Олон нийтийн сүлжээнд 10 настай охин эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй, тусгаарлах өрөөнд байсаар нас барлаа хэмээх мэдээлэл цацагдсан.  Тухайн хүүхдэд ямар эмчилгээ, тусламж үзүүлсэн талаар ЭХЭМҮТ-өөс мэдээлэл өглөө. 



Охин орны ар хөндий рүү эвгүй унасны улмаас арваннэгдүгээр сарын 16-нд толгой өвдлөө хэмээн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын түргэн дуудаж үзүүлэхэд, түргэн тусламжийн эмч нар “Хордлого” гэж оношлон дусал, өвчин намдаах эмчилгээ хийсэн.

Ингэснээр зовиур намдсан боловч унтаадуу унжгар байсан. Хоёр хоног зовиур хэлээгүй, тоглож өнжсөн тухай эцэг, эх нь хэлсэн байна. Харин арваннэгдүгээр сарын 19-ний өглөө босохдоо толгой өвдөнө гэсэн бөөлжсөн тул Түргэн тусламж дуудан Зүүн хараагийн эмнэлэгт хэвтжээ.

2020 оны 11-р сарын 20-ны өглөө 07:30 цаг, 10:38 цагт тус тус Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн эмнэлгээс утсаар мэдрэлийн эмчээс зөвлөгөө авсан. Мэдрэлийн эмч тархины цус харвалт онош тавьж, эмчилгээг нэг бүрчлэн хэлж өгсөн байна. Зүүнхараагийн эмнэлэгт нугасны ус авсан бөгөөд хүүхдийг зөөвөрлөж огт болохгүйг хэлсэн байна. 

Харин гэр бүлийнхэн нь охиныг зөөвөрлөн хотод ирсэн аж. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 20-ны 17:35 цагт ЭМЯ-ны шуурхай удирдлага дээр ажиллаж байсан мэргэжилтэн утсаар холбогдож, 22-н товчоонд хүнд хүүхэд ирлээ гэх мэдээллийг ЭХЭМҮТ-д өгчээ.

Улсын Гуравдугаар төв эмнэлэгт очиход тухайн үед үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаагаа мэдэгдсэн, Цэргийн төв эмнэлэгт батлагдсан тохиолдол авч эхэлсэн гэсэн тул ЭХЭМҮТ зохих журмын дагуу тусгаарлан авахаар болжээ. Тухайн үед Зүүнхараагийн машиныг хот руу оруулахгүй тул өөрсдийн түргэний машинаараа авахыг хүссэн байна. 

Ажлын бус цаг учир ЭХЭМҮТ эмч, сувилагчаа дуудаж,яаралтай тусламжийн бэлтгэлээ хангаад 18 цаг 40 минутанд ЭХЭМҮТ-өөс хөдөлжээ. Тэднийг 5 шар орчим явж байхад Зүүнхараагийн машин зөрөөд 19 цаг 11 минутанд хүүхдээ аваад ирсэн учир дуудлагын машинаа замаас буцаасан.

Журмын дагуу тархвар судлаач эмч, ерөнхий захирал нарт мэдээлсэн бөгөөд Тархвар судлаач 17:54 цагт, ерөнхий захирал 18:34 цагт Яаралтай тусламжийн тасагт ирсэн. Тусгаарлах өрөөнд амьсгалын аппарат ажиллуулахаар бэлдсэн.

ЯТТ-ийн эмч, сувилагч нар тусгаарлах өрөөнд ажиллахаар 19: 30 цагт орж түргэвчилсэн сорил болон PCR шинжилгээний сорил авч, ЗӨСҮТ-д хүргэж өгсөн. Шинжилгээний хариу арваннэгдүгээр сарын 21-ний 05:15 цагт сөрөг гарсан. Эмч хүүхдийн биеийн байдлыг 19:40-08:10 минутийн хооронд мэдээлж байв.

Арваннэгдүгээр сарын 21-ний өглөө компютер томографийн шинжилгээ хийхэд тархинд том хэмжээний цус харвалт оношлогдсон. Хүүхдийг ХЭЭТ тасагт шилжүүлж тусгаарлах палатанд авч, эмч, сувилагчийн баг 24 цагаар ажиллажээ.

Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр давтан PCR шинжилгээ авч хариу сөрөг гарсан тул 24-ний өдрөөс тусгаарлах өрөөндөө боловч ердийн дэглэмээр ажиллаж эхэлсэн байна.

Хүүхэд өвчний явцаар хүндэрч арваннэгдүгээр сарын 23-ны 16:00 цагт амьсгалыг аппаратаар удирдаж эхэлсэн боловч арваннэгдүгээр сарын 25-ны 13:45 цагт энджээ.

Эмчлэгдэх хугацаанд дараах шинжилгээг хийсэн. Үүнд:

  • Лабораторийн бүх шинжилгээ
  • ЭХО, КТ, Нүдний уг багажаар шинжлэх,
  • Чих, хамар, хоолой, Зүрхний эмч, ГССҮТ-ийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан.

Талийгаач хүүхдийг тусгаарлах өрөөнд оруулсан, эцэг, эхтэй нь огт уулзуулаагүй тухай мэдээлэлд ЭХЭМҮТ-өөс "Онцгой байдлын штабаас эхийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлах чиглэл өгсөн тул Зүүнхараагаас ирсэн эмч, жолооч нар хүргэж өгөхөөр болсон. Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр ар гэрээс нь холбогдоогүй тул ээжтэй нь утсаар холбогдоход хамаатныхаа айлд байна. Шинжилгээ өгөөгүй гэсэн. Шинжилгээг хамгийн ойр газар өг гэхэд энэ айл мэдэж байна, 20 дугаар сургууль дээр өгнө гэсэн байна.

Гэвч 21-нд түргэвчилсэн шинжилгээг нөхрийн хамт “Эмүжин” эмнэлэгт өгсөн. Зургаан цагийн дараа хариу гарна гэсэн боловч гарахгүй байна, гадуур явуулахгүй байна гэж жижүүрийн эмчид хэлсэн байна. Арваннэгдүгээр сарын 22-ны өглөө 10:00 цагийн орчимд шинжилгээний хариугаа аваад Яаралтай тусламжийн тасагт ирсэн байсан. Түүнээс хойш өдөр бүр хүүхэд дээрээ орж, эмч нараас мэдээлэл авч байсан" гэжээ.