Хэнтий аймгийн Биндэр суманд “Их Монгол Улс-Монголын Эзэнт гүрэн”, Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө”, Норовлин суманд “Шихихутаг-Нууц товчоо” гэсэн цогцолборуудыг улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа бол Дадал суманд “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” цогцолборыг 19 сая ам.доллараар босгох ажлыг эхлүүлээд байна.

“Монголын нууц товчоо”-той холбоотой түүхэн газар нутгууд руу жуулчдыг татах зорилгоор эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа бөгөөд Чингис хот-Дадал чиглэлийн 270 км замын барилгын ажлын нээлтийн ёслол өнгөрсөн жилийн тавдугаар сард болоход Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс очиж оролцож байлаа. Тэр үеэр Л.Оюун-Эрдэнэ “2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог нэг саяд хүргэж, салбарын орлогыг 1.1 тэрбум ам.доллар буюу 2.8 их наяд төгрөгт хүргэхээр энэхүү томоохон төслүүдийг эхлүүлж байна” хэмээн ярьсан нь олон хүний шүүмжлэл, эгдүүцлийг төрүүлсэн юм. Гэсэн ч тэрхүү “бүтээн байгуулалт”-аа үргэлжлүүлсээр байна.

Олон тэрбумын хөрөнгө зарцуулж босгосон гэх Андлалын өргөө, чукча нарын мөсөн урцыг санагдуулам шавар амбаар зэргийг хараад үнэндээ хэний ч дур гутмаар юм болж байна. Зорьж зам тавьж байгаа бүтээн байгуулалт нь ийм явцгүй, хэний ч сэтгэлд нийцэмгүй байхад Дадал чиглэлийн замын ажил ид өрнөж байна. За яахав, тэр бүтээн байгуулалтын сайн муу болсныг эс тооё. Дадал руу зам барилаа гэхэд эдийн засгийн үзүүлэлтээрээ, улсын төсөвт авчрах ашгийн хэмжээгээрээ яавч Дархан хотыг гүйцэхгүй. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км зам бол зөвхөн Дархан хоттой хамаатай зам биш. Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Хөтөл, Булган, Хөвсгөл, Алтанбулагийн боомт гээд Монгол Улсын эдийн засгийн гол газруудтай хамааралтай. Дархан, Эрдэнэт бол манай эдийн засгийн “саалийн үнээ” гэгддэг. Төдийгөөс өдий хүртэл Монголын эдийн засгийг элгээр нь мөлхүүлчихгүй, чирсээр яваа хотууд. Энэ хоёр хотыг Дадал сум эдийн засагт авчрах үр өгөөжөөрөө гүйцнэ гэхэд жаахан хүүхэд ч итгэхгүй. Л.Оюун-Эрдэнэ даргын яриад байгаа сая жуулчин гэдэг бол бодит амьдралаас тасарсан, попорсон мэдэгдэл байсан гэдгийг мэргэжлийн хүмүүс нарийн тооцоолол гаргаж ирээд тайлбарлачихсан. Бодит байдлаас, амьдралаас дэндүү тасарсан улстөрчдийн мугуйд үйлдлүүдийн тод жишээний нэг гэхээр өөрөөр тайлбарлах арга алга.

Дадал сум нийслэлээс 600 км, аймгийн төвөөсөө 270 км-ийн зайтай, 2017 оны байдлаар 890 өрхийн 2891 хүн амтай гэсэн тоо байна. Тус суманд ногоон үйлдвэрлэл, ХАА, байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн болон аялал жуулчлал, амралт, сувиллын үйлчилгээний олон талт эдийн засгийг хөгжүүлнэ хэмээн дарга нар олон жил ярьж байгаа. Дадал руу зам тавиад яг тэр яриад байгаа шиг нь эдийн засгийг нь олон талтаар хөгжүүллээ гэхэд ердөө л 3000 орчим хүний амьдрал ахуйг өөд нь татсан ажил болно. Цаанадаж Хэнтий аймгийн эдийн засагт дэмтэй байх л даа.

Гэтэл Улаанбаатар-Дархан хотыг холбосон 204 км авто замын барилгын ажил хоёр дахь жилдээ үргэлжилж, гурав дахь жил рүүгээ гулсаж байна. Энэ онд Дарханы зам ашиглалтад орохгүй гэдгийг албаны хүмүүс мэдээллээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн замд 2000 оноос хойш томоохон хэмжээний шинэчлэл хийгээгүй, ерөнхийд нь шинээр зам тавих цаг нь болсон гэдгийг авто замын инженерүүд байнга сануулсаар ирсэн. Уг замыг орон нутгийн зам ангийн компаниуд нь чадлаараа нөхөж, тойглосон ч сүүлдээ засал авахааргүй болж, осол аваар их хэмжээгээр гарч 300 гаруй хүн уг зам дээр нас бараад байгааг өнгөрсөн жил иргэдийн төлөөлөл ярьж, замын ажлыг түргэвчлэхийг шаардацгааж байсан. Зөвхөн өнгөрсөн онд Дарханы замд 265 осол гарч, 25 иргэн амиа алдаж, 79 иргэн гэмтэж бэртсэн байна. Үүний зэрэгцээ энэ замд олон зуун осол бүртгэгдэж, 300 гаруй иргэн 200 сая төгрөгийн хохирол амсаад байгаа билээ. Энэ бүх тоо баримт өнөө зуны гурван сард нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам бол Монгол Улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой, босоо тэнхлэгийн гол зам.Энэ замаар өдөрт дунджаар 6000 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог бөгөөд Цагаан сар, наадмын үеэр 12300 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог өндөр ачаалал авдаг зам. Энэ нь бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нь 1.4-2.7 дахин их гэсэн үг. Нөгөөтэйгүүр энэ замаар олон улсын транзит тээвэр явдаг. Тэгэхээр 3000 хүнтэй сум руу чиглэсэн замаа биш харин олон улсын чанартай, улсынхаа эдийн засгийн хөдөлгөөнийг нуруундаа авдаг чухал замаа нэгдүгээрт тавих ёстой.

Дархан хот бол 100 мянга гаруй хүн амтай. ОХУ-тай хиллэдэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт манай улсын эдийн засгийн чухал газар. Сэлэнгэ мөн л 100 гаруй мянган хүн амтай аймаг. Эрдэнэт хот 90 гаруй мянган хүн амтай, цаашилбал Булган аймаг байна, мөн манай улсын аялал жуулчлалын гол төв гэгддэг Хөвсгөл аймаг бий. Эдгээр хот, аймгуудын эдийн засаг буурч, саарч буйн нэг шалтгаан нь яалт ч үгүй Дарханы замын ажил. Улаанбаатар-Дарханы зам аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг стратегийн ач холбогдолтой чиглэл. Гэтэл ийм чухал замын ажлыг урагшлуулах нь бүү хэл “Энэ жилдээ ашиглалтад орохгүй нь ээ” хэмээж байгаа төр засгийн удирдлагууд маань юун Дадалын зам, юун Андлалын өргөө, хөшөө ярина вэ. Тэр хаа хол, бөглүү газарт зам барьснаас улс эх орны эдийн засгийн эргэлтэд чухал ач холбогдолтой Дарханы замаа жаахан ч болтугай дөхүүлэх талаар бодвол яасан юм. Түүх байж л байна. “Монголын нууц товчоо” төдийгөөс өдий хүртэл бидэнд хадгалагдан ирсэн. Ганц хоёр жил хүлээлгэчихэд яав л гэж. Тэглээ ч коронавирусийн дэгдэлтийн улмаас ойрын жилүүдэд аялал жуулчлалын салбар хөл дээрээ босох нь эргэлзээтэй, энэ вирусийн эсрэг вакцин гарах хугацаа нь ч хойшлогдож мэдэхээр байна гэдгийг дэлхий нийт мэдэж байгаа.

Монголчуудад эдийн засгийн гол тэжээгч том хотуудыг холбосон авто зам хамгийн түрүүнд хэрэгтэй бүтээн байгуулалт шүү дээ. Хэдийгээр хил хаалттай байгаа ч улс дотроо ингэж авто зам нь тасарч, тэр тасархай дээр өдөр болгон осол гарч, олон арван хүн нас барж, зуун гаруй хүн тэргэнцэр дээр суугаад байгаа нь бидний хувьд эмгэнэл. Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүдийн хувьд энэ их эгзэгтэй хүнд цаг үед түүх, аялал зугаалга ярихаа түр хойшлуулж, энэ хүндрэлийг хохирол багатайгаар давахын тулд дотоод нөөц бололцоогоо ашиглахад хамаг анхаарлаа хандуулж, эдийн засгаа хэвийн явуулахад нь боломж бололцоог нь хангах эн тэргүүний ажлуудын нэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлыг яаравчлуулах байгаа юм. Дадалын замыг дараа нь, Дарханы замыг түрүүнд нь хийгээд өгөөч. Ядаж Дарханы замыг жаахан дөхүүлчих.