ХАР ӨРГӨДӨЛ

Цэдэнбал бол марксизмын хамгийн тулгар үзэлтний нэг байв. Тэрээр Маркс, Лениний үзэл санаанд ямар ч шүүмжлэлгүй бишрэгч, үүний төлөө юугаа ч өгөхөөс буцашгүй хүн болон хүмүүжижээ. Гэвч Маркс, Лениний сургаалаар цэнэглэсэн залуу тэдний номлолд огт дурдагдаагүй хоцрогдсон орныг хүлээж авав. Улсыг удирдаж байгаа Чойбалсанд үнэндээ социализм, коммунизмын талаар ямар ч ойлголт үгүйгээс гадна энэ талаар төдий л үл сонирхоно. Тэрээр ялангуяа Их хядлагаас хойш илүүтэй буурь суусан төдийгүй улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэх, аж ахуйг тордох, хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх талаар илүү санаа тавьж байв. Социализм, коммунизм, хөрөнгөтний бус хөгжлийн зам гэх мэтийн ойлгомжгүй зүйлсээ тэр чигээр нь Цэдэнбалд даатгажээ.

Цэдэнбалын социализм байгуулах талбарт нь газар тариалан огтоос үгүй, нүүдэлчид бүгд хувийн өмчтэй, аж үйлдвэр битгий хэл хотжил огт үгүй аж. Марксист онолоор ийм газар социализм байгуулах ямар ч бололцоогүй, найдлага ч үгүй. Чухам тэрээр өөрийн тэмдэглэлийн дэвтэрт энэ талаар удтал санаашран бичиж, Монгол дангаараа бие даан социализм байгуулах бололцоогүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Хоцрогдсон оронд социализм байгуулах огтын бололцоогүй юу гэвэл үгүй бололтой. Сталины Эзэнт гүрэнд монголчуудын нэгэн адил нүүдэлчин хасаг, хиргис, цаашлаад умард туйлын буга болон нохой хөлөгтнүүд ялсан пролетари орос, украин зэрэг слав үндэстний тусламжаар социализмыг гялалзтал амжилттай байгуулаад байв. Ингэхээр Монгол орон дангаараа социализм байгуулах бололцоогүй учир СССР-т нэгдэхээс өөр аргагүй юм гэсэн оюун дүгнэлтэд Цэдэнбал хүрчээ[1]. 1944 онд Тагна Тува СССР-ийн “ариун гэр бүлд” нэгдлээ. Салчиг Тогоо дахин нэг Лениний одон авч шууд л дэслэгч генерал цолоор шагнуулав. Чухам энэ л улс орноо үгүй хийх сэдэл Цэдэнбалд өгсөн бололтой байдаг. Монголыг СССР-ийн бүрэлдэхүүнд оруулах санал бүхий захидал бичиг гарсны эхнийхийг нь Тува СССР-ийн бүрэлдэхүүнд багтан орсон тэр үед буюу 1944 оны намар Шүүх яамны сайд Бат-Очирын Жамбалдорж МАХНамын ТХ-ны УТТ-нд БНМАУ-ыг СССР-ийн бүрэлдэхүүнд оруулах саналаа албан ёсоор тавьсан байдаг. Түүний тэр саналд: 

Монголын ард түмний ухамсартай хэсэг, МАХН-ын гишүүний хувиар… хэлэхэд манай Монгол улс Зөвлөлтийн аугаа их гэр бүлд багтах нь манай улсын цаашдын түргэн хөгжилд их л утгатай бөгөөд цаг нь болсон асуудал гэж би бодно... Зөвлөлтийн ард түмний эх орны дайны… хүнд цагт Монголын ард түмнээс ийм санал гаргахад манай хоёр улсын ах дүүгийн харилцаа найрамдал аль хэр бат бэх байгааг үзүүлэх нэгэн фактор болох юм.

Зөвлөлтийн гэр бүлд багтах гэдэг санал бол гагцхүү надад байгаа бус, олон түмэнд байгаа юм. Харин зарим нь энэ тухай манай нам, засаг биднээс илүү л мэдэж байгаа буй за гэж санадаг явдал их бий[2]. Энэхүү саналыг тухайн үед МАХН-ын ТХ-ны УТТ авч хэлэлцээгүй юм. Тувагийн талаар баримталсан Зөвлөлтийн бодлогыг үзэх аваас Монголоос өөрөөс нь ийм санал урган гарахад СССР-ийн удирдагчид дуртай хүлээн авна гэж тооцоолсон аж. Харин Чойбалсанд эл санал үнэхээр таашаагдаагүй бөгөөд үндэсний үзэл нэвт шингэсэн тэрбээр үүнд саад болж чадсан буй за.  Жамбалдорж нь Их хядлагын үед хамгийн идэвхтэй алуурчны нэг байв. Тэрээр 1939 онд ДЯЯ-орлогч сайд, 1941 оноос Шүүх яамны сайд болсон юм. Хожим 1947 онд УТТ-ны орлогч гишүүн, 1952 онд Чойбалсанг үхсэний дараа УТТ-ны гишүүн болжээ. Ингэхээр тэрээр 1944 онд Монголын удирдлагын дээд эгнээнд байгаагүй. Харин Ивановтой их найзархдаг түүгээр дамжуулан Цэдэнбалтай архины нөхөр байв. Тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Чойбалсанд ийм санал бие даан гаргаж өгч байх тийм сачий зориг түүнд байх учиргүй. Москвад КУТВ-т хоёр жил сурснаас өөр боловсролгүй тэрээр социализм байгуулалт, марксизмын тухай тун ч бүдүүн тойм төдий л ойлголттой байж таарна. Тэгээд ч удирдлагын хүрээнд шинээс гадна доогуур зиндааны хүн. Яаж ч бодоод үүнийг Цэдэнбал түүнд тулгасан байж таарна. СССР-т нэгдэх санал үүнээс хойш хоёр ч удаа гарсан ба зохион байгуулагч нь үргэлж Цэдэнбал боловч үүнээ дандаа өөр хүний нэрээр гаргуулж Чойбалсанд хийгээд өөртөө хандуулсан санал маягаар дэглэж байв. 1949 оны наймдугаар сарын 19-нд Улаанбаатарт суугаа Элчин сайд Ю.К. Приходов Москва руу маш нууц захидал илгээжээ. БХК(б)Н-ын дотоод бодлогын комиссын дарга В.Грегорян эл захидлын тухай тайлбарт мэдээлэл Сталинд бичээд хувийг Молотов, Берия зэрэг УТТ-ныхонд тараажээ.

“Нөхөр Сталинд… Чойбалсан Өвөр Монголыг удахгүй БНМАУ-д нэгтгэнэ гэсэн сэтгэгдэлтэй явдаг гэж нөхөр Приходов захидалдаа өгүүлжээ. Гэтэл Цэдэнбал болохоор Монголыг СССР-ийн бүрэлдэхүүнд орох зайлшгүй шаардлагатай болсон гэж үздэг юм байна. Үүнийг нь Чойбалсан эсэргүүцэж дургүйлхэдэг аж… Нөхөр Приходов мөн Цэдэнбалын БХК(б)Н-ын гишүүн болох хүслийг дамжуулжээ…” гэхчлэн бичээд тайлбар гурван хуудаст өгүүлэхдээ:

Захидалд дурдсанаар бол Монголын нам, засгийн болоод БНМАУ-ын хөгжлийн хэтийн төлвийн талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Цэдэнбал ямархуу үзэл бодолтой байгааг илтгэжээ. Цэдэнбалын үзэж байгаагаар БНМАУ-ыг алхам алхмаар социализмд шилжүүлэх тодорхой шийдлийн тухай төсөөлөл Монголын нам, засагт үгүй гэнэ… Цэдэнбал өөрийн үзлийг батлахдаа Коминтерн болон БХК(б)Н-ын ТХ-оос 1932 оны тавдугаар сарын 29-нд гаргасан “Монголын тухай” тогтоолын үеийн байдал өдгөө их өөрчлөгдсөн учир Монголын нам, засгийн бодлогыг дахин шинээр тодорхой болгох шаардлага урган гарч байгаа юм байна[3].  Жамбалдоржийн гэгч энэ санал үүнээс гадна Чойбалсангаар дамжин Сталинд уламжлагдсан байдаг.

1949 оны Сталин, Чойбалсангийн уулзалтын үеэр Өвөр Монголыг нийлүүлэх тухай яриа гарчээ. Зөвхөн хилээр л тусгаарлагдаад байгаа болохоос үндэс угсаа нэгтэй өвөр ба гадаад монголчууд нэгдэх нь зүй ёсны хэрэг боловч Хятадын бүрэлдэхүүнд орохгүйгээр тусгаар улс байсан нь зохилтой гэж Чойбалсан хариулсан байна. Тэгснээ Чойбалсан “Хэрэв Гадаад ба Өвөр Монгол нэгдвэл аяндаа СССР-ийн бүрэлдэхүүнд орох уу?” гэж гэнэт асуужээ.

Чойбалсанг Москва явахад нь Цэдэнбал түүнд 1944 оны мөнөөх “Жамбалдоржийн санал”-ыг гаргаж өгөөд энэ талаар Сталины саналыг асуугаад ир гэсэн юмсанж. Санал бичгийн дор “11 августа 49 г. Доложил (напиминал) Маршалу. Рекомендовал посоветоваться и получить указания от Сталина. Маршал прочитал: сказал что он получить посоветоваться (советы) Цеденбал. 11.8” Ийнхүү таван жилийн дараа далим гаруут Цэдэнбал энэхүү Жамбалдоржийн бичгийг дахин гаргаж Чойбалсангаар дамжуулан жинхэнэ эзний зөвшөөрлийг авах гэж оролдсон байна. 

ДАРААГИЙН ОРОЛДЛОГО

БНМАУ-ыг СССР-ийн бүрэлдэхүүнд оруулах тухай удаах захидал нь 1950 оны наймдугаар сард үйлдэгдсэн. Ямар ч байсан ийм агуулга бүхий захидал ЗХУКН-ын Төв Хороонд очсон байна.  Москвад сурч байсан аспирант Д.Төмөр-Очир, Л.Цэнд, Г.Галбадрах, Намын дээд сургууль төгсч байсан Ц.Дүгэрсүрэн, Цэдэнбалын туслах Б.Бадарч, Намын дээд сургуулийн багш С.Авирмэд нарын зургаан хүн Улаанбаатар хотоос баруун тийш холгүй орших Сонгино хэмээх амралтын газар Намын дээд сургуулиас 6 ханатай гэр бариулан амарч байхдаа тэрхүү СССР-ийн бүрэлдэхүүнд орох захидлыг бичсэн байна. Эдэн дундаа ахлагч нь Цэдэнбалын туслах Бадарч, тэрээр Намын сургуулийн нярав Дамбийнямд хэлж амралтын тусгай гэрийг бариулжээ[4].

“Маш нууц” гэсэн хөмсөгтэй, “Хайрт жолоодогч, багш маршал Чойбалсан, Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Цэдэнбал нар танаа!” гэж хаягласан энэхүү захидалд мөнөөх л Цэдэнбалын тэмдэглэлийн дэвтэртээ бичиж байсан зүйлс, мөнөөх л жилийн өмнө Приходовт ярьж байсан зүйл байна. Монголд социализм байгуулж болохгүй нь, ингэхээр СССР-ийн ариун их гэр бүлд нэгдье!

Хариултаа дотроо агуулсан өдөөн хатгалга маягийн энэ захидал гол нь Чойбалсанд хандсан байлаа. Марксист онолын цагаан толгой байхгүй энэ үхээрийн партизан өвгөн онолд боловсорч чанагдсан шинэ залуу үеийнхний сэргэг санааг хүлээж авахгүй байжээ. Энэ саналыг урьд нь Цэдэнбал ч хэлж байсан, Жамбалдорж ч бичиж байсан. Одоо ингэхээр нь Москвад эрдэмд сурч улсаа хөгжүүлэх онолын оньсыг нь олсон шинэ сэхээтэн бүлэг хүний санаачилга болгон түлхэж буй нь энэ. Хэрэв энэ захидлыг ТХ-гоор оруулж хэлэлцэх дээрээ тулбал ийм нарийн марксист зүйлийн тухай Чойбалсан юу ч мэдэхгүй учир цорын ганц тасархай онолч Цэдэнбал хариуг өгч таарна. Хариу нь захидлын асуултан дотор өөрт нь байлаа, Цэдэнбалын тэмдэглэлийн дэвтэрт ч байгаа. Жилийн ихэнхийг Москвад өнгөрөөдөг байсан Цэдэнбал энэ хариуг эртнээс олж тэнд сурч буй найз нартаа үргэлж ярин үнэмшүүлж чадсан байлаа.

Тэрээр урд жил нь БНМАУ-ын улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг боловсруулахаар Москвад бүтэн жил суусан юм. Улс орноо хөгжүүлэх энэхүү ирмүүн санаа нь үнэндээ улс орноо үгүй хийх санал байсныг бичигч залуучууд өөрснөө ойлгож байсан эсэхийг бүү мэд. Суралцагч гол төлөв энэ залуучууд дээд дарга нарын зөвшөөрөлгүйгээр, тэдэнд мэдэгдэлгүйгээр энэхүү авторитари дэглэмд энэ бүхнийг өөрсдөө санаачлан айлгүй хийж чадах байсан гэж үү!?

Малчид хувийн хөрөнгөтөн, жижиг буржуй нар, гэтэл тэднийг өөгшүүлээд байх нь социалист онолд таарах уу? Эдгээр бүх асуултын тэмдгийг анхаарлын тэмдэг болгон өөрчлөхөд бэлэн хариулт төдийгүй марксист заналхийлэл байлаа. Энэ бүх заналхийлэл ганц хүн рүү чиглэж байсан нь тусгаар тогтнолын төлөө бүх насаа зориулсан маршал Чойбалсан руу хандсан аж. Уг захидлыг Чойбалсанд Цэдэнбал биеэр хүргэж өгчээ.

“Захидал бичсэн хүмүүсийн хариуг өгье, энэ асуудлыг авч хэлэлцэе” гэж Цэдэнбал Чойбалсанг байнга шахах боллоо. Харин СССР-т нэгдэх шаардлагагүй гэсэн хариуг Сталинаас нэгэнт авсан байсан тул Чойбалсан нэлээд зоригжин, Цэдэнбал болон Приходовоос айхгүй болчихжээ. Тэрээр өөрийн орлогч Лхамсүрэнд “Бид нар үр хүүхэд, залуу үеэ муу хүмүүжүүлжээ. Бага сургуулиас нь авахуулаад л нам, засагтаа хайртай, эх болсон ард түмэндээ энэрэнгүй байж, тусгаар тогтносон эрх чөлөөт бүрэн эрхт Монгол улсаа мандуулах тухай сургаад хүмүүжүүлээд л байсан. Гэтэл бид эх оронч үзлээр хүмүүжүүлж огт чадаагүй юм шив дээ... Тэр хүмүүжүүлсэн монголын сэхээтний сор гэгдсэн хүмүүс чинь бусад улсад дагаар оръё гэж бичиж байна. Энэ чинь эх оронч хүмүүжил үү”[5] гэж ярьсан байна. Мөн УТТ-ны гишүүн Дамбад “...Тэр нөхдийн захидал өргөдлийг аваад чамтай уулзаж сууна. Цэдэнбал ойр ойрхон орж ирж захидлын хариуг хурдан өгье гээд шалаад байх юм. Төмөр-Очир, Бадарч хоёрыг хүлээн авч уулзаач гэж ч хэлж байна. Би санааг нь ойлгоод л байна. Тэр эрдэмтэд маань ард түмнээсээ тасарсан, түүхээ мэддэггүй эрдэмтэд шив дээ. Бумцэнд бид хоёр марксизмын цагаан толгойг ч муу гадарлаж байгаа биз. Гэхдээ муу мунхаг өвөгчүүд бид төр улсынхаа төлөө, төрийнхөө сүлд тамгыг яаж өргөж явахаа мулгуу бүдүүлэг ч гэсэн мэднэ шүү” гэж гоморхон хуучилжээ. 

Дамба мөн Чойбалсан, Цэдэнбал хоёрын муудалцаж буйн гэрч болсон байна. Цэдэнбал “Монгол улс бол биеэ дааж чадахгүй юм. Зөвлөлт улстай л нийлүүлье” гэж ярьжээ. “Чи ер нь ард түмнийхээ байдлыг жаахан харж үзэж байвал дээр байх шүү” гэж Чойбалсан ширүүхэн хэлэхэд Цэдэнбал “Би ч зориуд хэлээгүй, гэхдээ Зөвлөлтийн харьяат болсноор монгол үндэстэн алга болно гэж байхгүй шүү дээ” гэж хариулав. “Яагаад алга болохгүй гэж! Монгол үндэстэн алга болно л гэсэн үг…” гэж Чойбалсан загнасан байна[6].

1949 онд Сталины 70 насны ойг Монголд хэрхэн тэмдэгдэх талаар дарга нарын уулзалт болжээ. Гэтэл Улс төрийн товчооны бүрэлдэхүүнд шинээр орж ирсэн Жамбалдорж “Ийм тэмдэглэлт өдөр Монгол улс Зөвлөлтийн бүрэлдэхүүнд сайн дурын үндсэн дээр орох хэрэгтэй”. Чойбалсангийн царай барайн “Сталины ой яаж тэмдэглэх тухай ярьж байхад өөрийн эх орныг гадаадын эрхшээлд оруулна гэж чи ер нь юу гэсэн үг хэлээд байна, суу чи!” гэж загнасан аж.[7]

ГУРАВ ДАХЬ ОРОЛДЛОГО

1953 оны гуравдугаар сарын 5-нд Сталин нас барлаа. Урьд жил нь Чойбалсан мөн хорвоог орхисон. Монголын тусгаар тогтнолыг бүтээгч ба хамгаалагч хоёр хүн үгүй болжээ. Хүлээн зөвшөөрөгдсөн nation-state тусгаар Монгол улсын гол уран барилгач нь энэ хоёр хүн байсан юм. Тусгаар тогтнол бол Монголын ард түмний үе үеийнхний мөрөөдөл, тэмцэл, драм байсан. 1945 онд Монголын ард түмэн бүгдээрээ өөрийн ухамсар, сэтгэл эрмэлзлэлээрээ тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгч гарын үсгээ зурсан билээ. Одоо бол коммунизмыг тусгаар тогтнолоос хавьгүй үнэ цэнэтэйд үздэг марксизмын фанатик Цэдэнбал энэ nation-state-ийг удирдаж байлаа. Тэрээр арваад жил хөөцөлдсөн ажлаа гүйцэлдүүлэх аятай боломж ирлээ гэж үзсэн байна.

Чойбалсанг үхэнгүүт найз Жамбалдоржийгоо УТТ-ны гишүүн болгожээ. Урьд Дотоод яамны гүйцэтгэгчээс сайдыг нь хийж явсан, дараа нь Шүүх яамны сайд болсон, өдгөө улсын Ерөнхий прокурор болчихоод байгаа Жамбалдоржоос Цэдэнбалаас бусад нь үнхэлцгээ хагартал айдаг байжээ. Цэдэнбал энэ аймшигт хүнийг бусдынхаа эсрэг дуртай үедээ ашиглаж байх мунаа болгосон аж.

1953 оны гуравдугаар сарын 7-нд УТТ хуралдан Сталины оршуулгад явах хүмүүсийг батлав. Хуралд Жамбалдорж босч ирээд “Дэлхийн удирдагч аугаа жолоодогч Сталины үйл хэргийг мөнхжүүлэх ганц арга байна. Энэ нь аугаа их СССР-т Монгол улсаа нэгтгэх явдал юм” гэсэн аж[8]. Ингээд УТТ-ны шийдвэр гаргаад гишүүдээр гарын үсэг зурах ажлыг мань санаачлагч гэгч өөрөө гүйцэтгэв. Айсандаа бүгд зурлаа. Харин Бумцэнд ганцаараа татгалзав. Эдгээр залуучууд дотор эх орнынхоо тусгаар тогтнолын төлөө байлдаж явсан ганц нь тэр. Оршуулгын ажиллагаа хэдийнээ өнгөрсөн боловч Цэдэнбал өөрийн УТТ-ны шийдвэрийн хариуг хүлээж удтал Москвад суужээ. Энэ үед Сталины залгамжлагч хэн болох нь мэдэгдэхгүй байв. Хрущёв, Булганин, Берия, Маленков дөрөв л гол үүрэгтэй байх шиг. Ингээд шинэ удирдлагыг төлөөлж Молотов Цэдэнбалтай ганцаарчлан уулзжээ.

Энэ тухай Цэдэнбал өврийн дэвтэртээ тэмдэглэсэн нь:

Гуравдугаар сарын 23-нд Гадаад явдлын яаманд В.М. ганцаараа хүлээж авлаа. Тэр хэлэхдээ энэ бол Вышинскийн ажлын өрөө байгаа юм. Ямар ч тоног төхөөрөмж байхгүй. Би энд анхны өдрөө байгаа нь энэ. Оршуулгын үеэр зүгээр л үзэх гэж орж ирж байсан юм. ЗСБНХУ-д нэгдэх гэсэн асуудлын тань талаар тантай ярихыг над даалгасан юм. Танай энэ шийдвэр бол бүдүүлэг алдаа юм. Одоо бол цаг нь биш ээ. Олон улсын байдлыг та нар мэдэж байгаа шүү дээ. Зөвлөлтийн империализмын тухай дахиад л ярьцгаах болно. Энэ шийдвэрээ цуцлах хэрэгтэй. Энэ явдал танай Төв Хорооны нэр хүндийн хувьд эвгүй л юм болно. Гэхдээ яахав, цуцлах л болж дээ. Танай энэ шийдвэрээс чинь болчимгүй зан ханхалж байна. Анхнаасаа зөвлөж ярих хэрэгтэй байсан шүү дээ.

Цэдэнбал миний хэлсэн нь: Шийдвэрээ цуцалъя аа гэв. Би ярихдаа Улс Төрийн Товчооны гишүүд энэ асуудлыг Төв Хорооны бүгд хурал, Улсын Их Хурлын чуулганд оруулахыг шаардсан юм. Дараа нь олон улсын байдал төвөгтэй, хурцадмал байгаа тухай, энд бидний мэдэхгүй байгаа зүйлийг мэдэж байгаа учраас ЗХУКН-ын Төв Хороонд хандах тухай ярьцгаасан юм гэв.

В.М.: Ер нь танайд нэг нь нөгөөгөөсөө илүү зүүн тийш хэлбийх юм. Бидэнд нуугаад байх юм байхгүй ээ. Манай бодлогыг та нар мэдэж байгаа. Манай бодлого дэлхий дахинд илэрхий. Харин асуудал бэлтгэгдэж, хэлэлцэгдэж байгаа үедээ нууц байх тал бий. Олон улсын байдал цаашдаа ч хурцадмал хэвээр байх болно. Түр зуур жаахан намжааж болох байх. Сталин юуг яах гэж бодож байсныг бид мэдэхгүй. Бид хамтран урьдаас илүү сайн ажиллах хэрэгтэй. Урьд гарсан олон шийдвэрийг эргэж харах болох байна..

53 оны гуравдугаар сарын 25-нд В.М. намайг Гадаад явдлын яамандаа хүлээж авлаа. Энэ уулзалтад Элчин сайд Иванников байлцсан..

В.М.: Монголыг Зөвлөлтөд нэгтгэхийг санаачлагч нь хэн юм бэ?

Ц: Прокурор.

В.М. Юутай ч гэсэн улс төрийн бодлоготны хувьд тааруухан хүн юм даа. Та нар жаахан автагдсан байна. Би таныг хүлээж авалгүй жаахан удчихсан. Манайд томоохон өөрчлөн байгуулалт явж байна. Гэхдээ та бол өөрийн хүн шүү дээ. Та үүнийг ойлгож байгаа[9]. Цэдэнбал магадгүй марксизм ойлгодог байсан учраас буруутангуут өөрийнхөө доорх хүнийг санаачилга гаргагч хэмээн гүтгэчиж байгаа байх, харин олон улсын харилцааны нөхцөл байдал, геополитикийн талаар тун ядмаг төсөөлөлтэй нэгэн аж. Каир, Тегеран, Ялта, Подстамын уулзалтуудаар их гүрнүүд дэлхийг шинээр хуваасан. Чухам эдгээр тохиролцооны үндсэн дээр Монгол тусгаарласан бол Төвд тэгэж чадаагүй. Ялтын гэрээний өмнө Сталин амжиж Туваг өөртөө нэгтгэсэн. Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж хөдөлгөөнгүй болсон шинэ хил хязгаарыг зах хязгаарын ядуу буурай орныг төлөөлсөн “ядуу малчны марксист хөвүүн” дураар эвдэх бололцоогүй. Олон улсын цоо шинэ дүрэм журам ноёрхох болсон цоо шинэ дэлхийд СССР хүсээд ч тусгаар тогтнолоо хүлээн зөвшүүрүүлсэн БНМАУ-ыг өөртөө нэгтгэж чадахгүй. Ийм энгийн юмыг ойлгох боловсрол Цэдэнбалд байсангүй.

 

Хожим 1956 онд “хэлмэгдүүллийн” гэх хэрэг мандаж, Дотоод яамны алуурчдын нэр гараад ирэхийн үед Цэдэнбал мань Жамбалдоржийг “Монголд үзэгдээд хэрэггүй” гээд Москвад Элчин сайдын яаманд нарийн бичгийн даргаар илгээн бултуулжээ. Цэдэнбал Дамбыг зайлуулсныхаа дараа Жамбалдоржийг СССР-т суух Элчин сайдаар томилсон байна. Газрын зургаас арчиж үгүй хийх гээд байсан улсаа төлөөлөх болсон нь хувь зохиолын шоглоом гэлтэй.

 

1959 онд СССР-ийн Элчин сайд В.Молотов Цэдэнбалыг дагалдан Завхан аймагт явж байхдаа “Монгол улс СССР-ийн бүрэлдэхүүнд орно гэдэг цагийн хувьд эрт байна. Бид Казахстаныг авчихаад одоо болтол бүрэн эзэмшиж бараагүй явна. Танайхан удаа дараа хүсэлт тавьж буй боловч нэгдэх цаг нөхцөл үнэхээр бүрдээгүй байна” гэж учирлан ятгажээ[10]. Нэг үгэндээ цаг нь болоогүй юмыг ингэж эртэлж шаардах хэрэггүй гэж тайлбарласнаар энэ асуудлыг Цэдэнбал дахин сөхөөгүй юм.

1954 онд Хрущёв, Булганин, Микоян нар Хятадад айлчлахад Мао социализм байгуулж байгаа Монголыг мөн социализм байгуулж байгаа Хятадад нэгтгэж болох тухай яриа өрнүүлжээ.[11] “Монголчууд өөрснөө шийдэх ёстой” гэж Хрущёв хэлсэн байна. “Монголчуудын нэг хэсэг нь танайд Буриад-Монголын автономт улс гэж байна, нөгөө хэсэг нь манайд Өвөр Монголын автономт нэртэй байна, салсан монголчуудын энэ асуудлыг шийдэж болох юм” гэж хятадууд бас нэг тохиолдолд ярьжээ.

Хрущёв буцаж ирээд Зөвлөлийн засагт бүгд найрамдах автономт Буриад-Монгол улсын нэрнээс “Монгол” гэснийг нь хасаад зүгээр л Буриад болгон өөрчилжээ. 1958 оны долдугаар сарын 7-нд СССР-ийн Дээд зөвлөлөөс гаргасан тогтоолд “буриадын ард түмний хүсэлтээр... Буриад-Монголын АССР-ийг Буриад АССР болгон өөрчлөх” гэж заажээ[12]. Мэдээж ийм “зоригтой” хүсэлт лавтай буриадуудаас гараагүй нь мэдээж. 1959 онд Буриадад хамгийн сүүлчийн монгол бага сургууль хаагдав. Үст-Ордын Буриадын автономт тойрог, Агын Буриадын автономт тойргийг татан буулгаж Эрхүү муж болон Чита мужид харьяалуулах Оросын Ерөнхийлөгчийн шийдвэр 2006 онд гарлаа. Буриадын зарим сэхээтнүүд үүнийг эсэргүүцсэн боловч Буриадын нутагт буриадууд хүн амын дөрөвний нэгээс бага хувь эзэлдэг тул тэдний дуу хоолой хаана ч хүрсэнгүй замхарлаа. Энэ үе нь Чингисийн Их Монгол гүрэн байгуулагдсаны 800 жилийн ойтой давхцаж байсан юм.

 

Баабар