Юм л бол нийгэмд ад үзэгдэж, олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөж байдаг “үйлчилгээ”-ний нэг “дэн буудал” юм. Шөнийн толь сурвалжлагын баг дайрч орж, нэвтрүүлэг бэлдсэн ч, цагдаа гэмт хэрэгтэн хайсан ч, мэргэжлийн хяналт гүйж очоод торгосон ч хамгийн түрүүнд “дэн буудал” өртдөг.   Тиймээс дэн буудал өнөөдөр нийгэмд муухай үзэмжээр танигдаж, бие үнэлэлт, архидалт, гэмт хэргийн үүр мэт ойлгогдох болжээ.

Угтаа бол нийгэмд хэрэгцээт үйлчилгээнүүдийн нэг “дэн буудал”. Дэн буудал ихэвчлэн ямар нэгэн үйлчилгээг дагаж бий болдог учраас ямар үйлчилгээг дагаснаас хамаараад нийгэм дэхь хэрэгцээ нь тодорхойлогддог. Үүнийг ойлгомжтой болгох үүднээс хэдэн жишээ дурдаж тайлбарлая. 

Томоохон эмнэлгүүдийг дагасан “дэн буудал”-ууд цөөнгүй байдаг бөгөөд тэд зөвхөн хөдөө орон нутгаас ирж, эмчилгээ хийлгэх хүмүүсийг л авдаг. Цэвэрхэн чимээ багатай, үнэ хямд гээд хотод хамаатан садангүй хөдөө орон нутгийн иргэдэд ёстой газарууд зөндөө. Хагалгаанд орох эсвэл хагалгааны дараа сэргээн засах эмчилгээнд явахад хол газар хүндрэлтэй хүмүүс ихэвчлэн тухайн эмнэлэгтэй ойрхон дэн буудал бараадаж, 7-10 өдөр түрээслэдэг.

Судалгаа шинжилгээ, дипломын ажил бичиж байгаа хүмүүс дэн буудлын өрөөг 2-3 өдөр түрээслэж аваад, чимээгүй орчинд тухтай сууж бичдэг хүнтэй бас таарч байсан. Гадаадад биш Улаанбаатар хотод шүү дээ.  Нийгэмд хэрэгтэй үйлчилгээ гэдгийг энгийгээр ингэж ойлгож болно. Илүү гүнзгий ойлгуулахын тулд “дэн буудал” гэдэг нэр томьёог задлан тайлбарлая.

Гадаад улс орнуудад motel, hotel, guest house, apartment hotel бүр rotel, botel, caravan гэсэн нэр томьёонууд байдаг. Байршуулах хэрэгслийн үйлчилгээ нь  хөгжсөн газар зочид буудал илүү олон төрөлтэй.

Манай Монгол Улсад “зочид буудал”, “дэн буудал” гэсэн хоёрхон  үйлчилгээний стандарт мөрдөгддөг ба “нэр томьёог задалж тайлбарласан” стандарт байдаггүй. Гадаад орнуудад замын хажууд дахь дэн буудлыг “мотел”, жуулчинд зориулсан хямд үнэтэй давхар ортой буудлуудыг “гэст хаус” гэж ихэвчлэн нэрлэдэг. Мөн гал тогоотой гэр бүлээрээ байхад зориулсан буудал байвал “apartment hotel” гэж нэрлэдэг. Манай Улсад нэр томьёо болон стандартын хувьд ялгаатай болгож, мөрдүүлээгүйн учир өнөөдөр жуулчинд хамгийн хэрэгцээт “гэст хаус”-ын төрөл нөгөө муу нэртэй дэн буудлын тоонд ороод явж байна. 

 

Улаанбаатар хотод 2019 оны байдлаар 312 дэн буудал үйл ажиллагаа явуулж, 3500 орчим хүн тогтмол ажиллаж байгааг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зарласан. Энэдээс дэн буудал үйлчилгээ нь  тогтмол ажлын байр бий болгож, эдийн засагт эргэлт бий болгож байгааг харж болно. Үүнээс 90-100 орчим нь “гэст хаус” ангилалд багтах дэн буудлууд байна.

Нийгэмд гүйцэтгэх  өөр нэг үүрэг нь тусгаарлах болон хорогдох байрны хэлбэрт шилжиж болдог цөөхөн үйлчилгээний төрлийн нэг.  Жишээлбэл: COVID-19 анх БНХАУ-ын Wuhan-д гарч хол хорио тогтоож, бүх үйлчилгээг хаахад хаагаагүй цөөхөн үйлчилгээний нэг нь “дэн буудал” байсан.  Учир нь халдварын голомтод ажилласан эмч сувилагчид амрах, иргэд сайн дураараа өөрийгөө тусгаарлах зэргээр дэн буудлыг ашиглаж байв. Зочид буудал олон өрөөтэй, дээр нь үнэтэй тул цөөн ортой, халдваргүйжүүлэлт хийхэд амархан, дэн буудлуудыг тусгаарлах байранд зориулж ашиглажээ.

Харин Монгол Улсад хамгийн ад үзэгдсэн үйлчилгээ гэдгийг баталж, корона гарангуутаа хил хаахаас өмнө дэн буудлыг хаасан. Өөрөөр хэлбэл 2020 оны 02-р сарын 16-наас захирамжаар хааж, 4-р сарын 16-нд нээсэн боловч, энэ хугацаанд дэн буудлын ашигтай ажилласан хугацаа нь өнгөрсөн байв. 11-р сарын 12-ны өдөр дахиад хаасан ба жилийн турш 310 хоног эдийн засгийн алдагдал хүлээв.

Улаанбаатар хотод байгаа дэн буудлууд нэг өдөрт 30.8-39.6 сая төгрөг алддаг бөгөөд 2020 оны турш 310 хоногийн турш хаалттай болон орлого байхгүй ажиллахад 9 тэрбум 576сая -12 тэрбум 300 сая төгрөгийн алдагдал хүлээснийг дээрх судалгаанаас харж болохоор байна.

Гэвч жилийн турш ийм хэмжээний алдагдал хүлээж байхад дэн буудлын үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хөндсөн, хамгаалсан нэг ч нийтлэл гарсангүй, нэг ч сэтгүүлч энэ талаар ярьсангүй.

Ихэнх нь хувь хүний нэр дээр байдаг учир Нийгмийн даатгалын хөнгөлөлт, ажилласан хүмүүст 200 мянган төгрөг өгсөн, татварын хөнгөлөлт эдлэх зэрэг Засгийн газраас гарсан шийдвэрүүдэд  “аж ахуйн нэгж биш”  гэсэн шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон газар байгаа боловч энэ тухай мөн л нэг ч удаа хөндөгдөж, яригдсангүй. Угаасаа муу нэртэй учир гээд сэтгүүлчид хөндөж бичихээс эмээсэн, эсвэл үл тоосон байх.

Нөгөө талаар дэн буудлын үйлчилгээ эрхлэгчид бас өөрсдийн асуудлыг нийгэмд гаргаж ирж чадахгүй муу менежменттэй ажилладаг, хамтарч ажиллаж чадахгүй байгааг харуулав. Салбар болгонд асуудал байдаг ба аялал жуулчлалын салбарыг ярихдаа “дэн буудал”-ын үйлчилгээг орхигдуулж болохгүйг хүн бүр ойлгоосой гэж хүсдэг.  Нийгэмд байх ёстой үйлчилгээний нэг учраас цаашид заавал хөгжих ёстой.   

Нийгэмд зөв мэдээлэл хүргэх үүднээс “дэн буудал”-ын тухай хөндөж бичсэн энэхүү нийтлэлд уншигч таниас шүүмжлэл хүсэж байгаа шүү гэдгийг хамгийн сүүлд хэлье.

Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвөлгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалж: Joinme.mn , Б.Эрбахыт