Ерөөс улс төрийн өндөр алба хашиж буй хүнээс ёс зүй, этик, моралийг бид ус, агаар мэт эрж хайдаг боллоо. Монголчууд “манай тэр ч жинхэнэ төрийн хар хүн дээ” гэж ярьдаг байсан цаг жил ирэх тусам алсарч, өдгөө түүх болон үлдэх нь ээ.

Дөрвөн жилд нэг удаа ард түмэн төр төлөөлөх эрхээ эдэлж, Дорж, Дулмаа, Батад итгэл хүлээлгэдэг. Энэ итгэлийг усаар хариулж буйн жишээ Монгол төрийн дээд түвшинд тоймгүй олон байна. 

Бидний төрөө төлөөлүүлж байсан хүмүүсээс гадаад улсад эх орноо төлөөлөх Элчин сайд, консул гээд дипломат албанд томилогддог. Гэтэл энэ хүмүүс хоёр орны найрсаг харилцааг тэлэх, худалдаа, эдийн засгийг сайжруулах чиглэлд ажиллах бус амин хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьснаас үүдэн өнөөдөр Монгол Улс дэлхийн шившиг болж байх. Эндээс Элчин сайдаар ямар хүн ажиллах ёстой вэ гэх асуулт гарч ирж байна. 

Толь бичигт Элчин сайд гэдэг нэршлийг “Өөрийн улсаа тусгаар тогтносон өөр улсад, аль эсвэл өөрийн Засгийн газраа олон улсын байгууллагад бүрэн эрхтэй төлөөлөх дээд тушаалын дипломатч” хэмээн тодорхойлжээ. Эл тодорхойлолтод хүрч ажиллаж байгаа нь хэд бол. Өнөөдрийн байдлаар манай улс 180 гаруй улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд 45 оронд Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газартай аж.

Оффшор бүсэд мөнгө угаасан л гэнэ, олон тооны виз өгсөн, хар тамхи, янжуур тамхи гэх зэрэг бараа хил дамнан зөөсөн гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахаа байлаа. Дипломат албанд ажиллах наад захын шалгуур хангахгүй хүмүүсийг улстөрчид оруулж, танил талдаа дулдуйдсан энэ байдал хавтгайрснаас өнөөдөр Монголын нэр хүндийг шавартай хутгалаа. Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олохгүй учраас Монголын дипломат албанд аттестачлал явуулмаар байна. Жинхэнэ чадвартай, мундаг мэдлэг, боловсролтой хүмүүс нь Элчин сайдаар томилогдож чадахгүй, чадал тэнхээ муутай ч танил талтай л бол суга дэвшдэг байдал дипломат албанд гүн бат ноёрхлоо тогтоожээ. Дипломат албыг улстөрчид ханцуйн дотроо наймаалцсанаас үүдсэн энэ шившигт байдалд төрийн гурван өндөрлөг дүгнэлт хийн, ҮАБЗ-ийг хуралдуулж, зарчмаа тохирох шаардлага үүссэн байна.

Эх орноо муухай харагдуулсан, амин хувийн ашиг хонжоо харсан шийдвэр гаргахаасаа өмнө тухайн хүн хамгийн түрүүнд ээж, аавыгаа боддог сэтгэлтэй байвал хэзээ ч буруу руу гар дүрэхгүй. Хийсэн муу бүхэнтэйгээ хамт эх орноо, өөрийнхөө овог, нэрээ дуудуулна гэдэг хамгийн ичгүүрт явдал гэдгийг ойлгодог тархи, зүрхтэй хүнийг ядаж дипломат албанд ажиллуулах сан. Нэг ёсондоо, хүн шиг хүн байхын хамгийн том шалгуурт тэнцэх хэмжээний ёс зүйтэй нэгнийг томилбол өнөөдрийн хэмжээнд арай ч хүрэхгүй байжээ.

Төрийн алба төрлийнх болсны дээр дипломат албанд хэн нэгэн эрх мэдэлтэн ойрын хүнээ шахаж, Монгол төрийг гадаадад төлөөлөх өндөр хариуцлагыг уландаа гишгэснээс болж бүрэн эрхт тусгаар улсын бүтэн нэр даанч хайран болсныг түүх гэрчилж байна. 
Өнгөрсөн хугацаанд Монголын дипломат албаныхан ямар хэрэгт холбогдож байсныг цухас дурдъя.

Гаднын орнуудад улсаа төлөөлөх бүрэн эрхтэй диполмат нэрийн ард гэмт хэрэгтнүүд шургалж, үүрлэжээ. Эднийг өөгшүүлэн хамгаалагч буй нь өнөө л бидний итгэж, найдаж сонгосон улстөрчид. Томилж байгаа нь ч томилогдож буй нь ч бохир мөнгөний үнэр авч, сүлжээ, бүлэглэлийн гар хөл болж ажилласаар байна. Яг үнэндээ эх орны нэр хүнд, Монгол Улсын аюулгүй байдал гэж бүгд ярьдаг хэр нь чухам юу хийв гэж асуувал олон хүн амаа таглуулахаар хэмжээнд дипломат алба доройтолд оржээ.

-Польшийн хуулийн байгууллагаас манай улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа мэдээллийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдсэн. Тэрбээр “Энэ хүмүүсийн зарим нь дипломат төлөөлөгчийн газар, нөгөө хэсэг нь Монгол Улсын төрийн албанд, улс төрийн намын удирдах түвшинд ажиллаж байгаа.  УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон хүмүүсийн асуудлыг хоёр удаа хаалттай хэлэлцсэн. Ингээд тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөөд, хамтарч ажиллаж байгаа. Энэ нэр холбогдсон хүмүүийг дипломат болон төрийн албанаас яаралтай чөлөөлөхийг шаардсан. Гадаад улсад үйлдэгдсэн хэргийг Монголд шалгах чиглэлийг хуулийн байгууллагад өгсөн. 

-БНТУ дахь Монголын Станбулын дэд консул Б. Баттүшиг, жолоочийнхоо хамтаар дипломат дугаартай автомашинтай 2019 оны тавдугаар сарын 3-нд явж байхдаа Герман улсын хилээр нэвтрэх үеэрээ саатуулагдсан. Энэ үед 70 кг геройн буюу мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсан нь тогтоогдсон байна. Германы Прокурорын газраас уг хэрэгт эрүү үүсгэн шалгаж буй.

-Оффшор бүсэд мөнгө угаасан дипломатчийн нэр ил боллоо гэх мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарав. Тодруулбал, АТГ-аас визний хураамжийн мөнгөөр  гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт суугаа Элчин сайд А.Баттөрийг шалгаж эхэлжээ. Түүнийг Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байхад нь хилийн хориг тавиад буй аж.

Авирмэдийн Баттөр нь 2012-2016 онд Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байсан Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цолтой, дипломат албанд 16 жил ажилласан нэгэн юм байна.

-ХБНГУ-д л гэхэд хууль бус тамхины наймаа хийсэн гурван монгол дипломатч саатуулагдсан. Түүнчлэн Бельги, Польш, Болгар, Франц, Белорусын хил дээр хураагдсан тамхины эзэд мөн л Монголын ЭСЯ-ны ажилтнууд байлаа.

-2016 онд Будапешт дахь Монгол Улсын ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөх Д.Дөхөмбаяр хуурамч тэмдэглэгээ ашиглан их хэмжээний тамхи оруулах гэж байгаад Украины хилийн албаныханд саатуулагдаж байв.

-Болгар улсад суугаа ЭСЯ-ны элчин зөвлөхөөр ажиллаж асан Д.Шатарбал 2004 онд 200 орчим кг хар тамхи тээвэрлэж яваад тус улсын тусгай албаныханд баригдсан. Түүнд холбогдох хэргийг 2006 онд эх оронд нь шилжүүлэн шийдвэрлэж, Ерөнхийлөгчийн уучлалаар суллаж байжээ.

-“Болгар” хэмээх Ганболд ОХУ-д суугаа ЭСЯ-нд элчин зөвлөх байхдаа эхнэрийн хамт тамхины наймаа хийж яваад 2005 онд ХБНГУ-д баривчлагдаж, гэргий нь тэнд ял эдэлсэн аж.

-Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан С.Эрдэнээ Австри улсад ЭСЯ-нд атташегаар ажиллаж байхдаа мөн ХБНГУ-д тамхины хууль бус наймааны хэрэгт холбогдож шалгуулж байжээ. Мөн Бельги дэх Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан н.Баярхүү Англид 2003 онд тамхины наймаа хийж яваад саатуулагдсан. Мөн Унгар улсад суух ЭСЯ-нд ажиллаж байсан н.Цэрэнсодном тамхины наймааны хэргээр мөн онд баригдаж байжээ. 

-ОХУ-ын Эрхүү хот дахь Ерөнхий консулын газарт ажиллаж байсан хүн 2018 оны  сүүлчээр мөн л Чехээс ХБНГУ руу мансууруулах үйлчилгээтэй эм, эмийн бэлдмэлийг дипломат дугаар бүхий автомашинаар тээвэрлэж яваад баригдаж, хоригдсон байна.

Гаднын орнуудад улсаа төлөөлөх бүрэн эрхтэй диполмат нэрийн ард гэмт хэрэгтнүүд шургалж, үүрлэжээ. Эднийг өөгшүүлэн хамгаалагч буй нь өнөө л бидний итгэж, найдаж сонгосон улстөрчид. Томилж байгаа нь ч томилогдож буй нь ч бохир мөнгөний үнэр авч, сүлжээ, бүлэглэлийн гар хөл болж ажилласаар байна. Яг үнэндээ эх орны нэр хүнд, Монгол Улсын аюулгүй байдал гэж бүгд ярьдаг хэр нь чухам юу хийв гэж асуувал олон хүн амаа таглуулахаар хэмжээнд дипломат алба доройтолд оржээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин