Хөдөө орон нутгийн засаг захиргааны ажилтан, цагдаа, байгаль хамгаалагч нар хамтран нинжа нарыг хазаарлахгүй бол үүнийг дагаж байгалт орчин сүйдэх, гал алдах, цаашлаад хүний эрүүл мэнд амьд явах эрх зөрчигдөх зэргээр олон сөрөг үр дагавар гарсаар байна.

Тухайлбал, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг “Нарангийн ам” гэх газарт хуурайшилттай үед гурван нинжа өглөө цай чанах гэж байгаад  галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гаргаж их хэмжээний хохирол буюу байгаль экологид шууд 120 376 112 төгрөг /байгаль орчны тухай хуульд заасны дагуу 361 128 336 төгрөг/-ийн, гал түймрийг унтраахад 9 341 220 төгрөгийн хохирол учруулсан байна. Хуулиараа  гарсан хохирлыг гал алдан этгээд төлөх зохицуулалттай байдаг.

Энэ талаар гал алдахад байсан гэрч: “... 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө Маагаа ах, Бб ах бид гурав, 10 цагийн орчим босоод галаа түлээд цайгаа чанаж байсан. Бб ах шүдээ угаах гээд гадаа гараад гал гарч байна гэсэн. Тэгэхээр нь бид 3 гараад хувцас хунараараа унтраах гэж оролдсон. Их салхитай байсан болохоор гал унтрахгүй улам нэмж асаад байсан. Өглөө босоод М буюу Маагаа ах гал түлж цай чанасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8-р хуудас/ Гэрч Л.Аб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Уг газарт ээж Бямбасүрэн, ах Мягмарсүрэн нарын хамт гар аргаар алт олборлохоор ирсэн. Уг газарт ирэхэд М, Жб, Бб нар ирсэн байсан. Тэгсэн урцны ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт гал гарчихсан. Тэр 3 унтрааж байсан. Тэгэхээр нь бид 3 гал алдаж магадгүй гэж бодоод куртикээрээ цохиод унтрааж дийлэхгүй салхитай байсан тул гал хойд зүгийг чиглэн ассан. Гал түймэр яагаад гарсан талаар асуусан чинь бид 3 уг нь урцнаас гараагүй өглөө босоод зуух галлачихаад гартал асаж байсан. Зуухны яндангаас цог хаясан байх гэж байсан гэж мэдүүлжээ.

Тэгвэл уг гал түймэрт нийт 495 га талбай өртсөн бөгөөд 43.6 хувь нь цагаан энгэр бэлчээр 216 га, 224 га талбай нь байгалийн ой буюу хус мод зонхилсон хусан ой, 15 га нь тармаг ой, мөн гал түймэр гарч шатсан талбай 2 га, мод бэлтгэсэн талбай 2 га, ойжих талбай 3 га талбайг хамарсан байжээ. Өөрөөр хэлбэл, уг гал түймрийн улмаас байгаль орчинд 120 376 112 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учирсан байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар улсын байцаагчийн нөхөн төлбөр тооцоход 361 128 336 төгрөгийн хохирол учирсан. Мөн гал түймрийг унтраахад 9 341 220 төгрөгийн зардал гарсан бөгөөд үүнийг мөн гал алдсан этгээдээс гаргуулах хуулийн зохицуулалттай байдаг. Энэ дагуу гал алдсан этгээдийг Эрүүгийн хуулийн 24.7.1-д зааснаар буюу Ой, хээрийн түймэр тавих гэсэн зүйл ангиар шалгаж эхэлсэн.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс З.М-ыг гэм буруутайд тооцож, орих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн. Улмаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Маас 363054656 /гурван зуун жаран гурван сая тавин дөрвөн мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөг гаргуулж Улсын төсвийн орлогод олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар 9341220 төгрөгний иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон байна.

Өөрөөр хэлбэл гал алдсан этгээд их хэмжээний “өрөнд” унаж  байгаа юм. Харин байгаль орчин хохироод үлдэж байна. Үүнээс иргэн бүр сургамж авчи хээр явахдаа гал алдахгүй байхад анхаарч байх шаардлагатай байна. Нөгөө талаас орон нутгийн захиргаа, цагдаа, байгаль хамгаалагчтайгаа хамтарч нинжа нартай тэмцэх шаардлага байгааг сэрэмжлүүлж байна.