Сонины хамгийн үнэтэй нүүрэнд байрласан эл ярилцлагад тэрбээр, хүүхдийн автобустай болохын чухлыг тайлбарлаад, энэ агуулгаараа үнийн дүн зөрүүтэй байгаа шалтгаанаа далдлахыг оролдов.

Байгууллага хооронд хийсэн гэрээ болон нэмэлт тоноглолын давуу тал, аюулгүй, урт хугацааны тухай өгүүлсэн ярилцлагаараа ийм үйлчилгээг хямд үзүүлэх боломжгүй гэсэн санааг илтгэж байгаа нь анзаарагдана. Бид энэ удаа элдэв хачиргүйгээр түүний ярилцлагыг нягтлан баримтын зөрүүг сануулахыг зорилоо.

“Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр нэр бүхий хүмүүс орон нутгийн сонгуулийн үеэр өөрсдийн үзэл бодол бүхий мэдээллийг түгээхдээ нийслэлийн төсвийн мөнгөөр “Хүүхдийн автобус” нэрээр “Алибаба” цахим худалдааны сайт дээр хямд үнэтэй байгаа автобусыг өндөр үнээр нийлүүлэх гэж байна гэсэн ташаа ойлголтыг бий болгосон” гэжээ.

Нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан гэсэн хэдий ч Хотын удирдлагын зүгээс автобусыг ямар ямар компани, хэдий хэрийн өртгөөр нийлүүлэх санал ирүүлснээс “Моннис Моторс” сонгогдсоныг одоо хүртэл зарлаагүй байгаа. Байгууллага хооронд хийгдсэн гэрээ хэмээн далд хэлбэрээр яригдаж байгаа энэ ажлыг үнэхээр хүүхдийн төлөө хийж байгаа юм бол тэдний эцэг болон нийслэлийн иргэдэд яагаад мэдээлж болохгүй байгаа юм бэ.

Бизнесийн байгууллагын ашиг орлогыг дэлгэж, тэдний дотоод нууцад халдаж, олсон ашгийнх нь хэмжээг зарлуулах гэж бид хичээгээгүй. Нэгэнт тэд энэ төслийг нийгмийнх гэж тодотгоод ашиг олохоосоо илүүтэй хариуцлага хэмээн ухамсарлаж байгаа гэсэн. Тэгэхээр иргэд хаалттай байгаа мэдээллийг хүлээн авахын тулд таамаг дэвшүүлж, нээлттэй хувилбараар хянаж болох онлайн худалдааны сайтаас жишиг үнийг илрүүрлэн дэлгэжээ.

Тэрбээр ярилцлагадаа “Төр захиргааны шийдвэр, төсөв мөнгөний зарцуулалтыг хянах, үзэл бодлоо илэрхийлэх нь зөв зүйтэй ч нөгөө талдаа бүх зүйл булхай, луйвар байдаг гэж бодвол эндүүрэл” гэжээ. Яг энэ хариулттай ижлээр иргэд өөрсдөө олж, олон нийтэд дэлгэсэн мэдээллийг сонгуультай холбон гүтгэлэг мэтээр тайлбарлах нь ч утгагүй юм.

“Тэр тусмаа хүүхдийн автобус гэдэг концепцийг улс төржүүлж, цаашлаад бизнес болгож огт болохгүй” гэж тэр онцолсон байна. Үүнтэй зуун хувь санал нэгдэж байна. Тийм учраас 270 сая төгрөгөөр тооцон нийслэлээс санхүүжилт авч байгаа хүүхдийн автобусныхаа ширхэг бүрийн үнийг нээлттэй мэдээлэхэд ямар ч бэрхшээл байхгүй мэт санагдана. Тэр бүү хэл та бүхний худалдан борлуулж байгаа бүх автомашины үнэ нээлттэй байдаг учраас хэрэглэгчид танайхаас авах уу эсвэл өөр нэгэн дистрибьютерийг сонгох уу гэдгээ шийдэхэд хялбар байдаг. 

Харин сонгогдож, шилэгдээд шалгарсан төслөө нийгмийн хариуцлагын хүрээнд, бизнес болгохгүй хийж байгаа нь үнэн бол худалдан авсан гэрээ, гаалийн татвар, үйлчилгээний зардал, тээвэрлэлт болон бусад холбогдох зардлаа шилэн болгочихвол маргаан эцэслэгдэж, та бүхний нийгэмд үзүүлж байгаа эерэг нөлөөллийг магтахад бэлэн байна. “Тендерт ирүүлсэн хамгийн боломжийн санал нь гэж үзсэн учраас “Моннис Моторс” компанийг холбогдох хүмүүс нь сонгон шалгаруулсан биз ээ” гээд “Ниссан” корпорац, “Донг фэн Моторс” хамтарсан үйлдвэрт тусгай захиалгын дагуу 200 автобус хийлгэж 270 сая төгрөгөөр Нийслэлд нийлүүлэхээ илэрхийлсэн байна. 

Ханшийн савлагаанд өөрчлөгдөхгүй, гурван жилийн турш баталгаат засвар үйлчилгээг хариуцан ажиллана гэсэн амлалт тань дистрибьютер байгууллагын хүлээх үүрэг мөн нь мөн шүү. Дэлхийд онлайн худалдаагаар тэргүүлж байгаа “Алибаба” болон бусад эх сурвалжаас хүүхдийн автобусны үнэ ханшийг судласан ч энэ дүн их хөөстэй байгааг нуулгүй өчье.

Анхнаасаа ямар ч асуудалгүй тендер, гэрээ, нийлүүлэлт байсан юм бол яах гэж хэдэн талд бусгаж, бие бие рүүгээ сэтгүүлч гүйлгэж, асуултаас бултаж 14 хоносон юм бэ.

“Үнэ өртгийн талаар хэлэхэд шүүмжлэл дэвшүүлсэн хүмүүсийн хэлээд байгаа үнийн дүн үнэндээ 100 сая төгрөгөөр хэтрүүлэн давуулж хэлсэн дэгс тоо байна лээ” гэсэн. Гэхдээ 130 мянган орчим америк доллар гэсэн үнийг сэтгүүлч эсвэл иргэд зохиогоогүй. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх 2020 оны зургадугаар сарын 12-нд өгсөн ярилцлагадаа 130 мянган доллараар авах төсөвтэй байгаа гэж ам алдсан удаатай.

Түүний ярилцлагад дурдагдсан “Монгол Улс өнгөрсөн хугацаанд төсвийн мөнгөөр түргэний машинаас эхлээд хогны машиныг их хөрөнгө мөнгөөр худалдан авсан. Эхний гурван жил ашиглаад л цааш нь сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг нь хариуцах эзэнгүй, үйлдвэрлэгчтэй нь холбогдох боломжгүй, элэгдэл хорогдол болоод дуусдаг жишиг тогтсон” гэсэн ноцтой жишээг цааш нь нягталж, хэдий хэрийн үргүй зардал урсгасныг тооцмоор санагдсан. Жишиг болтлоо давтагдсан энэ асуудлыг судалж, албан ярилцлагадаа дурдсан Г.Мөнхбаатар захирлаас ч иргэний хувьд ийм бусармаг зүйлийг ил болгож, ард түмэндээ туслахыг хүсье.

Харин “Өнөөдөр хот хэтэрхий аюултай, ямар ч баталгаа байхгүй учраас л хувийн машинаар хүүхдээ зөөж, хотын түгжрэлийн 20 гаруй хувийг үүсгэж байгаа юм” гээд хүүхдийн автобус нийлүүлснээр энэ ачаалал буурах мэтээр тайлбарласан нь эндүүрэл. Өнгөрсөн хугацаанд хотын төвөөр хүүхдийн автобус явуулж, сургууль хооронд чиглэл гаргаад ч ачаалал гурав орчим хувиар л буурсан. Тэгээд ч энэ удаа нийлүүлж байгаа автобусыг сургуулиуд өөрсдөө хариуцан маршрутаа гаргаж, алслагдмал зайнаас сургуульдаа ирж байгаа хүүхдүүдээ зөөх тооцоотой. 

Алслагдсан байршилтай сургуультай Улаанбаатар хотын төвөөс зорьж очиж сурах хүүхэд үгүй тул энэ нь гол замын ачааллыг бууруулахад шууд нөлөөлөхгүй нь тодорхой. Бартаатай замаар, гэрэлгүй гудамжаар зорчдог хүүхдүүдэд тустай юу гэвэл тустай. Харин хүүхдүүдийг дааруулахгүй гэж автобус нийлүүлэхдээ ашиг харалгүй, нийгмийн хариуцлагаа биелүүлж байгаа юм бол зах зээлийн үнээс хэт өндөр байгаа автобусныхаа үнийг заавал тайлбарлаж өгөөрэй.

Өнгөрсөн удаад тайлбар хийхдээ “Тансаг зэрэглэлийн жийпний үнэд ч хүрэхгүй” хэмээн та бүхэн автобусаа онцолсон. Гэхдээ 270 сая төгрөг “Ланд 200” шинээр нь авчих л үнэ. Ач холбогдолтой төсөлд сэтгэл, зүтгэл гарган оролцож байгаа шигээ, бас өөрсдийнхөө хэлсэн шиг “Хүүхдийн автобусыг улс төржүүлж, бизнес хийхгүй” гэсэн амлалтынхаа дагуу тэнгэрт хадсан үнээ тэр чигээр нь тайлбарлаж хайрла, “Моннис Моторс”-ынхон.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН