ДАГВЫН ЛУВСАНШАРАВ

/1926-2014/

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгч, хоормейстр, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч, Монгол Ардын Намын ахмад гишүүн Дагвын Лувсаншарав 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Д.Лувсаншарав 1926 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг “Зүүн хашаатын яндаг худаг” хэмээх газар төржээ. Тэрээр 6 наснаасаа хийдэд шавилан сууж, бичиг үсэгтэй болсон ба 1938 онд хар болж, ажил хөдөлмөрийн гараагаа бичиг үсгийн багш, Хэнтий аймгийн зам барилгад  туслах жолооч зэрэг ажлаар эхэлж, 1942 онд Хэнтий аймгийн ажилчны клубт жүжигчнээр  орсноор их урлагтай амьдралаа холбожээ.

Тэрээр 1954-1959 онд Москва хотын П.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг найрал дууны удирдаач, хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн байна.

Д.Лувсаншарав 1945-1949 онд Улсын хөгжимт театрт жүжигчин, дуучин, 1949-1952 онд Улсын хөгжимт драмын театрын найрал дууны багш, 1952-1954 онд Ховд аймгийн хөгжимт драмын театрт найрал дууны багш, уран сайхны удирдагч, 1960-1963 онд Улсын хөгжимт драмын театрт найрал дууны багш, 1963-1975 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагч, 1975-2004 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дарга, зөвлөхөөр ажиллажээ.

Түүний зохиосон та бидний сайн мэдэх “Маамуу нааш ир”, “Би чамд хайртай”, “Дурлал хайрыг минь дамжуулаасай”, “Усны тунгалаг тамирын гол”, “Охидын уянга”, “Хэрлэн” зэрэг  дууны том бүтээлүүдээс гадна  “Хан бүргэдийн үхэл”, “Шивээ хиагт”, “Ард Аюуш”, “Нүцгэн ноён”, “Хар хорум”, “Их хааны хатад” зэрэг дуурь, “Хадам ээж”, “Хожгор түшмэл”, “Андгай” бэсрэг дууриуд, “Нарны домог”, “Сарны наадам”, “Бөртэ чоно” бүжгэн жүжгүүд болон “Цэцэг нуурийн хошуунд”, “Аль нь хэцүү вэ”, “Алдагдсан тамга”, “Сүнжидмаа”, “Чин зоригт Олзвой хүү”, “Ногоон дарь эх”, “Даажин”, “Галын дөл өөдөө” хэмээх хөгжимт жүжгүүд нь ардын урлагийн баялаг уламжлалыг өргөн ашиглан хөгжүүлсэн хурц тодорхой дүрүүдтэй сайн бүтээл болж, зохиогчийн урлах чадвар, авьяасын өргөн цар хүрээг нээсэн юм.

Мөн “Аман хуур”, “Нүгэл буян”, “Төөрсөөр төрөлдөө”, “Өглөө”, “Тэмцэл”, “Хань”, “Газрын жигүүр”, “Жаргал даахгүйн зовлон”, “Нууц товчоо” DVD хөгжмийн чимэглэл гэх мэт уран сайхны болоод баримтат 20 гаруй киноны хөгжмийг зохиосон нь Монголын үзэгч түмний сэтгэл зүрхэнд хүрсэн мөнхөд дуурсагдах алдарт бүтээлүүд болжээ.

Д.Лувсаншарав нь Монгол Ардын Намд 1961 оны 12 дугаар сарын 28-нд гишүүнээр элсэж, 1990 оноос Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын 67 дугаар үүрийн идэвхтэй гишүүдийн нэг байсан бөгөөд намын үйл хэргийг тууштай дэмжиж ирсэн цогтой тэмцэгч байлаа.

Хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг төр, засгаас өндрөөр үнэлж 1951 онд Монгол Улсын “Гавъяат жүжигчин” цолоор, 1963 онд ”Хэрлэн” дуу, “Эх орон бат оршиг” магтуу бүтээлд нь “Төрийн шагнал”, 1981 онд Монгол Улсын “Ардын жүжигчин” цолоор, 2000 онд Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цолоор тус тус шагнажээ.

Тэрээр сонгодог дуурийн найрал дуу хөгжмийг үндэсний хэлбэрээр илтгэн гаргахад шинэ алхмыг нээсэн, Монголын хөгжмийн урлагийн тулгын гурван чулууны нэг гэгддэг агуу суу билэгт  хөгжмийн зохиолч байсан юм.

Талийгаачийн гэгээн дүр, бүтээсэн бүтээл, эх орноо гэсэн халуун сэтгэл, хүнлэг энэрэнгүй,  ажилч, хөдөлмөрч, төлөв даруу зан чанар нь Монгол хүн бүрийн, журмын нөхөд бидний сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.

 

МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ