Гаалийн байгууллагаас автомашины татварыг үндэслэлгүйгээр нэмлээ хэмээн Солонгос Улсаас Автомашин Нийлүүлэгчдийн Холбоо төрийн бус байгууллагын тэргүүн А.Алтангэрэл өнгөрсөн Баасан гарагт мэдээлэл хийж байв.

Тэрбээр өнөөдөр мөн эл асуудлаар Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-т хандлаа.

ГЕГ-ын Бүрдүүлэлтийн цахим төв нь энэ оны эхнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Төвийн гол ач холбогдол нь гадаад худалдаа эрхлэгч нар үнэ үнэлгээ хийж буй гаалийн байцаагч нартай нүүр тулж харьцдаггүй, бараандаа дагалдаж ирсэн бичиг баримтаар үнэлүүлж байгаа учир цаг хугацаа хэмнэхээс гадна авлигаас ангид байдал бүрдсэн гэж албаны хүн хэлж байна Мөн өдөрт дунджаар 5,000 орчим бараа, 1,000 орчим гаалийн мэдүүлэгт бичиг баримтын шалгалт хийхэд 2-4 гомдол маргаан гардаг аж. Үүний нэг нь энэ тохиолдол юм.

Иргэн А.Алтангэрэл болон гаалийн байгууллагын холбогдох албаны хүмүүсийн байр суурь, тайлбарыг хүргэж байна.

А.Алтангэрэл: 2.8 сая төгрөг төлдөг байсан машин есөн сая төгрөг болчхоод байгаа

Иргэн А.Алтангэрэл: Албан тушаалтны хажууд ард иргэд хүчин мөхөстөж байна гэдэг шиг юм болоод байна. Хоёр ижил бичиг баримт бий. Нэг нь урьд өмнө үнэлэгдээд гарч байсан бичиг. Гэтэл нэг хоногийн дотор есөн сая болтлоо нэмэгдсэн үндэслэлийг тайлбарлаад өгч гэж байгаа.

Ганц л үнэн юм бий. Авсан үнээ нотолно гэхээр гааль хүлээн зөвшөөрөхгүй байна, илүү үнээр төлүүлэх гээд. Э.Лхагвасүрэн дарга гаалийн үнэ нэмээгүй, интернэтээс шалгаад гарсан үнэ нь энэ гэсэн. Солонгос улсдаа үйлчилгээнд явж байгаа дугаартай, 20-30 мянган ам.долларын автомашиныг татаж гаргаад адил үнэтэй гэнэ. Гэтэл мотор нь эвдрээд, дөрвөн дугуй нь халзарчихсан, сая километр эргэчихсэн, Солонгос улсдаа хэрэглэгдэхээ болилоо дараагийн ээлжид гаргая гэсэн машиныг бид Улаанбаатарт авчирч, иж бүрэн засвар хийдэг. Буурай улс учраас бодит амьдрал нь энэ, нуух хаах зүйлгүй. Энэ хоёрын хооронд зөрүү нь тэнгэр газар шиг байдаг.

Тэндээ үйлчилгээнд явж байгаа, дугаартай машинууд их үнэтэй. Харин хасалт хийгдээд буурай улс руу гарч байгаа машинууд нь хямд. ГЕГ-ын дарга нартай уулзаад бүх процессын бичлэгээ үзүүлээд их сайхан явж байлаа. Гэтэл эрхэм ноён Э.Лхагвасүрэн дарга ирснээс болоод хоёрхон хоногт нэмэгдсэн. 2.8 сая төгрөг төлдөг байсан машин есөн сая төгрөг болчхоод байгаа.

Энэ бол машин зөөж байгаа хүмүүс бага татвар төлөх гээд байгаа хэрэг биш. Төлөх юмаа төлөлгүй яах вэ, хуулийн дагуу төлсөөр ч ирсэн. Сая төгрөг нэмэгдсэн байсан бол уялдуулан тооцох үнийн хоёрдугаар аргаа хэрэглэсэн байх гэдэг байлаа. Одоо бол шууд зургаадугаар аргаа хэрэглэж байна. Албан тушаалтнууд дарамталж байгаагийн хэлбэр.

Цахим болсон нь амар боллоо гэж бодтол хүч түрэн татвар төлүүлж байна. Замын-Үүдээр хөлөөрөө орж ирсэн машинууд Монгол Улсын хил дээр зогсож байдаг байсан бол машинаар ачдаг болсон. Тэр нь өдрийн 350 ам.доллар. Тэгээд зориуд гацаадаг. Төлөхгүй байя гэхээр нэг машин дээр өдрийн л 350 ам.доллар бодогддог. Одоо бид өндөр үнээр нь татвараа төлж аваад, чиргүүлээ салгасны дараа хууль журмынх нь дагуу шүүхээр явъя гэж байгаа.

 

Ч.Тамир: Мэдүүлсэн үнэ нь хэт бага байгаа учраас хянан шалгаж байна

ГЕГ-ын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга Э.Лхагвасүрэн:

 Солонгос улсаас бараа бүтээгдэхүүн импортлогч холбооны гомдол гарсан. Хоёр автобус, нэг экскаваторынх. Намайг очсоноор үнэ нэмсэн асуудал яриад байгаа ч тийм зүйл байхгүй. Хамгийн эхэнд бичиг баримтыг гаалийн улсын байцаагч нягталж үздэг. Бичиг баримтыг нь нягтлаад мэдүүлсэн үнээр явах уу, дараа дараагийн үнээр явж татварыг нэмэгдүүлэх үү гэх асуудал гарч ирнэ. Гаалийн улсын байцаагч шийдвэрээ гаргахдаа энэ хүний мэдүүлсэн үнээр явах боломжгүй, дагалдах бичиг баримт хоорондоо зөрсөн, уялдаагүй гэж үзсэн. Дараа нь энэ байгууллага, хувь хүн нь үнээ зөвшөөрөхгүй бол Гомдол маргаан шийдвэрлэх нэгжид ханддаг. Уг нэгж шалгаад өмнө нь тавьсан гаалийн улсын байцаагчийн дүгнэлтийг баталсан.

ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамир:

 Гаалийн байгууллага хүчээр төлүүлж байна, гаалийн хяналт шалгалт хүч түрэмгийлдэг болчихсон юм уу гэж байгаа нь үндэслэлгүй. Хяналт шалгалт нь үргэлжилж байна.

Ямар ч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн ачаа барааг импортоор улсын хилээр оруулахдаа татварын тооцоололд гомдол гаргаж болно. Энэ тохиолдолд ГЕГ-т хандах ёстой. Холбооны тэргүүнд ч гомдлоо гарга гэж хэлсэн байгаа.

Тухайн бараатай холбоотой үнэ үнэлгээг хийсэн гаалийн улсын байцаагч өөрөө шийдвэрээ гаргадаг. Шийдвэрийг нь иргэн, аж ахуйн нэгж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд дээд шатны байгууллагад нь хандах зохицуулалттай.

Иргэний гомдлыг бид хянан нягтална. Гэхдээ нэг зүйлийг бодох ёстой. 2024 он гараад ердөө нэг сар болж байна. 2015 онд үйлдвэрлэгдсэн 45 хүний суудалтай, том оврын, нийтийн зориулалттай тээврийн хэрэгслийг 15 сая төгрөг буюу 5,000 орчим ам.доллароор худалдаж авсан гээд гаальд мэдүүлээд байгаа. Гаалийн байгууллага иж бүрэн судалгаа хийдэг. Судалгааныхаа үнэтэй харьцуулж үзэхээр энэ байгууллагын гомдол гаргасан автомашины хувьд хэт бага үнэтэй буюу луйврын шинжтэй байж болзошгүй гэж үзэн үнийн хяналтыг хэрэгжүүлж байгаа.