С. Батзаяа

Будаач будаач гэхэд сахлаа будна” гэгчээр МАН-д хотын дарга болох сонирхолтой, сонгуульд ялснаа ихэд бодож, албан тушаал, эрх мэдлийн баланд бялуурч, сэрүүн зүүдэлж яваа нөхөд хэдэн арваараа байна. Сонгуульд ялах нэг хэцүү ялсан хойноо албан тушаал хуваарилах бүр хэцүү зовлонг МАН энэ өдрүүдэд мэдэрч сууна.

Шинэ зүйл биш л дээ. Ялсан нам бүрд фракц, бүлэглэлийн хоорондох албан тушаалын “зодоон” өрнөдөг. Эрх баригч намд ч ялгаагүй ийм үйл явц өрнөж буй ч хотын фракцаас У.Хүрэлсүхийн багт шилжсэн эрх мэдэл Улаанбаатар хотыг ирэх дөрвөн жилд хэн удирдах вэ гэдэг дээр нэг цул биш, фракц дотроо хоёр, бүр гурван тийш харж суучихаад, эрх ашгаа нэг цэгт огтлолцуулж чадахгүй байгаад асуудлын учиг байна.

Харагдах талаасаа ийм ч лидерийг дагасан, эрх мэдлийн хуваарилалт дээрх гомдлоос үүдсэн ан цав МАН-д хэдийнэ бий болжээ.Нэн тэргүүнд улс орных байх ёстой гэсэн эрх ашгийн эрэмбэ алдагдсаныг энэ удаа бичихээ болъё. Яагаад гэвэл, тэдэнд үүнээс үнэ цэнтэй зүйл нь албан тушаалын хуваарилалт байх. МАН нийслэлийн 45 мандатаас ээлжит сонгуулиар 34-ийг нь авч үнэмлэхүй олонх болсон. Гэсэн ч нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарын халаасанд багтсан дараагийн хотын даргын нэртэй генсек Д.Амарбаясгалангийн эрх ашиг зөрчилдөж буй юм. Цаашлаад Ардын Засгийн газарт Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдын суудалдаа үлдэх сонирхолтой байсан Д.Сумъябазарын хүсэл талаар болсон учраас тэр намын даргатайгаа таарамж муу байгаа нь улс төрд өрнөж буй өнөөдрийн үйл явцаас тод харагдаж буй.

Энэ нь гагц дээрх хоёр хүний зөрчил гэхээсээ илүүтэй МАН-ыг бүх шатанд нь тодорхой хэмжээнд талцуулах түмэн шалтгааны нэг болов. Орон нутгийн сонгуульд МАН найман аймагт ялагдал хүлээв. Үүнийг тус намын генсек Д.Амарбаясгалан “Ялагдал хүлээсэн шалтгааныг хоёр, гурван үндэслэлээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, тухайн орон нутгийн удирдлага болон УИХ-ын гишүүдийн ажилд иргэд үнэлгээ өглөө гэж болно. Мөн бие даагчид тэр дундаа МАН-ын угшилтай бие даагчдын нөлөөгөөр санал хуваагдлаа. Орон нутгийн намын түвшинд дотоод эв нэгдлээ хангаагүй нь ялагдлын шалгаан болсон гэж үзэж байгаа. Дүрмийн дагуу ялагдал хүлээсэн намын дарга нар ажлаа өгнө” гэх мэдэгдэл хийсэн.

Харагдах талаасаа ийм ч лидерийг дагасан, эрх мэдлийн хуваарилалт дээрх гомдлоос үүдсэн ан цав МАН-д хэдийнэ бий болжээ. Нөгөө талдаа, ялангуяа орон нутагт захиран зарцуулж буй төсөвт үрэлгэн байдлаар хандсан шударга бус шийдвэрийн хариуд тавьсан ард түмний дүн л дээ. Ялангуяа үеийн үедээ МАН ялж байсан Говь-Алтай аймагт гарсан сонгуулийн дүн үүнийг бэлхнээ харуулах биз. Гэсэн ч МАН-ын удирдлага дараагийн хотын даргаар өөрсдийн хүнийг томилох бодолтой байна. Энд Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл нарын нэр яригдаж буй ч алинд нь ч хотын даргын зангараг, туршлага дутна.

“Сэрэхгүй бол мөн сайхан зүүд ээ” гэгчээр дээрх эрхмүүд хотын мээр болохоор даргын үүд сахиж, энд тэнд уулзалт хийж яваа ч нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазартайгаа эхлээд намынх нь удирдлагууд эв зүйгээ ололцох шаардлага байна. Ингэж байж МАН ирэх дөрвөн жилд хотод тогтвортой засаглах эсэх нь шийдэгдэнэ. Улирч буй дөрвөн жилд хотын дарга, ИТХ-ын даргыг тус бүр хоёронтоо сольсон билээ. Мөн л хотын болон Зүүний хүчний холбоо гэж хоёр талцан, хэн нь их эрх мэдэлтэй вэ гэдгээ албан тушаалын томилгоонуудад харуулаад байсан юм.

Тэгвэл энэ удаа ч ийм байдал давтагдах нөхцөл байдал үүсчихлээ. Учир нь, НИТХ-ын 45 төлөөлөгчид дэвшүүлсэн нэр дэвшигчдээс МАН хотын болон У.Хүрэлсүхийн фракцынхныг эн тэнцүү дэвшүүлсэн. Аль нэг фракц нь сөрөг хүчин болсон АН-ын найм, ХҮН-ын гурван гишүүнтэйгээ хамтрахад хотын мээр болон ИТХ-ын даргын суудлыг ганхуулахад амар боллоо. Угаас сөрөг хүчинтэйгээ хамтарч засгаа огцруулж байсан жишээ МАН, АН-д хэдэнтээ бий.

Удахгүй МАН-ын 100 жилийн ой болно. Бүх шатанд засаглаж буй нам ойгоо нижгэр тэмдэглэхээр төлөвлөж буй нь мэдээж. Гэхдээ нам доторх эрх мэдлийн талцлаа нэг талд шийдэхгүйгээр асуудлыг ажин түжин орхих нь нэгэнт үүсээд буй ан цавыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улам бүр томруулж, асуудлыг ужгируулахаар байгааг тодотгох гэсэн юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН