-Монгол-Энэтхэгийн хоорондын харилцаа-

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн наймдугаар сард Бүгд Найрамдах Энэтхэг Улсад айлчлах үеэрээ Ж.Неругийн нэрэмжит их сургуульд зочилж, Дели хотноо сурдаг монгол оюутнуудтай уулзаж лекц уншсан юм. Тэрбээр Монгол Энэтхэг хоёр улс шашин соёлын олон жилийн уламжлалт түүхэн харилцаатайн дээр цахшид боловсрол, шинжлэх ухаан, технологи зэрэг олон салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархалтай байгаагаа лекцийн үеэр дурдаж байлаа. Мөн хоёр орны өнө эртнээс эхэлсэн найрсаг харилцаа улам батжихад Энэтхэгт суралцаж байгаа монгол оюутнуудын үүрэг оролцоо өндөр болохыг ч тэдэнд сануулан захиж байлаа. Энэтхэгийн Ерөнхий сайд асан Ж.Неругийн нэрэмжит их сургууль нь Энэтхэгт эхний гуравт, дэлхийн шилдэг их сургуулиудын нэгд багтдаг томоохон их сургуулийн нэг юм. Тус сургуулийн эрдэмтэн профессор, оюутан судлаачид гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын лекцийг анхааран сонсч, асуулт хариулт өрнүүлсэн юм. Түүний лекцийг бүрэн эхээр нь хүргэе.

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, багш, профессор нараа,
Эрхэм хүндэт оюутан суралцагсад аа, 
Эрхэмсэг хатагтай, ноёд оо! 
Энэ сайхан өдөр Жавахарлал Неругийн Их Сургуульд айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, та бүхний амар амгаланг айлтган мэндчилж байна.
Би энэхүү илтгэлийн хүрээнд Энэтхэг, Монголын харилцааны асуудлыг Бурханы шашины өнцгөөс авч үзэхээр шийдсэн билээ. Бурханы шашиныг хийсвэр юм гэж үзэх нь учир дутагдалтай. Энэхүү шашин Монголчууд бидний өдөр тутмын амьдралтай холбоотой, түүнчлэн Энэтхэг Улстай гүн гүнзгий, найрсаг, халуун дотно харилцаа тогтоон хөгжүүлэхэд түүний үзүүлсэн нөлөө, тусгал их байдаг юм.
Энэтхэг оронтой хэрхэн танилцсан, Бурханы шашныг хэрхэн ойлгож таньсан тухай хувийн туршлага болон Бурханы шашин манай хоёр орны харилцаанд ямар чухал ач холбогдолтой талаар хувийн санал бодлоо та бүхэнтэй хуваалцая гэж бодож байна.
Намайг арван хоёр, гурван настай байхад аав маань Пандит Жавахарлал Неругийн “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” номны орос хэл дээрх орчуулгыг авчирч өгөөд “Энхбаяр аа, хүү минь, дэлхий тэр чигээрээ, тэр дундаа Оросын эрдэмтэд Чингис хааны талаар ам нээх бүртээ тааруу, муу зүйл ярьдаг, бичдэг. Сайн, сайхан зүйл хийж бүтээгээгүй, харин ч харгис хэрцгий хүн, асар олон гэмгүй хүнийг хүйс тэмтэрсэн хүйтэн цуст алуурчин мэт бичдэг, ярьдаг. Ер нь Барууны, тэр дундаа Зөвлөлт, Оросын эрдэмтэд Чингис хааны тухай, түүний үйл хэргийн тухай ийм байр суурьтай байдаг. Харин Жавахарлал Неру энэ номдоо Чингис хааны үйл хэргийг сайн сайхан талаас нь тайлбарлаж дурдсан анхны, тэр дундаа дэлхий дахинаа нэр нь гарч алдаршсан эрхэм хүмүүсийн дундаас анх удаа бичсэн хүн” гэж хэлж байсан билээ.
Та бүхэнд зориулж түүний номноос иш татъя. “Монголчуудыг нүүдэлчин учир зэрлэг байсан гэж боддог нь буруу юм. Хот суурин газрын ахуй, амьдралаас хол хөндий байсан нь мэдээж хэрэг, гэхдээ өөрсдийн гэсэн соёл, амьдралын зүй тогтлыг бий болгосон, нарийн зохион байгуулалттай байсан нь тодорхой. Монголчууд тооны олноор биш харин сахилга, зохион байгуулалттай байсны хүчинд тулалдааны талбарт их ялалт хийж чадаж байжээ. Бас Чингисийн цэргийн гайхамшигт ухааны хүчээр ялалт байгуулж чадсан байна. Чингис бол түүхэнд гарсан цэргийн суут ухаантан, жолоодогч эргэлзээгүй мөн. Түүний дэргэд Александр Македонский, Цезарь хоёр жижиг харагдана. Чингис өөрөө гарамгай жанжин байгаад зогсохгүй араасаа цэргийн олон зүтгэлтэн бэлтгэж, гайхалтай удирдагч болгосон. Монголчууд эх орноосоо хол, олон мянган бээрийн алсад тоогоор илт давуу цэрэг, армитай тулалдаж олон удаа ялж ялалт байгуулж байжээ.”
Жавахарлал Неру номондоо ийнхүү бичсэн нь надад маш их сэтгэгдэл төрүүлж билээ. Монгол түмний суу алдарт Чингис хааныг ингэж магтаж алдаршуулсныг нь уншиж мэдээд их баярласан. Жавахарлал Неругийн байр суурь бусад, ялангуяа Зөвлөлт Холбоот Улсын эрдэмтдийн ном, лекцэндээ батлан хэлдэг байсан байр сууриас тэс ондоо байсан гэдгийг энд онцлон хэлмээр байна.
Ингээд бодохоор Энэтхэгчүүд бусдаас өөр байхаас эмээдэггүй, өөр үзэл бодол, өөр байр суурьтай байх, түүнийгээ илэрхийлэхээс айдаггүй хүмүүс аж. Тэгэхээр бусдаас өөр байхаас айх, эмээх хэрэггүй байх нь. Энэ бол миний хувьд бага залуудаа олж авсан маш үнэ цэнтэй ойлголт, ухаан байлаа. 
Чингис хааны тухай хэлсэн Неругийн сайхан үгс миний оюун санаанд хадгалагдан үлджээ. Би 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Дараа жил нь буюу 2006 онд Монголчууд бид Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Бид их ойгоо тэмдэглэхдээ НҮБ-д хандсаны дагуу НҮБ-аас биднийг дэмжиж дэлхий дахинаа эрдэм шинжилгээний хурал хийх, лекц унших, ном товхимол гаргах, үзэсгэлэн дэлгэх, концерт, урлагийн наадам зохион байгуулахыг дэмжсэн утга санаа бүхий тусгай тогтоол гаргасан юм.
Үүнээс улбаалаад би НҮБ-ын гишүүн орнуудын тэргүүнүүдэд хандан Чингис хааны болон Их Монгол Улсын талаар байр сууриа илэрхийлэхийг хүссэн захидал бичье гэж шийдээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд захидал бичсэн. Олон улс орны тэргүүнүүд хариу захидал ирүүлсэнд талархахгүй байхын аргагүй байж билээ. Ингээд бид Чингис хаан, Монголын Эзэнт гүрний тухай бичсэн гадаад улс орны тэргүүнүүдийн байр суурийг эх хэл дээр нь болон Монгол хэл рүү орчуулсан орчуулгатай нь хамтатган тугай ном болгон эмхэтгэж гаргасан.
Тэгэхээр Жавахарлал Неру улс орны төрийн тэргүүнүүдэд хандан захидал бичих энэ санааг миний бүр 12 настай байхад өгсөн юм. Түүний “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” болон 2006 онд бидний хэвлүүлсэн хоёр ном Чингис хааны нэрийг зохих ёсоор нь түүхийн тавцанд гаргасан гэж би боддог. Агуу удирдагч, манлайлагчийн хувьд түүний ололт амжилтыг Македоны Александр, Наполеон, магадгүй Цезарь зэрэгтэй харьцуулж болохуйц юм. Франц Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч асан ноён Ширак хариу захидалдаа “Пакс Монголика” буюу “Монгол маягаар энх амгалан зэрэгцэн орших ёс”-ын талаар бичиж ирүүлснийг санаж байна. Энэ нь өөр өөр улс үндэстэний соёл, уламжлал, шашин шүтлэгийн ялгааг хүндэтгэн хүлцэж, эв найрамдалтай байхыг ёсчилсон, Чингис хааны зарлигаар тогтсон, Евразийн өргөн уудам нутагт амьдарч байсан өөр өөр олон улс орны уугуул иргэд соёл, эдийн засгийн амьдрал хэв маяг хадгалан энх амгалан зэрэгцэн оршиж байсан ёс мөн билээ.
Монголчууд байлдан дагуулахдаа бусад улс орон, ард түмний соёл, итгэл үнэмшил, шашин шүтлэгийг хөндөж үгүйсгэлгүй, харин ч хүндэтгэлтэй ханддаг байж, ийм ч учраас “Пакс Монголика” бий болжээ. Монголын Эзэнт Гүрний үед энх амгалан амьдарч байсныг илтгэх “Пакс Монголика” нь өөр, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн үзэл баримтлалд үндэслэжээ.
Аливаа зүйлийг нэг ижил болгохыг, нэгийгээ дагаж дуурайхыг шахаж зүтгүүлэх нь өөр өөр соёл, үнэт зүйлтэй улс үндэстнүүдийн дунд энх тайвныг тогтоох, бэхжүүлэх, тус бүрийнх нь давуу талыг бататгах, хөгжүүлэх, ахуй амьдралыг нь ахиулан дэвжүүлэх арга ухаан огт биш юм.
Би 1975 онд ЗХУ-ын Утга зохиолын дээд сургуулийн оюутан болсон. Тэр үед утга зохиол судлах гэж байгаа бол, тэр дундаа ЗХУ-д суралцаж байгаа бол Оросын нэрт зохиолч Лев Толстойг зайлшгүй судлах хэрэгтэй байсан нь ойлгомжтой. Лев Толстойн зохиол бүтээлүүдийг судалж, ойлгох бүр Махатма Гандигийн үзэл санаа, зохиол бүтээлтэй гарцаагүй учирна. Тэгэхээр миний хувьд төдийгүй Энэтхэгчүүд, дэлхийн хүн зоны хувьд хоёр дахь нөлөө бүхий маш чухал хүн нь Махатма Ганди байв.
Хүч үл хэрэглэх, үнэнийг тууштай сахих нь Махатма Гандигийн баримталж байсан гол зарчим мөн. Түүний энэ зарчим дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, аль хэдийн “Ахимса”, “Сатьяграха” гэсэн нэр томъёо болж өргөн хэрэглэгдэх болжээ. Махатма Ганди ч мөн адил бусдаас өөр, ялгаатай байхаас эмээдэггүй хүн байж, тиймдээ ч тухайн үед их эрэл хайгуул хийж байхдаа нэг хэсэг мах идэж эхэлсэн нь элэг нэгт Энэтхэгчүүдээсээ нэлээн өөр хоол хүнстэй болсон хэрэг байв. Үнэн хэрэгтээ Махатма Ганди Британчуудтай тэмцэхийн тулд, хүч чадалтай болохын тулд мах идэж хүчээ хуримтлуулж эхэлсэн ч хожим нь ингэх нь зорилгодоо хүрэх зөв зам биш гэдгийг ойлгосон байдаг. 
Тухайн үед буюу XX зууны эхэн үед, дэлхийн хоёр том дайны үед зэр зэвсгийн хүчээр бие биеэ хөнөөх, бусдад өөрийн хүслийг хүчээр тулгах балмад арга газар авсан байсан ч Энэтхэгийн ард түмэн, Махатма Ганди хүч үл хэрэглэх ухаан, арга замыг сонгосон байна. Дарангуйлал, колоничлолыг түлхэн унагахад, шударга бустай тэмцэхэд, тусгаар тогтнолоо олж авахад, бататган хамгаалахад ямар ч зэр зэвсэг хэрэггүй гэдгийг Энэтхэгчүүд хэдийн олж мэджээ. Дэлхий нийтээрээ зэр зэвсгээр ид хөөцөлдөж, хүчирхийллийг цор ганц шийдэл мэт харж байсан XX зууны эхэн үед Энэтхэгчүүдийн энэ арга, энэ шийдэл тэс ондоо ойлголт, тэс ондоо хандлага байсан юм.
Тэгэхээр Махатма Ганди тэргүүтэй Энэтхэгчүүд бусдаас өөр байхаас, энэ байр сууриа илэрхийлэхээс ер бэргэж эмээдэггүй ббайснйыг та бүхэн дахин анзаарч байгаа бизээ. Махатма Гандигийн үзэл санаа, үйл хэрэг надад маш их нөлөөлж би 1982-1984 оны хооронд хоёр жилийн хугацаанд цагаан хоолтон болохыг хичээж билээ. Тэр үед Монголд цагаан хоолтон болно, цагаан хоолтон байна гэдэг нэлээд хэцүү байж. Монголчууд бид харьцангуй их мах иддэг гэдгийг та бүхэн бэлхнээ мэдэж байгаа биз. Зарим нэг маань тахианы махыг цагаан хоол гэж бодно. Хонь, үхрийн махтай л биш бол бусад хоолыг цагаан хоол гэх нь бий.
Цагаан хоолтон болохоор шийдэн хичээж байсан 1982-оос 1984 онд хүртэл ийм ойлголт, ийм соёл манайд нийтлэг байсан гээд та бүхэн төсөөлөөд үз дээ. Тухайн үед надаас нэлээн ахимаг насны манай нэг алдартай, ардын жүжигчин: “Цагаан хоолтон болох гэж чармайж байгааг чинь харах бахархмаар байна. Би ч бас танаас үлгэр авч цагаан хоолтон болох санаатай. Махаа сайтар чанаад махыг нь идэлгүй, шөлийг нь ууж байгаа. Харин та ямар хоол хүнс хэрэгжлэж байгаа вэ?” гэж билээ. Тэгэхээр цагаан хоолтон болох, байх талаар түүний бодол, төсөөлөл ямар байсныг та бүхэн анзаарч байгаа биз. Би тэгэхэд нь “Та үнэхээр л цагаан хоолтон болохыг хүсч байвал чанасан махны шөл огт ууж болохгүй” гэхэд тэр: “Өө тэгвэл би цагаан хоолтой байж чадахгүй юм байна” гэж билээ.
Хэдийгээр хоёрхон жил ч гэсэн цагаан хоолтон болох гэсэн оролдлого маань надад маш том туршлага болсон. Учир нь сайн эрийг тодорхойлох нэг шинж нь мах идэх, сайхан идэх гэж Монголчууд үздэг, тэгэхээр тэр хоёр жилийн хугацаанд би бусдаас өөр байж чадсан юм. Бусдаас өөр байхын сайхныг ойлгох боломж олдсон юм.

 


Би 1980 онд их сургуулиа төгсөөд эх орондоо, Монголдоо ирээд ажил амьдралын гараагаа эхэлсэн. Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамнаас 1989 онд Бурханы шашины нэрт зүтгэлтэн, орчин үеийн Ладакийг бий болгогч, хожим “Элчин багш” хэмээн нэршсэн Кушок Бакула Ринбүүчийг Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилсон билээ.
Би түүнд бараалхаж шавь нь болсон нь миний хувьд үнэхээр азтай, ерөөлтэй хэрэг болж билээ. Бакула Ринбүүчий Элчин сайдаас гадна Бурханы шашины нэрт зүтгэлтэн хүн байлаа. Тэр үед олон арван жил үргэлжилсэн Зөвлөлтийн нөлөөнд дарагдсан Бурханы шашин Монгол Улсад сэргэж байсан юм. Бакула Ринбүүчий Элчин сайдаар заларч ирээд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барихдаа “Би Энэтхэг Улсаас Монгол Улсад суух энэ цагийн Элчин сайд, үнэн хэрэгтээ анхны Элчин сайд нь Бурхан багш буюу Будда өөрөө байж” гэсэн алдартай үгээ хэлсэн билээ. Бурханы шашин Монгол Улсад олон жил дарагдан шахагдаж байсан учир ийнхүү хэлсэн нь ихээхэн гүн гүнзгий утга учиртай мэдэгдэл болсон. Өмнө хэлсэнчлэн тухайн үед Бурханы шашин Монголчуудын дунд, Монгол Улсад дөнгөж сэрж, өндийж байлаа.
Өнөөдөр бид Энэтхэг, Монголын харилцааг “Дөрвөн Д”-гээр тодорхойлж байна. Эхний “Д” нь “Democracy буюу “Ардчилал”, удаах “Д” нь “Dharma” буюу “Бурханы шашины ном сургаал”, дараагийн “Д” нь “Digital corporation” буюу “Цахим хамтын ажиллагаа”, дөрөв дэх “Д” нь “Development cooperation” буюу “Хөгжлийн хамтын ажиллагаа” юм.
Бакула Ринбүүчи Элчин сайд мөн Бурханы шашины томоохон зүтгэлтэн, лам хүний хувьд манай хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд энэхүү дөрвөн “Д”-г чухалчилж өндөр ач холбогдол өгдөг байсан.
Дашрамд дурдахад, Монгол оронд Бурханы шашин хэд хэдэн удаа дэлгэрч байж. Бүр эхлээд Төв Азиар нутаглаж байсан Согдууд шууд Энэтхэгээс Бурханы шашныг авч Төв Ази, Афганистан болон бусад газар нутагт нэвтрүүлсэн, Монголчууд Согдуудаас Бурханы шашныг авч дэлгэрүүлсэн нь эхний давалгаа байж. Хоёр дахь удаад Бурханы шашинтай байсан Уйгуруудтай Монголын овог аймгууд харилцаатай байсан нь тэдний соёл, шашин шүтлэг Монголчуудын дунд тодорхой хэмжээгээр нэвтрэх шалтгаан болжээ. Гурав дахь давалгаа нь Юань гүрний үед тохиож, Юань гүрний эзэн хаан Хубилай Бурханы шашныг Юань гүрний төрийн шашин болгон ёсчилж байсан түүх бий. Харин дөрөв дэх удаад Төвдөөр дамжин дэлгэрч байж.
Тэгэхээр Монголчууд бид Бурханы шашинтай олон зууны турш олон өөр цаг үед холбогдож ирсэн нь санамсаргүй тохиолдол гэж бодохгүй байна. Манай өвөг дээдэс Хятадын Күнзийн сургаал, эсхүл Оросууд шиг Ортодокс Христийн шашиныг дагасангүй, харин Бурханы шашиныг авсан, ингэсний цаана Энэтхэг оронтой тогтоосон онцгой харилцаагаа хэвээр хадгалсаар ирсэн гэж дүгнэж болно. Ийм л учраас хэдий газарзүйн хувьд хөрш зэргэлдээ биш ч гэлээ Монголчууд бид Энэтхэг орныг оюун санааны хөрш гэж үздэг. Зарим үед оюун санааны хөрш нь газар зүйн хөршөөс дутуугүй чухал ач холбогдолтой байх нь бий.
Бурханы шашины ачаар бид хойд хөрш Орос, урд хөрш Хятадаас өөр өвөрмөц дүр төрхтэй болжээ. Тэгэхээр бусдаас өөр байж буюу Бурханы шашинтай болсон нь Монголчууд бидэнд бусдаас ялгарч, өвөрмөц мөн чанараа бий болгож, тусгаар тогтнолоо хадгалж, улмаар орчин үеийн улс үндэстэн болж хөгжихөд нэн чухал хөшүүрэг болжээ.
Нөгөө талаар ялгаатай байх нь сайн харилцаа тогтоон хөгжүүлэх сайн суурь болно гэдгийг Орос, Хятад хоёр хөрш маань мэддэг, ойлгодог гэж бид үздэг. Учир нь ялгаатай, харилцан адилгүй байх нь бие биеэ, нэг нэгнийхээ соёл, үнэт зүйлийг хүндэтгэх нөхцөлийг бүрдүүлдэг учиртай. Энэ нь бие биеэ таньж мэдэх, харилцан суралцах, өөр хэл соёл, өөр үндэс угсаатай хэн нэгэнтэй харилцахдаа илүү хүндэтгэлтэй болж төлөвших тухай юм. Үүнээс гадна ялгаатай байх нь гуравдагч хөршийн тухай бодлого боловсруулж хэрэгжүүлэх тал дээр бидэнд чухал ач холбогдолтой, ийм ч учраас өнөөгийн энэ ээдрээтэй цаг үед зөвхөн хөрш хоёр орноор гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хязгаарлалгүй илүү идэвхтэй, алсын хараатай байх ёстой, бас боломжтой гэж бодож байна.
Бид Энэтхэг Улстай харилцаа, хамтын ажиллагааны өнө эртний түүхтэй учраас гуравдагч хөршийн үзэл баримтлалын дагуу харилцаа холбоогоо бэхжүүлэн хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улс эдийн засгийн хувьд Япон Улсыг, ардчилсан нийгэм байгуулах хамтын зорилгын хүрээнд АНУ-ыг гуравдагч хөршөөрөө тодорхойлдог. Энэ бодлого Европтой боловсролын стандарт  тогтоох, их дээд сургуулиудыг хөгжүүлэх гэсэн чиглэлээр өргөжиж болох юм.
Байгаа байдлаараа хязгаарлагдалгүй, хайрцагнаас гарч, оршин тогтнох, хөгжин дэвжих шинэ орчин нөхцөл бүрдүүлэхийг хичээн зүтгэх хүсэл эрмэлзэлтэй бидэнд Бурханы шашин гуравдагч хөрштэй болох үзэл баримтлалыг боловсруулан хөгжүүлэх маш том хөшүүрэг болсон гэж бид үздэг.
Тэгэхээр Энэтхэгчүүдийн арга хандлагаас суралцах нь бидний хувьд нэлээн өгөөжтэй, сонирхолтой байх болно гэж би бодож байна. Дашрамд дурдахад, би өчигдөр Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд ноён Жайшанкартай уулзлаа. Уулзалтын өмнө Гадаад хэргийн сайдыг “Энэтхэг зам мөр, арга хандлага” гэсэн ном бичсэн тухай надад хэлсэн. “Энэтхэг зам мөр, арга хандлага” ном нь гадаад хийгээд дотооддоо бусдаас ялгаатай, өөр байх, Энэтхэгчүүд ялгаатай, өөр байхаас эмээдэггүй тухай үзэл санаанд үндэслэсэн мэт санагдсан.
Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөл (ЭСХЗ) бидний энэхүү айлчлалыг мэргэжлийн маш өндөр түвшинд зохион байгуулж буйд чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхэнд маш их баярлалаа. 
Айлчлалын үеэр бид Ислам, Христ, Бахай шүтлэгтэй болон мөн Хинду, Сикх шашинтай олон хүнтэй таарч байна. Энэтхэг бол олон янзын шашин шүтлэг, соёл, үнэт зүйлсийн өлгий нутаг төдийгүй энэ нь Энэтхэгийн, Энэтхэгчүүдийн давуу тал, хүч чадал юм байна гэдгийг бид бэлхнээ ойлгож мэдэж авч байна. Газар нутагт нь маш олон соёл зэрэгцэн орших учир Энэтхэгчүүд та бүхэн төрөл бүрийн шашин, соёлтой бусад улс оронтой хэрхэн харилцахаа төвөггүй мэддэг аж. Дэлхийн бараг бүх шашин, соёл Энэтхэгт оршин тогтнож байна. Энэ нь та бүхэн дэлхий дахинаа тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхийг мэддэг гэсэн үг юм.
Танайд албан ёсны хорь гаруй хэл бий. Далай тэнгис огт харж байгаагүй Гималайн хүн зон, эсрэгээрээ Энэтхэгийн өмнөд хэсгийн хүн ард өндөр цавчим уулс хэрхэн сүндэрлэж оршдогийг нэг ч удаа үзэж харж байгаагүй, тэгэхээр ийм олон янзын хүн ард, мөн тийм тооны олон янзын соёл, ахуй оршиж байна гэсэн үг. Энэ нь танай улсын давуу тал төдийгүй XXI зууныг Энэтхэгийн зуун болгох гол хөшүүрэг хүчин зүйл болно гэж үзэж байна.
Бурханы шашиныг өргөн утгаараа олон мянган жилийн түүхтэй Хинду шашин соёлын нэг салаа, урсгал мөн гэдэг билээ. Хэрэв би энэ байр суурийг Бурханы шашин, эсхүл Хинду шашинтан нэгэнд хэлбэл санал нийлэхгүй байх талтай. Тэд энэ хоёр шашин шүтлэг өөр хоорондоо тэс ондоо уламжлал, зан үйлтэй хэмээж эрс эсэргүүцэж үгүйсгэж болох юм. Гэхдээ энийг маш өргөн утгаар нь авч үзэж байгаа юм, мэдээжийн хэрэг Бурханы шашин Хиндү шашинаас үүсэл гаралтай учраас ингэж өргөн утгаар нь авч үзэхээс өөр аргагүй юм.
Энэ хоёр шашны уламжлалд “Атман”, “Брахман”, “Үйлийн үр”, “Гэгээрэх”-ийн тухай ялгаатай ойлголт бий нь үнэн. Гэхдээ эрдэмтэн мэргэд энэ ялгааг тайлж судлахыг чухалчлах нь зөв бөгөөд харин жирийн иргэд, улс төрчид ард иргэдийг өөр хооронд нь холбож, нэгтгэж байдаг сэжим холбоосыг нь эрэлхийлж олох хэрэгтэй.
Ноён Жайшанкарын номонд Энэтхэг Улс өөрийн замаар замнахаас, бусдаас өөр байхаас, олон улсын тавцанд илүү идэвхтэй байхаас айж эмээхгүй тухай өгүүлдэг. Тэгэхээр Энэтхэг Улс дэлхийн өнөөгийн цаг үе, үйл хэрэгт тэнцвэржүүлэгч гүрэн болоод байгаагаа ойлгож гэсэн үг. Энэтхэг бол хөгжиж буй улс орнуудын дуу хоолой болж байна. Бид энэ талаар ноён Жайшанкартай ярилцсан. Ноён сайд Энэтхэг бол “Өмнөдийн дуу хоолой мөн” гэж уулзалтын үеэр хэлсэн. Энэ бол хөгжил буурай, үүрэг, оролцоо багатай, хөгжиж буй улс орнуудын дуу хоолой болж байна гэсэн үг.
Олон жилийн турш дэлхийн хөгжил буурай улс орнуудыг төлөөлж ирсэн БНХАУ-ын удирдагчид нийгэм, эдийн засгийн төлөвлөгөө боловсруулж, олон арван жил тууштай хэрэгжүүлж ирснээр хөгжлийн өнөөгийн түвшинд хүрээд байгаа нь хэн бүхэнд илт. Тэгэхээр Хятад Улсыг хөгжил буурай улс орнуудын дуу хоолой гэж үзэх нь эргэлзээтэй, цаашлаад тус улс АНУ-ын жинхэнэ өрсөлдөгч болоод байгаа энэ цаг үед ингэж үзэх нь бүр эргэлзээтэй хэрэг.
Тэгэхээр хөгжил буурай, үүрэг оролцоо багатай ард түмнүүдийн дуу хоолой болох энэ чухал үүргийг Энэтхэг Улс гүйцэтгэж байгаад би хувьдаа их баяртай байна. Өөр өөрийн уламжлал, үнэт зүйл, онцлог бүхий олон соёлтой, дээрээс нь бусдаас ялгаатай байхаас бэргэж болгоомжилдоггүй учраас Энэтхэгчүүд та бүхэн энэ үүргийг хүлээн авсан байна.
Магадгүй ОХУ, БНХАУ, тэр байтугай АНУ-д хүмүүс аж төрөх, амжилтад хүрэх, айх аюулгүй байхын тулд янз бүрийн шалтаг, шалтгаанаар бусдаас, олноосоо өөр, ялгаатай байхаас болгоомжилж айдаг байж магадгүй. Тэдний бие биетэйгээ, бусадтайгаа адил болохыг, адил байхыг хүсдэг нь Энэтхэгчүүдээс тэс ондоо.


Олон соёлын өлгий болсон олон мянган жилийн түүх нь Энэтхэгийн ялгарах өвөрмөц онцлог мөн бөгөөд энэ нь цаашид ч өөрчлөгдөн хувирахгүй шинж чанар юм. Энэтхэг бол өөр өөр соёл, уламжлал, шашин шүтлэгтэй өөр өөр ард түмэн бүхий улс орон мөн. Энэтхэгчүүдийн энэ баялаг соёл, онцлог нь Энэтхэгийн сайхан орнын хил хязгаараас давж, улмаар Монгол руу, дэлхийн бусад улс орнуудад хүрчээ. Энэ чухал харилцаа холбоог цаашид тасралтгүй хөгжүүлж батжуулах нь нэн чухал гэж бодож байна.Манай хоёр улсыг ойртуулдаг бас нэг чухал зүйл нь ардчилал. Ардчиллын талаар чамгүй олон тодорхойлолт байдгийг та бүхэн бэлхнээ мэднэ. Би энд маш энгийн нэг тодорхойлолтыг дурдъя. Ялгаатай байдлаас ургаж гарсан ардчилал бодит хийгээд амьд байдаг. Бусдаас өөр, ялгаатай байх зарчим нь нийгэм, эдийн засгийн аливаа асуудал дээр олон намын олон ургальч үзэл, өөр өөр байр сууринаас хандах орчин нөхцөлийг нийгэмд бүрдүүлж, ялгаатай байдлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх улс төрийн соёлыг төлөвшүүлэх юм.


Энэтхэг яагаад дэлхийн хамгийн том ардчилсан орон болчихов, өнөөгийн хөгжилд хүрэхийн тулд учирсан саад бэрхшээл, хүнд хэцүү сорилтуудыг Энэтхэгчүүд хэрхэн, яаж давж туулав? гэж улс орон бүр гайхан сонирхож байна. Энэ талаар хангалттай олон хариу, тайлбар байдаг ч Энэтхэгчүүд өөр байхаас, ялгаатай байхаас бэргэж болгоомжилдоггүй нь гол учиг зангилаа мөн гэж хэлэх байна. Тэгэхээр өөр байх, ялгаатай байх нь Энэтхэгийн соёл, нийгэм ахуйн нэг онцлог юм.


Бусдаас өөр байх, бусдын ялгааг хүлцэж хүндэтгэх нь жинхэнэ ардчиллын жинхэнэ үнэт зүйл мөн учраас Энэтхэг Улсад ардчилал амжилттай өрнөж хэрэгжжээ. Ардчилал гэдэг нь угтаа үйл явц мөн учир аливаа улс орон, нийгэмд ардчилал бүрэн тогтсон гэж үзэх боломжгүй. Ардчилал өөрөө эцэс төгсгөлгүй үргэлжлэх үйл явц хэдий ч гол үнэ цэн нь бусдаас өөр байхаас айж болгоомжлохгүй байх аж.


Энэтхэг Улс, Энэтхэгийн суут хүмүүстэй шууд болон шууд бус байдлаар харилцаж, хамтын ажиллагаа өрнүүлж байсан тухайгаа ярианыхаа эхэнд би хэлсэн. Мэдээжийн хэрэг, би Жавахарлал Неру, Махатма Ганди нартай биечлэн уулзаж байгаагүй ч тэд миний үзэл санаа, үйл хэрэгт хэн нэгэн амьд ахуй хүнээс хол илүү хүчтэй нөлөөлсөн билээ.
Би Энэтхэгийн Ерөнхий сайд асан Атал Бихари Важпитай биечлэн уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх нэг чиг зорилготой ажиллаж байсан. 2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар түүний урилгаар Энэтхэг Улсад айлчилсан. Уг айлчлалын үр дүнд хоёр орны харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрч, улмаар цаашид хэрхэн тэлэх талаар санал солилцож байлаа. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам ойртуулах маш чухал нэг хүчин зүйл нь цахим хамтын ажиллагаа гэдэг тал дээр бид санал нэгдэж билээ. Хожим нь бид ноён Важпаигийн нэрэмжит Мэдээллийн технологийн сургуулийг Монгол Улсад үүсгэн байгуулсан.
Би өчигдөр Амритсарт “Хайр татам сургууль” гэсэн өвөрмөц нэртэй их сургуульд суралцаж буй монгол оюутнуудтай уулзсан, тэдний ихэнх нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа аж. Тэртээ 2003 оноос эхтэй цахим хамтын ажиллагаа өдгөө ийнхүү хөгжиж, илүү бодит, сайн үр дүн авчирч байгаад маш их баяртай байна.


Энэтхэгийн одоогийн Ерөнхий сайд ноён Моди ноён Важпаитай ойр дотно харилцаатай байсныг би мэднэ. Ноён Моди 2015 онд Энэтхэг Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад анх удаа айлчилсанд бид талархалтай ханддаг. Ноён Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Монгол Улс хоёр хөршөөсөө хэт хамааралтай, тухайлбал түлш шатахууны 90 хувийг ОХУ-аас авдаг тухай бодит байдалтай танилцсан. Та бүхэнд энэ хувь хэмжээ хэт их гэж санагдаж байна уу? Хэрэгтэй зүйлийнхээ 90 хувийг ганцхан улсаас авч байгаа нь мэдээж хэрэг “хэтэрхий их хамаарал” гэж бодогдож байгаа бизээ. Ийм учраас Монголчууд бид эдийн засгаа солонгоруулах, өөр бусад улс оронтой худалдааны харилцаа тогтоох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстой. Зөвхөн нэг улсаас хамаарах хувь хэмжээг бууруулах, зогсоох арга замаар хөгжих ёстой болоод байна. Бид ОХУ-тай хөрш, худалдааны түнш нь үнэн, гэхдээ түлш, шатахуун гэх мэт стратегийн чухал бүтээгдэхүүн дээр зөвхөн ОХУ, эсхүл БНХАУ-аас хэт их хамааралтай байх нь буруу, цаашид энэ байдал нийгэм, эдийн засгаа цогцоор нь хөгжүүлэх, илүү бие даах зорилго, тэмүүлэлд маань нийцэхгүй.
Ноён Моди Монгол Улсад айлчлахдаа Монгол Улсын зөвхөн нэг улсаас хамаарах хамаарлыг арилгах тал дээр туслахаар шийдэж, Энэтхэг Улс, Энэтхэгийн Засгийн газар манайд 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон. Монгол улс тэр хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж байна. Монгол орны зүүн хязгаараас олборлосон газрын тосыг боловсруулах үйлдвэр рүү дамжуулах хоолойгоор татаж аваад боловсруулан түлш гаргах юм. Тийм ч учраас энэ бол маш том, маш их үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болохын зэрэгцээ Энэтхэг Улс яриад зогсохгүй хийж, хэрэгжүүлдэгийн нэг тод жишээ болоод байна. Бусад улс орон энэ жишээг дагаж мөрдөх хэрэгтэй.


Би Гадаад хэргийн сайд ноён Жайшанкартай уулзахдаа Энэтхэг, Монголын Засгийн газрын хамтарсан комиссын даргаар ажиллаж байгааг нь түүнд дурдсан. “Та Засгийн газар хоорондын Энэтхэгийн талын комиссын дарга. Тэгэхээр хоёр дахь том төслийн талаар бодож эхэлцгээе” гэж сайдад хандан хэлсэн. Та бүхний мэдэж байгаачлан нефть боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орж 2025 оноос бүтээгдэхүүнээ гаргаж эхлэнэ. Дашрамд хэлэхэд 2025 онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо.


Газрын тос боловсруулах үйлдвэр 2025 оноос бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ гэдэгт бид бүрэн итгэлтэй байгаа. Тийм ч учраас Монгол Улсын хөршүүдээсээ хэт хамаарах хамаарлыг багасгах, гуравдагч хөрштэйгөө, тухайлбал Энэтхэг Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам батжуулах хоёр дахь төслийн талаар өнөөдрөөс бодож эхлэх хэрэгтэй гэж бодож байна.


Зарим улс орон өнөө үед олон улсын олон талт хамтын ажиллагаа хэрэгтэй гэж үзэж байна. Энэ бол бидний зорьж буй үйл хэргийг тодорхойлох сайн тодорхойлолт биш. Бид нэг талт ч биш, олон талт ч биш харин илүү цогц эрин үед тулж ирээд байна. Бурханы шашины нэг чухал ойлголт болох бусдаас ялгаатай байхын зэрэгцээ өөр хоорондоо харилцан хамааралтай, нэг нэгнээсээ шүтэлцэн орших тухай үзэл баримтлал бий. Цогц ертөнц бол чухамхүү ийнхүү шүтэлцэн орших тухай ойлголт юм. Ингэж тодорхойлж авч үзвэл илүү бодитой, илүү оновчтой болно гэж бодож байна.
Учир нь олон талт хамтын ажиллагаа гэхээр нэг, хоёр эсвэл гурав, дөрвөн том улс гол тоглогч буюу төв нь болж, өөрсдөөсөө хамааралтай хэдэн улсаар өөрийгөө хүрээлүүлнэ гэсэн үг.


Харин цогц хамтын ажиллагааны хүрээнд жижиг, том улсууд ижил тэгш түншүүд болох юм. Бие биеэсээ ялгаатай байх нь гарцаагүй, гэсэн ч эн тэнцүү түншүүд болно гэсэн үг. Ялгаатай, өөр байдлыг хүлээн зөвшөөрч өөр улс оронтой харилцаа, хамтын ажиллагаатай байна гэсэн үг. Тэгэхээр зэрэгцэн орших өөр хоорондоо ялгаатай олон соёлтой гэдэг талаасаа, магадгүй ОХУ, БНХАУ тэр бүү хэл АНУ-аас ч илүү ондооших шинж чанартай гэдэг талаасаа Энэтхэг Улс энэхүү цогц харилцаа, хамтын ажиллагааг тэргүүлэх загвар улс буюу үлгэр жишээ болж чадна гэж би бодож байна.
Монгол Улс шинэчлэн өөрчлөгдөхийг зорин хичээж байна. Энэ өөрчлөлт сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд нэлээн хурдацтай өрнөж, Монголчууд бид маш их сорилт, бэрхшээлтэй тулгарч байна. Шинэчлэл өөрчлөлтийн энэ хугацаанд бид мөнгө, санхүүгийн тал дээр голчлон анхаарч иржээ. Улс орнуудаас мөнгө өгөөч, зээл өгөөч, хөнгөлөлттэй зээл өгөөч гэж гуйсаар иржээ, гэхдээ энэ тал дээр Монгол Улсыг буруутгаж болохгүй. Хөгжил буурай улс орнууд мөнгө гуйдаг, хөгжингүй чинээлэг нь өгдөг, энэ бол дэлхий дахинаа нэгэнт хэвшсэн харилцаа. Гэхдээ үүний үр дүнд өсөж дэвжсэн улс орон гэж бараг байхгүй гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй. Бид мөнгө авдаг, гэхдээ улс төр, нийгмийн тогтолцоо нь авсан мөнгөө улс орныхоо, нийгэм ахуйнхаа хөгжилд зарцуулах боломжийг олгодоггүй. 


Тэгэхээр бидний өнөөдрийн хамгийн чухал зорилго бол үнэхээр үр ашигтай ажиллах төр засаг, нийгмийн бүтэц, тогтолцоог бий болгох явдал юм. Энэ бүтэц, тогтолцоо нь хүний, иргэний эрх, хүсэл мөрөөдөлд тулгуурласан байх ёстой. Энэ бүтэц, тогтолцоо нь иргэн төвтэй нийгэм, иргэн төвтэй улс, иргэн төвтэй ардчилсан улсыг бий болгох ёстой. Бид энэ бүтэц, тогтолцоог аль болох хурдан хугацаанд байгуулах хэрэгтэй. Тийм тогтолцоо тогтвол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, эсхүл ямар нэгэн сайд, өндөр албан тушаалтан биш харин чухамхүү Монгол Улсын иргэн энэхүү нийгмийн эзэн нь байх болно.


Тэгэхээр энэ замаар замнаж яваа бид Энэтхэг Улсын Үндсэн хууль болон доктор Амбедкараас олон зүйл сурч мэдэх ёстой. Хэдийгээр олон жилийн өмнө нас барсан ч түүний үзэл санаа нь өнөөдөр хүртэл амьд байсаар байх аж. Энд музей үзээд явж байхад доктор Амбедкар нэн буурай орчин нөхцөлд өсөж торнисон ч уйгагүй хичээн зүтгэж гүэн гүнзгий мэдлэгтэй болж, өндөр боловсрол эзэмшиж, улмаар орчин үеийн Энэтхэгийн Үндсэн хуулийн төслийг боловсруулах комиссын даргаар ажиллаж байсан тухай олон хүн бахархан ярьж байсан.


Энэтхэг Улсын үсрэнгүй хөгжил Үндсэн хууль дээрээ суурилжээ. Улс орныхоо орчин нөхцөлд нийцээгүй, тэнцвэргүй байдал үүсгэх, эсвэл ямар нэг чухал зүйлийг хассан, орхигдуулсан, аль нэг албан тушаал, эсхүл нэг институцид хэт их эрх мэдэл өгсөн Үндсэн хууль улс орныхоо хөгжил дэвшилд саад тээг болох гол хүчин зүйл нь болдог.


Манай Монгол Улсын Үндсэн хууль энэ цаг үеийн Монголын нийгэм ахуйд төдийлөн нийцэхгүй болоод байна гэж үздэг билээ. Бид энэ Үндсэн хуулийнхаа хүрээнд хуучин тогтолцооноос шинэ тогтолцоонд шилжсэн нь үнэн, гэхдээ Үндсэн хуулиа хэрхэн илүү тэгш, тэнцвэртэй байдлыг хангасан болгох вэ, хамгийн гол нь яаж иргэний хүсэл зориг, хүний эрх, эрх чөлөөг илүү их эрхэмлэсэн, түүнд тулгуурласан болгох вэ? гэдэг талаар бодох ёстой. Чухамдаа энэ л бидний өмнө тулгамдаж буй гол ажил болоод байна.


Энэ зорилгын хүрээнд би өнөөдөр Энэтхэг Улсын Ерөнхий шүүгчтэй уулзахдаа энэ талаар ярина. Өмнө нь Хууль зүйн сайдтай уулзсан. Монгол Улс Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа Энэтхэг Улсын эрдэмтэн, судлаачдыг урьж оролцуулах нь Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой. 


Энэ бүхнийг үндэслэн хоёр улс өнөөгийн хамтын ажиллагааны “Стратегийн түншлэл”-ээ “Стратегийн холбоотон”-ы түвшинд өргөн гаргах бүрэн боломжтой гэж үзэж байна.


Түнш байх, түншлэлийн харилцаатай байх нь хангалтгүй. Хөгжил дэвшилд хөтлөх зөв зам нь та бидний хувьд “Стратегийн холбоотон байх” явдал мөн гэж бодож байна.


Ингээд би лекцээ өндөрлөе. Хүрэлцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Миний өнөөдрийн илтгэл та бүхэнд ямар нэг санаа бодол төрүүлсэн болов уу гэж найдаж байна. Та бүхэнд асууж тодруулах зүйл байвал дуртайяа хариулъя. Үнэт цагаа зарцуулж анхаарал тавьсан та бүхэнд гялайлаа.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин