Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагаа “Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том энэ төслийн талаар миний байр суурь,  хэвээр л байгаа. 

Тэгэхдээ УИХ-ын гишүүд, яамдын төрийн нарийн бичгийн дарга нараас бүрдсэн Ажлын хэсэг, Төрийн Аудит нэлээд урт хугацаагаар ажиллаж дүгнэлтээ танилцуулах ажил явагдаж байгаатай зэрэгцэж байр сууриа илэрхийлэх нь төрийн алба хашиж буй хүний хувьд зүйд нийцэхгүй юм” гэж эхлүүлсэн ч зөвхөн өөрийнхөө байр суурийг илэрхийлээ юу гэж хардахаар ажээ.

Учир нь мань хүн: “Дэлхийд томоохонд орох томоохон ашигт малтмалын төслийг хэрэгжүүлж буй, олон тэрбум долларын хөрөнгө оруулалттай төслийг хэрэгжүүлж буй Оюутолгой ХХК-ийн засаглалын холбоотой асуудал энд гарч ирж байгаа юм. Оюутолгой ХХК-ий хувьд 66 хувийг “Тюркойз Хилл” ХК, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Өөрөөр хэлвэл, төрийн өмчийн оролцоотой Үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал оршин суугаа орныхоо Төр засгийг илтээр үл тоомсорлож яриа хэлэлцээ хийхгүй гэсэн мэдэгдэл хийгээд сууж байгаа нь танай төр засаг надад хамаагүй, танай хууль тогтоомж Оюу толгойд үйлчлэхгүй, бид түүнээс дээгүүр гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Хэрвээ Рио Тинто буюу гадаад оронд бүртгэлтэй, хувьцаа эзэмшигч бөгөөд хөрөнгө оруулагч компанийн төлөөлөгч тэгж хэлвэл бас ойлгоно. Гэтэл Монголд бүртгэлтэй ХХК-ийн захирал хэдэн годгор охид,  тойруулжсуулгачихаад тэгж мэдэгдэл хийх нь зохимжгүй. Энэ том компани засаглалын томоохон асуудалтай гэдгийг зөвхөн би ч хэлээд байгаа юм биш. Оюу толгой ХХК-ийн хувьцааны 66 хувийг эзэмшдэг “Тюркойз Хилл” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид ч өнгөрсөн дөрөвдүгээр сард асуудлыг ил гаргаж тавьж шүүмжилж байсан удаатай…

…Оюутолгой ХХК маш их амжилттай ажиллалаа, монголчуудыг бүгдийг тэжээж байна гээд л сурталчилгаа хийж байна лээ. Гэтэл 1 тэрбум 200 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулалт хийчихээд 34 хувийг эзэмшдэг, бас баялгийн эзэн улсынхаа төсөвт 200-хан сая ам.долларын татвар төлснийгээ дөвийлгөж онгироод байх шиг байна лээ. Эсвэл бага төлснөөрөө бахархаад байгаа юм уу, би сайн ойлгоогүй.

Хамгийн амжилттай хийсэн зүйл нь зардал их гаргаснаа л яриад байна гэж би ойлгосон, гэтэл тэр чинь монголчуудын хүртэх ёстой ногдол ашгийн хугацааг л хойшлуулж байгаа гэсэн үг…” гэжээ.  

Мөн тэрбээр өмнө нь өөрийн тавьж байсан дөрвөн шаардлагыг дурдаад. “Эхнээсээ зарим үр дүн гарч байгаа. Цахилгаан станцын асуудал, замын асуудал бас урагшилж байна. Гэхдээ их удаан байна.Оюу толгой төслийн ажил эхлээд 19 жилийн дараа, Хөрөнгө оруулалтын газар байгуулаад 10 жилийн дараа, Ашиглалт эхлээд 7 жилийн дараа Оюу толгойгоос Ханбогд хүртэл автозам барьсан гэхээр ичмээр, чамламаар байна. Хот байгуулах талаар ямар ч ахиц гарсангүй. Гэтэл зардал нэмэгдээд л байдаг…” хэмээн тайлбарласан байна.  

Түүнчлэн одоогийн УИХ-д яригдаж байгаа ажлын хэсгийн шалгалт, дүгнэлттэй ямар ч холбоогүйгээр асуудлыг тодотгож өгсөн байв. Ингэхдээ Дубайн гэрээг цуцлах, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар УИХ-ын Ажлын хэсгийн зөвлөмжийг ҮАБЗ-өөс хэлэлцэж УИХ-ын тогтоол гаргаж Засгийн газарт яриа хэлэлцээг эхлэх талаар үүрэг өгөх нь зүйтэй гэж хувьдаа бодож байна. Оюутолгойн гэрээний нэг цэг, таслалыг ч өөрчлөхгүй хэмээн Рио Тинтогийн захирлууд үл тоомсорлосон, илэрхий дээрэлхсэн хандлага, байр суурь илэрхийлж Монголын төрийг басамжилж байгаа санагдсан. Тэгэхэд бид дуугүй суугаад байгаа нь харамсалтай байна…” гэх зэргээр ярьжээ.

Түүний хувьд өмнө нь буюу 2018 оны нэгдүгээр сард мөн л дээрх агуулгатай адил мэдэгдлийг хийж “Энэ бол Монгол Улсын Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд сайдын мэдэгдэл. Ард түмнийхээ өмнөөс хийж байна” хэмээн тайлбарлаж байв.

Дэд сайд Д.Загджавын хувьд өмнө “Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би “Рио Тинто” компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирлээ. Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан ч үүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Цаашид зэс хайлуулах үйлдвэр яасан. 3 сая тонныг концентраци хэлбэрээр нь гаргасаар байна. Зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсон төдий хэмжээний ажлын байр босгосноос өөр зүйл хийхгүй байна. Яагаад Ханбогд сумыг хот болгож болохгүй байгаа юм бэ. Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа юм бэ. Тэд 5-6 тэрбум ам.доллар босгочихоод 1 тэрбум ам.долларыг нь л Монгол руу оруулсан байна.Бидний сайн мэдэх Дубайн гэрээ манайд ашиггүй гэрээ болж, гадныхан хожсон. Зэсийн үнэ өсөж, 2018 онд 8,000 ам.доллар хүрэх төлөв ажиглагдаж байна. Үүнээс манай улсад юу орж ирж байна гэдгийг бодох хэрэгтэй. Өр нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал гэх буман асуудал байна. Тиймээс бид “Оюу толгой” компанийг Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгэж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, ирээдүйд чиглэсэн бодлогоор эдийн засгаа сайжруулах шаардлага тулгараад байгааг албан ёсоор мэдэгдэж байна.” гэх зэргээр тайлбар хийж байсан.  

Түүний тэрхүү мэдэгдэлтэй зэрэгцэн Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан талаах мэдээлэл түгсэн. “Turquoise Hill Resources” компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Монгол Улсын хууль тогтоомжид заасан бүх татвар, хураамжаа төлсөн гэж үзэж байна. Тиймээс дээрх татварын актыг тавих нь үндэслэлтэй эсэхийг үнэлж дүгнэн, удахгүй хариу мэдэгдэхээ илэрхийлж байв. Энэ мэт асуудлуудаас үүдэн Оюутолгой компанийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн биржид 5 хувиар, Нью Йоркийн хөрөнгийн биржид 2.7 хувь унаж байв.

Түүний энэхүү үйлдэлд эгдүүцсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “…Манай яамны дэд сайд Д.Загджав Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ энэ нь манай яамны, сайдынх биш. Мөн Засгийн газрын байр суурь ч биш гэдгийг хэлье. Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эргүүлэн татах талаар би Засгийн газрын хуралдаанд оруулах болно” гэж мэдэгдсэн. Хариуд нь Д.Загджав дэд сайд “…Намайг албан тушаалаас эргүүлэн татна гэдэг дан ганц Д.Сумъяабазарын өөрийнх нь байр суурь. Би бол Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хамгаалсан” гэсэн байдаг.

Ингээд нэг яамны хоёр сайд толхилдоод жил гаруйн хугацааг үдсэн ч Д.Загджавын өөрийнх нь хэлснээр “Тэвчээрт хязгаар бий” гэгч нь болж, дахин Оюу толгойн гэрээний асуудлыг хөндөж эхэллээ. Тэгэхээр тодорхой давтамжтайгаар ийн дэд сайдын албыг хашиж буй хүн, өөрийнхөө байр суурийг илэрхийлж байгаа нь цаанаа томоохон эрх ашиг, заль тээж яваа юм биз гэх хардлагыг ч төрүүлж эхлэв бололтой.

Р.САРУУЛ

/erennews.mn/