“Ковид-19” цар тахлын вирус Монгол Улсад дэгдээд хоёр жил шахам болж буй энэ цаг үед манай эрүүл мэндийн салбар ямархан өнгө төрхтэй байгааг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг эмнэлгийн өрөөнөөс хөндөн бичсээр байгаа билээ.

Энэ салбарын хүнд суртал, эмнэлгийн зутруу орчин нөхцөлийг ил болгож эхэлснээр засч сайжруулах өөрчлөлтүүд хийгдэж байгаа аж. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцлаа.


-Халдварын нөхцөл байдал улс орон даяар хүндхэн байгаа цаг үед хэвлэлийн фронтод ажиллаж буй мэргэжил нэгтнүүд маань өртөх тохиолдол олон байна. Тэр дундаас монгол түмэн нийтлэл, ярилцлагыг та хүлээн уншдаг сэтгүүлч таныг эмнэлэгт хүргэгдсэн мэдээ дуулаад сэтгүүлч бидний зүгээс ч, уншигчдын зүгээс ч сэтгэл зовниж байна. Бие тань яаж байна?

-Надад санаа тавьсан та нартаа маш их баярлалаа. Би их хичээсэн юм аа. Дэндүү их хичээж яваад аргагүй сая өртчихлөө.

Хамгийн сонирхолтой нь би ханиалгаж эхлээд л түргэвчилсэн тестээр хоёр өдөр дараалан шалгахад хариу сөрөг л байсан. Гурав дахь өдөр нь гэр бүлээрээ PCR өгсөн. Мөн л сөрөг. Гэвч бие маань огцом муудсан. Тэгэхээр нь дахиад түргэвчилсэн тестээр шалгатал хариу эерэг гарсан. Гэртээ дөрөв хоног өөрийгөө эмчлэх гэж хичээсэн ч үнэхээр хүндэрсэн. Ингээд УОК-т хандаж байж тандалтын дуудлагын машинаар өнгөрсөн баасан гаригийн орой ХӨСҮТ-д ирсэн л дээ. Халуунтай, хөлстэй байсан. “Гадаа гараад ир” гэхээр нь гараад иртэл ирдэггүй. 30 минут цасан хялмаан дунд хүлээж зогсоод сая л нэг машин ирж, эмнэлэг бараадаж байгаа юм. Тэр өглөө нь Улсын Хоёрдугаар төв эмнэлэг рүү бас дуудлага өгсөн. Түргэний эмч ирээд “Ковид биш байна” гээд явсан л даа. Үнэндээ л төөрөлдүүлээд хаячихсан.

-Ийм хүнд цар тахлын үеийн гол найдвар, улсын төв эмнэлэг нь ХӨСҮТ. Манайд өвчин дэгдээд хоёр жил шахам болж байна. Гэтэл тэр том эмнэлэг халдвар хамгааллын наад захын орчин нөхцөлгүй байгааг таны сошиал сүлжээнд тавьж буй мэдээллүүдээс харж байна. Олон нийтэд ил гаргаагүй нь ч байгаа байх. Анх очиход орчин нөхцөл, үйлчилгээ ямар байв?

-За, тэгээд эмнэлэг л бараадаж байвал бурхны аврал гээд цүнхээ чирээд орж ирж таарна. Бурхан минь, өрөөнд ороод иртэл хоёр эмэгтэй хэвтэж байна. Ирээд хоёр хонож байгаа улс гэнэ. Тэр ор хөнжил мөнжил үнэндээ л хэцүү юм. Нүдээ аниад л авчирсан даавуугаа углаад ороо засаад сууж байгаа юм. Дэр мэр ч өгдөггүй. За яахав. Эмчилгээ гэж яав аа. Жижүүр эмч нь орж ирээд үзсэн ч үгүй. Харьцаа марьцаа бол үнэн доромж, үл тоосон хандлага. Сувилагч нь витамин C, витамин D, аспирин өгөв. Би хоёр хоног ганцхан цефотаксим гэж булчин тарианаас өөр эмчилгээгүй, амьсгаа өндөр, даралт өндөр хэвтээ босоогийн завсар шаналсан. Гурав дахь өдөр нь буюу бүтэн сайнд анх удаа намайг эмч шиг эмч орж ирж үзлээ. Тэр хүн бол уушгины Хишигжаргал гээд эмч байсан.Анх удаа нуруун дээр чагнуур тавингуут нь би асгартлаа уйлсан. Даралтаа гуйж үзүүлтэл 190:100 болчихсон байсан. Тархи хагарах гээд, хамар ам битүү хоёр хоног тэссэнийхээ дараа би уйлаад тэр эмчид хэлсэн. “Ингэж болдог юм уу, хүнд ингэж хандаж болно гэж үү” гэж. Тэгээд тэр эмч эмчилгээ бичсэн. Тэдний нэг сувилагч ажлаа хийж яваад халдвар аваад бас л хажууд орж ирж хэвтэж байгаа юм, намайг ирээд нэг хоносны дараа. Тэр сувилагч дээрээ бүгд сүнгэнэлдэж орж ирээд л язганатал эмчилгээг нь хийж байгаа байхгүй юу. Тэгэлгүй яахав. Улаан бүсэд нуруугаа бөгтөртөл ажиллаж яваад өвдчихөж байгаа хүн. Би юу гэж тийм хүнтэй барьцах юм. Гэхдээ яг адилхан хүн хажууд нь эмчилгээ авч, ядаж амьсгалаа уужруулж ч чадахгүй аясыг нь хүлээгээд бөглөрчих гээд бүлтгэнээд хэвтэж байхад мораль нь харагдаж л байгаа юм. Тэр сувилагч ч өөрөө санаа нь зовоод байгаа нь илт байсан.

-Өвдсөн хэрнээ таныг эмнэлгийн орчин нөхцөл, хүнд суртлын талаар хүчтэй дуугарч байгааг харж байна. Бид бол "мэргэжлийн өвчин" гэдгийг мэдэж байгаа. Харин зарим уншигчид "Эмнэлэг олдсон нь болоо юм биш үү" гэх хандлагатай байна уу даа?

-Над руу аймшигтай дайрсан. Дайруулж ч байна. Чатаар маань “Чи хуцалгүй байгаач. Чи яг өвчтөн мөн үү. Дуугүй хэвт”, “Манай эмнэлгийг муулан барин та хэвтэх шаардлагагүй ш дээ” гэх мэт мессэжээр нүдсэн байна. Ой гутмаар болжээ, манай зарим иргэдийн урамсар, аливаад хандаж буй хандлага. Ийм болоод л толгой дээрээ хогийн юмнуудаар угаадас цацуулаад, сонголтоо худалдаад ар өврөө ч бодохгүй мунхагийн мананд живж байна. Нэг муу ахлах махлах гэх мэт ажилтай, тэр нь даргаас нь хамаарч байдаг ажилтнуудын зарим нь л ингэж тавиул нохой шиг намайг урж зууж байгаа шүү дээ. Түүнээс биш эндхийн нийт олонх тэгээгүй. ХӨСҮТ-д энэ эмнэлгийг арван хэдэн жил жонхууруулсан Д.Нямхүү даргыг хүндэтгэдэг хүн ховор байх аа. “Яана аа, одоо эргээд ирэх юм биш биз дээ” гэж шивнэлдэж байна. Тэгэхэд тавхан сар цар тахлын хурц өрнөлийн үед эмнэлгийг удирдаж ажиллаад, учир битүүлэг золиослогдоод явсан Л.Баттөр захирлыг эмнэлийнхэн санан дурсаж байх юм. Хийж бүтээх чин зүтгэлтэй хүнд таван сар ч багаддаггүй юм билээ. Энд тэр хүн маш том ул мөр, гэрэл гэгээ үлдээгээд явсан шүү гэж над руу ажилтнууд нь зурвас бичиж байна. “Таны наад шүүмжлээд байгаа жорлонгуудыг Л.Баттөр захирал солиод явж байсан юм. Тэр ажил одоо хийгдээд явж байгаа юм аа” гээд дөнгөж сая таныг надтай холбогдохоос өмнө нэгэн залуу ажилтан зурвас бичсэн байх жишээтэй.

-Асуудлыг нь олон нийтэд ил гаргаад ичээгээд эхлэхээр танд ямар нэгэн дарамт шахалт ирж байна уу?

-Би сэтгүүлч хүн. Ерөөсөө нүд минь хөдөлж байгаа цагт тархи толгой, яс цусанд энэ нэг ажлын онцлог шигдээстэй байх юм шиг байна. Хэн л өөрийгөө эрсдэлд хийн барин, доромжлуулж зүхүүлэн байж газар газрын ялзмагтай ноцолдож явах дуртай байх юм бэ.

Манай ах, нөхөр энэ тэр намайг эмнэлэгтэй муудлаа гээд үзэн ядаад сүйд болдог. Өнгөрсөн бүтэн сайнд би Эрүүл мэндийн сайд руу мессэж бичсэн юм. Наад захын харилцаа байхгүй дурак байна билээ. Тэгээд наашаа хэлсэн юм шиг байгаа юм. Эмнэлгийн орлогч дарга нар гээд хоёр гэтсэн хүүхэн орж ирээд гарсан. Орлогч дарга эмэгтэй бол миний дэргэд сурцтай дарганцар байна билээ. “Тайван байх хэрэгтэй, тайван л байх чухал” гэх мэт хэнд ч хэрэггүй нэг тийм худлаа үг хэлээд л ( инээв). “Бид сошиал ордоггүй” ч гэх шиг, юу ч гэх гээд байгаа юм. Үнэхээр инээдтэй, гадагшаа хөөрхөн царайлаад л, “Харин тийм ээ, бид ч тахлын үед хэцүү л байна” гэсхийгээд гарна лээ. Гурав дахь өдрөө хэвтэж байж эмчилгээ авч, судсаар тариа авч, амьсгаа арай тавигдаад байж байсан маань тэр л дээ. “Зөвхөн судас тариа л эмчилгээ гэсэн үг биш л дээ” ч гэх шиг. Амьсгал нь хаагдчих гээд, цээж нь шатаад, булчин задарчих гээд байгаа хүн шүү дээ, би. Бас юм юмныхаа зах зухыг мэднэ шүү дээ. Одоо иймэрхүү л юмнууд дарга хийж байгаа шүү дээ. Тэдний л нийтлэг төрх харагдаад инээд хүрч байлаа. Би бас энэ Засгийн газрын бүтцэд байдаг нэг агентлагийнх нь захирал хүн. Бидний ялгаа нь би нийгэм дагасан карьертай. Эд маань дарга дагасан, нам дагасан карьертай. Би бол уншигчдын дунд гучаад жил амьдарсан, насан турш иймэрхүү дүр эсгэсэн юмнуудын арьсыг хуулж явсан фигур. Надад ерөөсөө нэрээ хичээн гэтэж, ар өврөө бодож, аятайхан царайлж явах хэрэг байхгүй. Орж ирэхээс нь биеийн хэлэмжээс нь л би нэвт уншина. Үүднээс л нэг муу ахмад сувилагчаа загнасаар орж ирж байгаа юм. Тэр сувилагчид хамааралгүй шахам том том ёс зүй ярьсаар орж ирсэн. Энд нэг ор байна шүү дээ. Яагаад хэлээгүй юм. Сул ор яагаад байж байгаа юм гээд л. Яг үнэндээ орыг тэр сувилагч эгч мэдэхгүй л дээ. Эгдүү хүрээд гоё цагаан халаатных нь хормойгоор ханыг нь арчаад харуулчихмаар л санагдсан.

Өвдсөн хүн ямар л олигтой харагдах вэ дээ, намайг их сонжиж байна билээ. Хүний толгойн доторх, цээжний цаадахтай харьцаж мэддэггүй. Өнгө зүс, ядруу маягийн гадаад байдал мэтэд жигтэйхэн ихэрхчих гээд л, хөөрхөн сургаад л… Надад өрөвдөлтэй, гэнэн харагдсан.

-Та гадаад улсаар нэлээд явсан байх. Бичдэг сэдвийнхээ талаар ч харж явсан болов уу. Гадны улсын эмнэлэгтэй улсаа харьцуулахад ямар байх юм?

-Би хятадад Бээжингийн их сургуулийн харьяа эмнэлгүүдэд олон жил эмчлүүлсэн. Сүүлд Бээжингийн Япон-Хятадын эмнэлэгт хагалгаанд орсон. Японд Токиогийн их сургуулийн харьяа эмнэлэгт үзүүлж байлаа. Парист, Орост, Өмнөд Монголд гээд эмнэлгүүдээр явсаан явсан. Хойд Солонгост ч муудаад эмнэлэгт үзүүлсэн. ( инээв) Би эрүүл мэндийн хувьд жаахан асуудалтай хүн л дээ. Эмчилгээндээ явж чадахгүй л хоригдоод байж байна.

Стандартыг хүнтэй хүн ёсоор харьцахаас нь эхлээд харьцуулах хэрэгтэй. Бусдыг нь орхиё. Зүгээр л этик, харилцаан дээр л тэнгэр газар шиг ялгаа байдаг. Соёлтой нийгэмд эмнэлгийнхэн өвчтөн, үйлчлүүлэгч нарынхаа дарга нь байдаггүй юм. Манайд бол шууд өвчтөнийхөө дарга шүү дээ. Тачигналдаад л явчихна. ХӨСҮТ-ийн хамгийн том бахархал нь сувилагч нар дээрээ явдаг ч байж мэднэ. Ямар мундаг юм бэ. Чадалтай, тэр их ачаалал дунд харилцааны таагүй, өө сэв ч үзүүлэхгүй. Тэднээр үнэхээр бахархаж байна.

-Таны ил болгосон зураг дээр ариун цэврийн суултуур, орны хөшиг гээд л харахад нүд хальтрам дүр зурагтай байсан. Харин өнөөдрөөс шинэчлэгдэж байгаа бололтой. Нэг талдаа сайн мэдээ. Нөгөө талдаа эрүүл мэндийн салбарын хувьд ичгэвтэр зүйл болж байх шиг?

-Одоо энэ сайд багаа аваад буумаар юм. Үнэхээр салбар нь хүлээж авахгүй байна. Дээшээ таалагддаг, доошоо новшийн ул мөр үлдээж явдаг хүн эрүүл мэндийн салбарын зүтгэлтэн байх миний хувьд лав маш хэцүү санагддаг. Том эмчийн ард том хувь хүн байдаг л даа. Тийм эмч нартай учирч явсаан, явсан. Сул хүн сул баг л бүрдүүлдэг. Нэг тийм юм туршлагаас харагддаг.

-Ийм нөхцөл байдал өмнө нь ч байсаар л ирсэн. Бусад олон өвчтөн харж л байсан. Гэхдээ ил гаргаж хэлж байгаагүй, шүүмжилж байсан нь тун ховор. Тэдгээр хүмүүс үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байсан айдас юу юм бэ?

-Орж ирсэн эмч нар бол надтай ер нь хөгийн харьцаж байна. Маш хагас дутуу. Цаанаасаа зэвүүрхээд л... Тэдний энэ жишиг нь л өвчтөнүүдийг айлгадаг байлгүй дээ.

-Та аль ч том эмнэлэгт очоод эмчлүүлчих хүн. Гэтэл яагаад заавал ийм орчин нөхцөлтэй эмнэлгийг бараадах болов?

-Надад эмнэлэг олдоогүй. Би муудаад арга буюу УОК руу залгасан. Ер нь үхэх гэж байж за, одоо хэвтэж, хэрэлдэж үзээгүй тэр эмнэлэгт нэг очоод үзье гээд онилоод суух уу.

Би эрүүл мэндийн салбарыг маш их шүүмжилдэг. Одоо ийм хүнээс бүгд залхана шүү дээ. Миний нэг том дарга найз байдаг юм. Бүр харьцахаа больсон байна лээ. Би найзаа гэж бодож явсан юм. Түүнд “Би бие муудлаа, үхэх нь ээ” гээд бичихгүй юү. Намайг бүр үзэн ядаж байдаг болсон байна лээ. Жаахан тайвшраад бодож байхад миний инээд хүрч байна. “Зөвхөн Монголд“ гэж хөгтэй ном бичих юмсан. Надад тунчиг марзан юм их тохиолдож байна аа.

-Та эрүүл мэндийн салбар, эмнэлгийн хүнд суртлын талаар олон жил дуу хоолойгоо өргөж, нийтлэл ярилцлага бэлтгэж ирсэн хүн. Тав, арван жилийн өмнөхөөс манай эрүүл мэндийн салбар өнөөдөр дээрдэж байна уу?

-Үүд хаалга, угтан авах цэгүүд өөрчлөгдсөн. Мөн цахим хувьсгал учиргүй төгс биш ч хийгдэж байгаа шүү. Залуу эмч нар маш мундаг болсон. Тэд бол өөр үеийнхэн. Жаахан хүйтэн, хүний зовлонгоос хол л төлөвшиж байж мэднэ.

-Эмнэлгийн орчин нөхцөлөөс гадна эмч, ажилтнуудын хүнд суртал гэж нэг том асуудал бий. ХӨСҮТ-д ийм байдал ямар байх юм?

-Ачаалал бол аймаар. Ер нь улсын эмнэлгүүд бүгд ийм байна. Хувийнхан яахав дээ, гаднаа нэг их гялгар маск, хөдлөөд л бөөн мөнгө. Ийм зовлонг тэд нуруун дээрээ авахгүй байгааг бид бүгд л харж байгаа. Тийм ч учраас сайн муугаа ил тод ярьж байж улсын эмнэлгүүдээ янзалж авмаар байна шүү дээ. Түүний тулд л орилоод байгаа юм, тэмцээд байгаа юм. Үүнийг яагаад эрүүлээр ойлгож хүлээж авч чадахгүй байгааг л гайхах юм. Одоо болтол тасгийн эмч маань надтай хүн ёсоор уулзаж, “Танд ийм, ийм эмчилгээ өгч байна. Ийм ийм учиртай, өвчин тань ийм явцтай байна” гэж танилцуулаагүй байна. Эртээд нэг жижүүр эмч залуугаас асуусан юм. “Эмч ээ, би ямар төрлийн вирус авснаа мэдмээр байна. Корона дотроо нөгөө дельта нь уу, юу нь вэ” гэж “Мэдэхгүй. Гадагшаа лобарторид очихгүй юу” гэчихээд гараад явсан.

-Өнөөдөр суултуур, хөшиг, цонхоо солиод өнгөрөх нэг хэрэг. Анхнаасаа ийм бохир заваан, бодлогогүй, уруу дорой биш байх боломж байсан, энэ салбарт. Яавал монголчууд эрүүл мэндийн үйлчилгээг хүнд сурталгүй, тав тухтай орчинд авах вэ?

-Гэрэл чийдэнгүүд бүгд өрөөл татанхай. Тааз нь нурж байна. Шороо татсан ханан дээр нь хуруугаараа юм бичмээр дагширчихсан. Энэ олон жил төсөв аваагүй явна гэж юу байх вэ дээ. Удирдлагын цэвдэг байдал. Төсвийн үргүй зарцуулалт, хулгай л байгаа шүү дээ, энэ бүх ялзралын ард.

Д.Нямхүү үндэслэлгүй ажлаас халагдлаа гээд шүүхдэж явна. Ичих хэрэгтэй, тэр хүн. Шалгуулах хэрэгтэй. Хүмүүс энд үхэж үрэгдэж байна. Яг одоо би цонхоор гурван эмэгтэй ажилтан носилктай талийгаачийн цогцсыг дааж ядан өргөж явааг зүрх шимшрэн харж зогсоно. Ойр дотны хүнээ алдаагүй гэр бүл гэж алга. Миний ч гэр бүлд тохиолдоод шаналал гунигаасаа салаагүй л явж байна. Над дээр орж ирж сонжиж гараад худлаа арьсаа хамгаалсан юм цаашаа яриад сууж байгаа дарга эмэгтэй хэзээ ч энэ гурав шиг шарил зөөхгүй шүү дээ.

Үнэтэй бенцээ эмнэлгийн үүдэнд хөндөлсүүлээд тавьчихдаг байсан гэх Д.Нямхүү ийм ачаа үүрээгүй юм. Үнэхээр энэ эмнэлгийн хана туурга их юм хүүрнэх юм даа.

-Хүнд нөхцөлд бодит байдлыг таниулж ярилцлага өгсөнд баярлалаа. Хурдан эдгэх болтугай.

Б.ЭНХЗАЯА