БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн

 "Цэцэрлэг, ЕБС, МСҮТ, их, дээд сургуулийн хичээлийг тасалдуулаагүй. Цахим болон теле хэлбэрээр сургалтыг үргэлжлүүлж, амжилттай дуусгасан. 

Нөхцөл байдал амаргүй байгаа ч иргэдийнхээ сурч боловсрох эрхийг хангах үүднээс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх албан ёсны шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. 

Ингэхдээ танхимын болон танхимын бусаар хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон бөгөөд хичээлийн жил эхлэх хүртэл нэг сарын хугацаанд бэлтгэл ажлаа хангахыг сайд нарт үүрэг болгосон. 

Танхимын сургалт эхлэх хуваарь: 

  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 9 дүгээр сарын 1
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 9 дүгээр сарын 14
  • Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлнэ.

Харин есдүгээр сарын 1-нээс бүх шатны сургалтын байгууллагууд цахим болон теле хэлбэрээр хичээлээ үзнэ. 

Одоогийн нөхцөл танхимын сургалтыг эхлүүлэх нь зоригтой шийдвэр болж байгаа бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, оролцоо ч ихээхэн хэрэгтэйг анхаарахыг хүсье. 

Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжид үндэслэн нэг ангид байх хүүхдийн тоог 20 гэж тогтоосон. Энэ нь бүх шатлалд хамаарна.

Хоёр настай хүүхдийг 2020-2021 онд цэцэрлэгт элсүүлэх боломжгүй.

Цэцэрлэгийн багтаамжаас хамаарч 3-4 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл үргэлжлүүлэн орно. Харин ирэх жил сургуульд элсэн суралцах учир таван настнуудыг цэцэрлэгт бүрэн хамруулна" гэлээ.

Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийг сар, улирлаар нь авах боломжтой уян хатан нөхцөлийг бүрдүүлэхээр болжээ

Мөн энэ хичээлийн жилд танхимд судлах хичээлийн тоог багасгахаар төлөвлөжээ. Ингэхдээ бүх ангид монгол хэл, математик хичээлийг танхимаар судлуулна. 

Дунд ангийнханд байгалийн ухааны хичээлүүд, ахлах ангид сонгон судлах хичээлийг танхимаар заах юм. 2020-2021 оны хичээлийн жилийн эхний сар гаруйн хугацаанд энэ хувилбараар хичээллэн, цаашид боломжтой бол хичээлийн тоог нэмсээр байх аж.

Түүнчлэн хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийг сар, улирлаар нь авах боломжтой уян хатан нөхцөлийг бүрдүүлэхээр болжээ.

 

СӨБ-ын газрын дарга Ж.Мягмар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэрийн талаар тодруулж мэдээлэл өгнө үү?

- 2020-2021 оны хичээлийн жилд 309,700 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байгаа. Үүнээс 77,235 нь цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнууд. Энэ насны хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргахад биеийн онцлогийг анхаарсан. 0-3 насныхан тэр дундаа шинээр цэцэрлэгт элсэн орсон хүүхдүүд есдүгээр сарын дунд, аравдугаар сарын эхээс амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчнөөр өвдөж эхэлдэг. Ингээд хичээлийн жилийн хугацаанд нийт хоёр настнуудын 60-70 хувь нь халдварт өвчнөөр өвддөг.

- Анги дүүргэлт 20 хүүхдээс хэтрэхгүй байхаар зохицуулна гэлээ. Энэ шаардлагыг хангасан нөхцөлд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо буурах уу?

- Улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт цэцэрлэгүүдийн тооноос харахад 3, 4 настай хүүхдүүдийн 60 хувь, 5 настнууд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой байна.

Жилд дунджаар 48,000 хоёр настан цэцэрлэгт хамрагддаг бөгөөд энэ жил хоёр настнуудыг хамруулахгүйгээр 3, 4 настнуудын хамрагдах боломж нэмэгдэнэ. Цэцэрлэгийн бүртгэл өмнөх жилтэй адил цахимаар явж, эцэг эхчүүдэд зурвасаар хариу очно.