Хэрвээ Ардчилсан нам 2016 оны сонгуулиар ялсан бол З.Энхболд эсвэл С.Эрдэнэ Ерөнхий сайд болох байлаа. Ерөнхий сайд болсон тэд хамгийн түрүүнд өөрийн фракцын хүмүүсээр танхимаа бүрдүүлэх байв. Фракц гэдэг нь Ардчилсан хүчний холбоо.

Үүсгэн байгуулагч нь З.Энхболд, үргэлжлүүлэн С.Эрдэнэ үг холбоог удирдаж яваа. Анхнаасаа АН-д ноёрхлоо тогтоож, удирдлагыг нь гартаа авах замаар хүртэж болох хамгийн том бялууны зүсмийг тавган дээрээ тавиулах хүсэлтэй тэд зорилгодоо хүрсэн нь 2012 он.

З.Энхболд УИХ-ын даргын сэнтийд заларч, С.Эрдэнэ сайд болон дэвшсэн. Тэдний шунал үүгээр зогссонгүй. Эмхлэн байгуулсан Засгийн газраа огцруулж, төрийн эрхийг гартаа төвлөрүүлэхээр зүтгэсэн юм. Азаар АН-д албан тушаалын хэнээтэй нь олон болохоор Ардчилсан хүчний холбооны ард нуугдсан З.Энхболд, С.Эрдэнэ нарын сонирхол бүтээгүй. 

АН-ын зөрчил тогооноосоо хальж, төрийн хямрал болтлоо ужгирсан. Угтаа бол С.Баярын Засгийн газраас Сү.Батболдын танхимд өвлөгдсөн төрийн бодлого, Оюутолгой, Тавантолгой тэргүүтэй томоохон төслийн хүрээнд Монгол хэмээх “жижигхэн” айлын эдийн засаг 17 хувь болтлоо тэсэрч биднийг зорих хөрөнгө оруулагчдын цуваа Гашуунсухайтын боомт дээрх нуүрсний цуваа шиг үргэлжилж байсан нь саяхан.

Гэвч улсаараа урагшлах учиртай төрийн бодлого, ард түмний эрх ашиг хэдхэн хүний халаасанд орсноор ердөө жил хүрэхгүйн хугацаанд Оюутолгойн бүтээн байгуулалт гацаанд орж, Тавантолгой таг зогссон нь дөрвөн жилийн өмнөх үйл явдал. Монголыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт тэг зааж, АН-ынхан ч өөрсдөө ухсан нүхэндээ унасан. Бүх талаараа хараат бусаар ажиллах учиртай Монголбанк нь Засгийн газрын кассын машин шиг л ажиллаж эхлэв. Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийн дор цөөн тооны аж ахуйн нэгжүүдэд дөрвөн их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, төсвөөс гадуур Хөгжлийн банкны болон “Чингис”, “Самурай" бонд зэрэг эх үүсвэрээс долоон их наяд төгрөгийн хөрөнгийг ханцуйн дотроо наймаалцсан. Үүнийгээ бүтээн байгуулалт хийсэн, зам барьсан гэж саймширдаг ч гуравхан жилийн хугацаанд АН-ын явуулсан алдаатай бодлогын уршгаар макро эдийн засгийн бүх үзүүлэлт уруудан доройтов. Эдийн засгийн бүтэцтэй уялдаагүй, тооцоо судалгаагүй зарцуулсан их хөрөнгө мөнгө улс орны эдийн засгийг тэтгэх бус, харин ч хямралт байдалд оруулж буйг бид хангалттай харсан, халагласан.

Ерөнхий сайдын тамга атгахдаа нэгдүгээрт, хоёрдугаарт, гуравдугаарт “Эдийн засаг” гэж тодотгосон Ч.Сайханбилэг хүртэл “Харилцан бие биеэ нураадаг чөтгөрийн тойргийн гинжийг өнөөдрийн энэ гогцоон дээр л таслахыг уриалж байна. Өнөөдөр та нар биднийг нураана, маргааш бид та нарыг нураана, нөгөөдөр дараагийн ээлж ирнэ гэдэг чөтгөрийн тойрог биднийг мөхөл рүү хөтөлж байна. Үүний үр дагаварт өнөөдөр сайн нэртэй эрх баригч ч алга, сайн рейтингтэй сөрөг хүчин ч алга. Бусдыг нь орлох гурав дахь хүчин ч эвээ олохгүй нь, босоо Ганбаа нь хэвтээд өглөө" хэмээн Монголын эдийн засгийн чуулганы индэрээс мэдэгдэж байлаа шүү дээ.

Араас нь спикер асан З.Энхболд чуулганыг хааж үг хэлэхдээ оймс шидүүлж, хөрөнгө оруулагчдын өмнө шившгээ хутгасан. Хатуу ч гэсэн гашуун үнэн ердөө л энэ. Үнэндээ АН төрийн эрхэнд гарахдаа харилцан бие биеэ нураадаг чөтгөрийн тойргийн гинжийг үүсгэдэг. Тэгээд тэрэндээ өөрсдөө хүлэгддэг. Хэрвээ АН сонгуульд ялж З.Энхболд, С.Эрдэнэ нарын аль нэг Ерөнхий сайд болсон бол дээрх зөрчил хэвэндээ л үргэлжлэх байлаа. Гэхдээ ард түмэн тэдэнд дахин засгийн эрх атгуулахыг хүсээгүй. Сонголтоо хийж МАН-д үнэмлэхүй олонхоор засаглах эрхийг нь олгосон.

Эндээс МАН засгийн эрх бариад юу өөрчлөгдөв гэсэн асуулт гарч ирнэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 7.2 их наяд төгрөгийн өр зээлийг төлж барагдуулжээ. Уул уурхайгаас олсон мөнгө анх удаа Ирээдүйн өв сан гэсэн хуримтлал дор 315 тэрбум төгрөг хадгалав. Энэ жил тус сангийн хуримтлалын мөнгийг 1.5 их наяд хүргэх тооцоо бий.

2030 он хүртэл энэ мөнгийг ашиглахгүй гэдэг нь өөрөө том зорилт, амбийц. Үрж дуусгах гэхээсээ үр хүүхдэдээ үлдээж байгаа өв. Монгол Улсын эдийн засагт гарсан сэргэлтийг олон улсын банк, санхүүгийн байгууллага өндрөөр үнэлж манай улсын зээлжих зэрэглэл ахиж эдийн засгийн тогтвортой ангилал руу шилжсэнийг онцолж байна. Нэг үгээр “дүү нар"-ынхаа тавьсан өрийг дарах гэж “ах” нь хичээсэн. Ямар ч тооцоо судалгаа, шинжлэх ухааны үндэслэлгүйгээр “Чингис", “Самурай” зэрэг бонд авч улс орноо асар их хэмжээний өрөнд унагасан алдааг нь түрүүчээсээ засаад явж байна. Засах ёстой бол засах л ёстой. Өөрчлөх хэрэгтэй бол өөрчлөх л хэрэгтэй. Ингэхийн тулд Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатны сахилга хариуцлагыг сайжруулах, эдийн засгийг сэргээх гэсэн үндсэн хоёр асуудалд хамгийн гол анхаарлаа хандуулсан, ахицтай

ажилласан. Үр дүнд нь 2016 онд нэг хувийн уналттай явсан эдийн засгийг өдгөө 7.3 хувь болтол нь өсгөж чадсан. Долоо дахин өсгөсөн гэсэн үг. Энэ бол чамлах биш харин ч том амжилт. Сүүлийн найман жил байнга алдагдалтай явж ирсэн улсын төсөв 2018 онд анх удаагаа ашигтай гарсан. Төсвийн тодотгол хийлгүйгээр хоёр жилийг давжээ. Санхүүгийн сахилга бат сайжирсны, дөрвөн тийшээ харсан төсвийг нэгдсэн нэг болгосны л илэрхийлэл. Дахиад бодоод үзээрэй. Хэрвээ АН сонгуульд ялсан бол энэ бүх өсөлт, төсвийн сахилга бат бий болох байсан уу гэдгийг... Үгүй л болов уу. Юу үнэн гэвэл энэ л үнэн.

 

 

Г.Эрхэс

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин