Намын Төв Хорооны Үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга, дараа нь Төв хорооны дэргэдэх Нийгмийн Ухааны Институтийн захирлаар ажиллаж байхдаа Улс Төрийн Товчооны орлогч гишүүнээр хоёр удаа сонгогдож байсан. 

“Институтийн захирал Улс Төрийн Товчооны бүрэлдэхүүнд орлоо, энэ бол тус байгууллагын үүрэг, статусыг их өргөж байгаа хэрэг” гэж манай хамт олон дээр дооргүй баярлаж байсан билээ. Гэвч их удаагүй чөлөөлөгдсөн. Тэр даруйд бидний сонссоноор, Б.Ширэндэв гуайд хатуу арга хэмжээ авсан УТТ-ны хурал дээр түүнийг өмөөрснийх нь төлөө хүртээсэн жавтий юм гэнэлээ л гэсэн. 

 

Би Б.Лхамсүрэн захирлаас их зүйл сурсан, бас хүндэтгэдэг учир эмээдэг байсан. Институтэд ажилд ороод удаагүй байхад захирал намайг нэгэн Бямба гаригийн орой гэнэт дуудаж “онол, шинжлэх ухаан, нийгмийн практик гурвын холбоо, шүтэлцээний талаар нэг өгүүллийн төслийг 10-12 хуудсанд багтаагаад бич. Пүрэв гаригийн 16 цагт аваад ир” гээд 5 хоног өгөв. Би их сандарч өдөр шөнөгүй суусан боловч заасан хугацаанд нь арай дуусгаж чадсангүй. “Арай ч пүрэв гаригт дуудахгүй байх, ойрд их завгүй байгаа дуулдсан” гэж өөрийгөө тайвшруулж суутал захирлын нарийн бичгийн дарга Жавзансэнгээ пүрэв гаригийн яг 16 цагт над руу утасдаж “дарга чамайг нөгөө бичсэн юмаа одоо аваад ир гэж байна. Түргэлээрэй” гэв. Миний зүрх бараг зогсчих шиг болов. Гэхдээ яалтай билээ. 8-9 хуудас юм бичсэнийгээ машиндуулж аваад төрийн ордон руу харайлгав. Цаг баримталсангүй хэмээн зэмлэх байх гэж хулмалзсаар ортол, тэгсэн ч үгүй, бичсэнийг маань тайван гүйлгэж уншсанаа “За чи хоолоо идчихээд 2 цагийн дараа хайч, цавуутай ир” гээд гаргав. Нааштай үг хэлсэнгүй, гэхдээ загнасангүй. Огт хэрэггүй зүйл бичсэн бол намайг дахиж дуудмааргүй юм гэж гайхсаар оройн 7 цаг хагаст өрөөнд нь ортол “За наашаа суу. Өнөө орой хоёулаа нилээн ажиллана. Хоолоо идсэн биз” гэв. Тэгснээ надад хэдэн шинэ цаас өгөөд өөрийнхөө тэмдэглэсэн зүйлүүдийг уншиж би тэрийг нь чээж бичгийн шалгалт өгч байгаа бага ангийн сурагч шиг хичээнгүйлэн бичиж эхлэв. Хааяа нэг түр зогсч “За наанаа зай үлдээгээд өөрийнхөө бичсэнээс энэ хэсгийг хайчилж аваад наачих” гэнэ. Минийхээс дөрөв, тавхан өгүүлбэр л авсан байх. Хайч, цавуу авчир гэсний учир энэ байжээ. Оройн 11 цаг хүртэл ийнхүү ажиллаж дууссаны дараа “Наадахаа маргааш машиндуулаад 13 цагаас өмнө авчир. “Намын амьдрал” сэтгүүлд маргааш үдээс хойш өгнө, чи өөрийнхөө бичсэн энэ хувилбараа ав. Хадгал, чамд бас хэрэг болно” гэв. Миний бичсэн санаанд нь хүрсэнгүй гэж бодоод би ичиж, гэмшсээр гэртээ харив. Залуу хүнтэй ингэж ажилладаг удирдагч байсан.

 

Загнахгүй, яншиж үглэхгүй, энд тэнд муулахгүй, нийтийн өмнө сүржигнэхгүй. Харц, гаднах төрх, товч боловч жинтэй хэдэн үгээс нь бусад хэн боловч сүрдэнэ. 

 

2013 онд Б.Лхамсүрэн захирлын 90 насны ойн арга хэмжээ болоход би МАН-ын даргын хувьд намаа төлөөлөн очсон. Тэр үед манай нам сөрөг хүчин болсон байв. Захирал маань намайг яг хажуудаа суулгаж нилээд зүйл ярьсан. “...ажил хийж байгаа л бол алддаггүй хүн, алддаггүй нам гэж байхгүй. Хамгийн гол нь алдаагаа дор нь олж харж бодитой дүгнэлт хийж, засч чаддаг байх ёстой. Одоо манай нам яг ингэж ажиллаж чадаж байгаа юу? Тэгж чадаж байгаа бол 2016 онд амжилт гаргана. Зарим нэг нөхдийн яриаг сонсоход, Ардчилсан нам ингэсэн, тэгсэн гээд алдааг өөрөөсөө хайхгүй байх шиг. Нэг мэхэнд дахин дахин унаад байдаг бөх шиг нам болчих вий. 1996 оноос хойш манай нам хэд, хэдэн удаа УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа шүү...” гэхчлэн ярьсан нь намынхаа төлөө санаа зовж явдаг ахмад хүний үг байлаа. Б.Лхамсүрэн захирлын энэ үгийг би олон удаа яриандаа давтаж намын нөхөддөө сануулдаг байсан билээ.

 

Үргэлжлэл бий...

 

Ө.Энхтүвшин