Өчигдөр "Оюутолгой" компани оффисынхоо 250 гаруй ажилтнаа цомхотгохоор шийдвэрлэжээ. Үүнийг энэ сардаа багтааж хэрэгжүүлэх гэнэ.

Уржигдар орой төв оффисын ажилтнууддаа ажлаас чөлөөлж байгаа тухай мэдэгдлийг гар утас руу нь мессежээр өгсөн гэнэ. Ажлаас халж байгаа шалтгаан нь ерөөсөө л санхүүгийн бэрхшээл аж. Өмнөх долоо хоногт иргэний агаарын тээвэрт үйл ажиллагаа эрхэлдэг "Изинис эйрвайз" компани дампуурлаа зарлаж, хаалгаа барьсан. Энэ компани 220 гаруй мэргэшсэн ажилтантай байсан.

 

    Ийнхүү хагас cap хүрэхгүй хугацаанд ажилгүйчүүдийн арми хагас мянга шахам хүнээр бул нэмэв. Ажилгүйдэл нэмэгдвэл хүмүүнлэгийн хямрал наашилж буйн дохио. Нийгмийн ёс суртахуун төдий хэмжээгээр доройтно. Ямар өлсч үхэлтэй биш, хулгай хийнэ, худлаа хэлнэ.

 

    Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөртэй зэрэгцэн ийнхүү цомхотгол, ажилгүйдлийн цунами эхэлж байна. "Изинис эйрвайз" компанийн дампуурлыг ганцхан компанийн явдал мэтээр харж болохгүй, магадгүй эхлэл нь байж ч мэднэ хэмээн манай сонин сануулсан нь талаар бус байсныг хойшхи хэрэг явдал нотолж байх шиг. "Изинис эйрвайз"-ын хувьд нислэгийн голлох үйлчилгээ нь Оюутолгой-Улаанбаатарын хоорондох нислэг байсан. Гэтэл "Оюутолгой" энэ үйлчилгээнийхээ хөлс мөнгийг төлж чадахгүй байгаа нь дампуурах шалтгаан болсон гэх мэдээлэл байна.

 

    Угаас эдийн засаг гэдэг бие биеэсээ учир хамааралтай нэгэн цогц. Тийм болохоор "нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог". "Оюутолгой"-н цомхотгол, "Изинис"-ийн дампуурал үүн лүгээ олон айл өрх, хувь хүмүүсийн амьдралд нөлөөлөөд зогсохгүй банк, худалдаа үйлчилгээний салбарын нэгэн урсгалыг сааруулж байгаа хэрэг. Тухайлбал, "Оюутолгой"-н ажилтнуудын дийлэнх банкны зээлтэй. Тэд орон сууц, унаа машин гэхчлэн олон хэрэгцээгээ банкны зээл, лизингээр залгуулсан гэцгээж байна. Боломжийн цалин орлоготой учраас банкныхан ч тэдэнд зээл олгохдоо цааргалдаггүй. Гэтэл тэд одоо ажилгүй, орлогогүй боллоо. Эдийн засгийн өнөөгийн ийм нөхцөлд эргээд ажлын байр олдтол зай ч бий, лай ч бий. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон тэдний хувьд "нөхцөл байдлыг харж байгаад цомхотголд орсон ажилтнуудаараа нийлж УИХ, Засгийн газарт хандах бодолтой байгаа" гэсэн.

 

    Монголын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Эдийн засгийн ийм өрөөсгөл бүтэц ганцхан утастай хөгжим шиг солгой хөгтэй байдгийг энэ өдрүүдийн үйл явдал харуулж байх шиг. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш дэндүү хувьсамтгай, унахдаа амархан өгсөхдөө удаан байдаг аж.

 

    Монголын мөнгөний мөрөөдлийг тээж яваа нүүрс маань хэтрүүлж хэлбэл үнс болчихоод байгаа. Угаасаа авто тээврээр хүргэж байгаа нүүрс "өөрөө өөрийгөө идчихдэг" өгөөж наалдад багатай бизнес аж.

 

    Монголын улстөрчид төмөр замынхаа царигийн асуудлыг зургаан жилийн турш хэлэдцэж хэрэлдээд өөд харах завгүй байна. Харин энэ зуур Монголын нүүрсний алтан үе хэвийн бололтой. Нүүрсннй алсарч буй жингийн цувааны араас зэсийн үнэ ханш бас хөврөх магдлалтай байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өөдлөхгүй байгаа нь "Оюутолгой"-н цомхотголын нэг шалтгаан болсныг компанийхан дуулгажээ.

 

    Амьдрал, эх орны эдийн засгийн төлөв байдал өнөө маргаашийн өнгө төрх бус. Энд алсын хараа, дөрвөн нүүдлийн цаадахыг харах уран бэрийн ухаан хэрэгтэй. Улстөрчид, төрийн өндөрлөгүүдийн дэргэд шадарлаж суудаг мөнөөх олон зөвлөх, эдийн засагчдын багт нь харин тэр чадвар байгаа эсэхэд эргэлзэж байна. Тэд дандаа л ниргэсэн хойно нь уйлагнадаг, тийм л хүмүүс байх шиг байна. Эдийн засгийн доройтол хямралын дохио сануулга ачь эртнээс хаалга тогшоод байсан биш гэж үү. Тэгсэн хэрнээ энэ дохио сануулгын эсрэг хамгаалалт хийж чадсангүй, хоймортоо гаргачихсаны наад захын жишээ нь ойрын өдрүүдиин цомхотгол, дампуурлаар харагдаж байна.

 

    Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт, эсвэл зүгээр л нэг популизмын ядруухан жишээ болж хоцрох вий гэсэн болгоомжлол цухалзах болсон.

 

    Захын жишээ нь гэвэл инфляцийг нэг оронтой тоонд барих төлөвлөгөөгөө анхнаасаа тогтоож чадалгүй хоёр оронтой too руу алдчихсан. "Инфляцид хөтлөгдөх бус зохицуулдаг тогтолцоонд шилжинэ" гэсэн цагаан дээр хараар дурайж байгаа хөтөлбөр нь хэзээ хэрэгжихийг халаасаа тэмтэрч буй иргэд чинь хүлээж байгаа гэдгийг сануулмаар. Бодвлос бодлого зорилт гэдэг цогц зүйл баймаар. Өөрөөр хэлбэл, ямар ч нөхцөлд хэрэгжүүлэхээр тооцоолсон арга механизмтай хатуу чанд хариуцлага, нэхэлтэй байдаг байх. Харамсалтай нь Монголын улс төр, эрх баригчдын бодлого сонсоход сайхан ч ажил хэрэг болж үлдсэн нь ихэнхдээ хараа бараагүй замхарсан. Араас нь баахан зовлон бэрхшээл тоочиж, матрын нулимс унагахаас наахнуур юм болдог.

 

    Бид эдийн засаг хямарсан гэх үгнээс их цэрвэж байгаа. Зүгээр л хүндэрсэн гэж томьёолж байна. Тайтгарах гэж ижилхэн утгатай гэмээр энэ хоёр үгийг ялгаж салгаад байгаа мэт. Гэвч аль нь ч байлаа гэсэн нэг л өдөр гамшиг болон хувирч мэднэ. Ийм жишээ дэлхийн түүхэнд олон бий.

 

    Эдийн засаг хүндэрч байгаа дохио их энгийн. Ард түмний амьжиргаа аяндаа хэлээд өгнө. Өнөөдөр таван айл цагаан будаагаа граммлаж авч байсан бол маргаашаас 10 болж нэмэгдээд эхэлбэл эдийн засгийн доройтол иргэдийн хэтэвчээр дамжин мэдрэгдэж байгаа нь тэр.

 

    Энгийнээр ингэж л ойлгогдоно. Иргэдээ ажилтай, орлоготой байлгах нь энэ Засгийн газрын зорилго гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байна. Гэхдээ тэр зорилго золигт гаргачих гээд байна. Иргэн бүр нь биш юмаа гэхэд өрх бүрт ядахнаа нэг нь ажилтай, боломжийн , орлоготой болчихвол нийгмийн өнгө төрх өөрөөр харагдаад эхэлнэ.

 

    Дэлхийн II дайны дараах үнс нурман дундаас хүчирхэг Герман орныг босгосон түүх нь ажилгүйдлийг устгасан түүхээс өөр юу ч биш юм гэнэ билээ. "Ялагдлын гутралд" орчихсон Герман орныг өндийлгөх арга замыг Конрад Аденауэр "Ажлын байр бий болгох" гэсэн ганцхан шийдлээр тодорхойлсон гэдэг.

 

    Үүн лүгээ ажилгүйчүүд, ядуучуудыг ажлын фронт руу татаж чадвал эдийн засгийг эрчимжүүлэх том хүчин зүйл болдгийг өнгөрсөн түүхийн олон жишээнээс анзаарч болох байх. Ер нь яаж ч бодсон иргэн бүр хөдөлмөрлөж байгаа цагт эх орон хөгжихгүй гээд яах билээ.