутган миний тээж байсан хүүхдийг хүн биш байсан гэж үзэж байгаа нь илт байна.” гэх мэтээр өөрийгөө гэм буруугүй хохирогч хэмээн тайлбарлаж байсан юм.

Харин энэ талаар талийгаач хүүгийн ээж, Л.М “... Миний насанд хүрээгүй дөнгөж 7 настай жаахан хүүг маань З.Сэлэнгэ, П.Барсболд нар нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрт орж бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцон, санаатайгаар, өс хонзонгоор, захиалгаар, онц хэрцгийгээр хороосон. 2017 оны 07 дугаар сарын 26-нд давж заалдах шатны шүүх алуурчин З.Сэлэнгэ гэгчид 17 жил 03 сар 10 хоног, П.Барсболдод 13 жил хорих ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Яасан гэж ингэж бага ял өгнө вэ. Өнөөдөр Монгол Улсад хүний амь тэр тусмаа ямар ч гэм зэмгүй хүүхдийн амь үнэгүйдэх ёсгүй. Ямар ч хөнгөрүүлж үзэх шалтгаан байхгүй байхад давж заалдах шатны шүүх ийм бага ял шийтгэсэнд үнэхээр их гомдолтой байна. Миний нялх үрийг хороож, амьдын хагацал учруулж гал голомтыг минь сүйрүүлчихээд уучлалт гуйж харамсах нь байтугай улам өсөрхөн мөрдөн байцаалтын шатнаас эхлээд анхан болон давж заалдах шатны шүүхэд дандаа худал мэдүүлэг өгч намайг гүтгэн доромжилж, нэр төрд минь давхар халдаж байгаад үнэхээр жигшиж, гомдолтой байна. З.Сэлэнгэ гэгч алуурчинтай би нэг ч удаа уулзаж байгаагүй. Анх анхан шатны шүүх хурал дээр харж байсан, гэтэл надтай уулзсан гэж дандаа худлаа ярьдаг. Би алуурчин З.Сэлэнгийг хүүхдээ авахуул гэж хэлэх нь байтугай энэ тухай мессеж ч бичиж байгаагүй. Хүн өөрийгөө өмгөөлж, өмгөөлүүлэх эрхтэй ч гэсэн ямар ч үндэслэлгүйгээр хүний эрхэнд халдаж худал ярьж гутаан доромжлох нь хуульд нийцэхгүй болов уу. Энэ тал дээр шүүх бүрэлдэхүүнийг маш нухацтай авч хэлэлцэнэ гэдэгт би итгэж байгаа. Анхан шатны шүүх хурал дээр өмгөөлөгч алуурчин П.Б-оос “Чи 7 настай, жаахан хүүхэд өөдөөс чинь яриад гэр бүлийнхээ зургийг үзүүлээд байхад хайрлах сэтгэл төрсөнгүй юу гэхэд хээвнэг хайрлах сэтгэл төрөөгүй гээд хариулсанд маш их гомдсон. Ийм л өчүүхэн ч хайрлах энэрэх сэтгэлгүй учраас энэ 2 хүн хүний бяцхан үрийн амийг хохироосон. Алуурчин З.С нь миний хүүг 2017 оны 03 дугаар сараас эхлээд сиймхий гарахыг хүлээж, өөрийн дүү Б /Бөмбөөлэй/, Б-г удаа дараа гуйж, мөнгө амлаж, алах зорилго өвөрлөж байсан нь хавтаст хэргээс харагдана. Би З.С, П.Б гэх алуурчинд маш их гомдолтой. Шүүхээс гэмт хэрэгтнүүд үйлдсэн онц хүнд хэргээ ухамсарлан ойлгож, гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөхгүй, байнга худал мэдүүлж байгаа, хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйх нь бүү хэл гүтгэн доромжилж байгаа, хохирол төлбөр төлөөгүй, нийгэмд аюултай хэрцгий балмад хэрэг хийсэн байхад ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлж байгааг ойлгохгүй байна. Ялтан З.Сэлэнгийн өмгөөлөгч нар хэргийн байдлыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай сайн тогтоосон байхад шүүх хуралдаанд юуг тогтоолгох гээд байгаа, энэ нь ямар ач холбогдолтой болохыг тодорхой хэлж чадаагүй. Миний зүгээс мөрдөн байцаагч, прокурор маш сайн ажиллаж, нийгмийг цочроосон онц хүнд хэргийг хурдан шуурхай эзэн холбогдогчийг олж тогтоон, таслан сэргийлэх арга хэмжээ авч чадсанд баярлаж байдаг. Магадгүй дахин хэн нэгний амийг хороохоос сийхгүй этгээд байсан. Прокурорын даалгавраар З.Сэлэнгийг жирэмсэн байсан эсэх, жирэмслэлтийг хэзээ, хэрхэн ямар нөхцөлд тасалсан болохыг тогтоолгох талаар ажиллагаа хийсэн. Хууль бусаар өөрийн үрээ өөрөө устгаж, гэмт хэрэг үйлдсэн. Монгол Улсын дээд шүүх ялтан З.Сэлэнгэ, П.Барсбодл нарт ялын дээд хэмжээ өгнө гэдэгт би итгэлтэй байна. Мод бүхэн үндэстэй, хүн бүхэн үртэй байдаг. Би хэнд ч гэм хийгээгүй, нялх хүүгийнхээ амийг л нэхнэ” гэж тайлбарласан байдаг.

Тэгвэл энэ хэргийг хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүх өнгөрсөн онд хэлэлцэж анхан шатны шүүхээс ялыг зөв оноосон, Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн. Улмаар давж заалдах шатны шүүхээр ялаа хөнгөлүүлээд байсан  З.Сэлэнгэ, П.Барсболд нарын ялыг нэмсэн юм.

Тодруулбал, З.С-ийг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алахыг захиалсан, хүүхдийг найман жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, шүүгдэгч П.Б-ыг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж захиалгаар алсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч З.С-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.3, 2.7 дахь заалтад зааснаар 17 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял нийт 20 жилийн хорих ял оноожээ.

Харин энэ хэргийг үйлдсэн П.Барболдын нийт эдлэх хорих ялыг “Хүнийг алах” гэмт хэрэгт оногдуулсан 12 жил хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн 14 жил хорих ял оноолоо.

Ингэснээр тэд хөнгөлүүлээд байсан ялаа нэмүүлж, чанга дэглэмтэй гэж хэлж болох хаалттай хорих ангид ял эдлэхээр болж байна.

Гэр бүлээс гадуурх харилцаа нь юунд ч хүргэж болдог гэдгийг эндээс харж болохоор байна.  Өөрөөр хэлбэл гэр бүлээс гадуурх харилцаа, хардалтаас болж  олон нийтийг цочироосон хэргүүдийг олон нийт одоо ч мартаагүй байгаа. Тухайлбал, Баянгол дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 1-2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст байцаагч ажилтай 27 настай эмэгтэй Э-г хамт ажиллаж байсан 39 настай эмэгтэй Ц.Туяа гэгч 70 удаа хутгалж хэрцгийгээр хөнөөсөн онц ноцтой хэрэг гарч дуулиан дэгдээсэн бөгөөд энэ хэргийн улмаас нэг бүсгүй шороонд булуулж, нөгөө нь шоронд бүх насаараа суухаар болсон. Харин энэ бүхний ард хүүхэд өнчирж, хохирч байна. Тиймээс иргэд гэр бүлээс гадуурх харилцаа тогтоохгүй байж, болзошгүй эрсдлээс сэргийлэхийн зэрэгцээ үр хүүхдээ хамгаалах ёстойг анхааруулж байна.