М. Мөнхтунгалаг

Манай дарга нарт авто зам бариулах, тэр дундаа хурдны зам барих мэдлэг байхгүйгээс гадна сэтгэл сох дутуу аж. Аливаа бүтээн байгуулалтын төсвийг хэрхэн гувчуулах, гуйвуулахаа л урьтаж боддогийн гайгаар авто зам нь ундуй сундуй, салан задгай. Гүүр босголоо, зам барилаа л гэх.

Хөдөлгөөн нээх төдий дутуу дулимаг зам хүлээлгэж өгдөг байдлаа хэзээ халах вэ. Гэрлэн дохио, явган хүний орц гарц, тэмдэг, тэмдэглэгээ, камержуулалт, гэрэлтүүлэг, хашлага, хаалт, эгнээ байрны зохицуулалт, авто зогсоол, гүүрэн болон нүхэн гарц зэргийг цогцоор нь шийдчихээд, хурдны зам, хөгжилд хөтлөх дэд бүтэц, бүтээн байгуулалтын цогц арга хэмжээ гэх мэт сүржин сурталчилгаагаа хийдэг баймаар. МХЕГ болон Нийслэлийн автозамын газар зэрэг зам ангийн асуудал хариуцагчид ч дээрх бүхэн бүрэн эсэхийг ширхэгчлэн шалгадаг байх сан. Нэг нь зам барьсан болж, нөгөө нь хүлээж авлаа хэмээн тууз хайчилдгаас үүдэлтэй осол аваар хэрээс хэтэрлээ.

Яг үнэн хэрэгтээ Яармаг, нисэхийн зам ч, Налайх, Чойрын замыг ч улс хүлээж авахгүй хэмээн буцаах ёстой байлаа. Яагаад гэж үү, хүүхдийн амь наснаас үнэтэй авто замын нээлт гэж байх ёсгүй. Яаруу давчуу, дутуу дулимаг бүтээн байгуулалтын балгаар Яармаг, Нисэхийн зам дээр 48 цагийн дотор гурван хүүхэд ослын хохирогч боллоо. Ийм байж болох уу. Хэзээнээсээ “Хар цэг” хэмээгддэг нийслэлийн баруун, зүүн хэсгийн хурдны авто зам дээр яг энэхэн мөчид ч аюул өрнөж байхыг үгүйсгэхгүй. Хурдны зам дээр бүү хэл орон сууцны хороолол дундах хавчиг замд дайрах шахам давхидаг дүрэмгүй жолооч нарыг хянах, хязгаарлах технологийн болон хурд сааруулагч, дохио тэмдэг ховор байна. 

Тиймээс Налайх-Чойр, Яармаг-Нисэхийн авто замд нүхэн болон гүүрэн гарц барих замаар хүүхдүүдээ хамгаалъя. Ингэж чадахгүй, ойр зуурын төсөв мөнгийг нь тооцоод, мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй мэт суувал дахиад бид хэдэн хүүхдийн амиар зул өргөхийг таашгүй. Авто ослын “Хар цэг” гэгдэх дээрх хурдны замуудын ард, урд хэсгээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг нь хүүхэд эндэх, бэртэж гэмтэх, дээрх замаар байнга зорчих шалтгаан болж байна. Тиймээс хотын баруун, зүүн хэсэг рүү сунайсан замаа хүний амьдралын нөхцөл боломж, хүүхдийн аюулгүй амьдрах, сурч хөгжих боломжтой уялдуулан хянаж, шалга. Аюул дахиад хаана байгааг тогтоогооч ээ. 

Хурдын зам дагуу хэнд, ямар аюулгүй нэвтрэн өнгөрөх хэрэгцээ, шаардлага байгааг үнэлж тогтоо, мэргэжлийн хяналтынхаан. Тэгж байж тухайн замаар өдөрт бага насны хэчнээн хүүхэд, ерөнхий боловсролын сурагч, цэцэрлэгийн багачууд нэвтрэн өнгөрдөг болохыг мэддэг болно. Нүдээр үзэж, биеэр туршихгүйгээр хурдны зам дээрх автомашин нэвтрэн өнгөрөх хэрэгцээг голчлон яриад байж болохгүй ээ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра аа.

НАЛАЙХЫН ЗАМ ДАГУУ АШИГЛАЛТАД ОРСОН 126 ДУГААР СУРГУУЛИЙН ОРЧИНД Ч НҮХЭН БОЛОН ГҮҮРЭН ГАРЦ НЭН ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт буюу Баянзүрхийн товчооноос 500 метрийн зайд үйл ажиллагаа явуулж, сурагчдаа хүлээж авсан 126 дугаар сургуулийн орчинд хичээлийн шинэ жил эхэлснээс хойш бага насны хүүхэд машинд шүргүүлэх, дайруулах хэд хэдэн тохиолдол гарчээ. Хэргийн учир нь, мөн л хурдны замын бүрэн бус байдлаас үүдэлтэй нь хэний ч нүдэнд тодорхой харагдана. Сүр, дуулиан болж, хэдэн мянган жолоочийн авто машин, эд хөрөнгийг үрэн таран хийж байж сая ашиглалтад орсон тус зам тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрүүлдэг болсоор жил орчмын нүүр үзэж байна.

Гэвч бага насны хүүхэд эндэх, бэртэх, осол аваарт өртөх “Хар цэг” болж эхэллээ. Авто замын урд, хойд хэсгээр гэр хороолол ихтэй энэ хэсэгт нүдэнд торох ганц сургууль нь Ерөнхий боловсролын 126 дугаар сургууль. Сургууль сурагчдаа хүлээн авч эхэлсэн даруйд хотын төвөөс алслагдсан хэсгийн аав ээж, сурагч багачуудын сэтгэл тэнийж, гэрийнхээхажууханд сурах боломжоо бодон бодон баясцгаасан. Гэтэл сургуулийн шинэ жил эхлээд сар гаруйн хугацаанд айдас, бол гоомжлол дунд гэр, сургуулийнхаа дунд гэлдэрцгээж байна. Тэдний айдсын шалтгаан нь гарц, гэрэлтүүлэггүй замаар аз, эзэндээ итгэж нэвтрэх асуудал юм. 

Мөн камержуулалт, хурд сааруулагч, хурд хэмжигч хомсхон энэ зам дээр хурд мэдэн давхих жолооч нарыг царайчлан эмээ нь ачаа, ээж нь хүүгээ, эгч нь дүүгээ хөтлөөд гарахын хэцүүг хотын асуудлыг хоёр гарын хуруу шигээ мэдэж байх ёстой дарга нарт хэрхэн ойлгуулах вэ. Нэгэнтээ аюулын голомтод амьдарч үзээгүй, төсөөллийн замаа барьчихаад, маадгар гэгч нь алхаж яваа дарга нарт Налайх-Чойрын зам бол шил, толь л юм. Гэтэл зам гэтэлж худаг усандаа хүрдэг, бид олон хашлага давж сургууль, цэцэрлэгтээ очдог Баянзүрхийн XI хорооны багачуудад эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох боломж даанч алга . 

Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар аа, Яармаг-Нисэх, Налайх-Чойрын зам дагуух сургууль , цэцэрлэгийн бүсэд нүхэн болон гүүрэн гарц барья. Цаасан дээр тунхагласан “Хурдны замын тэнхлэг” хэмээх гоё томъёолол яах вэ, хамгийн гол нь хүүхэд, хөгшид, иргэндээ ээлтэй байдлаар л замынхаа тохижилт, үйлчилгээг шийддэг байя. Замыг хүний хэрэгцээнд тохируулж сайжруулан, засварлаж, барьж байгуулдаг. Тэгэхээр хүний хэрэгцээг хангаж чаддаггүй, “тэнгэр”-ийн замаар иргэд яах вэ. Дахин хэлье, хүүхдийн аминаас үнэтэй, хурдны замын стандарт яриад яах ч юм билээ л.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН