16 насны төрсөн өдрөө тэмдэглэж байхдаа бусдад хүчиндүүлсэн тухайгаа Г.Номуундарь цахим орчинд шууд бичлэг хийж мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор аав Г нь ХУД-ийн 11 дүгээр хороо, 5 дугаар байрны ... тоотод 2015 оны 06 дугаар сарын 16-аас 17-ныг шилжих шөнө миний охин Н нь Э. Т нарт хүчиндүүлсэн талаарх гомдлыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хууль хяналтын байгууллагад гаргасныг харъяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэг учрал болсон гэх газарт буюу 2015 оны зургадугаар сарын 16-аас 17-ныг шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд залуучууд төрсөн өдөр тэмдэглэж байсан болох нь тогтоогдсон, дээрх 19 хүнээс өнөөдрийн байдлаар 14 хүнийг олж тогтоон, гэрчээр мэдүүлэг авсан. Мөн өдөр тухайн байранд очсон гэх жолооч Ц болон хохирогч Н-ийн жолооч Б нараас гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Дээрх хүмүүсийн мэдүүлснээр тухайн өдөр Н нь хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орсон, хүчиндүүлсэн ямар нэг зүйл болоогүй, мэдэгдээгүй талаар бүгд тодорхой мэдүүлсэн байна.

19 хүүхдийн 5 хүүхдээс нь гэрчээр мэдүүлэг аваагүй байгаа. Тухайн таван хүүхэд Монгол Улсад байхгүй, 2017 оны найман сараас 11 сарын хооронд АНУ, БНХАУ, Япон, Тайланд гэх улс руу суралцахаар явсан болох нь хилийн лавлагаагаар тогтоогдсон байгаа. Мөн хохирогч Н-ийн ярьсан "..манай үеэл охин Н, болон найз А нар нь бас хүчиндүүлсэн..” гэх асуудлыг Н болон А нараас тодруулж мэдүүлэг авахад тийм зүйл огт болоогүй талаар мэдүүлсэн. Хохирогч Н-ээс түүний өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авах явцад тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж, түүний өмгөөлөгчийн саналаар мэдүүлгийг зогсоосон байгаа. Мэдүүлгийг хохирогч Н-ээс дахин авахаар мөрдөгч болон прокуророос удаа дараа дуудуулсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй, мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс хохирогч татгалзсан байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдаж байгаа аж.

Харин хүчиндсэн гэх Э Т нарыг эрэн сурвалжлах эсэхэд “Хохирогч Н-ийг хүчиндсэн гэх Э. Т нар нь энэ асуудал үүсэхээс өмнө, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг нээхээс өмнө гадаад улсад суралцахаар Монгол Улсын хилээр гарсан тул өнөөдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хэн нэгэнд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр ял сонсгож яллагдагчаар татаагүй тохиолдолд хилийн хязгаарлалт тогтоох, эрэн сурвалжлах гэхчлэн аливаа албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл байхгүй байгаа юм. Гэхдээ бид тэдний эцэг эхээс мэдүүлэг, тайлбар авсан байгаа.

Цаашид хохирогч Н-ийн эцэг, эх өмгөөлөгч нарын зүгээс Н-ээс үргэлжлүүлэн мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах нөхцөл боломжоор хангах шаардлага байгаа” гэх тайлбарыг прокурорын байгууллагаас өглөө.

Өөрөөр хэлбэл прокурорын байгууллага хэргийг шалгаж байна гэх нэрээр өөрсдийнхөө арьсыг хамгаалж байгаа бололтой.  Харин хэргийг шалгахдаа ийнхүү удаашруулж байгаа нь хохирогч охинд хичнээн хүнд тусаж, ямар дарамт ирж байгаа, ирж болзошгүйг тэд ойлгохгүй байгаа бололтой.  

Хэрвээ хууль хүчний байгууллага хүсэх  л юм бол хэнийг ч хаанаас ч олдог. Гэтэл баячуудын хүүхдүүд орооцолдсон хэрэгт хэнийх нь талд орохоо шийдэж чадахгүй цаг алдаад байгаа юм биш биз гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байна... Арай ч дээ Монгол улсын прокурор нь иймхэн хэрэг шийдэж чадахгүй хугацаа алдаж байна гэдэг эзэнгүй төрийн эмгэнэл гэлтэй....