Технологийн салбарын шинэчлэлийг нэг дор цогцлоон харуулдаг “ICT Еxpo” арга хэмжээ энэ жил “Digital nation-2021” нэрийн дор “Үндэсний соёл, амралтын хүрээлэн”-д  энэ сарын 17-19-нд боллоо.

Тус арга хэмжээг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам болон үндэсний 100 гаруй компани нэгдэж зохион байгуулсан юм. Албан ёсны нээлтийн өдрөөр дрон болон гэрлийн шоу, урлагийн тоглолт болохын сацуу нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд оролцлоо.

Технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед монголчууд ямар технологи бүтээж, аль салбарын үйл ажиллагаа ямар байдлаар цахимд шилжсэн цогц мэдээллийг энэ арга хэмжээнээс нэг дороос авах боломжтойгоороо шинэлэг байв. Тиймээс тус арга хэмжээг зоригсдын ихэнх нь өсвөр, залуу үеийнхэн байлаа. Цахим үндэстэн арга хэмжээнээс олон хүний анхаарлыг татсан нь “Үндэсний соёл, амралтын хүрээлэн”-гийн нуурын баруун эрэгт байрлах Look TV-гийн үзэсгэлэнгийн талбай  байв. Тус үзэсгэлэнгийн талбайд 360 видео, Q&A тоглоомын хэсэг, King Kong-ийн талбай, Фото zone буюу Look at me гэсэн хэсэг байрлажээ. Эдгээрээс “360 видео хэсэг”-т 360 хэм эргэх камераар бичлэг хийлгэж, гар утсанд тань илгээх линкээр бичлэгээ татаж авах боломжтой байсан юм. Үүнээс гадна компани, аж ахуйн нэгжүүд үйлчилгээндээ нэвтрүүлсэн хэрэглэгчдийн цагийг хэмнэх дижитал шийдлүүдийг танилцуулсан юм.

 

БОЛОВСРОЛЫН  САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ЭХЛЭЛ

 

“Digital Nation” нэрийн дор зохион байгуулж буй “ICT Expo-2021” арга хэмжээний хоёр дахь өдрийн үйл ажиллагаа “ICT Education-Салбарын цахим шилжилт” хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Хэлэлцүүлгийн модератороор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож, боловсролын мэдээллийн технологийн салбарт манлайлан ажиллаж байгаа шилдэг залуустай санал солилцон, төрийн цахим сургуулийн эхлэл болох www.medle.mn платформоо танилцууллаа. Тэрбээр “Боловсролын салбарын цахим шилжилт www.medle.mn платформоос Монголын шилдэг багш нарын хичээлийг дэлхийн өнцөг булан бүрээс үзэх боломж бүрдэнэ” гэв. ЕБС-ийн сургалтын хүрээнд цахим контентын энэ санд хил хязгаар, цаг хугацаанаас үл хамааран хүн бүр суралцах сургалтын нээлттэй орон зай бий болох юм. Мөн багш нар анги, сургуулиараа хязгаарлагдахгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа мянга мянган хүүхдэд өөрийн мэдлэг, арга зүй, сайн туршлагаа түгээх нээлттэй боломж бүрдэх юм. Нийт 47 мянган багшийн 15 мянга гаруй хичээл www.medle.mn цахим контентын санд байршина.

 

МОНГОЛ УЛС 2023 ОНД 5G СҮЛЖЭЭГ НЭВТРҮҮЛНЭ

 

Монгол Улс 2023 онд улсын хэмжээнд 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байна. Үүний эхлэл болгон тус арга хэмжээний үеэр 5G сүлжээний туршилтыг хийлээ. Хамгийн эхэнд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй гэсэн салбарт 5G технологийг нэвтрүүлэх аж. Аж үйлдвэрийн IV хувьсгал хэмээн тодорхойлж буй 5G технологи нь дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээ юм. Энэ технологи одоогийн ашиглаж байгаа 4G-гээс 100 дахин хурдан интернэтийг “бэлэглэнэ”. Мөн машин, таны гэр, ажлын газар, нийтийн тээвэр гээд бидний эргэн тойрны эд зүйл 5G сүлжээнд холбогдоно. Ингэснээр бид их мэдээллийг богино хугацаанд солилцох боломж бүрдэнэ. Утасгүй технологийн энэ шинэ давалгаа нь хиймэл оюун ухаантай салшгүй холбоотой. Ингэснээр эрүүл мэндийн салбараар жишээлбэл, дэлхийн шилдэг эмч нар зайнаас эрүүл мэндийн тусламж үзүүлэх, хиймэл оюун ухааны тусламжтайгаар өвчнийг оношилж, эмчлэх боломжтой болно.

Технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед Монголчууд ямар ямар технологи бүтээж, аль салбарын үйл ажиллагаа ямар байдлаар цахимд шилжсэн гэсэн цогц мэдээллийг энэ арга хэмжээнээс нэг дороос авах боломжтойгоороо шинэлэг байв. Тиймээс тус арга хэмжээг зоригсдын ихэнх өсвөр, залуу үеийнхэн байлаа.

 

 

“МОНГОЛЫН ЦАХИУРЫН ХӨНДИЙ” БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ”

 

Мөн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээний үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбартай уялдаа холбоог нягтруулах бодлогын хэлэлцүүлэг, форум болсон юм. Энэ үеэр “Infinite Solutions” технологийн болон хөрөнгө оруулалтын компанийн үүсгэн байгуулагч Б.Габит “Бидний ажлын үндсэн зорилго бол мэдээллийн технологи ашиглан хүний амьдралыг илүү хялбар, сайхан болгох бөгөөд алсдаа ирээдүй хойч үеийнхнээ эх  орондоо сайхан амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Үүний тулд авьяаслаг мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, олон старт ап бойжуулж, дэлхийн зах зээлээс  хөрөнгө оруулалт татан дотоодын хэрэгцээгээ хангах, мэдээллийн технологийн экосистемийг бий болгох цаашлаад “Монголын цахиурын хөндий” бий болгох шаардлагатай. Энэ хүрээнд “Nest Education” мэдээлэл технологийн сургууль байгуулан үйл ажиллагаа явуулж байна.” гэв.

 

Тус компани сүүлийн үеийн шинэ төсөл болон “Монгол Valley” санаачилгаа танилцуулсан юм. Мөн “Анд Глобал”-ын үүсгэн байгуулагч Ч.Анар “И-Баримт, Social Pay, Lend.mn гэсэн бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон технологийг монголчууд бүтээж чаддагийн бодит жишээ. Монгол хүний хайрцаглагдаагүй задгай сэтгэлгээ, хөрвөх чадвар үнэлэгдэж, давуу тал болж буй нь үнэн хэдий ч тууштай байдал, эвлэлдэн нэгдэх чадвар сул, нарийвчилж мэргэшээгүй цаашлаад боловсон хүчний хомсдол нь сул тал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ сул орон зайг нөхөхийн тулд сэтгэхүйн өөрчлөлт хийх, чадна гэдгийг харуулж, залууст итгэл өгөх хэрэгтэй. Манай компани ч үүний төлөө явж байгаа. Монголчуудын бүтээсэн технологийг олон улсад экспортлох чиглэлээр финтек суурьтай үйл ажиллагаа явуулдаг “Анд Глобал”-ыг хүмүүс харьцангуй мэднэ. “Анд Глобал”-ын бүрэлдэхүүнд ЛэндМН, Анд Системс тэргүүтэй 12 охин компани багтдаг. Бид өөрсдийн хөгжүүлсэн технологио Камбожи, Австрали, Япон, Өмнөд Солонгост гаргахаас гадна Callpro, IntelMind гэсэн Монголын бусад технологийн компанийн бүтээгдэхүүнийг экспортлохоор ажиллаж байна. Бидний хувьд олон улсад технологио экспортолсон туршлагатай, том багтай, олон улсын стратегийн түнштэй тул үүнийгээ ашиглаад монгол оюуныг дэлхийд гаргахыг зорьж байна” гэсэн юм.

 

“ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН КОМПАНИУДЫГ ГАРГАЖ ИРДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СТУДИ”

 

 “Intelmind” компанийн гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр “Intelmind компанийг технологид суурилсан бүтээгдэхүүн, төсөл, компаниудыг гаргаж ирдэг хөрөнгө оруулалтын студи (venture studio) гэж тодорхойлж болно. Бид санааг технологитой холбодог, технологид суурилан шинэ санаа гаргадаг. Мөн нийгэмд хэрэгцээтэй байгаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зохиож зах зээлд нэвтрүүлдэг. Venture studio маягаар ажиллана гэдэг нь энэ бүгдийг загварчилж, хооронд нь нийлүүлж, интеграц хийж, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалт хийж, бусад хөрөнгө оруулагчтай холбож, хамтран бүтээгдэхүүн гаргадаг бизнесийн загвар юм. Хамгийн анх Shoppy.mn-ийг зах зээлд нэвтрүүлж дараа нь технологийн “Cody” компаниа байгуулж байлаа. “Cody” нь дотоодын 100 орчим аж ахуйн нэгжид түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Товчоор эдгээр аж ахуйн нэгж манай технологийг ашиглаж бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Бидний хамтран бүтээлцэж хөрөнгө оруулалт хийсэн, хувьцаа эзэмшдэг бусад бизнесээс дурдвал такси үйлчилгээний UbCab аппликейшн, аялал жуулчлалын JoinMe платформ, IOT төрлийн төхөөрөмжтэй харьцаж программчлал хийдэг “SEM” компанийг нэрлэж болно” гэлээ. Цар тахалтай хоёр жил орчим хугацааг өнгөрүүлж, хөл хорионд хэдэн сар хоригдсон ч монголчуудын оюун санаа хоригдоогүй гэдгийг гурван өдөр үргэлжилсэн энэ арга хэмжээ батлан харууллаа. Одоо бид 5G сүлжээ нэвтрэх үед амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй боллоо.

 

 

Б.Должинжав

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин