Г.ЭНХГЭРЭЛ

Нийслэлд түм буман асуудал бий. Бүх шатандаа нийслэл, хотын асуудал доголдсон. Ачааллаа аль хэдийн даахаа больсон мэт. Эдгээрийн нэг асуудал болох жолооч нарын толгойн өвчин автомашины зогсоол.Үйлчилгээ эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжийн ажилчид болон иргэдийн автомашины зогсоол нь хүрэлцэхгүйн улмаас “Зам дээр” асар их асуудал үүсдэг.

Машин замын нэгдүгээр эгнээ, явган хүний зам нь зогсоолын үүрэг гүйцэтгээд удаж буй. Авто машины зогсоолоос үүдэж жолооч, иргэдийн дунд маргаан гарах энүүхэнд. Заримдаа зодоон болох ч тохиолдол бишгүй. Хотын соёлд захирагдмаар, жолооч хэдий тэвчих ч гэлээ яалт ч үгүй асуудал үүсдэг. Бид энэ удаагийн сурвалжилгаараа нийслэл дэх автомашины зогсоолын асуудлыг хөндлөө.

 

ЗАМ ЗОРЧИХ ХЭСГИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЗОГСООЛГҮЙ ИРГЭДИЙН АВТОМАШИН ЭЗЭЛНЭ

Улсын I төв эмнэлгийн ойр орчим машины хөл хөдөлгөөн хамгийн их оршдог газар. АШУҮИС-ийн хойд талд дөрвөн эгнээ зам бий. Гэтэл зогсоолгүйн улмаас нэгдүгээр эгнээнд тэр чигт нь машинууд эгнэн зогсох аж. Энэ нь хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг бухимдуулж, машины дохиогоо ойр, ойрхон дуугарна. “Хурдан яваач”, “Замаа чөлөөлөөд зогсооч” гэх мэт үүнээс ч илүү, хараал, доромж үг урсгана. Тэдний дунд яваа Баянгол дүүргийн иргэн жолооч Б-ээс зогсоолын тухай лавлахад “Энд ирээд үргэлж зогсоолын асуудалтай тулгардаг. Ер нь хотын хаана ч зогсоолын хэрүүл, маргаан болдог. Сонгуулиар дарга нар том ярьж, бүлт үсэрдэг. Улс орноо хөгжүүлнэ. Баялагтаа эзэн болно гэх мэт. Биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэдэг биз дээ. Ард иргэдийнхээ ойрын зовлонг ойлгоогүй хүмүүс баялгийн тухай ярихад даанч балчирдаж байна даа.

Улс орон хөгжиж байна гэдэг. Тэр хөгжлийг нь би хувьдаа олж харахгүй. Зогсоолын асуудлыг шийдэж өгдөггүй нь нэг талаар ашиг харж байгаа тал гэж боддог. Нийтийн эзэмшлийн талбай дээр төлбөртэй зогсоол барьчихсан. Зогсоолыг шийдэж чадахгүйдээ биш, зүгээр хүсэхгүй байгаа юм. Төлбөртэй зогсоол, машин ачилтаас мөнгө угааж, иргэдийн халаасыг тэмтрэх зорилго шүү дээ. Зогсоол олдохгүй байсаар энэ хэсгийг арав тойрлоо” гэв. Зогсоол дутмаг байгаа нь гэнэт гарч ирсэн асуудал биш. Дорвитой шийдсэн зүйлгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Цаашлаад энэ нь түгжрэл үүсэх шалтгаан болдог.

Сүүлийн хоёр жил коронавирусийн халдвартай тэмцэж байгаа ч газар ашиглалт, авто замын түгжрэл, осол, агаарын бохирдол, нийтийн тээврийн үйлчилгээ гээд нийгэмд тулгарч буй олон асуудал бидний өдөр тутамд тулгарч байна. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн энэ хэсэг түр эсвэл удаан хугацаагаар зогсох хориотой. Төлбөргүй байтугай төлбөртэй нь олдохгүй байхад машинаа аваад хаачих билээ. Тэр тусмаа Улсын I төв эмнэлгийн ачаалал их. Орон нутгаас 13А маягтаар ирж үйлчлүүлнэ. Тэгэхээр өвчтэй нэгнээ эмнэлэгт үзүүлэх гэж ирсэн хүн эмнэлэгтэй ойр зогсох ёстой болж таарна. Хүн амын тоотой дүйцэх шахуу авто машин манай улсад бий. Гэхдээ нийтийн тээврийн хөгжил муу, бохир тэгэхээр ажил төрөл, амьдрал ахуйгаа зохицуулахад хувийн автомашин зайлшгүй шаардлагатай болдог.

Дэлгүүр, эмийн сан, үйлчилгээний төв, төрийн байгууллага орохын тулд зогсоол тойрсоор, өдрийг барна. Зарим нь дуртай газраа машинаа тавиад, хурдаараа алга болно. Гүйж яваад эргээд ирэхэд нөгөө жолооч нарын машины эрлэг машиныг нь ачаад явсан байх энүүхэнд. Аргаа барахдаа уйлна. Утас цохино. Халаасаа тэмтэрнэ. Ёстой нэг жолоочийг сэтгэцийн өвчтэй болгодог зүйл зогсоол, машин ачилт хоёр юм.

ЗОГСООЛГҮЙ НИЙСЛЭЛД ХАМГИЙН САЙН ХӨГЖСӨН “МӨНГӨ УГААЛТ”

Иргэдийн энэ асуудал дээр хөгжсөн хамгийн сайн бизнес бол машин ачилт, төлбөртэй зогсоол. Нүд ирмэхийн зуур машинаа ачуулсан жолооч 60.000 төгрөгийн торгууль төлж, такси барин, даргадаа загнуулан, хуралдаа хоцрон, ханьдаа хараалган, өвтэй хүнээ хаян байж машинаа арай гэж олж авна. Машиныг нь ачаад явахдаа хаана аваачиж журамлах тухай утсанд нь нэг ч үг өгүүлбэр үл ирнэ. Ёстой нэг эрийн сайн аргаар хаана байгааг мэдэж олж авна. Мөрөөрөө ачаад явахгүй хувийн өмчид бүдүүлэг хандаж, гэмтэл учруулах энүүхэнд. Ер нь ачиж л байвал бусад асуудал тэдэнд огт сонин биш. Мөн ачих явцад машинд эвдэх, зогсоолд байхад ачих, тэр байтугай хэдэн жилийн өмнө нярай хүүхэдтэй машиныг мэдэлгүйгээр ачсан баримт бий. Машины эзэн нь гарч ирээд гуйсан ч ачаад явдаг тохиолдол бол энүүхэнд.

Хэдий машин дүрэм зөрчиж зогссон бол ачих үүрэгтэй ч хүний эд хөрөнгийг гэмтээх, буруу тээвэрлэх эрх, үүрэг байх ёсгүй. Бид цааш явсаар III,IV хорооллын гадна ирэв. Худалдаа, үйлчилгээний төв тул иргэдийн хөл их. Бас зогсоол тун ховор. Бидний өмнө зогсоол хааж тавьсан машиныг ачаад явж байгаа харагдав. Энэ бол хэдийнэ хэвийн үзэгдэл мэт дүр төрх. Гэвч цаана нь ямар олон асуудал үүсдэгийг хэн ч анзаардаггүй. Улаанбаатар хотод 2016 оноос хойш нийтдээ 19 аж ахуйн нэгж зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ачилтын үйл ажиллагаа эрхэлж байсан. 2020 онд явуулсан шалгалтаар дөрвөн аж ахуйн нэгжийн гэрээг цуцалж байжээ. Энэ тухай Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас лавлахад “Энэ жилийн хувьд шалгалтын ажил явагдаж байна. Шинээр байгуулсан зогсоол, мөн тусгай эрх олгосон ачилтын компанийн тухай мэдээллийг нэгтгээгүй байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломж одоогоор алга. Шалгалтын явцад алдаа дутагдал гаргасан аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцох, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг. Манайхаас үйл ажиллагаанд нь тогтмол хяналтаа тавьж, шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулах тал дээр ажилладаг” гэсэн юм.

 

ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛЫН АШИГ ӨДӨРТ ДООД ТАЛ НЬ 100 МЯНГАН ТӨГРӨГ

Нийслэлийн өнцөг булан бүрд төлбөртэй зогсоол бий. 30 минут хүрэхгүй машинаа тавилаа гэж бодоход 500-1000 төгрөгийн төлбөр төлнө. Үүнийг магадгүй хэн дуртай нь алга дарам газар аваад, төлбөртэй зогсоол барьсан байхыг бэлхнээ харж болно. Цааш явсаар дээрх эмнэлгийн урд талд байх төлбөртэй зогсоолд ирлээ. Хажуугийн постоос хантааз өмссөн 40 гаруй насны эрэгтэй гарч ирэв. Зогсоолын үнийг асуухад дурамжхан “Нэг цагийн 1000, хоногийн 5000 төгрөг гэв. Мэдээж өдөр бүр харилцан адилгүй. Өдөрт дунджаар 100 мянган төгрөгийн орлого олдог” гэв. Тус зогсоолд машинаа тавиад гарч яваа иргэн Б.Сувдмаа “Энэ хэсэг уг нь бүх нийтийн зогсоол байсан. Яагаад төлбөртэй болгочихов. Нэг газраар ороод гарах бүрдээ төлбөртэй зогсоолоор үйлчлүүлнэ. Өөр арга байхгүй. Сая ороод удаагүй байхад 1000 төгрөг авч байна. 30 минут болоогүй байна шүү дээ гэхэд нэхсээр байгаад авсан.

Хэдий 1000 төгрөг их биш байж болох ч өдөрт хэдэн зуун хүн үүгээр үйлчлүүлж байгаа. Амандаа орсон мөнгийг нь өгөхгүй бол хаалтаа нээхгүй юм шиг байна билээ” хэмээн хэлэв. Цааш явсаар МУИС-ийн II байрны урд талын зогсоолд очиход нэг цагийн төлбөр 2000 төгрөг байв. Зогсоол хэний эзэмшил болох, өдрийн орлогын тухай асуухад “Би мэддэг хүн нь биш. Орлого та нарт хамаагүй” гээд халгаасангүй. Хуулиар бол зөвшөөрөлгүй авто зогсоолын үйл ажиллагаа эрхэлбэл 500 мянгаас таван сая төгрөгөөр торгох юм. Энэ мэт албан ёсны зөвшөөрөлтэй үгүй мэдэгдэхгүй олон зогсоол байна. Тэдний мөнгөний хүүдий нь жолооч нар. Наад зах нь зогсоолоо бүрэн камержуулаад, олон улсын стандартад нийцүүлчихвэл машины эд анги гэмтэх, хулгайд алдагдах эрсдэл бага. Зам дагуу зогсвол торгуулж, машинаа ачуулах эрсдэлтэй.

Зөвхөн машины зогсоолд өдөрт 2000-5000 төгрөг зарцуулж байгаа иргэд зогсоол эзэмшигчдийн халаасыг түнтийлгэдэг бололтой. Иймд авто зогсоол эрхлэгчид дүрэм журам, стандартаа сайтар мөрдөж чадаж байгаа эсэх нь мөн л яригдах асуудал. Өдгөө үйлчилгээний байгууллага хүртэл өөрсдийн эзэмшлийн талбайгаа хүртэл авто зогсоол хэлбэрээр ашиглана. Тухайн байгууллагаар үйлчлүүлэх гэж орох, гарах төдийд төлбөртэй. Яваандаа автомашины зогсоол нь мөнгө олох сонирхолтой хүмүүсийн өмнөө барьдаг шийдэл болсон гэхэд хилсдэхгүй юм. Зөвшөөрөлтэй зогсоолууд мөнгө саах аргаа сайн олжээ. Харин зөвшөөрөлгүй зогсоолууд нийслэлийн автозамын санд ямар нэгэн хураамж төлдөггүй. Жол о оч н а р ы н зо гс о ол ы н зовлонгоор далимдуулан амандаа орсон үнээ хэлж байна. Замын тэмдэг, тэмдэглэгээ, борооны ус зайлуулах хоолой, шугам гэрэлтүүлэг, сандал явган хүний зам гэх мэт олон улсын стандартад нийцсэн сайхан авто зогсоолтой болох цаг хэзээ юм бол доо.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН