Манай улсад хүн амаа өсгөх бодлогын хүрээнд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд төр засгаас тэтгэмж олгодог билээ. Тодруулбал, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан байдаг. 

Өмнө нь 1957 онд батлагдсан олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эмэгтэйг одонгоор шагнах, тэтгэмж олгохтой холбоотой хууль, 1990 оны БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийн дагуу Алдарт эхийн I, II одонг 5 болон 8-аас дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн эмэгтэйд олгож байсан юм. Харин УИХ-аас 2010 онд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг батласан бөгөөд 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар нэгдүгээр зэргийн одон, 4-5 хүүхэдтэй бол Эхийн алдар хоёрдугаар зэргийн одонг олгож эхэлсэн. 

Өчигдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар энэхүү тэтгэмжийг өөрчлөх талаар хэлэлцэв. 

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Иргэд, төрийн бус байгууллага, Увс аймгийн Улаангом сумын ИТХурлын тэргүүлэгчдээс “Эхийн алдар” одон авсан эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээ болон тэдэнд олгож байгаа мөнгөн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд хүүхдийн тоог харгалзахгүйгээр “Эхийн алдар” одонг олгох асуудлаар Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох гэж байна. Өргөдлийн байнгын хороонд дээрх асуудлаар 2015-2019 онд нийт 100 гаруй өргөдөл, гомдол ирүүлснийг холбогдох албан тушаалтанд судлан шийдвэрлүүлэхээр шилжүүлэх, тайлбар, мэдээлэл авах, өргөдөл гаргагчид хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, иргэдээс хууль тогтоомжийн талаар ирүүлсэн саналыг нэгтгэн холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурал дахь нам бүлэгт танилцуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. Иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэхэд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, “Эхийн алдар” одон авах болзол, журмыг өөрчлөх, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, нийтдээ 4 буюу 6-аас дээш хүүхэд төрүүлж, нэг наснаас дээш өсгөсөн эхийг хүүхдийн тоо харгалзахгүйгээр “Эхийн алдар” одонгоор шагнаж урамшуулах зэрэг саналуудыг ирүүлсэн.

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2018 оны нийгмийн халамжийн сангийн тайлангаар нийт 218.6 мянган одонтой эхчүүдэд нийт 30 тэрбум төгрөг буюу жилд 1 удаа 100-200 мянган төгрөг олгосон байна. Энэ нь нийгмийн халамжийн нийт зардлын 7.2 хувийг эзэлж байна. Энэхүү одонг жилд дунджаар 4500 орчим хүн шинээр авч байна. Одоогийн тогтолцоогоор 4 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас 20-40 мянган төгрөгийн халамж хүртэх эрхтэй байгаа нь хэт өргөн хүрээг хамарч, төсөвт ихээхэн ачаалал үүсгэж байна.Тиймээс нийгмийн халамж болон хүн амын өсөлтийг дэмжих бодлогыг ялгаж зааглах, тэтгэвэр, тэтгэмжийн нэр төрлийг багцлах, зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.

Уг нь хууль тогтоомжийн хүрээнд "Алдарт эх"-ийн I, II одонгоор 5 болон 8-аас дээш хүүхдээ өөрийн асрамжиндаа өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд тэдгээр хүүхэд нь эсэн мэнд байгаа эхэд бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа шагнадаг байсан. Ингэхдээ 3 хүртэлх насанд нь бусдаас үрчлэн авсан хүүхэд, бага хүүхэд нь нэг нас хүрэх хугацаанд нас барсан хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож одон олгодог, харин бусдад үрчлүүлсэн, нас барсан хүүхдийг оруулахгүй байхаар зохицуулж иржээ.

1957 оны хуулийн зорилгын хүрээнд хүн амыг өсгөх бодлого өнөөг хүртэл хэрэгжсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар жилд дунджаар 78 мянган эх төрж байгаа бөгөөд 4 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх тэтгэмж авч байгаа. Одоогийн хэрэгжиж буй хуулийн үзэл баримтлал нь хүн амын өсөлтөд бодитойгоор хүрч чадахгүй байна. Иймд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад УИХ-ын гишүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналыг тусгахаар ажиллаж байна хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр тайлбарлав.

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Үүнд, нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт олгох нь зүйтэй, мөн насан туршид нь олгодог 20 болон 40 мянган төгрөгийн хэмжээг өсгөж, тухайн хүүхэд 16 нас хүртэл нь олгодог байвал зүйтэй. Түүнчлэн, бага хүүхэд нь нэг нас хүрэх хугацаанд нас барсан хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож одон олгох талаар гэсэн санал хэлсэн юм. Нийгмийн халамжийн арга хэмжээ болон хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээг тусад нь ялгаж, зааглах бодлогыг баримтлан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэр төрлийг нэгтгэн багцлах, зорилтот бүлэгт чиглүүлэх зорилтын хүрээнд УИХ-ын гишүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгээд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг онцлон Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өглөө. Үүний дараагаар одонтой ээжүүдийн тэтгэмжинд өөрчлөлт оруулах юм.

Тэгвэл эл асуудлаар нийгмийн сүлжээнд олон иргэд бухимдлаа илэрхийлж байгаа юм. Бусад хавтгайруулан өгч байгаа халамжаас "одонтой ээж"-ийн тэтгэмжийн мөнгө нь олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлснийг төрөөс үнэлдэг үнэлэмж. Нөгөөтэйгүүр, олон хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг нь улсынхаа хүн амыг өсгөх бодлого. Өөрөөр хэлбэл, олон монгол хүнийг Дэлхийд төрүүлж өгч байгаа гэсэн үг л дээ.  

2019 оны эхний улирлын байдлаар 214.1 мянган эх мөнгөн тусламжид хамрагдаад байгаа юм байна. Үүнээс “Эхийн алдар” 1 дүгээр одонтой 66768, 2 дугаар одонтой 147339 хүн байгаа гэсэн судалгааг танилцуулсан юм. Эдгээр эхчүүдийг амжиргааны төвшингээр нь ялгаж "одонтой ээж"-ийн мөнгийг олгох нь маш буруу тогтолцоо гэдгийг иргэд сошиалд хэлж байв. Эхчүүдэд амьжиргааны төвшин харгалзахгүй олгож байгаа нь төрөх насны эмэгтэйчүүдийг дэмжих хүн амын өсөлтийг хангах, тэдгээрийн хүүхдүүдэд зарцуулах зардлаас хуваалцах бодлого гэдгийг эрх баригчид санах хэрэгтэй. Тэрнээс биш хавтгайрсан халамж олголт биш.