Одоогоос 12 жилийн өмнө буюу 2002 оны 6дугаар сарын дундуур төр,засгийн эрх баригчид “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн төслийг “гай газрын гаваар” гэгчээр гэнэт гаргаж ирээд УИХ-аар цөөхөн хоног хэлэлцүүлсэн дүр эсгээд хүчээр баталсан байдаг.

Ингэхдээ тэд өөрсдийн хэлж ярьж байснаас няцаж буцсан төдийгүй монголын эрдэмтэн,мэргэжилтнүүдийнхээ санал,зөвлөмжийг үл хайхран ноцтой алдаатай шийдвэрийг олон түмнийхээ итгэлийг эвдэн гэнэдүүлэн гаргасан түүхтэй. Тэрхүү шийдвэрийн хор уршгийг монголчууд өнөөг хүртэл амсаж зовсоор байгаа.


Тухайн үед судлаач Р.Эрхэмбаяр бодол санаагаа товч тусгасан Ил захидлыг УИХ-ын гишүүдэд хандан бичиж байжээ. Гэвч “Өнөөдөр” сонины редакци өндөр төлбөр шаардаж нийтлэхээс татгалзсан, нөгөөтэйгүүр хууль батлагдах нь гарцаагүй болсон тул тус нэмэр болохоос нэгэнт өнгөрсөн зэрэг шалтгаанаар хэвлэлд гаргалгүй орхисон ажээ.


“Газрын тухай” багц хуулийн төслийг одоо УИХ-аар хэлэлцэж буй үед 12 жилийн өмнө түүний бичсэн зарим санаа,үндэслэл ач холбогдлоо алдаагүй байж мэдэхээр байна. Иймд уг Ил захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.    
      
ИЛ  ЗАХИДАЛ


Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүн Танаа,
Ард түмний итгэл,даалгаврыг өвөртөлсөн гишүүн Та энэ хаврын чуулганд гэнэт оруулж ирсэн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцэж шийдвэр гаргах гэж байна.
Өнгөрсөн,өнөө болон ирээдүй цаг үеийг харгалзан байж газрын харилцаагаа зүй зохистой хөгжүүлэх ховор боломж монголчууд бидэнд түүхийн эрхээр өгөгдсөн юм.
Иймд Та шийдвэрээ гаргахдаа дараахь бодол санаа,үндэслэл зүйлийг харгалзан үзэхийг хүсье.

Үүнд:
1.Газраа ганц нэгээрээ бус, уг чанартаа улс нийгмээрээ өмчлөн ашиглаж,хайрлан хамгаалдаг их өв  нүүдлийн соёл иргэншил,өвөг дээдсээс маань бидэнд уламжлагдан ирсэн.Газрыг хувьчилбал дээрх өв,уламжлалыг их,бага хэмжээгээр эвдэн өөрчилж, Монголын нийгэмд цоо шинэ суурь харилцааг,түүнээс салбарлан мөчирлөсөн үй олон шинэ харилцааг үүсгэнэ.
Энэ нь эргэлт буцалтгүй алхам,үйлдэл байх болно. Нийгэмд гарч болзошгүй сөрөг үр дагаврыг нь засч залруулах боломж үндсэндээ байхгүй.
Учир иймээс газрыг хувийн өмчид шилжүүлэх эсэх асуудлыг тун буурь суурьтайгаар, ард түмний санал хүслийг албан ёсоор авч сонсож байж нэг тийш болгон шийдэх нь үндэсний язгуур эрх ашигт нийцсэн хариуцлагатай үйл болох юм.
2.Газрын харилцааг зохицуулахад “Газрын тухай” хуульд тусгагдсан газар эзэмшүүлэх/эзэмших эрх тулгуур үүрэг гүйцэтгэж чадна. Гагцхүү үүнийг эрх зүйн цогц институц болгон оновчтой хөгжүүлэн хэрэгжүүлэх ёстой. Эрх зүйн ийм төрлийн зохицуулалт дэлхийн олон оронд эрт дээр үеэс эхлэн хэрэглэгдсээр иржээ. Монголын өвөрмөц нөхцөлд тохирсон үндэсний шийдлийг эрх зүйн энэхүү институцэд тулгуурлан бий болгох боломж бий.
Арилжих,барьцаалах,өвлүүлэх бодит боломжоор хангагдсан газар эзэмшүүлэх/эзэмших эрх нь газар өмчлөх эрхээс эдийн засгийн үйлчлэлээрээ үндсэндээ ялгаагүй байдгийг дэлхийн практик харуулсаар байна. Энэ үүднээс авч үзвэл,газрыг хувьчлах зайлшгүй шаардлага байхгүй.
Нөгөөтэйгүүр “Газрын тухай” хуулийн хэрэгжилтийг шүүмжлэлтэй цэгнэн дүгнэж байж дараагийн шатны,илүү эмзэг ноцтой энэ асуудал руу орох нь зүйтэй санагдана.
3.Манай нийгэм,эдийн засгийн хөгжилд учирч буй хүндрэл,бэрхшээлүүд өөрийн гэсэн тов тодорхой учир шалтгаан,үүсэл өрнөлтэй. Газрыг хувийн өмч болгоогүйгээс болоод шийдвэрлэгдэхгүй байгаа асуудал үндсэндээ байхгүй.
Газрыг аж ахуйн эргэлтэд илүү үр өгөөжтэйгээр татан оруулахад зайлшгүй шаардлагатай нөхцөл болсон арилжих,барьцаалах,өвлүүлэх эрхийг газар эзэмшигчид бодитойгоор олгож чадвал энэ чиглэлээр үүссэн бэрхшээлийг одоогийн өмчийн харилцааны хүрээнд даван туулж болно. Өөрөөр хэлвэл, газрыг заавал хувьчилж байж л үр дүнтэй ашиглана,эдийн засгийн эргэлтэд оруулна гэж үзэх үндэс алга.
Хөгжиж буй гэж нэрлээд байдаг ихэнх оронд газар хувийн өмчид бүр аль эрт шилжсэн боловч нийгэм,эдийн засгийн хөгжилд нь манайхтай ижил,төстэй  саад бэрхшээл,асуудал одоо хэр тулгарсаар байгаа нь газрыг хувьд өгөх,өгөхгүйгээс угтаа хамааралгүй, өөр учир шалтгаан,хүчин зүйлс улс орны урагшлах хөдөлгөөнд тодорхойлогч нөлөө үзүүлдэгийг нотлон харуулж байгаа юм.


(Дашрамд хэлэхэд,олон оронд газар өмчлөл,хуваарилалтын шударга бус,тэнцвэргүй байдлаас болоод улс,нийгмийг донсолгон сульдуулсан хөдөлгөөн,үймээн,дайн дажин гарч эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байна.)
4.Газрыг хувьчилснаар өнөөгийн Монголын нийгэм,эдийн засгийн өмнө тулгарч буй ганц ч асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд тус нэмэр болж чадахгүй. Харин ч тэдгээр асуудлыг улам даамжруулан хурцатгаж,улс орон урагшлан дэвшихэд нэмэлт үй олон саад,бэрхшээл бий болгох магадлал илэрхий өндөр байна.
Энэ нь нэг талаар манай өнөөгийн эдийн засаг,хууль зүй,шүүхийн системийн болон нийгмийн ухамсар,соёл,ёс суртахуун,сэтгэл зүйн нөхцөл байдал, нөгөө талаар капиталын харилцааг шүтсэн  
(зах зээлийн гэж нэрлэж буй) эдийн засгийн дотоод зүй тогтолтой шууд холбоотой.
Иймд газрыг хувьд шилжүүлснээр манай улс,нийгэмд (тодорхой хувь хүнд бус) унах олз,ашиг гарах гарз,хохирлоос нь хавьгүй бага байх болно.Энэ нь бүх талын бэлтгэлийг олигтой хангаж чадаагүй байгаа өнөөгийн нөхцөлд улам ихээр хамаарна.
Тухайлбал,хот,суурин газрын төлөвлөлт,суурь (дэд) бүтцийн хөгжилд нэмэлт саад,хүндрэл учирна. Газрын төлөөх ил,далд тэмцэл улам бүр гаарах,газрын үнэ хийсвэрээр өсөхөд хүчтэй түлхэц өгөхөөр байна. Газар ховордсоноос үйлдвэрлэл,үйлчилгээний салбарын хөгжилд нэмэлт дарамт,бэрхшээл үүсдэгийг дэлхийн практик харуулсаар байна.
Ердөө аравхан жилийн дотор нийгэмд бий болсон баян,ядуугийн ялгаа,хагарал улам гүнзгийрэн архагших нэг хүчтэй сэжим үүснэ.


Төв,орон нутгийн төсөв газар борлуулснаар нэг удаагийн орлого олох боловч уг газрыг эзэмшүүлж,ашиглуулсан тохиолдолд олох боломжтой байнгын орлогын эх үүсвэрээ алдана.Ер нь газраа худалдаж төсөвт орлого оруулдаг харалган практик дэлгэрэх аюултай.


Өмчийн холбогдолтой зөрчил,маргааны хэмжээ,далайц хэд хэдэн эрэмбээр нэмэгдэж, хууль хяналтын байгууллагууд дааж давшгүй ачаалалд орж мэднэ.
Нийгмийн ухамсах,ёс зүй,сэтгэл зүйн хүрээнд хүчтэй сөрөг үйлчлэл үүсвэл улс,нийгмийг дотор талаас нь тогтоон барьцалдуулахад онцгой үүрэгтэй шударга ёс,эв нэгдэл,эрх тэгш байдал гэх мэт үнэт зүйлс улам хэврэгшин үнэгүйдэхэд хүрнэ.
5.Хязгаартай жаахан газрыг хувааж өмчлүүлнэ гэж ярьж тайлбарлаж (тайвшруулж) байна.Гэтэл энд жишээ нь хоёр зүйлийн хожмын үр дагаврыг сайтар анхаараагүй бололтой.
Нэгд,хүн ам өсөхийн хэрээр хувьчлах газрынхаа хэмжээг нэмэгдүүлээд байх уу? Хойч үеийн монголчууд хуулиар олгогдсон эрхээ нэхээд газар авъя гэхэд нь олгох газар дууссан,хохь чинь гэсэн байдлаар ялгаварлан үзэхэд хүрэх үү? гэдгийг бодолцмоор. Ингэх юм бол ирээдүй үеийн хүмүүсийн эрх ашигт наанадаж шударга бус хандсан хэрэг болно.
Хоёрт,одоо хувьчилж болохгүй гэж байгаа газар дараа нь хувьчилж болдог газар болон хувирна гэдгийг төсөөлөх ёстой. Цаг нь болохоор бэлчээр гэх газар,хот суурингийн газар,одоо нийтийн эдэлбэрийн гэх газар нэг л мэдэхэд хувийн өмчийн газар болчихдог юм. Энэ нь нэр томъёог хэн, хэрхэн тайлбарлахаас ихээхэн хамаардагтай бас холбоотой. Амьдрал дээр яг ингэдэг,сонирхсон талууд яг ингүүлж чаддагийг дэлхийн туршлага бишгүйдээ харуулсаар байна.
Тэгэхлээр одоо иймхэн (нутаг дэвсгэрийн 1%) газрыг л хувьчилна гээд байгаа нь үнэн хэрэгтээ түүнээс их (х%) газрыг цаашдаа хувьчлахад хүрнэ гэсэн үг. Зүйрлэвээс их үерийн даланг мэдсээр байж одоо сэт татах гэж байна.
6.”(Г)азрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэсэн Үндсэн хуулийн (нэлээд болгоомжтой томъёолсон) заалтыг газар хувьчлахыг эрмэлзэгчид үндэслэл болгон хэрэглэсээр (заримдаа бүр далайлгаж) байна. Гэхдээ энэ заалт маань ер нь зөв үү, буруу юу? гэдэгт тэр бүр анхаарахаа байжээ.
Дээрх заалт сэтгэл санаа ихэд хөөрсөн нийгмийн уур амьсгалд бий болсон.Түүхэн тэр үед болохгүй юм гэж байхгүй мэт ойлгоц их түгсэн байлаа. Гэтэл аравхан жилийн дотор тэр үед зарлан тунхагласан зарим сайхан зорилт,заалт нийгмийн,ялангуяа эдийн засгийн бодит нөхцөл байдлаас үүдээд хэрэгжих ба хэрэгжихгүй байх өөрийн зааг хязгаар,учир шалтгаантай байдаг нь бараг хүн бүрт тодорхой болчихов.


Тэгэхлээр Үндсэн хуулийн уг заалтад ихээхэн шүүмжлэлтэй хандвал зохино.Хуулийн заалт ерөөс хуулийн зүйл ангийнхаа хувьд хүчтэй үндэслэл болдог бус, харин учир утгын хувьд зөв зүйтэй байвал л жинхэнэ үндэслэл болж чадна.  


Цаад мөн чанар,утга агуулгаараа бодит байдал, язгур эрх ашиг, хүсэл эрмэлзэлд нийцэхгүй нь илэрхий болсон аливаа заалтыг өөрчилж болдог,өөрчилж ирсэн,өөрчлөх ч ёстой билээ.
7.”Монголын ард түмэн бид...эх орондоо хүмүүнлэг,иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн заалт,өгүүлбэрээр Үндсэн хууль эхэлдэг.Энэ зорилгод хуулийн бусад бүх заалт,түүний дотор газар өмчлүүлж болох тухай заалт,мөн тэрчлэн төр,засгийн бүхий л үйл ажиллагаа захирагдан чиглэгдэх учиртай.
Хүмүүнлэг,иргэний ардчилсан нийгэм нь капиталын ноёрхлын эрхшээл,дарамтад автагдсан өнөөгийн хөрөнгөтний нийгэм хэрхэвч биш юм.


Бүх баялгийн эх булаг болсон газар дэлхий,хүн хоёрыг нийгмийн үйлдвэрлэл,хэрэглээний өнөөгийн капиталист арга хэлбэр сүйтгэн доройтуулж байгаа нь амьдрал дээр улам илэрхий болох болсон учраас хөгжлийн өөр зам,загварыг өнгөрсөн зууны далаад оноос олон оронд эрчимтэй эрэлхийлэх болж,үүний нэг үр дүнд ирээдүйтэй хөгжлийн (тогтвортой хөгжлийн гэж манайхны оновч багатай нэрлээд байдаг) үзэл санаа ,баримтлал үүсч дэлхий даяар түгэн хүч авах болсон билээ.
Үүнийг энд хөндөхийн учир нь капиталын харилцаа Баруун Европод анх үүсч хөгжих уг үндсийн нэг байсан (одоо бол тийм зайлшгүй шаардлага байхгүй) харилцаа болох газрыг хувь хүн өмчлөх явдлыг Монголын нөхцөлд гэнэт бий болгох гэж байгаад оршино.


Эдүгээг хүртэл Монголын нийгэмд газрыг хувь хүн өмчлөх эдийн засгийн хэлбэршсэн харилцаа хөгжиж чадаагүй нь өөр хоорондоо нэн авцалдаатай, олон зүйлийн түүхэн тодорхой учир шалтгаантай байсан бөгөөд эдгээрийн суурь нэгэн нөхцөл болох байгаль,цаг уурын таатай бус хүчин зүйлс,экологийн эмзэг тэнцвэрт байдал цаашдаа ч манай нийгэм,эдийн засгийн хөгжилд ихээхэн хязгаарлах үйлчлэлтэй хэвээр байх болно.
Газраа улс нийтээрээ өмчлөн ашиглаж ирсэн нь монголчуудын сэтгэлгээ,зан заншил,тухайлбал газар нутгаа хайрлах сэтгэлгээ,тусархуу,эв хамтач ёс занд гүн гүнзгий ул мөр үлдээж нийгэм,байгалийн хатуу шалгуур,сорилтыг амжилттай даван туулахад онцгой эерэг нөлөө үзүүлсээр ирсэн билээ.
Газрыг нийтээрээ өмчлөх хэлбэр нь ирээдүй цагийн нийгэмд хүрэх явдлыг хөнгөвчлөх чухал сэжим, хүчин зүйл байж болох магадлалтайг суут ухаантнууд аль дээр үед олж харсан.


Монголын нийгэм газрыг хувийн өмчид шилжүүлэхгүйгээр цаашид хөгжих бүрэн боломжтой бөгөөд газрыг төрийн өмчид үлдээх нь дэлхийн дэвшилтэт хөгжлийн чиг хандлагад нийцэхээс гадна хүн бүрийн жинхэнэ эрх чөлөөт,хангалуун амьдралыг цогцлон бүтээх илүү таатай нөхцөл, боломжийг өнөө ба ирээдүй үеийнхэнд олгох талаасаа зүйрлэшгүй дээр шийдэл байх болно.


Капиталын харилцаа, үүний дотор газрыг хувь хүнд өмчлүүлэх харилцааг шүтсэн нийгмийн зохион байгуулалт нь хөгжил,дэвшлийн чөдөр тушаа болон хувирч түүхэн утгаараа үеэ өнгөрөөж буй цаг үед мянга мянган жилийн уламжлалаасаа гажиж, Үндсэн хуульд заасан эрхэм дээд зорилго, баримжаагаасаа ухрах утга агуулгатай алхмыг тэвчээр алдан яаран хийх гэж байгаа нь нэн хачирхалтай.
Эрмэлзэн тэмүүлж буй ирээдүйд хүрэхэд маань тус дөхөм болох “алтан гүүр”-ээ нураахгүй байвал зүйтэйсэн дээ.


Хүндэтгэн мэндчилсэн,
Судлаач Р.Эрхэмбаяр                                              Улаанбаатар, 2002 оны 6 дугаар сарын 25-ны өдөр.