Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


-Монгол Улсын чөлөөт хэвлэл мэдээллийг боомилсон, иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй сэтгүүлчдийг эрүүгийн хэрэгтэн болгох зүйл заалтыг Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулахаар боловсруулж байна шүү дээ. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хуулийн төсөл нь УИХ-д өргөн баригдаагүй, ажлын хэсэг нь боловсруулж байгаа юм байна гэж ойлгосон. Би анхнаасаа л үүнд эсрэг байр суурьтай байсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд худал мэдээлэл тараах гэдэг зүйл анги энэ оны нэгдүгээр сард орсон. Хуучин зөрчлийн хуулиар зохицуулагдаад явдаг байсан. Тэр үед нь ч үүнийг эсэргүүцэж байсан. Яагаад гэхээр одоогоор хэдий хорих ял байхгүй ч гэсэн чөлөөт хэвлэлийг боомилдог сэтгүүлчдийг цагдаа дээр дуудаж эрүүгийн хэрэг үүсгэж хэдэн сараар хуулийн байгууллага дээр уяатай байлгаж зовоож болохгүй. Дуудаад, чангалаад, зовоогоод ажлыг нь хийлгэхгүй байгаа нь сэтгүүлчдийг шантрахад хүргэдэг ийм байдал руу аваачих гэж байна. Энэ нь зарчмын хувьд буруу л даа.

-Худал мэдээлэл тарааснаас болж тухайн иргэн аж ахуйн нэгжид хохирол учирсан бол ямар хуулиар шийдүүлэх ёстой юм бэ?

-Энэ асуудлыг Эрүүгийн хууль мөн зөрчлийн хуулиар шийдэх нь буруу. Зөрчлийн хуулийн дагуу шийдэхэд зөвхөн цагдаагийн байгууллага баримт цуглуулдаг. Нэг талыг барьж нотлох баримт цуглуулахаар өрөөсгөл болчихно. Дээрээс нь хүний нэр төрийг хоёр сая төгрөгөөр торгоод өнгөрдөг байж таарахгүй. Миний байр сууриар бол энэ асуудал Иргэний хуулиар шийдэгдэх ёстой. Үнэхээр сэтгүүлч буруутай гэж үзвэл тухайн сэтгүүлч болоод гүтгүүлсэн гээд байгаа албан тушаалтан хоёр талаасаа нотлох баримтаа гаргаад өгчихнө. Тэр хоёр хүн шударга мэтгэлцэх боломж нь зөвхөн Иргэний шүүх дээр л байдаг. Тэр ч утгаараа Иргэний шүүх нь илүү шударга зарчим л даа. Ардчилсан системтэй улсууд яг энэ зарчмаар асуудлыг шийддэг. Яахав, цөөн хэдэн улсад эрүүгийн хуулиар зохицуулдаг. Гэхдээ хуулиндаа тайлбар хийдэг. Өөрөөр хэлбэл, энэ зүйл заалт төрийн өндөр албан тушаалтанд хамаарахгүй гэсэн заалтыг оруулсан байдаг. Жишээлбэл, Бат гэдэг хүн төрийн сайд болсон өдрөөс хувь хүн биш төрийн институци болно. Энэ ч утгаараа тангараг өргөсөн өдрөөс эхлэн иргэн хүнд байдаг үндсэн хуулийн зарим эрх автоматаар хязгаарлагддаг. Тэгэхээр сайд, гишүүн, дарга нар гүтгэгдсэн гээд шүүх прокурор луу гомдол гаргах боломж нь хуулиараа хаагдчихдаг. Нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэр ил тод байж сэтгүүлч нар хардах, мэдээлэл авах бүрэн эрхтэй.

-Эрүүгийн хуулийн энэ заалтыг дарга нар, УИХ-ын гишүүд л өөрсдийгөө шүүмжилсэн хэн нэгэн иргэн, эсвэл сэтгүүлчийг айлгах л зүйл гэж харж байна л даа?

-Мэдээж хэрэг дарга нар л өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг цагдаа, прокурорт өгч эрүүгийн хэрэг үүсгэж ял өгөх зөвшилцөлтэй болгоод байна. Энэ бол маш буруу. Үүнээс гадна хэн нэгэн иргэн байгууллагын нэр төрд халдлаа гэхэд заавал тухайн хүнийг шоронд суулгаж мууг нь үзэх сонирхолгүй байдаг. Хамгийн чухал нь уучлалт гуйлгуулж нэр төрөө сэргээлгэх, учирсан хохирлоо нэхэмжлэх л юм.

-Хэрэв худал мэдээлэл тараасан бол 1-5 жилийн хорих ял, 80 сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн байсан?

-Хуучин бол хорих ял байхгүй байсан. Одоо бүр хүндрүүлээд таван жил хүртэл хорино гэж байгаа нь ерөөсөө л шоронжсон бодлого явж байна. Хэвлэлийнхний амыг нь дарж айлгаж авъя гэсэн буруу бодлого, шийдвэр байна л гэж харж байна. Цахим сүлжээнд шүүмжилж бичдэг, эсвэл янз бүрийн байдлаар мэдээлэл олон нийтэд түгээсэн сэтгүүлчдийг л дарамтлах хэлбэр. Өөр зүйл байхгүй. Энэ хуулиар нь жирийн иргэн, ААН гомдол гаргаад огт шийдэгдэхгүй. Ерөөс шүүмжлэл, үг дааж сураагүй хэдэн эмзэг дарга нар л гоншгоноод гүйнэ гэсэн үг. Уг нь бол төрд байгаа хүн шүүмжлэл даадаг зангарагтай байх ёстой.

-Олон улсад бол улс төрийн өндөр албан тушаалтан, урлаг соёлын одууд, тохиолдлоор гэнэт олны танил болсон хүмүүсийн цагдаа шүүхэд гомдол гаргах эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж өгсөн байдаг. Тэд олон нийтийн хараа хяналт дор байж, олон нийтийн шүүмжлэлд хүлцэнгүй хандаж байх ёстой гэдгээрээ жирийн иргэнээс ялгаатай юм л даа, уг нь?

-“Public official” буюу төрийн албан тушаалтнууд тангараг өргөсөн өдрөө иргэн хүний эдлэх зарим эрхүүдээсээ сайн дураараа татгалздаг. Харин хууль зүйн үр дагавар нь тэр хүнийг иргэд хардах, мэдээлэл авах эрхтэй. Тухайн хүн төрийн өндөр албан тушаалтан болсон цагаасаа эхлээд мэдээллийн эх сурвалж болж байгаа юм. Мөн урлаг соёлын одууд байна. Тэдний тухай янз бүрийн зураг, хов жив шар сэтгүүлээр гардаг, барууны орнуудад ч ийм л байдаг. Үүн дээр эмзэглээд миний нэр төрд халдлаа гэж явдаггүй. Яагаад гэхээр тэр хүн нийтийн дунд од болсноороо өөрөө ардчилсан нийгмийн мэдээллийн эх сурвалж болж тооцогддог. Ардчилсан нийгэм угаасаа мэдээллээр цангаж байдаг. Иргэд дарга, сайд, одуудын талаар мэдээлэл авахыг хүсч л байдаг шүү дээ. Манай үндсэн хуулинд ч бий. Иргэд мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Харин хэвлэл мэдээллийнхэн тэр мэдээллийг түгээдэг гол бүтэц нь. Энэ гол судсыг захиргаа, хуулийн аргаар боомилохыг хориглодог.

-Дэлхийн улс орнууд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг. Гэтэл манайд эсрэгээрээ л юм болоод байна?

-Яг үнэн. Жишээлбэл, хуульчдын холбоо гээд хуульчид өөрсдөө удирддаг байгууллага бий. Яг түүн шиг сэтгүүлчдийн өөрөө удирдах ёстой байгууллага гэж байх нь зүйтэй. Энэ байгууллага нь дотроо асуудлаа шийддэг дүрэмтэй байх ёстой. Жишээлбэл, Америкийн хуульчдын холбоо ёс зүйн зөрчил гаргасан хуульч, шүүгч, прокурорын тусгай эрхийг нь хураачихдаг. Гэхдээ хурааж авах энэ ажлыг төр биш хуульчдын холбоо нь л хийдэг. Яг түүн шиг хэвлэл мэдээллийн байгууллага дотроо хариуцлага тооцдог, түүгээрээ ёс зүйг өндөрт өргөж явдаг бүтэцтэй байх ёстой. Үүнд хууль, шүүх, прокурор, Эрүүгийн шүүх орж ирэх маш буруу. Түүнээс гадна манайханд маш буруу нэг зүйл байгаад байна. Ерөөс энэ эрүүгийн хуулиар л асуудлыг шийдэх гэж чичирч, дайраад байдаг нь буруу. Ард нь шорон гяндан гэсэн яриа яваад л байдаг. Социалист нийгэмд бол хуулийн сургуулийн онц сурдагууд нь прокурор болдог байсан. Яагаад гэхээр эрүүгийн хэрэгтний гол асуудлыг шийддэг, айлгадаг. Харин одоо ардчилсан нийгэмд бол эрүүгийн эрх зүй гэхээс илүү өмчийн, зах зээлийн эдийн засгийн, захиргааны, хүний эрхийг хамгаалах эрх зүй гээд эдгээр хуулиуд илүү хөгжсөн. Манай хууль зүйн бодлого боловсруулж байгаа сайд маань эрүүгийн эрх зүйгээс өөр бодлого ярихгүй байгаа нь харамсалтай байна.

С.ЛХАМСҮРЭН