Өнөөдөр тархины саажилт, тархины эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж ”Эрхэм нандин сувд”, “Итгэлийн мод”, “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага болон эцэг эхчүүд мэдээлэл хийлээ.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны мэдээллээр Монгол улсад тусгай хэрэгцээт 0-17 насны хүүхдүүд 2018 оны байдлаар 11.337 хүүхэд байдаг ба 63.4 хувь буюу 7000 гаруй хүүхдүүд хөдөлгөөн, сэтгэц, хавсарсан бэрхшээлтэй аж. Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэр дундаа тархины саажилт, уналт таталт, тархины бусад төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдэд чиглэсэн орчин үеийн дэвшилтэт, чанартай, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалгүй, хүнлэг харилцаа бүхий эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ тусламж үйлчилгээ хангалтгүй байгааг эцэг эхчүүд онцлов. Мөн эцэг эхчүүд "Эрүүл мэндийн төв, хүртээмжтэй, үр дүнтэй тусламж үйлчилгээ авах" эрхийг эдлүүлж, одоогийн нөхцөл байдлыг сайжруулах талаар дараах шаардлагыг хүргүүлжээ.

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг Монгол улсдаа зөв оношилдог байх шаардлагатай байна

2. Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа тархины саа, саажилт болон тархины бусад төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зөв, хүртээмжтэй, мэргэжлийн өндөр түвшинд, хугацаа алдалгүй үзүүлдэг болмоор байна

3. Хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болох, насан туршдаа эмгэг өвчтэй болохоос сэргийлэх ажлуудыг хийх шаардлагатай байна

4. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний асран хамгаалагч нартай ёс зүйтэй, хүнлэг, энэрэнгүй харьцах, харилцаа хандлагыг сайжруулах, тэдэнд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэлж, хяналт хариуцлагын тогтолцоог бий болгохыг шаардаж байна.

Мөн эцэг эхчүүд "Эрүүл мэндийн яам тусгай хэрэгцээт хүүхдүүдэд жаахан ч гэсэн анхаарлаа хандуулаачээ. Гадаадын улс орнуудад тархины эмгэгтэй хүүхдүүдийг 100% эмчилж байна. Манайд болохоор эмчлэх боломжгүй гээд явуулчихдаг. Хувийн эмнэлэг рүү эсвэл очоод уулз гэдэг. Хүүхдүүдэд маань таарах эмүүд монгол улсад зөвшөөрөлгүй байдаг, зөвшөөрөлтэй болгохыг хэдийг хүртэл хүлээх вэ?. Хулгайгаар л оруулж ирж хүүхдэдээ өгч ядаж хэдхэн цаг ч болтугай унтуулдаг. Бидний шөрмөс татахад яаж өвддөг билээ. Энэ хүүхдүүдийн дөрвөн мөч нь байнга татчихдаг. Мөн бидэнд ямар ч улс төрийн санаа зорилго байхгүй. Хүүхдүүдийнхээ төлөө л явж байгаа жирийн нэг эцэг эхчүүд. ЭМЯ биднийг хэдийн тоохоо больсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүний тооноос хасчихсан. Олон жил бид дуугүй хүлээцтэй хандлаа. Одоо үүнд анхаарлаа хандуулж, бидний шаардлагыг хүлээн авна уу" гэв.