Тэрбум төгрөгөөр хэмжигдэх орлоготой УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар. Эрдэнэ вангийн хошуунд олноо танигдаж, түмнээ зүслэгдэх гэж мөн ч их “хөдөлмөрлөж” яваа нэгэн. Уг нь хэтийн санаа нь халдашгүй дархан эрхээс илүүтэй өөрийн гэсэн вант улстай болох.

Шулуухан хэлэхэд, С.Эрдэнийн байр суурийг эзлэн түрэмгийлж, эзэн  суух санаатай гэх үү дээ. Тиймдээ ч парламентын босго алхаж, халдашгүй дархан эрхээ хагас хугас нөмөрчихөөд тойрон хүрээлэгчдээ орон нутгийн сонгуульд сойж үзэв. Салбар дэлгүүрүүдийнх нь захирал, менежер, арван жилийн ангийн хүүхэд гээд авсан, салсан эхнэрээс бусдыг нь “уралдуулж” үзсэн. Харамсалтай нь, амжилт олсон нь ховор.

“Оргил”-ын гэх шошготой эл эрхмийг улс төрийн хүрээнийхэн МАН-ын хандивлагч гэдгээр нь багагүй таних биз. Тэр ч бүү хэл, зарим нь Тусгаар тогтнолын ордонд мөнгөн бороо оруулагч гэж марзаганадаг л юм. Үнэндээ ч намын байрныхаа доод давхарыг эзлэж, салбар дэлгүүрээ нээгээд амжсан сүйхээтэй нөхөр. Харин бизнесийн хүрээлэлдээ салбар дэлгүүрээрээ чамгүй хөрөнгөжсөн нэгэн гэдгээрээ алдартай. Урдах бизнес нь амжилттай атал улс төр рүү хошуу дүрсэнд олон хүн түүнийг гайхдаг л юм.

Ардчилал засагласан дөрвөн жилийн дараа МАН тэмдэгтэй болгон хууль тогтоох дээд байгууллагын босгыг санамсаргүйгээр давсны нэг нь тэр. Ёстой л аз түшиж намын фоноор УИХ-ын гишүүн болсон хүн дээ. Гэхдээ мань хүн үүний төлөө хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр их зарцуулсан. Ямартаа л сонгуулийн үеэр Ж.Ганбаатар “Унагалдайн мухлаг”-т л оролцсонгүй, бусдаараа телевизийн бүхий л нэвтрүүлгээр өөрийгөө сурталчиллаа хэмээн ёжилж байх вэ дээ. Өдгөө ч чуулган, байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгээ телевизүүдийн оргил цагийн мэдээний хөтөлбөрт багтаахыг хичээдэг гэж байгаа. Аз болоход үг хэлэх нь ховор юм даа. Өнгөрсөн намрын чуулганы 166 цаг үргэлжилсэн 34 удаагийн хуралдаанд эрхэм гишүүн найман удаа 33 минут үг хэлж, 11 удаа асуулт асуусан байна. Хэрэв О.Баасанхүү шиг асуудал бүрийг алгасалгүй үг хэлдэг бол орой бүр Ж.Ганбаатарыг үзсээр зүүдэлж ч мэдэхээр байж. Тиймээс л чихэр боов рекламдах хууль батлах өөр шүү гэж эрхэм түшээд хаяахан сануулдаг нь учиртай. “Оргил” сүлжээ дэлгүүрээс гадна барилгын салбарт хүч сорьж “Энканто” хороололыг барьж байгуулсан сүйхээтэй эр.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг энэ парламентын хамгийн баян гишүүн гэж хэлж болно. Тэрбээр 2016 онд 18 тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан бол өнгөрсөн жил 19 тэрбум 653 сая төгрөг болгож арвижуулсаныг Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. УИХ-ын гишүүн болсноос нь хойш өөрийнх нь орлого буурч, гэр бүлийнх нь орлого тасралтгүй нэмэгдсэн үзүүлэлт ажиглагдсан. Энэ нь дэлгүүрийн бизнесээ гэр бүлийн хүндээ шилжүүлсэнтэй нь холбоотой биз. Эсвэл жилийн 50 сая төгрөгийн орлого нь 29 сая болтлоо доройтсон нь гишүүний аижлтай нь холбоотой зардлын хэмжээ нэмэгдсэнийх үү.

Хувь хөрөнгө ихтэй гишүүн нийтийн эзэмшлийн автозамыг халаасан дахь хэдээрээ тавьж олныг ёстой л нэг алмайруулсан.

Нийгмийн шуудан сонин