УИХ-ын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч хууль санаачилж, одоо хүчин төгөлдөр мөрлөж байгаа хуульд өөрчлөлт оруулах боломжтой байдаг. Тэгвэл энэ эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн С.Жавхлан гэмт хэрэгт хэрэгт холбогдсон гишүүдтэй тэмцэх зорилгоор УИХ-ын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл санаачилжээ.

УИХ-ын гишүүн С.Жавхлан УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, хийж буй үйлдэл зэрэг нь нийгмийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, гэмт хэргийн шинжтэй нийтийн ашиг сонирхлоос илүүтэй хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавьж байгаа нь Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзсэн тул Сонгуулийн тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах санал бүхий төслийг санаачилжээ. Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасны дагуу хуульд өөрчлөлт оруулах хэлбэрээр боловсруулсан байна. Тодруулбал, хуулийн төсөл нь 3 зүйлтэй. Нэгдүгээр зүйлд сонгуульд нэр дэвших шаардлагыг өндөрсгөх асуудлыг тусгасан,  роёрдугаар зүйлд нэр дэвшигчийн ял шийтгэлийн асуудлыг өөрчлөн найруулж тодорхой болгох асуудлыг тусгасан, гуравдугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг заасан аж.

С.Жавхлан гишүүний өргөн барьсан хуулйн төслөөр бол хуулинд дараах өөрчлөлт орох юм.

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлд 6.9.3 дахь заалт нэмсүгэй.

1/6 дугаар зүйлийн 6.9.3 дахь заалт:

“6.9.3.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаараа саад учруулахгүй гэдгээ илэрхийлсэн, Улсын Их Хурлын гишүүнд эрх бүхий байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж яллах дүгнэлт үйлдсэн тохиолдолд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.”

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалт:

“6.9.2.гишүүнд холбогдуулан эрх бүхий байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарсан, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан тохиолдолд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан;”

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 зүйлийн 6.13 дахь хэсгийн “ил санал хураалтаар” гэснийг “нууц санал хураалтаар” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн тус тус зааж өгчээ.

Энэ талаар С.Жавхлан гишүүн : “Иргэдийн бага хүүтэй зээл авах боломжийг булаасан төрийн өндөр албан тушаалтнуудын нэр сая, тэрбум төгрөгийн тамга, тэмдэгтэй бланктайгаа хөвөрсөөр байгаа билээ. Мөн хууль хяналтын байгууллагаас ч цөөнгүй хүмүүсийг шалгаж байна. Харин ЖДҮХС-гийн хэрэгт нэр холбогдсон зарим гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь “түдгэлзүүлэх” саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулж ирсэн ч гишүүд дэмжээгүй. Улсын Их Хурлын гишүүн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан нь гэмт хэргийн шинжтэй байхад эдгээр гишүүд хууль бус үйлдэлээ нуун бие биенээ хамгаалж хууль ёсыг уландаа гишгэж байна. Иймд Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түргэн шуурхай хүндрэлгүй болгох шаардлагын хүрээнд Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзлээ” хэмээн тайлбарласн байна.

Түүний санаачилсан төслөөр бол УИХ-ын гишүүнийг чөлөөлөх асуудлаар санал хуурахдаа нууцаар санал хураах гэнэ. Ингэснээр УИХ-ын гишүүнийг чөлөөлөхөд арай хялбар болох аж.

Уг хуулийн төслийг хэзээ хэлэлцэх эсэхийг УИХ-ын даргын зөвлөл шийднэ. Улмаар УИХ-ын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг олонхоороо шийдэх болно.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.