УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэрс эхнээсээ чих дэлсэж эхэлсэн. Тухайлбал, АН-аас нэр дэвшигч нар 100 сая төгрөгийг намдаа өгч байж өрсөлдөх эхний шалгуураа давна. Мөн намынхаа даргад ихэд таашаагдаж байх нь том шалгуурын нэг гээд буй.

Мөнгөтэй байлаа гээд улс төрд 100 найзын хүрээлэлгүй бол битгий дэвшээрэй гэсэн битүү утгатай үгийг намын дарга нь цохон хэлсэн удаатай. Харин одоогийн эрх баригч МАН-ынхан хандив өргөж, ашиг хонжоо хайхыг зогсооно гэдгээ зарлачихсан. Бусад жижиг улс төрийн намууд нэгдэж энэ удаагийн сонгуульд оролцоно. Тэдэнд санхүүгийн томоохон эх үүсвэр байхгүй тул дундаасаа босгох аж.

Тэгвэл нэг нам, эвслээс 2020 оны УИХ-ын сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөгөөр баталлаа. 2016 оны сонгуулиар энэ дүн 3.4 тэрбум байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ удаад нэг нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүүлсэн гэсэн үг юм. Түүнчлэн нэг нэр дэвшигчийн сонгуулийн ажилдаа зарцуулах төсвийг тойрог тус бүрээр нь баталсан.

Ингэхдээ орон нутгаас Хөвсгөл аймагт бусад аймгаас илүү мөнгө төсөвлөжээ. Харин Нийслэл хотод хөдөө, орон нутгийг бодвол харьцангуй их мөнгө зарцуулахаар зэхсэн нь дээрхээс харагдаж байна. Тухайлбал, Говь-Алтай аймагт нэр дэвшигч 360.4 сая төгрөг (хамгийн бага) зарцуулах эрхтэй бол Хөвсгөл аймаг 506,9 сая төгрөгийг (хамгийн их) зарцуулах нь ээ. Нийслэл хотод  26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч 775.5 сая төгрөг (хамгийн их) зарцуулах боломжтой аж.

Хамгийн сонирхолтой нь гишүүд дөрвөн жил танхимд суусны цалин нь дээрх мөнгөтэй энэ дүйцэхгүй. Гэвч АН-ын гишүүд гэхэд хаанаас 100 сая төгрөгийн хандиваа олох вэ гэдэг асуулт гарч ирээд хариултыг эс олов. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний сарын цалин 1.6 сая төгрөг.  Үүнийг дөрвөн жилээр нь тооцвол 76.8 сая төгрөг болно. Бодит амьдралын хөрсөнд буулгаад үзэхээр цалингаасаа хүн л юм чинь үр хүүхдийнхээ идэж уух, өмсөх зүүх, сурч боловсроход зарцуулах нь ойлгомжтой. Эдгээрт зарцуулахгүйгээр сарынхаа цалингаа хурааж байгаад намдаа хандивлаад гишүүний суудалдаа үлдэх гэж ганц ч төгрөгийн зарлага гаргахгүй байна гэж үгүй биз. Тэгэхээр сонгуульд зарцуулах мөнгөнөөсөө хэд дахин бага орлоготой байж яаж өрсөлдөх үү? Үүнээс харахад сонгууль шударга явагддаг эсэхд эргэлзэхэд хүрч байна.

 

 

Холбоотой мэдээ: 

Айсуй сонгуулийн өнгө: Жижиг намууд сонгуулийн саналыг хувааж дийлэх үү