Тал нутгийн нүүдэлчид эртнээс нутаг ус, байгаль дэлхийгээ шүтэж тахиж ирсний тод ул мөр бидний амьдралд өнөөдөр ч байна. Улаанбаатарын иргэн хэнбуйгайн ч зүрхэнд төрсөн нутаг ус нь уяатай байдаг. Монголчууд нутаг амьтай, зуны дэлгэр цагт гүйгүүл морь шиг нутгаадаа яарна. Сайхан л юм, дурсах, санах, яарах, хайрлах дээдлэх зүйлтэй байна гэдэг. Гэхдээ нутгархах энэ үзлийг хэт дэвэргэх, нугалах гэсэн үзэгдэл хаа сайгүй гарах болсон нь эмзэглэл төрүүлж байна. Нутгархах үзэл хэт дэвэрвэл гамшиг дагуулдаг. Тиймээс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд энэ талаар маш тодорхой зааж оруулжээ. Тодруулбал, “...Иргэдийг үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, нутгархах үзлийг дэврээх, энэ шалтгаанаар хүний эрх, эрх чөлөөг зөрчих, улмаар үндэсний эв нэгдлийг сарниулж, дотоодын тогтворгүй байдалд хүргэж болох илрэлтэй хатуу тэмцэл хийнэ...” гээд тов тодорхой заагаад өгчээ. 1950-иад оны үед буриад цустай хэнийг ч тултал дэмжиж тусалдаг хүчирхэг холбоо байсан гэдэг, Буриадын холбоо гээд. Одоо манай аймаг бүрт байдаг Нутгийн зөвлөл гэдэг шиг юм уу даа. Магадгүй 1937 онд эр хүйстэй бүхнээ хядуулсан буриадууд ингэж нэг нэгнээ дэмжиж байсан байх. Үүнээс үүдэлтэй юү, өдгөө аймаг бүр нутгийн зөвлөл гэдэг зүйлтэй болжээ. Аймгуудын нутгийн зөвлөл одоо бүр утгаа алдсан. Нутаг усаа хөгжүүлэх, дэмжих гэдгээсээ халтирч жалга довны үзлийг гааруулсан гэхэд болно. Ямартаа л төрийн наадамд Улаанбаатарт төрсөн Увсын харьяат бөх түрүүлэхэд төв цэнгэлдэхэд Увс нуур дууг дуулж байхав дээ. Өнөөдөр манайд нутгархах үзэл ингэтлээ явцуурч, жалга довны агуулгатай, өчүүхэн хэв шинжтэй болон тогтож байна.

2019 онд Увсын гишүүд улс байгуулах шахам төсөв аймагтаа тавьсан талаар шуугьж байлаа. Зарим аймгууд 5-7 тэрбум төгрөгийн төсөвтэй байхад Увсаас сонгогдсон сайдууд аймагтаа 50 гаруй тэрбум төгрөг тавиулж байсан удаатай. Угтаа бол улс орон гэдэг хамгийн түрүүнд аль салбараа хөгжүүлэх вэ гэдэг дээрээ хөрөнгө оруулалтаа дэмждэг болохоос хэн эрх мэдэлтэй, зальтай нь аймаг сум руугаа мөнгө зөөгөөд гүйгээд байдаггүй л дээ. Тиймдээ л өнөөдөр манай экспорт, импортын хамгийн том гарц болох хойд, урд хилийн чөлөөт бүс гэдэг зүйл үлгэр хэвээрээ байсаар л байгаа юм. 

Одоо ирэх жилийн улсын төсвийг ид хэлэлцэж байна. Улс даяар хаана юу барьж байгуулах, аль газраа хэдэн төгрөг хуваарилах гээд ярьж байгаа. Гэтэл Хэнтий, Баянхонгорт хэтэрхий үрэлгэн байдлаар төсөв хуваарилж байгаа талаар гишүүд шүүмжилж эхлээд байна. Өнөө л Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар маань гэрээсээ хулгайлж гүйгээд байдаг айлын бэр аятай тоотой хэдэн мөнгөнөөс ахиухныг тасдаж аваад аймгаадаа гүйх гээд байгаа бололтой. Хууль тогтоох дээд байгууллагын дарга болон Гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг бол өчүүхэн жалга довын үзлээсээ салсан, хат суусан ухаалаг хүмүүс байх ёстой. Тэд улс орны хөгжил ярьж, холыг харж төлөвлөж суух ёстой хүмүүс. Хэнтий аймагт гэхэд ирэх жил нийт 90 том төсөл хэрэгжүүлэхээр 200 гаруй тэрбум төгрөгийн төсөв тавьжээ. Хүн амд нь хуваагаад үзвэл Хэнтийнхэнд бусад аймаг, хотуудаас хамгийн их мөнгө ногдож байгаа юм. Зах зухаас нь харахад Дэлгэрхаан суманд Монголын нууц товчоо цогцолборын барилга, Норовлин суманд Шихихутаг цогцолборын барилга гэх мэтээр ахиухан мөнгө суулгаж өгчээ. Мөн хоёр ч суманд онгоцны буудал барих талаар яригдаад шуугиулаад байгаа. Эд бол амин чухал яаралтай хийх бүтээн байгуулалт биш. 

Монгол төрийн томилгоо, эрх баригчдын үйлдэл мөн л жалга довон дотроо эргэлдэж байгаад бид мөн шүүмжлэлтэй хандаж байна. Монголын төр аль л дөнгүүр эрдэм чадалтай, сортоотой толгой сийрэг бүхнээ аймаг сумаар ялгаварлалгүй ажиллуулж, хүчийг нь ашиглах ёстой. Гэтэл аль аймгийн хүн төрд өндөр алба хашна, тэр аймгийнхан өөдөө гардаг хөгийн муу хэвшилтэй болчихлоо. Өөрийн ангийн хүүхэд, нутаг нуга, таньдаг мэддэг, хамаатан саднаа хуйгаар нь өөрийгөө тойруулан томилж байгаа эмгэнэлт дүр зураг тод харагдаж байгаа. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд Энхболд Ерөнхий сайдтай нэг ангийн хүүхдүүд. Цагдаагийн дарга, АТГ-ын дарга, Хил хамгаалахын дарга нар мөн л Хэнтийнхэн гээд бодохоор тун явцуухан тойрог дотор эргэлдэж, тойрон хүрээлэгчдээ нутгийнхнаараа дүүргэж тавьжээ.