Улаанбаатарын хатуу хучилттай автозамын урт 650.4 км гэдэг. Энэ тоог 2017 он гэхэд 925 км болгоно гэж өмнөх засгийн үед ярьж байсан.

Харин энэ засгийн үед 2020 онд нийслэлийн замын уртыг 1500 км-ээр нэмнэ гэжээ. Замын уртыг нэмж, өргөсгөсөн ч хотын түгжрэлийг ор байхгүй болгоно гэдэг эргэлзээтэй.  Монгол Улсын нийт иргэдийн 60 хувь нь Улаанбаатарт шигдэж, тэд бүгд л “Хувийн унаагүй бол амьдрах аргагүй” гэцгээж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн 318 мянган өрх бүгд л хувьдаа машинтай байх сонирхолтой байгаа. Автотээврийн газраас гаргасан судалгаагаар 2013 онд Улаанбаатар 321.1 мянган машинтай байжээ. Базаад хэлэхэд, нийслэлд өнгөрсөн жил тоолсон автомашины тоо энэ жил тоолсон өрхийн тооноос даваад байгаа юм. Өрх нэмэгдэх бүрт машин нэмэгдэнэ. Өрхийн гишүүний тоогоор машинтай болох хүсэл нэмэгдэнэ. Гэхдээ энэ тийм чухал биш. Юу чухал гэвэл, жолоочийн хариуцлага хамгийн чухал.

 

     Согтуу жолоочийг хутга барьсан алуурчинтай зүйрлэдэг. Машиндаа бөөн хүн суулгачихаад согтуу давхиж байгаа жолоочийг “бусдын амийг санаатайгаар хороохыг завдсан” гэсэн зүйл ангиар шийтгэе гэж хэвлэлүүд ч бичдэг. Одоо байгаа хуулиар машинаа согтуугаар жолоодсон хүнийг замын цагдаагийнхан торгож, эсвэл жолоо мушгих эрхийг нь хасч байгаа. Гарцаагүй байх ёстой ял, шийтгэл ийм “энэрэнгүй” байгаа учраас ураг төрлөөрөө цугладаг ураг төрлөөрөө цугладаг Цагаан сараар үр хүүхэд, ах дүүгээ суулгачихаад согтуугаар жолоо барьж, улмаар өөдөөс нь яваа машинтай мөргөлдөж нэг биш ,хэдэн гэр бүлийг хорвоогоос явуулдаг байдал гарах болсон. “Цагдаад баригдахгүй биз дээ”, “гайгүй байлгүй дээ”, “цагдааг аргалчихна аа” гэх жолооч нарын хандлага юугаар төгсч болохыг хэн ч таашгүй. Зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчлийн дийлэнхэд нь “согтуу жолоочоос болсон” гэсэн шошго зүүдэг. Энэ л хангалттай болов уу. Согтуу үедээ жолоо барьчихдаг, нэгнийгээ зоригжуулж жолоо бариулдаг, жолоодох эрхээ хасуулсан мөртлөө хулгайгаар жолоо барьдаг хүмүүст зориулж нэгэн хавтаст хэргийг сөхье.

 

     Багануур дүүрэгт эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг 34 настай Балдан /нэрийг өөрчлөв/ гэж залуу байж л дээ. Тэрээр өнгөрсөн 2013 оны тавдугаар сарын 5-нд Багануур дүүргийн “Хархорин плаза” дэлгүүрийн замын урд машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож явах үедээ ноцтой осол гаргажээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж шүүхээс Балданд өнгөрсөн оны долдугаар сард хоёр жил хорих ял ногдуулж, жолоодох эрхийг нь нэг жилээр хассан юм байна. Хүн ам олноор цуглардаг дэлгүүрийн урд осол гаргасан Балданд ял ногдуулахдаа шүүх ялыг нь тэнсэн харгалзахаар болжээ. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналтад Балдан хоёр жил хэрэг төвөг тарихгүй, нэг жил машин барихгүй томоотой байх ёстой болсон. Энэ тухай 2013 оны наймдугаар сард өөрт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан сануулж, эрх үүргийг нь тайлбарлаад, тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх баталгаа гаргуулан гарын үсэг зуруулжээ.

 

     Наймдугаар сараас хойш Балдан хулгайгаар машин унасан юм уу бүү мэд. Ямар ч байсан 2014 оны гуравдугаар сард буюу “Мартын 8”-ны өмнөх өдөр эхнэрээ дуудахад нь машин унаад гэрээсээ гарчээ. Балдангийн эхнэр Дулмаа /нэрийг нууцлав/, нөхөртэйгээ 15.00 цагийн үед утсаар холбоо бариад “Намайг “Ахиц” хүнсний дэлгүүрээс ирээд аваарай. Зогсоол дээр яваад очно. Манай ажлын хүмүүс хот явахаар болсон” гэж хэлсэн байна. Балдан Тогос-Уулын хэсгээс замын хөдөлгөөнд оролцон зөөлөн явсаар “Ахиц” хүнсний дэлгүүр дээр хүрч очжээ. Тухайн үед цагдаагийн хэв журмын байцаагч нар тус дэлгүүрт шалгалтаар очсон байсантай таарчээ. Хоёр цагдаа хувийн машиндаа суусан байсны нэг нь, Балданг “Та жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шалгуулна уу” гэжээ. Балдан зөвхөн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шалгуултал цагдаагийн ажилтан дахин “Жолооны үнэмлэхээ шалгуул” гэж шаардсан байна.

 

     Байдал бишидсэнийг мэдсэн Балдан “Энэ машиныг манай эхнэр жолооддог. Би эрхээ хасуулсан” гэж үнэнээ өчжээ. Цагдаа нар газар дээр нь Замын цагдаагийн постоос утсаар лавлагаа авахад үнэхээр Балдан эрхээ хасуулсан байжээ. Ийм учраас машиныг нь журмын хашаанд хүлээлгэн өгсөн байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл тоон жолоодох эрхээ хасуулсан мөртлөө эхнэрийнхээ машиныг унаж явсан Балдан ингээд эрүүгийн хариуцлагад татагдан цагдаа, шүүхийн хаалга татжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд түүнд шүүхийн шийдвэрийг зөрчсөн гарах үр дагаврыг нь танилцуулсаар байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр машин барьсан нь шоронд хоригдох үүдийг нь нээсэн юм.

     Шүүхээс Балданд Эрүүгийн хуулийн 258.1 зааснаар буюу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хэмээн үзэж нэг жилийн баривчлан ял ногдуулжээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58.1, 58.5 дахь хэсгийг журамлан нэг жилийн баривчлах ял дээр өмнөх тогтоолоор ногдуулсан хоёр жил хорих ялын заримыг нэмж нэгтгэх шаардлагатай гэж үзжээ. Ингэснээр Балдан нэг жил дөрвөн сарын хугацааг жирийн дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэхээр болсон юм. Жолоодох эрхгүй мөртлөө машин барьж Эрүүгийн хууль зөрчсөн Балдан анхан шатны шүүхийн шийдвэртэй санал зөрөлдөөгүй учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргалгүй өнөөдрийг хүртэл ялаа эдэлж байгаа юм.

Г.Тулга