Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. 

Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Чингис бонд", "Гудамж" төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяраас асуулт асуув. 

-Хөгжлийн Банкыг анх байгуулаад явж байхад яагаад Солонгосын менежментийн багийг явуулсан бэ?

-Би 2012 онд сайдын ажил хүлээж авахад хуулийн хүрээнд Хөгжлийн Банк манай яамны харьяанд ирсэн. Бүтэн нэг жил Солонгосын менежментийн багийг ажиллуулсан. Асар их хөрөнгө мөнгө тэр банканд байсан. Гаднын менежментийн багийг авч ажиллуулаад алдагдал хүлээгээд байвал тэр багийн хэрэг гарахгүй. Тийм учраас сольсон. 

-Чингис бондоор 1.5 тэрбум долларыг босгосон. Мөнгө оруулж ирэхэд төсөл хөтөлбөрүүд нь бэлэн байсан уу. Санхүүжилтээ ямар байдлаар харж байсан бэ?

-2012 онд дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ огцом унаж эхэлсэн. Энэ үед Монгол Улсыг хүнд байдал хүлээж байсан учраас санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй гэж үзээд Чингис бондыг босгосон. Бонд босгоход цаг хугацаа их чухал байдаг. Хэзээ бонд босгохоос ихээхэн хамаардаг. Ямар үйл явдал болж байгаа үед бонд босговол хүү нь бага байх вэ талаар судалсны үр дүнд хийсэн. Хамгийн сүүлд босгосон бонд 8.65 хувийн хүүтэй боссон. Тэгвэл би Хөгжлийн Банкны сонсголыг ойлгохгүй байгаа. Саяхан боссон бонд бол энэ сонсголын үр дүн юм. Дэлхийн хөрөнгө оруулагчид манайхыг ингэж үнэлж байна. 

Хоёрдугаарт бэлэн болсон төсөл ч байгаа, бэлэн болоогүй ч байгаа. Эхлээд мөнгө бий болгож ажиллая гэсэн үндэс дээр энэ төсөл боссон. Тэгээд Эгийн голын усан станц гэх томоохон төсөл хөтөлбөрүүд эхэлсэн. Аливаа бүтээн байгуулалт хийгдэхийн тулд заавал зураг төсөл явагддаг. Энэ бүхэнд өөрсдийн хугацаа шаарддаг учраас эхлээд мөнгөө босгоод дараа нь ажлаа хийсэн. Хүүний хувьд жилд 70 сая ам.долларыг төлж байсан.  Би тооцоолж үзэхэд 2013 онд мөнгө босговол илүү өндөр хүүтэй болно. 2012 онд илүү бага хүүтэй босно. Энэ хүүнийхээ зөрүү дээр ашгаа хийчих юм байна хэмээн тооцоо хийсэн.  

Хөгжлийн Банк дээр анх 580 сая доллар орж ирсэн. Тэр менежментийг Солонгосчууд хийхдээ зээл олгохгүй, байршуулахгүй байсаар байгаад алдагдал хүлээсэн. 

-Таны оруулж ирсэн мөнгө чинь байшин болсон. Байшингийн 70, 80 хувь импортоор гадагшаа гараад явчихдаг. Үр дүнд нь валютын нөөц байхгүй болсон. Зөв ажил хийгээд эдийн засгаа хямралаас хамгаална гэсэн боловч, үр дагавар буцаад долларын ханшийг савж нөөцөө барсан. Нийт оруулж ирсэн мөнгөний 3.1 их наяд төгрөг нь улсын төсөвт дарамт болж ирсэн. Энэ бодит үр дүнг юу гэж харж байна вэ?

-Хөгжлийн Банканд доллар орж ирсний дараа Монголбанктай хамтран найман хувийн зээлийг бий болгосон. Орон сууцны найман хувийн зээл бол Чингис бондын үр дагавар юм. Доллартой босон учраас бид төгрөг нийлүүлэх бололцоотой болсон. Ингэснээр Монголчууд 10, 20 хувийн хүүгээс 8, 6 хувийн хүүгээр байртай бололцоо бүрдсэн. Төгрөг нийлүүлэх асуудал дээр Монголбанкны ерөнхийлөгчтэй яагаад зоригтой орсон бэ гэвэл 2012 онд Монголын гадаад худалдаа хоёр тэрбум долларын алдагдалтай байсан. Энэ бол долларын ханш муудна гэсэн үг. Судалгаа хийж үзэхэд 2014 он гэхэд манай гадаад худалдаа нэмэхтэй болно гэж тооцоолсон. Тиймээс бид экспортыг дэмжих, импортыг орлох зүйлд хөрөнгө оруулалт хийсэн. 

Хэрэв Чингис бонд орж ирээгүй бол долларын ханш 10,000 гарах байсан. Хамгийн харамсалтай зүйл бол төмөр зам баригдаагүй юм. Төмөр замд зориулаад 200 сая доллар өгсөн. Хэрэв баригдсан бол тэрбумаар нь ууталж байх ёстой. Одоо байгаа төмөр замууд бүгд бүдүүн учраас Хятад руу гарч чадахгүй байгаа. 

Намайг Эдийн засгийн хөгжлийн сайд байх үедээ олон тэрбум долларыг гараараа савируулаад, хууль дүрэм зөрчсөн юм биш үү гэж байна. Тийм зүйл байхгүй ээ. Би сайд байхдаа мөнгө олж ирсэн. Эдийн засгийн хөгжлийн яам бол мөнгө олж ирдэг болохоос зарцуулдаггүй. Мөнгө гарахдаа УИХ, Засгийн газрын тогтоолоор явсан. Хэрэгжилтийг салбарын яамд хариуцсан. Манайх зөвхөн Гудамж төслийг хариуцсан. Бусад нь тоогоогүй болохоор би өөртөө авсан гэлээ.

Мөн сонсголын үеэр Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр сайд асан Н.Батбаяраас "Та надтай холбоотой юм яриад байх уу. 2016 онд Хөгжлийн Банкны шалгалтын дүн гарсны дараа Төрийн ордонд таарчхаад долоон үеэр чинь хараана гэж хэж байсан" хэмээн асуув.

Тэрбээр "Үгүй. Би хүнийг хараадаггүй. Та бид хоёр их хурлын индэр дээр ярьж байгаа гэдгээ мартмааргүй байна" хэмээн хариулсан юм.