Аливаа улс орон, ард түмний амьдрал тун олон хүчин зүйлээс хамаардаг болохоор “байгаа боломжиндоо тулгуурлан хүссэнээрээ,чөлөөтэй аж төрөх” нөхцөл ер байдаггүй ажээ.

Гадаад орчны оролцоо шахаа, дотоод дахь элдэв зөрчил, бэрхшээл, төр засгийн алдаа, том хэмжээний авилга, дээрээс нь дайн самуун, өвчин тахал гэх мэтийн сөрөг үзэгдлүүд өчнөөн төчнөөн зардал, сүйтгэлийг буй болгодог. Энэ бүхэн бүгд л ард түмэнд очих байсан хөрөнгө, мөнгө, баялгийг хасаж хорогдуулдаг.

Зөвхөн л авах, завших, баяжихыг хичээдэг “бирд болсон” улс төрчид, сайдуудтай бол хүн амын ядуу доод давхраа битгий хэл нилээд чадварлаг дунд давхраа хүртэл тун ч хүнд нөхцөлд ордог. Ажлын байрны өндөр түрээс, зээлийн өндөр хүү, түүхий эд материалын үнийн өсөлт, авилгач дарга нарын мөлжлөг, дарамт, гадаад валютын үнэ ханшны өсөлт, байнга өссөөр байдаг инфиляци мэт нь жижиг дунд үйлдвэрүүдийг сөхөрч унатал нь нэрмэж байдаг.

 

Дэлхийн хэмжээнд авч үзэх юм бол өмнө яригдсан бүхнээс хамаагүй их хор хөнөөлтэй нэг том хүчин зүйл буй. Энэ бол зэвсэглэлд зарцуулдаг хөрөнгө ба дайн юм. Дэлхийн хэмжээний том дайн,

тивийн хэмжээний дайн, хоёр улсын хоорондын зэвсэгт мөргөлдөөн, дээр нь зэвсэглэлээр хөөцөлдөж зарцуулсан их мөнгийг нэмэх юм бол энэ бүгд дэлхийг диваажин болгоход хүрэлцэхүйц их баялаг юм.

Дэлхийн нэгдүгээр дайн, дэлхийн хоёрдугаар дайны учруулсан хор хөнөөл Ази, Европын олон орны амьдралыг там болгож хувиргажээ. Энэ дайнд хүчтэй, хөгжингүй, соёлтой гэгдэж байсан бараг бүх орон оролцжээ. Энэ хоёр дайнгүйгээр бүгд л амьдарч болох байв. Цаг бусаар амиа алдсан 100 гаруй сая хүн /тэдний ихэнх нь цэл залуу хүмүүс!/, эвдэрч сүйдсэн олон арван хот, тосгон, шархдаж тахир дутуу болсон, уй гашуугаас болж галзуурч солиорсон олон мянган иргэд, өнчирч хоцорсон хүүхдүүд ийм балгийг өндөр хөгжилтэй гэгдэгч орнууд тарьжээ. Ингэхлээр өндөр хөгжилтэй орнуудын ихэнх нь зөв, ухаалаг амьдарч чаддаггүй ажээ. Гэтэл хөгжлөөр сул, ядуувтар мөртлөө хүн ам нь аюулгүй, тайван, байгаадаа сэтгэл хангалуун, бүр жаргалтай гэхээр аж төрдөг улс орон бас бий.

Орчин үе гэхэд л агаар, ус, хөрс, шороогоо хордуулж гүйцсэн өндөр хөгжилтэй орнууд байнаа.

Иргэд нь мөнгөтэй, гэхдээ бие, сэтгэл нь эрүүл бус. Иргэд нь тарган, цатгалан, гэхдээ урт наслах ирээдүй үгүй. Цэрэг, арми нь хүчтэй, гэхдээ хотуудад нь эсэргүүцлийн жагсаал, ажил хаялт, өлсгөлөн, зэвсэгт халдлага, галдан шатаалт, баривчилгаа, хүчирхийлэл байнгад шахам гардаг. Иргэд амиа хорлох үзэгдэл жилээс жилд нэмэгдэж байдаг. Ийм улс орныг зөв, ухаалаг амьдарч байгаа гэх үү?

Хөгжилтэй, баян атлаа зөв биш, ухаалаг бус амьдардаг улс орны тоо цөөрөх бус өсөх хандлагатай болчихжээ.

Томоохон, эсвээс нилээд баян улс орон бүр л зэвсэглэлээр хөөцөлдөх болов. Дэлхийн хоёрдугаар дайны сургамж ч мартагдах аястай боллоо. Дэлхийг диваажин болгож чадах их хөрөнгө, баялаг дахиад л дэлхийг там болгож хувиргах хэрэгт зарцуулагдаж болзошгүй байна. Нэг нь нөгөөгөө алж чадах хүчтэй, хортой бүх төрлийн зэвсэг хэрэглэснээр хүн төрөлхтөн сүйрч, мөхөж ч болох юм. Хүмүүс бид ядахдаа шимпанзенуудыг устгалгүй үлдээчих юмсан! Яахав эх дэлхий маань дахиад л оюун ухаантай амьтантай болог. Урд хөл нь гар болох, биен дэх үсээ бүрэн гээх, хүнийхтэй бараг адил шахам ген нь хувьсаж хүнийхтэй адил болоход тэдэнд 200-500 мянган жил л хангалттай. Ингэтлээ хувьсах, хөгжих орон зай, цаг хугацааг шимпанзенуудаас булаагаад хэрэггүй шүү дээ....Тэд мод, чулуу, ясан зэвсэг хэрэглэж сураад дорхноо л хомосапиенсын шинэ сүргийг буй болгочихно.

 

Улс орон, ард түмнийг уруу татдаг гол гол хүчин зүйлүүдтэй тэмцэх ажлыг НҮБ эрс шийдэмгий идэвхжүүлмээр байна. Зэвсэглэлээр хөөцөлдөх, цэрэг армийн хэмжээг томруулах, төр засгийн хэмжээ хэтэрхий занхайх, мухар сүсэг сохор итгэл хэтийдэх, авилга газар авах, боловсрол болон эрүүлийг хамгаалах ажил мөлжлөг, бизнес болж хувирах, нийгмийн ухамсрыг хордуулах, буруу тийш нь хөтлөх, алан хядах, үйл ажиллагааг дэмжих, мансууруулах бодис хэрэглэх зэргийг хүн төрөлхтний амьдралаас бүрмөсөн зайлуулмаар байна.

2020 оны эмгэнэлт баримт гэхэд бараг л ах дүү шахам хоёр орон /Азербайджен, Армен/ ялимгүй гэхээр шалтгаанаар хоорондоо байлдаж олон мянган хөвгүүдийн амь насыг хөнөөлөө. Алагдсан, шархадсан хүмүүс, урссан цус, нурж сүйдсэн барилга, өнчирсөн эх үрс...нүд хальтрам, зүрх шимшрэм үзэгдлүүд.

Зэвсэг хэрэглэж, цус нулимс урсгахгүйгээр асуудлыг шийдэж чаддаггүй төр, засаг бол мохоо, мулгуйд төр, жирийн хүмүүст хэрэггүй, элэггүй төр юм. Энэ хоёр улс орон багаахан газар нутаг булаацалджээ.

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав