БНСУ-аас сэтгүүлч Б.Мөнхзаяа бичиж байна

Та өглөө  бүр түгжирч явна уу. Хэрвээ та хичээвэл хотын түгжрэл багахан ч болов буурна гэвэл уурсах байх. Гэхдээ л таны хувь нэмэр хэрэгтэй гэдэг нь үнэн. Бүхнийг төр засаг руу чихчихээд та ямар ч гэмгүй хүн шиг гараа хумхиад суух нь орчин цагийн суурин соёлд харш юм. Яахав, Монголын хувьд төр засгийн шийдвэр гаргах чадвар заримдаа нүүдэлчин үедээ үлдчихэж гэмээр байдаг нь ч иргэн та өөрөө шийдлийн гол цөм нь гэдгээ ухаарч сэхээрэхгүй бол дэлхий биднийг хүлээхгүй. 

Хотын түгжрэлийг сааруулахад мэдээж хотын зохион байгуулалт, автозамын сүлжээ, нүхэн болон гүүрэн гарц гээд л хот, яам, Засгийн газар дамнасан том сэдвүүд хөндөгдөнө. Гэхдээ энэ хэсгийг түр алгасаад иргэн танд, танай гэр бүлд, таны ажилладаг албан байгууллагад замын хөдөлгөөний ачааллыг бууруулах боломж байгаа талаар ярилцъя.

Манай гэр бүлд Солонгост амьдрахад машин огт хэрэг болоогүй. Учир нь бүгд өөр өөртөө зориулсан нийтийн тээврээр зорчоод сурчихсан. Сул талууд байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Жишээлбэл, өглөө 8 цаг 37 минутад та цэцэрлэгийн автобусанд хүүхдээ суулгах ёстой. 8 цаг 35 минут биш, 8 цаг 40 минут ч биш, яг  8 цаг 37 минутад шүү. Магадгүй би энэ цагийг будилуулвал дараагийн хүүхдүүдийн эцэг, эхийн ажлын цаг будилчихна. Орой цэцэрлэг тарах үед ч мөн л нарийн цаг минут баримтална.

 Энэ нь гэрийн үүдэнд сургуулийн автобус ирээд зогсоно гэсэн үг биш, сургуулиас зааж өгсөн цэгт хүүхдээ хүргэж өгч, цэцэрлэгийн автобусанд суулгадаг. Цэцэрлэгийн автобусанд хүүхдээ даатгахад танаас энэ автобусанд суух дараагийн хүүхдүүдийн гэр бүлийн цагийг үймүүлэхгүй байх хэмжээний сахилга шаарддаг гэсэн үг.Аав ээж нь харин ажилчдын автобусанд сууна. Солонгост 500 ажилтантай эсвэл таван ажилтантай  байсан ч ажилчдын автобус гаргаж өгдөг онцлогтой. Бас сул тал бий. Би хувийн унаатай бол 15 минутад ажилдаа очиж болно уг нь. Гэвч байгууллагын унаа хот тойрч хүмүүсээ авдаг учраас би 45 минутын турш ажилчдын автобусаар явдаг. Танд ядаргаатай санагдах байх. Магадгүй та 30 минут илүү унтаад хувийн унаагаараа явахыг хүснэ. Харин солонгосчууд 30 минутын өмнө босоод ажилчдынхаа унаагаар зорчдог тийм л сэтгэлгээтэй. Захирлууд, хэлтсийн дарга нар, ажилчид бүгд зэрэгцээд явна, хэн ч гайхдаггүй. Тэд машингүйдээ биш, хотын амьдралд тодруулбал, олуулаа амьдрах хэв маягт хүндэтгэлтэй хандаж сурсандаа л тэр. Ухамсрын энэ хэв маяг нь манай байгууллага руу 500 машин өглөө хөдлөх үү, эсвэл хоёр том автобус хотоо нэг тойрох уу гэдэг зохицуулалтад хүмүүс  дасан зохицжээ гэсэн үг юм.  Мөн ажилчдын цайны газрыг бараг бүх оффис дотроо шийдсэн байдаг. Энэ нь цайны цагаар таныг өдөр бүр гадагшаа гарах шаардлагагүй болгодог. Бас нэг чухал шийдэл. Ингээд бодохоор зүгээр л хэв маягийн өөрчлөлтийг хийж сурах нь Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад таны оруулах хувь нэмэр. Таны хувь нэмэр гэдгийг дахин дахин тодруулья.

50 сая хүн амтай энэ оронд ажил цуглах, тарах цагаар метро, автобус бүгд ачаалалтай болдог ч солонгос хүмүүс нийтийн тээвэрт дор бүрнээ сахих ёстой соёлын чиг баримжаагаа алдалгүй зорчоод сурчихсан ард түмэн. Сахилга бат өндөртэй. Хэчнээн ачаалалтай байсан ч өндөр настан, жирэмсэн эхчүүдэд зориулсан суудалд огт ойртдоггүй. Бусад хэсэгт шахцалдаад бачимдаж явахад хажууд нь ахмад настны суудлууд хоосон л харагддаг. Ийм ухамсар хүн бүрт суучихвал нийтийн тээврээр зорчиход бага ч гэсэн амар хялбар болно. Том орны иргэдийн метроноос метро, автобуснаас автобусны хооронд шоргоолж шиг арзаганаж, пижигнэтэл гүйлдэх нь давчидмаар хэцүү л дээ. Гэтэл монголчууд автобусандаа сууж сураагүй, дээрээс нь цаанаа л янтгар хүмүүс.

 Нийтийн тээврийн хөгжлийн зөрүүг ярьж маргах л байх. Гэхдээ л ачааллын цагаар өндөр хөгжилтэй орнууд ч бас нийтийн тээвэртээ чихцэлдээд, хэд хэд дамжаад, үнэ­хээр тухгүй явах нь жирийн үзэгдэл. Магадгүй, таксигаа км-ээр биш солонгос шиг минутаар мөнгө нь гүйдэг болгочихвол та яах вэ бодож үзсэн үү.Улс орон л юм хойно баячуудын давхарга байлгүй л яахав. Тэд нь тасархай өндөр дээд зэрэглэлдээ амьдарна. Гэвч БНСУ-ын нийгмийн гол цөм энгийн иргэд буюу хэт баячуудаас бусад нь дээр дурдсан хэв маягаар л амьдардаг. Хот, эсвэл Боловсролын газраас сургуулийн автобусыг цаашид улам хөгжүүлээд явбал замын түгжрэл төдийчинээ буурах нигууртайн дээр албан байгууллагууд мөн ажилчдын унаа гэдгийг амьдралын хэв маяг болгочихвол Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад та бүхний оруулах хувь нэмэр төдий чинээ нэмэгдэнэ.

Ийм бичил хувь нэмрээс жаахан халиад хотын биш хотхоны зохион байгуулалт хийж сурах нь хотын түгжрэлийг бууруулах төгс хэлбэр гэдгийг бид мэднэ. Хотхон гэдэг нь өөрөө ажилдаа явахаас бусдаар хаашаа ч гарахгүй амьдарч болдог зохион байгуулалт. Бидний амьдардаг оюутны хотхон дотроо цэцэрлэгтэй, бага, дунд сургуультай, төрийн үйлчилгээ үзүүлдэг манайхаар бол хороотой, эмнэлэгтэй, угаалгын газар, оёдол, дэлгүүр хоршоо бүгд бий. Оюутны хотхонд цэцэрлэг, бага дунд сургууль барьж яадаг юм гэх байх. Хүүхэдтэй оюутнууд, Их сургуулийн багш, ажилчдын хүүхдүүдийг сургах гээд барьсан гэх жишээний. Энэ мэт хотхоны зохион байгуулалтыг хийж чадахгүй бол элсэгч авахгүй, орон сууц нь борлогдохгүй гэдгийг мэддэг гэж солонгосчууд тайлбарлах.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна гээд төрийн албыг өглөө найман цагаас эхлүүлэх тухай манайхан ярьдаг. Тэгвэл төрийн үйлчилгээг бүрэн цахим хувилбарт шилжүүлж чадвал хэдэн арав дахин илүү үр дүн гарах биз. 

БНСУ-д гэр бүлээрээ амьдарч эхэлснээр бид тус улсын төрийн үйлчилгээг хүртэх шаардлагатай болсон. Ердөө л гар утсанд ирсэн ганц линкээр бүх асуудал шийдэгдсэн. Төрийн албаны тусгай дугаараас ирсэн линкэн дээр дараад л халамж, боловсрол, эрүүл мэнд, татвар гээд миний хамрагдаж болох үйлчилгээний талаарх мэдээллийг гар утасны мессэжээр, нэг линкний хамт илгээдэг. Би төрийн албанаас алба дамжин түгжрэх хэрэггүй. Энэ ажил Монголд эхлэлээ тавьсан нь сайшаалтай ч, улам хөгжүүлж, хэвшүүлэх биз ээ. Эцэст нь, саяхан дуулиантайгаар нээлтээ хийсэн e-mongolia төсөл замын ачааллыг бууруулахад хэр их нэмэр болсныг ч анзаарах сөхөөгүй баахан муулж, баалснаа та анзаарсан уу

Хотын түгжрэлийг бууруулахад та, танай гэр бүл, ажилладаг байгууллага, амьдардаг хотхоны сонголт, цаашилбал техник технологийн хөгжил, сахилга бат, ухамсар, соёлын хувь нэмэр оруулдаг болохыг сануулж, энэхүү жишээнүүдийг хуваалцлаа. Үнэндээ Улаанбаатар хот өөрөө үүнээс хэдэн зуу дахин ухаалаг хөгжих нь чухал тухай нурших нь илүүц биз ээ. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН