Хүйтний эрч суларч, хавсарга салхи хацар шилбүүрдээд хавар цаг хэдийн иржээ. Цаг агаар дулаарахтай зэрэгцээд нийслэлчүүд “утаан хөнжлөөсөө” салж, уушги юугаа “шагнадаг” уламжлалтай. Гэхдээ энэ жил урь орж, улирал солигдох үеийг бид урьд урьдынхаас өөрөөр өнгөрөөж байна.

Цар тахал дэлхий дахинд дэгдэж байгаа учир амны хаалт тогтмол хэрэглэж, алсын зайнаас бусадтай харилцахыг эрхэмлэж буй. Гэхдээ хотын төв, орон сууцны хорооллын орчимд амны хаалт зүүж, айж сандарсан хүмүүс холхих ч хотын захаар халдвар, хамгааллын дэглэм сахиж буй хүн цөөхөн байна. Амны хаалт зүүсэнгүй гэж тэднийг зэмлэхэд ч бэрх. “Өдрийн хоолны мөнгөө арай ядан олж, өлсөж үхэхгүй өл зогоож байхад амны хаалтад мөнгө зарцуулах арга алга” гэж халаглах нэгэнтэй ч таарлаа. Үнэхээр ч захын хорооллынхны амьдрал тартагтаа тулж, хоногийн хоолоо арай ядан залгуулж байна. Хүмүүс хоолны ногоогоо ширхэглэж, талхаа таллах дээрээ тулж байгаа тухай олон жилийн турш яригдсан ч хэн нэгэн, ямар нэг арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ. Үүний улмаас нөхцөл байдал улам хүндэрсээр л байна. Энэ талаар сурвалжлахаар хотын төвөөс алслагдсан Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийг зорилоо.



Хүүхдүүд хөрсний бохирдол дунд хүнсний гачигдалтай торниж байна

“Хар ус” ууж, хөлчүүрхсэн хүмүүс хаа нэг тааралдахаас бусдаар гэр хорооллын гудамж эл хуль байлаа. Нам гүмийг эвдэх мэт үе, үе нохой боргуулах бөгөөд усны тэрэг түрсэн өсвөр насны хүүхдүүд ганц, нэг үзэгдэнэ. Орчин нөхцөлийг ажиглаж байтал уулын орой дээрх хашаагүй гэрийн гадна хүүхдүүд тоглож байгаа нь анхаарал татав. Хөл алдвал унах эрсдэлтэй өндөр шороон дээр 3-12 насны дөрвөн хүүхэд хөөцөлдөх бөгөөд ойр орчимд нь насанд хүрсэн хүн байсангүй. Жихүүн салхинд нимгэн цамцтай наадаж буй тэдэнд маск, малгай, бээлийний аль нь ч байсангүй. Үд хэвийх үед тэдэнтэй уулзсан бид гадаа хэр удаан тоглож буйг нь лавлахад “Өглөө босоод л энд ирсэн. Хичээл орохгүй болохоор гэрт байхаар уйдаад байх юм” гэж ам уралдан хариулав. Нүүрсний үртэс, үнс, хог хаягдлаар наадах тэд тоостой хувцас, тортогтой гараа үл ажирна. Өглөөнөөс өдий хүртэл энд байгааг нь сонсоод “өлсөхгүй байна уу” гэж асууж зүрхэлсэнгүй. Өлсөж, даарч, өлдөж, цангаж байгаа нь анзаарагдаж, бүлтгэр нүдээр тормолзох нь өрөвдөлтэй. Эндээс хөдлөөд, ойролцоох уулын цаана буй жалганд хүрлээ. Мөн л хашаагүй газар, бүрээс нь ноорхой гэр байх бөгөөд гэрийн гадна бяцхан хүү хаягдал дугуй түрж үзэгдэнэ. Ээжээс нь вирусийн талаар мэдээлэлтэй байгаа эсэхийг асуухад “манайх тоггүй хоёр жил болж байна. Зурагт, утасгүй болохоор мэдэх юм алга” гэсэн товч хариулт өгсөн юм. Ийнхүү захын хорооллын эргэн тойронд хүүхдүүд олноор цугларч, хог, хаягдлаар тоглож, хөрсний бохирдол дунд торниж байна. Өдрийг хоолтой, хоолгүй давж, хогоор тоглож байгаа бяцхан үрсийг анхаарахгүй бол сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоосон энэ үед олон хүүхэд хүнс, тэжээлийн дутагдалд орж, өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна. Авч өгсөн тоглоомыг нь голж уурлах нэгэн байхад аав минь согтуу ирэх вий гэж эмээх хүүхэд ч олон бий. Томчуудын хариуцлагагүй үйлдэл, “хар ус”, харгис нийгмийн золиос нь хүүхэд бүү байгаасай. 

Улаанчулуутын хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ч орлогогүй болжээ

Амьдрал хэцүү байгааг уулзсан хүн бүхэн хэлж байлаа. Мах үнэд орж, гурил будаа, талх, ногооны ханш ч тогтмол нэмэгдэж байгааг иргэд онцолж байсан юм. Үнийн хөөргөдөл ажил, орлоготой хүмүүсийн хоногийн хоолны хэмжээнд нөлөөлөх нь бага ч арай ядан өл зогоож байгаа иргэдэд 100 төгрөгийн нэмэгдэл ч хүнд тусдаг. Вирусийн улмаас ажил, орлогогүй болж буй салбарынхны төлөөлөл бол Улаанчулуутын хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлдэг хүмүүс юм. Тэд вирусээс айгаад хаягдал түүхээс цэрвэж байгаа учир орлого буурч, амьдрал улам хүнд болж байгааг хэлж байсан юм. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэн Ч “Хуванцар цуглуулаад өдөрт дунджаар 20 мянган төгрөг олдог байсан. Би өдрийн турш түүдэггүй л дээ. Оройхон гараад бүрий болтол цуглуулаад, тушаахад хоолоо хүнээс гуйхгүй залгуулчихдаг л юм. Өвөл гар, хөл даараад жаахан хэцүү. Харин дулаан цагт орлого сайн байдаг. Өнгөрсөн зун хуванцар түүгээд олсон мөнгөөрөө хүүхдэдээ гэр авч өгөөд, тусад нь гаргасан. Сав цуглуулж, тушаах чинь хөдөлмөр л учраас амьдралд маань их дэм болдог байлаа. Харин энэ жил ёстой нам сууж байна. Тэтгэврийн 300 мянган төгрөг олон хүүхэдтэй надад хаана ч хүрэхгүй юм. Заримдаа ч гараад лаазаа цуглуулмаар л санагддаг. Олон хүний хаясан хог дотор өнөө вирус нь байх вий гэж айх юм” гэлээ. Бараг гудамж бүрийн үзүүрт согтуу хүмүүс цугларсан нь ажил, орлогогүй иргэд архинд “живж” байгааг гэрчлэх мэт. Үйлдлээ хянах чадваргүй болсон тэд тоглоомын талбай, гудамжинд архидаж, шүлс, нус, цэр, ялгадсаа ил задгай гадагшлуулж, тэр хөрсөн дээр нь хүүхдүүд тоглож байна гэдэг хөндөхгүй орхиж боломгүй асуудал. 

“Коронатай, коронагүй өлсгөлөнгийн ирмэгт байгаа хүмүүс энүүгээр нэг байна”

Иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг тодруулахаар Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд байрлах найман нэрийн хүнсний дэлгүүрээр орлоо. Ажил тарах цаг таарсан учир хөл, хөдөлгөөн их байв. Орж ирсэн үйлчлүүлэгчийн ихэнх нь хүүхэд байсан бөгөөд мөн л амны хаалт зүүсэн хүн нүдний гэм байлаа. Дэлгүүрээс нэг ч хүүхэд өөртөө чихэр, амттан авсангүй. Бүгд л мөнгөндөө тааруулж, хүнсний ногоо, граммын мах, тос авч харагдана. Тус дэлгүүрийн худалдагч Ө.Чингүүн “Энэ хавийнхан төвийнхөн шиг тансаг хүнс хэрэглэдэггүй юм. Бүгд л өдрийн хоолны хэрэгцээгээ арай ядан залгуулж буй хүмүүс. Халамж, тэтгэмж буух үеэр ганц нэг ундаа, жимс авна. Ер нь өдөр бүр тансагладаг амьдралтай хүн Монголд цөөхөн байх шиг байна. Ард иргэдийн амьдрал хэцүү байна шүү дээ. 

Энэ хавийн хүмүүс хүнсний ногоогоо өдөр, өдрийн идэх хэмжээгээрээ л авдаг. Тос, масло граммлана. Манайд жижиглэж, савласан таван цул 700 төгрөг гэдэг юм. Түүнийг авдаг хүн ч олон. Зарим нь нохой муураа хооллодог байх. Зарим нь бууз, хуушуур хийдэг биз. Мах үнэтэй байхад орлого багатай, мөнгөгүй хүмүүст үүнээс өөр арга байхгүй шүү дээ. Амны хаалт зүү гэж хэчнээн шаардаад ч нэмэргүй. Өдрийн хоолоо авах 1000 төгрөг байхгүй байхад яаж хоёр цаг зүүх маск тэр мөнгөөр авч чадах вэ дэ. Коронатай, коронагүй өлсгөлөнгийн ирмэгт байгаа хүмүүс энүүгээр нэг байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Цаанаасаа нэмэгдээд ирэхээр бид ч дагаад л өсгөнө. Тэрийг хараад зодож, нүдэхээс наагуур л юм болно. Бухимдал ихтэй, хэцүү амьдралтай хүмүүс юуханд л уурлах гээд байдаг юм. Үнэнийг хэлэхэд, хүн хэчнээн хичээгээд ч сайхан амьдрахад бэрх байна. Энэ хавийнхны мөрөөдөл нь Солонгосд очиж хар ажил хийх болчихсон. Дөрвөн хүүхдээ орхиод харийн орныг зорьсон гэр бүл ч бий. Ямар сайндаа л ийм сонголт хийв гэж дээ” гэлээ. Эдийн засгийн хямрал, ажилгүйдлийн талаарх тоо баримт энд дурдах нь илүүц биз. Иргэдийн амьдрал доройтож, хүмүүс туйлдаж байгаа нь нүднээ ил байна. Хүүхдүүд хөрсний бохирдол дунд хүнсний гачиг далтай торниж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН