“Би Монголд ирэх бүрдээ монголчууд маш бага зардлаар амьдралаа залгуулж буйг хараад цочирддог. Цаг уурын эрс тэс уур амьсгалд тохируулж жижиг зүйлээр амьдралаа залгуулаад болоод л байгаад үнэхээр гайхалтай хэмээн ярих эрхэм бол Хонконгийн их сургуулийн архитектур, профессор Жошуа Болчовер билээ.

Түүнийг Bloomberg телевиз зочноор урьж ярилцсаныг уншигчдадаа хүргэж байна.

 

-Та бүхэн монгол гэрийн загвараас санаа авч орчин үеийн хэв маяг оруулсан өргөө байгуулжээ. Энэхүү гэр хорооллын инновацын төслийн талаар ярихгүй юу?

-Бид 2014 оноос хойш гэр хороололд ажиллаж байна. Энэ хугацаанд миний сонирхлыг монгол гэр улам их татах болсон. Модон эх биеийг эсгийгээр бүрж, дээр нь бризент, зотон даавуугаар бүтээдэг нь илүү сонирхолтой санагдсан. Энэ давхаруудыг хооронд нь зайтай болгож бүтцийг нь өөрчилбөл ямар болох бол гэж бодсон. Шинэ барилгын дотор гэрт байдаг давхаруудыг бүгдийг нь бий болгосон. Ингэснээр тухайн барилгыг байгалийн гамшгаас хамгаалалттай болгож чадсан гэсэн үг. Бид дотор талд нь дулаан өрөө, харин гадна талаар нь поликорбонат бүрхүүлэн хамгаалалттай болгохыг зорьсон. Нэг ёсондоо гадна хэсгийг нь хүлэмж шиг болгосон гэсэн үг. Ингэснээр гадна, доторх хоёр хэсгийн тусгаарласан зайд хүүхдүүд тоглож болно. Бас ногоо тарьж, зүлэгжүүлж болно шүү дээ. 

-Үүнийг хийхэд хэр хэцүү байсан бэ?

-Тийм ч хэцүү байгаагүй ээ. Тухайн газрын иргэд, оршин суугчидтай хамтарч ажиллах нь сонирхолтой байлаа. Хонконгоос хэдэн оюутан авчирч, монгол иргэдтэй хамтарч ажилласан. Гэрийн модоо үйлдвэртээ хөрөөдөж янзалсан. Хажуудаа бас угсралтын баг ажиллуулсан. Хугацаа маш богино байсан л даа. Ердөө нэг сарын дотор л гэрийн модыг хийсэн.

-Энэ хүлэмжин барилгыг хэр хэмжээний өртгөөр босгосон бэ?

-Гэрийн мод болон үндсэн эх биеийг хийхэд 60 мянган ам.доллар болсон. Үүнд цементэн суурь, усны шугам, дотоод болон гадаад заслын үнэ бүгд багтсан. 

-Ойр орчмынх нь оршин суугчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Бид их азтай байсныг хэлэх хэрэгтэй. “Эко таун” нэртэй төсөл хэрэгжүүлэхэд оршин суугчид их идэвхтэй байсан. Хамтран ажиллагч нараас би Г.Одгэрэлийг дурдмаар байна. Мөн тэндэхийн оршин суугч залуу тоосгыг нь үйлдвэрлэж, ойрхон амьдардаг эмэгтэй хоол хийж өгч байлаа. COVED-19 намжсаны дараа ойр орчмынхоо талбайг тохижуулахаар тэсэн ядан хүлээж байна.

-Та зөвхөн энэ төсөл дээр ажиллаад зогсох уу, эсвэл гэр хорооллыг тохижуулах өөр ижил төстэй төсөл дээр ажиллах уу?

-Бид гэр хорооллын бүсэд 2014 оноос хойш ажиллаж байна. хэрэгжиж байгаа нэг төсөл нь Ger plugin. Энэ төсөл нь гэр хорооллын бүсэд боломжийн үнэтэй сууц барихад чиглэсэн. Нэг үгээр хүмүүст хэрэгцээтэй, шаардлагатай байгаа дэд бүтцийг нь шийднэ. Ger plugin төслийн шугамаар барьсан сууц нь дотроо халуун, хүйтэн устай, шүршүүрт орох боломжтой, түлш бараг хэрэглэхгүй тав тухтай амьдрахад зориулагдсан байх юм. Өвлийн улиралд тийм ч их эрчим хүч ашиглахгүй гэсэн үг.

-Та Монголд 2014 оноос хойш ажиллаж байгаа гэлээ. Монголд яагаад ирэхээр болов. Манай оронтой холбоотой юу таны сонирхлыг илүү татсан бэ? 

-Монгол бол сайхан орон. Би хувьдаа хотод тулгамдсан асуудлуудыг судалж ирсэн. Хот цагийн эрхээр хэрхэн хөгжиж, өөрчлөгдөж байгааг судалдаг. Монголд анх хөл тавихад л маш гүн сэтгэгдэл төрсөн. Яагаад ч юм хотжилтын явц зохион байгуулалт харагдаагүй. Мэдээж тодорхой хэмжээгээр хотжсон ч гэлээ нүүдэлчин соёл иргэншил нь хэвээрээ л байсан. Нүүдэлчид хот байгуулж ирсэн түүх байхгүй. Тэгэхээр Монгол Улсад өөрийн гэсэн онцлогтой хотуудыг байгуулахаар зорьж байна. Нүүдэлчин соёл иргэншилтэй хүмүүст хот яаж босгохыг харуулна. 

-Та гэр хороололд олон тулгамдсан асуудал байна гэсэн. Эдгээр асуудлыг нэг мөсөн шийдэх инновацлаг арга байгаа юу?

-Мэдээж хэрэг үгүй. Гэхдээ нэг ажиглагдсан зүйл нь хүн бүрт газар бий. Хүн амын дийлэнх нь газартай байна гэдэг том давуу тал. Дэлхийн аль хотод ийм зүйл байхгүй. . Гэр хороололд дэд бүтэцтэй, боломжийн үнэтэй орон сууц хэрэгтэй байна. Цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг, байгальд ээлтэй барилга байгууламж барих хэрэгтэй. 

-Гэр хороололд амьдарч буй оршин суугчдад хамгийн том хөрөнгө оруулалт юу байж болох вэ? 

-Хүмүүст нэгдэн нийлж, хамтарч ажиллах боломж олгосон төсөл хэрэгтэй байх. Гэр хороололд амьдарч байгаа хүмүүст хашаа, байшин гээд хувийн өмч хэрэгтэй байдаг. Гэхдээ дэд бүтцийг шийдэхэд дундын өмч шаардлагатай. Хамтарч нэгдээд дундаа дэд бүтцээ шийдүүлж болно шүү дээ. 

-Иймэрхүү төсөлд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага улс төрийн нөлөөнөөс хол байх хэрэгтэй юу, эсвэл Засгийн газраас дэмжлэг авах ёстой юу? 

-Миний зорилго бол бусадтай санаагаа хуваалцаж, хамтарч ажиллах нь чухал. “Ямар нэгэн шинэ зүйлийг туршиж үзэхгүйгээр хийнэ гэж байхгүй. Мэдээж Засгийн газар дэмжвэл өргөн хүрээний ажил хийж чадна. Гэр хороолол бол инновацлаг орчин, тэнд маш олон боломж байна. Гэр хорооллын иргэдийн өөдрөг үзэл хотыг гэрэлтүүлж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН