Монгол улсад хуруу дарам цөөхөн эмэгтэй шатрын их мастертай. Гэтэл оюуны их спортыг төр засгаас харж, үзэх нь бүү хэл Олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаад ирэхэд үнэлэх үнэмлэж байдаггүй гэхэд болно. Харин бөх, урлаг соёлынхонд бол байдгаа барьж гүйх нь халаггүй байдагт сүүлийн үед олон нийт их шүүмжтэй хандах болсон. 

Шатрын их мастер А.Энхтуул энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Хөөрхий дөө, муу шатарчдыг минь ингээд урамшуулдаг бол хичнээн сайхан. Шатар ямар хэдхэн холбоодуудтай, саяхнаас танигдаж буй спорт биш дээ. Иймэрхүү хэмжээний хүндлэлийг "Их мастер" болоод л эдлэх эрхтэй хүмүүс шүү дээ. Дэлхийн Шатрын Холбоо нийт 190 улсын албан ёсны холбоонуудын гишүүнчлэлтэй их айл бөгөөд шатар бол зуун, зууныг дамжин ирсэн түүхтэй тоглоом. Шатар бол шинжлэх ухаан, спорт бас урлаг. Ай даа, Манайхан ч ойлгох болоогүй байгаа байх өө. Гарын 10 хуруунд багтах цөөхөн хэдэн Их мастеруудаа харь оронд алдах вий дээ. Араас нь эрхэм цолонд хүрэх зөндөө шатарчид мэрийж явна... Шатрын "Их мастер" бол хамгийн нэр хүндтэй, оюуны спортуудаас хамгийн өндөр зэрэглэлийн цол гэдгийг юунаас ч айлгүй хэлэхэд нүүр бардам. Өдийг хүртэл 70 гаруй орноор явсных бүгдэд нь л "Grandmaster, Grandmaestro, Гроссмейстер" утгаар хүндлэл хүлээж, энэ биеэрээ мэдэрч ирлээ гэж. Гэтэл манай эх оронд "Их мастер гэхээр яах уу? Шатар тэгээд л нүүгээд, цагаа дараад, нөгөөдөхөө нүүхийг хүлээгээд л, уйтгартай биш үү?" гэж нилээн олон янз бүрийн төрлийн хүмүүсээс сонсоод, гайхаж ч явлаа. Манайхан угаасаа оюун санааны боловсрол, ёс суртахуунд хүртлээ хөгжих болоогүй байгаа байх өө. Ямартай ч, бөх гэлгүй гүйлтийн спортыг бас харж үзэж байгаад баярлаад баршгүй нь ээ" хэмээв. Тэрбээр олон өдрийн гүйлтийн тэмцээний дэлхийн гурван удаагийн аварга Б.Буджаргалд "Эрхэт Монгол" группээс 3 өрөө байр бэлэглэлээ гэсэн мэдээг сонсоод ийнхүү өөрийн сэтгэлийн үгээ илэрхийлсэн юм.