Г.ЭНХГЭРЭЛ

Өнгөрсөн оны эхэн үеэс өнөөдрийг хүртэл бид коронавируст цар тахалтай нүүр тулж, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд цаг наргүй ажиллаж буй. Бүх нийтийн дархлаажуулалт эхэлснээр эрүүл мэндийн салбарын ачаалал улам нэмэгдсэн.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцины I тунд зорилтот хүн амын 97.2 хувь нь хамрагджээ. Ойрын өдрүүдийг халдварын тархалт буурч, вакцин хийлгэх иргэдийн идэвх дээшилсэн сайн мэдээтэй угтлаа. Гэсэн хэдий ч өрхийн эмнэлэг, дүүргийн амбулатори, улсын төв эмнэлгээр үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Учир нь, цар тахлаас бусад өвчний эрсдэл, төрөлт, мэс засал урьдын ажил үргэлжилсээр буй. Бид энэ удаагийн өдрийн сурвалжилгаа бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагаас бэлтгэлээ. Тодруулбал, өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эмнэлгийн амбулатори, улсын I,II төв эмнэлгийн ачаалал хэр байгааг сурвалжиллаа.

Өвчний ямар нэг шинж тэмдэг, зовуурь илэрвэл хамгийн түрүүнд ханддаг газар бол өрхийн эрүүл мэндийн төв. Шаардлагатай бол харьяа дүүргийн амбулатори, хүлээн авахаар үйлчлүүлнэ. Цаашилбал, улсын I,II,III төв эмнэлэг зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагад зохих журмын дагуу ханддаг. Иргэд энэ горимоор бус шууд дүүргийн болон улсын төв эмнэлэгт хандах нь элбэг. Баянзүрх дүүргийн XVI хорооны иргэдэд үйлчилдэг “Насан-Урт” өрхийн эрүүл мэндийн төвөөр орвол сувилагч халуун хэмжиж, эрүүл мэндийн хуудас бөглүүлж байв. Тус өрхийн эрүүл мэндийн төв 3440 өрхийн 18200 орчим иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг аж.

Өмнө нь ирэхэд хөл гишгэх зайгүй, нярай, бага насны хүүхдийн уйлах чимээгээр угтаж байсан энэ эмнэлэгт өдгөө 4-5 хүн эмчийн үзлэгийн өрөөний гадна дугаарлан зогсоно. Тус өрхийн эмнэлэг нь хорооны удирдлагын байртай залгаа оршдог тул дэндүү бачуу зайтай, өвлийн улиралд гадуур хувцас өлгөх ч зайгүй, үйлчлүүлэгчдийн хувцас заримдаа шалан дээр унасан байдаг сан. Түүнчлэн олон хүн дугаарлан зогсчихвол хоёр метрийн зай барих боломж тун хомс. Үүнээс гадна агааргүй, бүгчим болчихдог юм.

 

“КОВИД-19”-ИЙН ХАЛДВАР АВЧ, ГЭРТЭЭ ТУСГААРЛАГДАЖ БАЙГАА ИРГЭДЭД ӨЭМТ-ӨӨС ХЯНАЛТ ТАВЬДАГ

Тус өрхийн эрүүл мэндийн төвөөр өдөрт дунджаар 80-100 хүн үйлчлүүлдэг аж. Цар тахлын эрсдлээс болгоомжлон хүмүүс эмнэлгээр үйлчлүүлэх нь багассан ч цусны дэлгэрэнгүй, биохими, шээсний шинжилгээ өгөх, ЭХО оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг, товлолын дархлаажуулалтад хамрагдах иргэдийн хөл тасрахгүй. Түүнээс гадна өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар коронавирусийн халдварын хөнгөн хэлбэрээр өвдөж, гэртээ тусгаарлагдаж буй иргэдэд хяналт тавьж байгаа юм. Гэрээр эмчлүүлж буй иргэд халдвар, хамгааллын дэглэм сахиж, 14 хоног тусгаарлагддаг. Энэ хугацаанд хариуцсан өрхийн эмч өдөрт 1-2 удаа утсаар биеийн байдлыг хянаж, зовуурь ихсэж, биеийн байдал хүндэрвэл ХӨСҮТ болон холбогдох байгууллагуудад мэдэгддэг юм байна.

“Насан Урт” өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч н.Тэрсайхан “Цар тахал гарснаар, ялангуяа бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон үед эмнэлгээр үйлчлүүлэх хүний тоо эрс багассан. Тэр үед товлолын дархлаажуулалтад хамрагдах ёстой хүүхдүүд, хяналтад байдаг жирэмсэн эхчүүд эмнэлгээр үйлчлүүлж байсан. Харин өнгөрсөн долоо хоног буюу тавдугаар сарын 10-наас эхлэн хорооны иргэд, бусад үйлчлүүлэгч их ирж байна. Учир нь, сар орчим хөл хорио тогтоосон учир иргэд шинжилгээнд хамрагдаж, үзлэгт орох нь ихэссэн” гэв.

 

ДҮҮРГИЙН ЭМНЭЛГИЙН МЭС ЗАСАЛ, ГЭМТЭЛ, ШҮДНИЙ ТАСГИЙН АЧААЛАЛ ИХ БАЙНА

Цааш явсаар 08:30 цагийн үед Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд хүрэв. Тус дүүрэгт хүн амын тоогоор нийслэлд тэргүүлдэг. Тийм учраас эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйлчилгээнээс хэлээд асуудал их. Дүүргийн эмнэлгийн хувьд гурван амбулаторитой бөгөөд нийт 28 хорооны иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Ердөө цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөх гэж өглөөний 06:00 цагаас эхлэн дугаарлах иргэдийн дунд хэрүүл маргаан үүсэж, эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгчдийн дунд үл ойлголцол үүсдэг байсан цаг саяхан. 

Харин Эрүүл мэндийн яамны харьяа 1800-0119 дугаарт хандан үзлэг, шинжилгээний цаг авдаг болсноор өглөө бүр эмнэлгийн гадаа үүсдэг урт дараалал үгүй болж, иргэд, эрүүл мэндийн салбар аль аль талдаа чирэгдэл үүсэхгүй болсон нь тус салбар дахь томоохон дэвшил юм. Долоо хоногийн эхний өдрүүдтэй харьцуулахад тус эмнэлэг үйлчлүүлэгч цөөнтэй байв.Харин цар тахлын үеийн тогтсон хэв маяг болох иргэдийг дотогш нэвтрэхээс өмнө эрүүл мэндийн асуумж бөглүүлэх, халуун хэмжих нэг ч хүн байсангүй. Эмнэлгийн орчин бол халдвар тархах хамгийн эрсдэлтэй бүс. Орж, гарсан хүн бүрийн халууныг хэмжиж, асуумж бөглүүлж, утасны дугаарыг тэмдэглэх нь учирч болох олон эрсдлээс хамгаалдаг. Гэтэл эрүүл мэндийн байгууллага энэ асуудал дээр ийн хайнга хандаж байгаа нь харамсалтай. Цахим бүртгэлийн хэсэгт хоёр ажилтан, хоёр, гурван үйлчлүүлэгч харагдана. Үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь 55-аас дээш настай хүн байв. Эмнэлгийн зүүн жигүүрт шээсний шинжилгээ авах өрөө, дүрс оношилгооны кабинет бий. Шээсний шинжилгээний өрөөний гадна хүн байсангүй. Харин рентген зураг авах өрөөний үүдэнд 10 гаруй хүн шахцалдан зогсоно.

Учир нь, коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүс уушги болон дотор эрхтний эрүүл мэндээ хянахаар, рентген оношилгоонд хамрагдах нь ихэсжээ. Үүдэнд нь таван сандал байх бөгөөд зай барих нь битгий хэл, хүмүүс нэгнээ тэврэх шахам зогсож шахцалдан зогсож харагдав. 

Тус эмнэлгийн цахим бүртгэлийн ажилтан Цэцэгмаа “Сүүлийн үед “Ковид-19”-ийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс зүрх, уушги зэрэг дотор эрхтнээ үзүүлэхээр ирэх нь нэмэгдсэн. Үүнээс гадна жирэмсний хяналтад байгаа эмэгтэйчүүд, архаг хууч өвчинтэй хүмүүс тогтмол үйлчлүүлдэг. Мэс засал, гэмтэл, шүдний тасгийн ачаалал харьцангуй их байна. Хөл хорионы үед шүдний өвчлөл нэмэгдсэн. Манайх шүдний хоёр кабинеттай.Өнөөдрийн байдлаар 14 хоногийн цаг захиалга дүүрсэн байна. Энгийн үед ч шүдний кабинетын ачаалал их байдаг. Мөн цахимаар цаг өгдөг болсноор олон ажил хөнгөвчилж байгаа. Гэхдээ урьдчилан цаг авалгүй шууд ирдэг, эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй хэрнээ үзлэгийн цаг өг гэж дайрдаг хүмүүс ч бий. Эмч нарын ачаалал урьдынхтай ижил түвшинд байна” гэв. Түүнчлэн тус эмнэлэг анзаарсан нэг зүйл нь жирэмсэн болон эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдах хүмүүсийг халдвар авах эрсдлээс сэргийлж, II давхарт тусад цахим лавлагаагаар цаг өгдөг аж. Мөн арьс харшил, халдварт өвчин, хавдар, физик эмчилгээний тасагт цаг авалгүй шуурхай үйлчлүүлэх боломжтой гэнэ.

 УНТЭ-ЭЭР ӨДӨРТ 1000-1500, II ТӨВ ЭМНЭЛГЭЭР 300-500 ХҮН ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА

Бидний дараагийн очсон газар улсын II төв эмнэлэг байв. Үүдэнд халуунаа хэмжүүлж, гараа ариутган цахим лавлагааны хэсэгт очвол хүн бүр хоёр метрийн зай барин үйлчлүүлж байх аж. Тус хэсэг олон хүн цугларсан ч зайгаа барин зогсох боломжтой цэлгэр төдийгүй буйдан байрлуулжээ. 

Мөн л үйлчлүүлэгч цөөнтэй байв. Даваа, мягмар, лхагва гарагт ачаалал ихсэж, долоо хоногийн сүүлчээр багасдаг аж. Тус эмнэлгээр өдөрт 300-500 орчим хүн үйлчлүүлж байгаа гэнэ. Олны дунд “Улсын эмнэлэг үйлчилгээ, орчин муу” гэх ойлголт байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд улсын эмнэлгүүдийн үйлчилгээ, орчин эрс өөрчлөгдөж буй.Тухайлбал, тус эмнэлгийн хүлээлгийн танхим саруул, орчин нөхцөл цэмцгэр, үзлэгийн өрөө бүрийн үүдэнд хүлээлгийн сандал тавьж, хаяг, нэршлийг ойлгомжтой байршуулжээ. Үүний дараа УНТЭ эмнэлгээр оров. Төв хаалганыхаа дэргэд автомат ариутгагч байршуулсан байх агаад таван ажилтан эгэн сууж, үйлчлүүлэгчдийн бүртгэж, эрүүл мэндийн асуумж бөглүүлж харагдана. Тус эмнэлэг бүхий л ачаалал ихтэй байдаг. бүхий л үед их. Учир нь, орон нутгаас 13А маягтаар шилжиж ирсэн ихэнх хүн тус эмнэлгээр үйлчлүүлдэг юм. Өдгөө тус эмнэлгээр өдөрт 1000- 1500 хүн үйлчлүүлж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэх, үеийн мэс засал, дотор, зүрх судасны тасаг хамгийн ачаалалтай байгаа аж. Хэдий үүдэнд таван ажилтан зохицуулалт хийж байгаа ч зай барих, халдвар хамгааллын дэглэм алдагдах юм. Шинжилгээний хариу авах хэсэгт нэгнээ түлхэн, шахалдан зогсоно. Цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагууд ийн ажиллаж байна. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН