Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүгийн “ТВ-9” телевизид өгсөн ярилцлагыг сийрүүлэн хүргэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар “ХААН” банкны хувь эзэмшигчтэй холбоотой асуудлаар УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдээлэл хийсэн. Энэ талаар таны байр суурь?

Монгол Улсад өнөөдөр Монгол банк, Санхүүгийн Зохицуулах Хороо, арилжааны банк, ББСБ гэх мэт санхүүгийн систем болон мөнгөний тогтолцоог УИХ-ын дарга бүрэн хариуцдаг. УИХ-ын дарга Г.Занданшатарын хийсэн мэдэгдэл ямар учиртай байсан бэ? гэдгээс яриагаа эхлэе.

“ХААН” банкны нэг хувьцаа эзэмшигч хуулийн дагуу 20 хувиас илүүгүй хувьцаа эзэмшихээр шат дараатайгаар хувьчлагдаж, хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болох ёстой. Гэтэл үүнтэй холбоотой ч юм уу? Худалдаа Хөгжлийн Банкны эзэн "Сахал" хэмээх Д.Эрдэнэбилэг “ХААН” банкны хувьцааг авч байна гэх мэдээллүүд явж буй. Үүнтэй холбоотойгоор хийсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдэгдлийг би дэмжиж байгаа. Учир нь нэгдүгээрт, Долларын эзэд шинэ колончлолын зорилгоор суулгасан, 1997 онд батлагдсан Монгол банкны тухай хууль, арилжааны банкны тухай хуулийг засах цаг нь үнэхээр болсон. Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг “ХААН” банкны хувийг үнэхээр авч байгаа бол яаралтай таслан зогсоох ёстой. Яагаад гэвэл энэ хүн ард түмний мөнгийг барьцаалж бонд нэртэй зээл авдаг. Тэр мөнгөөрөө “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авчихдаг. Тэр нь баригдаад, хэрэг төвөгт оронгуутаа аргалж байгаад бүх юмаа зогсоочихсон байгаа. Монголын ард түмний мөнгөөр тоглодог, өмнөх гэмт хэрэг нь шийдэгдээгүй байгаа луйварчин этгээд дараагийн том системийн банкийг авах гэж оролдож байгаа нь үнэн бол заавал таслан зогсоож, хууль хяналтын байгууллагууд шуурхай арга хэмжээ авах ёстой. Хоёрдугаарт, ард түмэн бүрэн дэмжих ёстой, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлээд байгаа  зүйл нь Монгол банкны удирдлагатай холбоотой асуудал.

Монгол банк үнэхээр хууль зөрчөөд, хуулийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргасан буюу нэг банкны хувьцаа эзэмшигч өөр банкны хувьцааг эзэмшиж болохгүй гэсэн тодорхой заалт бaйсаар байтал ХХБ-ны Д.Эрдэнэбилэг, эсвэл өөр банкны хувьцаа эзэмшигч хүмүүс “ХААН” банкны хувьцааг авах хэлэлцээг Японы талын хувьцаа эзэмшигчтэй хийгээд, түүнийг нь дэмжсэн, бүртгэх боломж олгосон бичиг өгсөн байх юм бол хариуцлага хүлээлгэж, яаралтай Монгол банкны удирдлагыг огцруулах ёстой.

Ер нь банкны системд яаралтай шинэчлэл хийгээд, ард түмний мөнгөн дээр хувийн банкны эзэд мөнгө хүүлдэг тогтолцоог хуулийн хувьд, тогтолцооны хувьд, улмаар хэрэгжих шатанд нь хяналтыг сайжруулах нь өнөөдрийн УИХ-ын, УИХ-ын даргын тулгамдсан асуудал болчихоод байна. Тийм учраас УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдэгдлийг бүрэн дэмжихийн сацуу үүнийгээ ажил хэрэг болгож хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. 

 

Өнгөрсөн жил батлагдсан банкны тухай хуулинд нэг банкинд 20 хувиас дээш хувьцаа эзэмшиж болохгүй гэж заагдсан. Энэ тухай?

 

Тухайн үед  энэ хуулийг батлагдмагц, би дэмжиж мэдэгдэл гаргаж байсан. Жишээ нь: Худалдаа Хөгжлийн Банк "Сахал" Д.Эрдэнэбилэг гэж нэг хүний 100 хувь өмч , “Голомт” банк Д.Баясгалан гэж хүний 100 хувь өмч юм. 2000 оныг хүртэл би ч банкны эзэн байсан. Хоёр, гурван ч банктай байсан учраас сайн мэдэж байна. Нэг хүн банк эзэмшээд, Монгол банкны хэвлэж байгаа төгрөгийг аваад түүнийг хэнд өгөх вэ? хэнд өгөхгүй байх вэ? гадна дотны мөнгө хүүлэгчидтэй яаж ажиллах вэ? гэдгийг дураараа шийддэг байх нь маш осолтой. Үүнийг л задлах гэж банкны нэг хувьцаа эзэмшигч 20-иос дээш хувь эзэмшиж болохгүй гэж тухайн хуулийг батласан. Гэтэл харамсалтай нь хэрэгжих шатандаа “ХААН” банктай холбоотой будлиан орж ирж байгаа бол энэ хууль дээр дутуу хийсэн юм байна уу? гэдгээ дахиад харах хэрэгтэй. Гэхдээ хуулийн үндсэн философи нь өөрөө сайн. Ямарваа банкийг нэг л хүн мэдэж байгаагаар далимдуулаад Монголын эдийн засгийн аль салбарыг нь хөгжүүлэх вэ? алийг нь унагах вэ? Улстөрчдийг санхүүжүүлэх, улстөрийн намыг санхүүжүүлэх гэх мэтээр сүүлийн 20 жил Монгол Улсыг хэдэн банкны эзэд үймүүлэхийн дээдээр үймүүлсэн.

“Эрдэнэт” үйлдвэрийг хүртэл луйвардаад авчихдаг, төмөр замын ажил дээр нь хүртэл яваад орчихдог болсон. Энэ мэт асуудлыг заавал шийдэх ёстой учраас энэ хууль нь өөрөө маш сайн, зөв хууль.

Харин одоо Монгол банк яг хуулийн дагуу зөв хянаж хэрэгжүүлэх ёстой. Чадахгүй бол Монгол банкны удирдлагыг яаралтай солих хэрэгтэй. Яагаад гэвэл үеийн үед Монгол банкны удирдлагууд арилжааны том банкны эзэдтэй хуйвалдчихдаг байсан.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал бөөн хуйвалдсан нөхөр байсан. Н.Баяртсайхан арай гайгүй байсан чинь шахсаар байгаад сольчихсон шүү дээ. 

 

Банкны салбар ер нь ямар байх ёстой юм вэ?

Манайд 1990 оноос орж ирсэн неолиберал онолоор тухайн улсыг мөлждөг, мөнгө хүүлэгчдийн бодож олсон зальтай, маш буруу мөнгө санхүү, татварын тогтолцоо яваад байгаа. Үүнийг би 10 гаруй жил шүүмжилж байна. Сар гаруйн өмнө би "Үндэсний мөнгөний бодлого" нэртэй илтгэл тавьж, Монгол Улсын мөнгөний тогтолцоог яаж сайжруулж шийдэх ёстой юм бэ? гэдэг гарц гаргалгаа, шийдлийг танилцуулсан байгаа. Үүний гол санаа нь цаашдаа Монгол улс, Монголын төр, Засгийн Газар нь өөрсдөө байгалийн баялгаараа, бүтээн байгуулалтаараа, оюун ухаанаараа, өөрсдийн мал сүрэг, ой ус, газар нутгаар баталгаажсан төгрөгөө өөрсдөө хэвлэнэ. Түүнийгээ хүүлэхгүйгээр ард түмэндээ  өгнө. Дараа нь зөвхөн олсон ашгаас нь татвар авдаг болно гэсэн мөнгө санхүүгийн тогтолцооны тухай яриад байгаа юм. Энэ тогтолцоог цаашдаа хийгээд эхлэхээр банк хоёр янз болж хувирна. Ард түмэнд зориулж, төрийн хэвлэсэн мөнгийг хүүлэхгүйгээр хураамж шимтгэл аваад түгээдэг төрийн банк.Өөрөөр хэлбэл ард түмний өөрийнх банк бий болно. Нөгөө талд ард түмний болон бизнесүүдийн гар дээр байгаа хуримтлалыг менежмент хийдэг хувийн банк бий болох юм. Хэрэв та бүхэн санаж байгаа бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  6,2 дээр маш их хэрүүл маргаан болсон шүү дээ.

Ард түмний өмч байх ёстой байгалийн баялгыг төрийн нийтийн болгочихлоо гэдэг үгэн дээр. Үүнтэй ялгаа байхгүй хүний гараар бүтээгдээгүй, өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн байгалийн баялаг нийт ард түмний дундын өмч байх ёстой. Энэ байр суурь дээр хуучин МАХН-ынхан маань хатуу байдаг. Үүнтэй адилхан Монголын ард түмний амьдралыг зохицуулж байгаа, тусгай зөвшөөрлөөр өгөгддөг зохицуулалтууд, бизнесүүд буюу банк, нефть импорт, харилцаа холбоо гэх салбарууд ч ард түмний дундын өмч байх ёстой.

Долларын эзэд орж ирээд "Ардын банк"-ыг татан буулгасан нь маш хорон үйлдэл болсон. Монголын ард түмэндээ хэлэхэд мөнгө санхүүгийн тогтолцоог сайн ойлгоод, үүн дээр тэмцлээ зөв хийж чадахгүй бол өөр бусад бүх тэмцэл утга учиргүй, үр дүнгүй байдаг юм шүү. Цаашдаа иргэд улстөрчдөөс, улстөрийн намуудаас 5 зүйл дээр хариуцлага нэхэж, басхүү тооцож сурах ёстой. Нэгдүгээрт, аливаа шинэ Ерөнхий сайд томилогдсон өдөр 1 доллар хэдэн төгрөгтэй тэнцэж байсан юм, хоёрдугаарт, та болон танай гэр бүл, компани, цаашлаад улс хэдэн төгрөгийн өртэй байсан юм? Гуравдугаарт, таны авдаг зээлийн хүү хэдэн хувь байсан юм? Дөрөвдүгээрт, тань дээр хэдэн хувьтай, хэдэн төрлийн тавар байсан юм? Тавдугаарт, таны үндсэн орлого буюу цалингаараа худалдаж авдаг мах, шатахууны үнэ, дулаан цахилгаан, усны төлбөр хэдэн төгрөг байсан юм? гэдэг 5 зүйлийг үзчихээд хэсэг хугацааны дараа эдгээр үзүүлэлтүүд 10 хувиас илүү нэмэгдэх юм бол, танд өгч байгаа цалингийн буюу төгрөгийн ханш 10 хувиас илүүтэйгээр унах юм бол тухайн салбар хариуцсан сайд нь огцордог, 20 хувиас илүү нэмэгдчихвэл УИХ, Ерөнхий сайд бүгд огцорчихдог  болох ёстой. Ийм л зүйлийг нэхэж тэмцэж сурсан цагт сая улстөрчид хариуцлагатай болж, хувийн банкууд дураараа “Эрдэнэт” үйлдвэрийг луйвардаж авдаг, “ХААН” банкийг луйвардаж авдаг, гадна дотноос ирж санхүүгийн луйвар хийдэг явдлыг таслан зогсоох юм.

 

 

Б.Намуунтамир