Өнөөдөр дэлхий дээр амьдарч буй дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байна гэсэн судалгаа бий. Ихэвчлэн залуучуудын дунд тархалт өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж сэтгэл зүйн асуудлыг чухалчлан анхаарах ёстойг сануулсаар байна. Энэ талаар “Элбэрэлт” эмнэлгийн сэтгэл зүйч М.Далайцэрэнтэй ярилцлаа.

 

 

 

-Сүүлийн жилүүдэд манай улсад залуусын дунд сэтгэл зүйн эмгэгүүд хэр их ажиглагдаж байна вэ. Шалтгаан нь юунаас үүдэж байгаа бол?

 

-ДЭМБ-аас 2030 гэхэд хүн төрөлхтний хамгийн том асуудал нь эдийн засаг, байгаль орчны асуудалтай адил сэтгэл гутралаас үүдэлтэй асуудал болно гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа. Монгол Улсад таван хүн тутмын нэг нь сэтгэл зүйн ямар нэг асуудалтай байдаг гэсэн судалгаа бий. 1980, 1990-ээд онд хийгдсэн стрессийн гаралтай эмгэг болон донтолтын судалгааг сүүлийн жилүүдийн судалгааны үр дүнтэй харьцуулахад стрессийн гаралтай эмгэг 10 дахин, донтолтын эмгэгүүд 30-40 дахин ихэссэн гэсэн статистик гарсан. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн эмгэг буюу сэтгэл зүйн асуудал нь нийгэм хөгжихийн хэрээр ихэсч байна. Нар хэдий чинээ тод гэрэлтэнэ, төдий чинээ сүүдэр үүсдэг гэдэгтэй адил. Сэтгэцийн эмгэг нь нийгмийн сүүдэр болон илүү томорсоор байгаа. Сэтгэл зүйн зөвөлгөө авч буй хүмүүсийн ихэнх нь 18-35 насныхан байдаг. Ихэвчлэн гэр бүл, салалт, араар тавих асуудлаар ханддаг. Нас насны сэтгэл зүйн асуудал, хямрал өөр.

 

-Хүний аливаа нийгмийн статус солигдоход сэтгэл зүйн хувьд хүндрэлтэй байдалд ордог уу. Ялангуяа залуусын хувьд их сургуулиа төгсөөд ажил, амьдралын хариуцлага хүлээж авахад?

 

-Нийгмийн статус солигдох нь хүний амьдралын тун эгзэгтэй үе. Оюутны ширээнээс ажлын байранд гарахад мэдээж хүндрэлтэй, сэтгэлийн хямралтай тулгардаг. Хэрэв нэгээс хоёр жилийн хугацаанд үүндээ дасан зохицож чадахгүй бол дасан зохицохын эмгэг үүснэ. Жишээлбэл, зарим хүмүүс гадаадад очоод дасан зохицож чадахгүй эргээд ирдэг. Дасан зохицох нь гурван үе шаттай. Эхний үе бол хөөрлийн үе. Гадаадад дөнгөж очмогц шинэ соёл, орчныг хараад хүн хөөрдөг. Дараа нь соёлын ялгаа ба гутралын үе гарч ирнэ. Амьдралын өөр хэв маяг, хүмүүсийн ялгаатай сэтгэлгээ гэх мэтийг мэдрээд гутарч эхэлдэг. Энэ үед дасан зохицох чадвар алдагддаг. Үүний дараагаас тухайн орчиндоо дасан зохицож цааш байх уу, үгүй юу гэсэн чухал үе эхэлдэг.

 

Түүнтэй адил залуус нийгмийн статус өөрчлөгдөх, ЕБС-ийн сурагчаас оюутан болох, оюутны ширээнээс ажлын байранд гарах зэрэгт айдастай, түгшилтэй болдог. Удаан хугацаанд стресстэй, сэтгэл түгшилттэй байхаар хүний мэдрэлийн үйл ажиллагаа сульддаг. Тэгэхээр ажлын чадвар нь буурч, хоолны дуршил алдагдаж, хүсэл тэмүүлэлгүй болно. Хэрэв энэ асуудал зургаан сар болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилвэл сэтгэцийн эмгэг болох үндсэн шалтгаан болдог. Монголд сэтгэл түгших эмгэг, депресс буюу сэтгэл гутрал, нойргүйдэл давамгайлдаг. Энэ эмгэгээр залуус ч өвддөг.

 

-Тэгвэл шилжилтийн үеийн сэтгэл зүйн хямралаа хэрхэн даван туулах вэ?

 

-Тухайн хүн стресс тайлдаг маш сайн аргатай болох хэрэгтэй. Үүнийг түлхүүр зуршил гэж нэрлэдэг. Яаж ч миарч байсан өөд нь татдаг зуршил. Сэтгэл зүйн хямралтай үед дан ганц сэтгэл зүйн аргаар биш биеийн аргаар хямралаа даван туулж болно. Учир нь спортоор хичээллэх үед хүний тархинд хэрэгтэй аз жаргалын даавар ялгарч байдаг. Эндорфин, окситоцин, серотонин, дофамин, адреналин. Гутралтай, түгшилтэй болоод байгаа нь аз жаргалын даавар ялгарахгүй, бага байна гэсэн үг. Юмнаас аз жаргал мэдрэхгүй байхаар амьдралын идэвхгүй, юмнаас таашаал авдаггүй болдог. Энэ бол депрессийн шинж. Гэхдээ нөгөө талдаа сэргээх төрлийн даавар өндөр байх нь хүнийг түгшимтгий, аймтгай болгодог. Үүнийг тэнцвэржүүлдэг гол зүйл нь амьдралын зөв хэв маяг, өдөр тутмын дасгал хөдөлгөөн. Сэтгэл зүйн хувьд эрүүл байя гэвэл биеийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Харин дөнгөж төгсөөд ажлын байранд очоод байгаа залуус энэ шилжилтийн үеийн хямралаа даван туулахын тулд аз жаргалтай, сэтгэлд амар ажиллах газраа олох хүртлээ богино хугацаагаар олон ажил хийж үзэх хэрэгтэй.

 

-Залуучууд сэтгэл зүйн тулгамдсан асуудал, чухал шийдвэр гаргах, ирээдүйн карьераа төлөвлөхдөө ихэвчлэн гэр бүл, дээд үеийн хүмүүсээс асууж, зөвөлгөө авдаг. Энэ нь зөв үү. Хэнээс зөвөлгөө авах нь хамгийн оновчтой вэ?

 

-Мэдээж биднээс ахимаг насны, томчууд үзсэн, туулсан зүйлээрээ илүү. Гэхдээ насны онцлог, үе хоорондын сэтгэлгээний ялгаа бий. Залуус сэтгэл зүйчид хандах дадал суугаагүй учраас аав ээж, найз нөхөд, таньдаг хүмүүсээсээ асуудаг. Тэр хүмүүс нь өөр үеийн, өөр сэтгэлгээтэй, өөр орчин, цаг хугацаанд өсөж хүмүүжсэн учраас өмнөх үеийн туршлага нь өнөөгийн нөхцөл байдалд заримдаа тохирдоггүй. Хүн өөрийнхөө амьдралд юу болох, болохгүйг өөрөө л олж мэддэг. Амьдралынхаа чухал шийдвэрийг хүнээс гэхээсээ илүү өөрийнхөө сэтгэлийн “авдар”-ыг уудалж олох ёстой. Юу хийвэл аз жаргалтай болдог, юуг хүсэж байгаа вэ гэсэн асуултандаа сэтгэлээ онгичиж хариулт өгөх маягаар явах ёстой. Сэтгэлээ уудалж өөрийгөө ойлгоход тусладаг хүн нь сэтгэл зүйч. Гол сонголтоо тухайн хүн өөрөө л хийнэ. Яагаад гэвэл, хүн өөрөө л амьдралаа удирдах ёстой.

 

-“Эмо, эморох” гэсэн үг залуусын дунд түгээмэл ашиглагддаг. Энэ нь нэг төрлийн сэтгэл зүйн асуудалтай байх үедээ ашигладаг үг гэж ойлгож болох уу?

 

-“Эмо” гэдэг бол нэгэн цаг үеийн залуучуудын стиль байсан. Гэхдээ хар урт үстэй, этгээд хувцастай “эмо” стильтэй залуучууд депресстэй, асуудалтай нөхдүүд энэ стиллийг сонирхох хандлагатай байсан. Тэгэхээр энэ нь сэтгэл зүйн асуудалтай цуг дагаж гарч ирсэн ойлголт. Одоогийн байдлаар энэ үгийг ямар мэдрэмжтэй байгаагаа ойлгохгүй байх үедээ ашигладаг. “Emotional intelligence” гэсэн ойлголтод таван үндсэн чадвар бий. Үүний эхнийх нь өөрийнхөө мэдрэмжийг ойлгох. Гутраад байна уу, түгшээд байна уу, гомдоод байна уу, санаа зовоод байна уу гэсэн маш олон мэдрэмжүүдийн аль үе шатан дээр байгаагаа мэдэхгүй байх үе. Гэхдээ энэ үүсээд буй мэдрэмж нь бодлоос үүсдэг. Бодлын цаана ямар процесс болоод байгааг мэргэжлийн хүн биш учраас ойлгохгүй байх нь бий.

 

-Ер нь залуучууд сэтгэл зүйчид хэр их ханддаг вэ?

 

-Сэтгэл зүйн хувьд хямрахад хүн орчиндоо дасан зохицож чаддаггүй. Тэгэхээр залуучууд сэтгэл зүйчид тогтмол хандаж сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаардаг дадалтай болох ёстой. Сардаа нэг удаа үзүүлж байх хэрэгтэй. Сэтгэл гэдэг эрхтнийг өвдсөн хойно нь эмчлэх биш урьдчилан сэргийлэх хэрэгтэй байдаг. Тулгамдсан асуудал байгаа л бол эрт сэтгэл зүйчид хандах нь хурдан хугацаанд асуудлаа шийдэх боломжийг олгодог. Гадаадад сар бүр сэтгэл зүйчид хандах дадал хэдийн суусан. Сэтгэл зүйн зөвөлгөө болон засал нь тусдаа үнэ тарифтай байдаг. Мэдээж засал нь илүү өндөр өртөгтэй. Зөвөлгөө бол цагийн 40-90 мянгын хооронд байдаг.

 

Б.Бямбажаргал

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин