С. Сэргэлэн

Аливаа сайхан бүхнийг мэдэрч, сэтгэл оюунаа баясгахын тулд л хүмүүс урлагийн тоглолт үздэг. Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Анна Каренина” тоглож, та жүжгээ шимтэн үзэхийг хүссэн ч хөл, гар чинь даараад байвал ямар сайхан байх билээ дээ. Бас Дуурь бүжгийн эрдмийн театрт балет үзэхээр очтол таны суудлаас тайз бүтнээрээ харагдахгүй, тоглолтын турш өндийж суух хэрэг гарвал яах вэ.

Гэхдээ энэ бол зохиомол өгүүлбэр бус бодит байдал юм шүү. Урлагийн байгууллагуудын тайз, гэрэлтүүлэг нь мэргэжлийн төвшинд хүрээгүйгээс гадна үзэгчдийн ая тухыг хангаж чаддаггүй нь маргаангүй үнэн. Тоглох танхим нь цөөхөн болохоор уран бүтээлчид өнөө л хэдэн тайзаа түрээсэлсээр, үзэгчид нөгөө л танхимдаа тухгүй суусаар удлаа. 

Тоглолт үзээд сэтгэл дүүрэн гарах ёстой үзэгчид өөр хоорондоо таагүй сэтгэгдэл солилцон, ямар нэгэн шүүмж хэлсээр одох нь харамсалтай. Театр, чуулгууд байнгын үзэгчгүй байгаа нь үүнтэй ч бас холбоотой. Тайзан дээрээс соёлын үрийг тарьж, сэтгэлгээг шинэчлэхээр уран бүтээл туурвиж байгаа нь сайн ч үзэгчдэд хэрхэн хүрч байгааг бодолцох цаг иржээ.

Улсын драмын эрдмийн театр. Тоглолтын танхим нь хүйтэн учраас жүжиг үзэхдээ хүмүүс хувцасаа өлгүүлэх дургүй байдаг. Сонгодог жүжиг тоглож байхад хувцастайгаа бээвийж суух нь хэцүү ч даарахгүйн тулд үүнээс өөр сонголт үгүй. Хэрэв хувцасаа өлгүүлбэл тоглолтын дараа дугаарлаж хувцасаа авах гэж бөөн чирэгдэл болно.Жүжиг бүртээ тохируулан тайзаа засдаг нь УДЭТ-ын давуу тал боловч, гэрэлтүүлэг муутай тул зарим үед зураачийн ажлыг “баллах” нь ч бий. Энэ театрын барилга 1958 онд ашиглалтад орсон юм билээ. Түүнээс хойш Үндэсний урлагийн их театртай тайзаа ээлжлэн ашигласаар өдий хүрсэн.

Үндэсний урлагийн их театр. Энэ чуулгад Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги бий. Мөн авьяаслаг олон уртын дуучин ч байгаа. Жил бүр том хэмжээний бүжгэн болон дуулалт жүжиг тоглодог тэдэнд нь энэ тайз хэтэрхий жижигддэг. Заримдаа бүжигчид нь үзэгчдийн суудлын дундуур гүйлдэн, үргэлжлэн зогсдог нь үүнтэй холбоотой байх. Олон хүн оролцсон бүжгийн үеэр бүжигчид хоорондоо эвээ олох гэж хичээж байгаа нь илт харагддаг. Ташрамд дуулгахад, энэ жил тус театрын 70 жилийн ой тохиож буй.
Дуурь бүжгийн эрдмийн театр. 

Монголын хамгийн тохитой театр нь энэ. Гэхдээ хоёрдугаар давхарын үзэгчдийн суудал буюу бель-этажнаас тоглолт үзэх үнэхээр хэцүү. 500 хүний суудалтай энэ танхимд ихэвчлэн дуурь, балет болон өндөр үнэтэй тасалбартай тусгай тоглолт болдог. Уран бүтээлчид нь үзэгчдэдээ илүү чанартай дуугаралттай тоглолт үзүүлэхийг хүссэндээ энэ танхимыг сонгодог ч, харамсалтай нь зарим үзэгч тоглолтын турш тухгүй суудаг. Бель-этажны баруун, зүүн жигүүр дэх хэдэн суудлаас тайз нь бүтнээрээ харагддаггүй. Энэ бүхнийг тус театрынхан мэддэг ч өөрчлөлт хийдэггүй нь хачирхалтай.

Мөн л тоглолтын дараа үзэгчид хувцасны өлгүүрийн дэргэд дуугарладаг. Дуурь, балет үзэн, сэтгэлээрээ “тэнгэрт дүүлсээр” гарч ирсэн үзэгчид өлгүүрчнээс хувцасаа царайчлан чихэлдэн зогсох нь даанч харамсмаар.

Соёлын төв өргөө. 30 орчим “настай” Соёлын төв өргөөний тайз үргэлж эрэлттэй байдаг. Зөвхөн хошин урлагийнхныг тоглуулдаг гэсэн шалтгаанаар тааруу үг сонсдог ч энд тоглолтоо хийх хүсэлтэй хүн олон. Үзэгчдийн суудлын тоо ахиугаас гадна орчин нь арай л тухтай. Гэхдээ энэ танхим хөгжмийн тоглолтод зориулагдаагүй. Хоёрдугаар давхарт суусан үзэгч яг хүссэн зүйлээ сонсох боломжгүй. Соёлын төв өргөөний тайз нь хурлын зориулалттай юм билээ. Урлагийн тоглолт хийнэ гэж төлөвлөөгүй учраас танхимд хөгжим хэрхэн тархаж, сонсогдохыг тооцоолоогүй биз ээ.

Улсын филармони. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний дараа Улсын филармони тайзаа өөрчилж, арай дөнгүүр болгосон. Кино үзүүлэхэд зориулан тохижуулсан энэ тайз хөгжмийн тоглолтод тохирдоггүй. Гэсэн хэдий ч энэ байгууллагад тайзандаа томдсон гурван том чуулга харъяалагддаг. Дэлхийн хамгийн алдартай тайзан дээр тоглож байсан Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баян Монгол жааз найрал энд тоглодог гэхээр харамсмаар. Үзэгчдийн суудал нь телевизүүдийн студид л баймаар загвартай. Тиймээс зарим үед тоглолтыг орхин гарч байгаа хүмүүс, бусаддаа саад болох нь элбэг.

UB palace. Ахиухан орлого олохыг хүссэн эсвэл олон үзэгчдийг цуглуулах хүсэлтэй хүмүүс энэ танхимыг сонгодог. Залуусыг байлдан дагуулсан “Номин талст”, “Камертон”, “Хурд” зэрэг хамтлаг, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа нарын алдартнууд энэ танхимыг түвэггүй дүүргэх чадалтай ч үзэгчид нь тухтай байж чаддаггүй нь харамсалтай. Олон хүнийг нэг дор цуглуулах том танхимтай байгаа нь сайн ч энэ зааланд ариун цэврийн өрөөнийх нь эвгүй үнэр ханхийж, гадуур хувцасаа тайлчихвал чичрэхээр хүйтэн.

Монгол бөхийн өргөө. Үндэсний бөхийн барилдаан хийхэд зориулагдсан энэ танхим түрээс хямд, олон хүний суудалтай, бас ч гэж уян хатан нөхцөлтэй болохоор нийтийн дуучдаас эхлээд элдэв хандивын тоглолт болох нь элбэг. Өчигдөр, уржигдар хоёр л гэхэд энд цирк тоглов. 

Циркээ нураалгаж, бэлтгэл ч хийх байргүй болсон тэднийг үзэхээр гурван удаа битүү үзэгч ирсэн гэхээр 7500 хүнд энэ тоглолт хүрчээ. Мэдээж шоу тоглолтын танхим биш болохоор агааржуулалт, гэрэлтүүлэг үнэхээр тааруу. Суудлууд нь эвдэрч муудсанаас гадна ариун цэврийн өрөө нь хүртэл төлбөртэй. 20-30 мянган төгрөгийн үнэтэй тасалбар авчихаад ариун цэврийг өрөөг ч үнэгүй ашиглах эрхгүй гэхээр гутармаар.

Энэ мэтээр Улаанбаатар хотод байгаа мэргэжлийн урлагийн байгууллагуудын тайз нь хуучирч, танхим нь үзэгчдээ сэтгэл хангалуун байлгаж чадахгүй байгаа хэрнээ өдөр ирэх тусам тоглолтын тасалбарын үнэ өсөх нь хачирхалтай. Шатахууны үнэ нэмэгдэж, Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн сургаар л үнээ өсгөв үү гэж ч бодмоор. 

Хэдэн жилийн өмнө 20-30 мянган төгрөгийн үнэтэй тоглолт үнэтэйд тооцогдож байсан бол одоо 100 ам.долларын үнэтэй тасалбарыг жирийнд тооцох болжээ. Балетчид, дуучид ийм үнээр тоглолтоо үнэлсэн. Орчноо сайжруулахгүйгээр, үзэгчдээ хэрхэн хүрч байгааг нь тооцохгүйгээр, үйлчилгээндээ анхаарахгүйгээр үнээ өсгөсөөр байвал тоглолт үзэхээр театрт очих үзэгчдийн тоо улам багасах биз ээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН