Өмнөд монголчууд бичиг үсгийнхээ төлөө тэмцэж, зөрчил тэмцэл нь хурцдаад байна. Худам монгол бичгээ хамгаалах хөдөлгөөн урд хөршид өрнөж, эсэргүүцлээ хүчтэй илэрхийлсэн хэсэг нь эрхээ хасуулж, хоригдож, дэлхийн улс орнуудад амьдарч буй өмнөд монголчууд амьдардаг газрынхаа Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлийн лоозон барьж жагсаж юм юм л болж байна.

Угсаа соёл нэгтэй бид ч энүүхэндээ дуугүй байхгүй, санаа зовцгоож сууна.Урд хөршийн засаг захиргааныхан бидний эндээ хийж буй тэмцлийг “Бидний дотоод хэрэг эдэнд ямар хамаа байна аа” хэмээн гайхсан өнгөөр шүүмжилж байна.

Уг нь монгол нь монголынхоо төлөө дуугарах тэгтлээ гайхах зүйл биш. Ингэлээ гээд Хятадын дотоод хэрэгт оролцоно гэж ч юу байхав. Энэ бол нэг үндэстний л өөр зуурын, зайлшгүй дуугарах ёстой асуудал. Харин ингэж бусдыг гайхшируулахад тултлаа холдсон нь л бидний том асуудал болчихож. Ингэж хэлүүлэхдээ тултлаа үндэстнийхээ нэг хэсгийг гаргуунд нь хаяжээ гэсэн бодол төрж байна. Тусгаар улс болохын тулд өмнөд Монголыг гаргуунд нь хаясан нь түүхийн гашуун үнэн мөн үү гэвэл мөн. 1915 оны гурван улсын гэрээгээр "Өөртөө эзэрхэх Гадаад Монгол"-ын хилийг зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаараар заагласан түүхийг монгол хүн бүр мэднэ.Тэр цагаас хойш монголчууд ар, өвөр гэж тусгаар оршиход хүрсэн нь бодитой үнэн. Гэлээ гээд өмнөд монголчууд монгол биш болчихгүй. Бид нэг угсаатай, нэг үндэстэн.

Урд хөршид хэрэгжиж буй шинэ журмын дагуу өмнөд монгол хүүхдүүдэд заадаг гол гурван хичээлийг Хятадын албан ёсны хэл болох мандаринаар заахаар болоод буй. Өмнөд монголчуудын тэмцэл хурцдах үед Хятад улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь “Холбогдох бүх хууль тогтоомжийн хүрээнд Хятад улсын Засгийн газар монгол болон бусад үндэсний цөөнхийн өөрийн эх хэл бичгийг хэрэглэх, хөгжүүлэх эрх чөлөөг хангаж өгдөг. 2017 оноос орон даяар бүх дунд сургуулиудад уран зохиол, улс төр, түүхийн хичээлийг Үндэсний Сурах Бичгийн Хорооны мэргэжилтнүүдийн хятад хэл дээр боловсруулан гаргасан нэгдсэн сурах бичгээр зааж эхэлсэн.Энэ оноос Өмнөд Монгол зэрэг зургаан муж, өөртөө засах оронд эдгээр сурах бичгийг нэвтрүүлж байгаа. Нэгдсэн сурах бичгээр заах дээрх гурван хичээл нь үндэсний цөөнхийн хэл дээр заадаг бусад хичээлүүдэд нөлөөлөхгүй. Монгол хэл дээр заадаг хичээлүүдийн цаг, сурах бичиг хэвээр хадгалагдаж байгаа.

Одоогийн хос хэл дээр хэрэгждэг боловсролын системд өөрчлөлт орохгүй” гэсэн тайлбар өгч байв. Гол гэгдэж буй гурван хичээлийг монгол бичгээр заахаар хүүхдүүд үеийнхээ хятад хүүхдүүдээс хоцроод байна, хичээл, сурлагын хоцрогдол гараад байгаа учраас ийм шийдвэр гаргахаас аргагүйд хүрсэн гэх тайлбар дуулдаж буй. Үгүйсгэх аргагүй шалтгаан. Шинжлэх ухааны, цааш хөгжихөд нөлөөлөх голлох гурван хичээлийг анхнаас нь хятад хэлээр зааж байж өмнөд монгол хүүхдүүд үеийнхнээсээ хоцрохгүй хөгжинө гэсэн тайлбарыг шууд буруутгаж эсэргүүцэх аргагүй. Мандарин хэлээр зарим хичээлийг орохоос аргагүйд хүрсэн шалтгаан өмнөд монгол хүүхдүүдийн боловсролоос болсон гэх тайлбар оргүй биш ортой. Ний нуугүй хэлэхэд уйгаржин монгол бичгээр шинжлэх ухааны, гол хичээлүүдийг заах төвөгтэй. Худам монгол бичгийг бичиг, соёлын улс нь судалж, хөгжүүлээд явахад л болчихно. Манайд ч тийм байгаа. Монгол хэл бичиг, соёлын улс л үндэсний хэл бичгээ судалж, түгээж яваа.

Хятад хэл ч сурахад төвөгтэй, хэрэглэхэд хэцүү хэлний нэг. Жирийн дундаж хятад хүн бүх ханзаа сурч амждаггүй, хэлээ төгс эзэмшсэн хятад хүн ховор гэдэг.Солонгос, япон шиг ханзаа орчин үежүүлж хялбаршуулсан бол яахав гэхсэн. Тийм биш болохоор заавал мандарин хэлэнд төгс нэвтрэх ёстой гэж хүчилж шахах ч шаардлагагүй. Хэл хэрэглээ гэсэн талаасаа бол ингэж харагдаж байна.

Тэгэхээр өмнөд монголчуудаа кирилл үсэгтэй болгоё. Ингэж байж нэг соёлтой монголчууд нийлж ойртоно. Нэг угсаатай монголчууд нэгдэж нягтарна. Бүр тодруулж хэлбэл ар, өмнөдийн хоёр Монгол нэг бичигтэй болъё. Тэр бичиг нь кирилл байя. Өмнөд монголчуудын хүүхдүүдээ сургуульд явуулахгүй гэсэн тэмцлийг харахаар өнгөрсөн зууны эхээр “Лам багш буруу номтны сургуульд битгий явуул гэсэн” гээд хүүхдээ сургуульд явуулахгүй гэж тэмцэлдэж явсан монголчуудын маань гөжүүдлэл л санаанд буугаад байх юм. Гөжүүдлэл гэдэг хэтэрхий зөөлрүүлсэн тодотгол л доо. Хатуухан хэлэхэд тухайн үеийн тэр үйлдлийг өнөөгийн өндөрлөгөөс харвал тэнэглэл гэсэн үг л утга дүйнэ. Тэгэхээр байна аа, өмнөд монголчууд минь та нарын энэ тэмцэл бүдүүлэгдүү харагдаад байна.

Ар, өврөөр зааглагдсан нэг үндэстэн хэл, соёлоороо холдсон нь гашуун ч гэлээ үнэн, нэг нь нөгөөгийнхөө төлөө зовоход харь үндэстэн гайхаж шогшрох дээрээ тултал холдсон нь булзах аргагүй бодит байдал.Нэг л үндэстэн юм чинь бүгдээрээ ойлголцох нэг бичигтэй больё. Өмнөдмонголчууд ч тэндээ шаардлагаа тавих хэрэгтэй. Хятадын төрд ар монголчуудтайгаа адил кирилл бичигтэй болъё гэсэн шаардлагыг албан ёсоор тавимаар байна. Бид ч эндээс нь төр засгийн түвшинд хэлж уламжлаад явах учиртай. Дахиад хэлэхэд ингэж нэг бичигтэй болж байж бид соёлоороо нэгдэнэ.

Ц.БИЛИГ