Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-оос өнөөдөр /2024.05.09/ Захиргааны хэм хэмжээний зарим акт нь Монгол Улсын хуулиас давсан, хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байгаа талаар мэдээлэл хийлээ.

ХЭҮК-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц: "Монгол Улсад 315 хуулиар захиргааны эрх хэмжээний акт батлах эрх олгосон.  Нийтдээ 2400 орчим заалт байгаа. Энэ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт батлагдсанаас  Улсын нэгдсэн санд 2480 захиргааны хэм хэмжээний акт бүртгэлтэй, 860 нь бүртгэлгүй байна.

Захиргааны хэм хэмжээг баталж байгаа субьектээр авч үзвэл сайдын тушаалаар 780, агентлагийн даргын тушаалаар 178, ИТХ-ын тогтоолоор 842, Засаг даргын захирамжаар 48, бие даасан агентлагийн шийдвэрээр 145, зөвлөл хороо, бусад хороо байгууллагын шийдвэрээр 466 нь батлагдсан байна.

ХЭҮК нь Захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ, хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхэд санал гаргах чиг үүрэг хэрэгжүүлдэг. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд 23 захиргааны хэм хэмжээнд 150 орчим санал өгсөн.

Хүний эрх, эрх чөлөөг хуулиар хязгаарлаж болно гэж заасан ч захиргааны акт нь хүний эрхийг зөрчих тохиолдол цөөнгүй гарч байна. Үүнд, ХЭҮК хяналт шалгалт зохион байгуулж , мөн гомдлоор шалгаж байна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын баталсан захиргааны хэм хэмжээний тухай актад дүн шинжилгээ хийж үзэхэд НИТХ-аас баталсан 20, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан 66, Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан хэм хэмжээний актыг судлаад үзэхэд нэгхэн захиргааны актыг Улсын бүртгэлд бүртгүүлсэн, бусад акт бүртгэгдээгүй хэрнээ зарим акт 17 жил мөрдөгдсөн нөхцөл байдалтай байсан. Нийслэл хотод тулгамдаж байгаа асуудал болон нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтээр мөрдөх хэм хэмжээг нэгдсэн санд бүртгүүлэлгүйгээр мөрдсөнөөр акттай холботой иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж чадахгүй, чирэгдэлтэй хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байсан нь дүн шинжилгээний явцад тогтоогдсон.

ХЭҮК-оос захиргааны хэм хэмжээний актыг Улсын бүртгэлд бүртгүүлэх, зөвлөмж хүргүүлсэн. Шинэчлэн найруулсан холбогдох хууль тогтоомжид, захиргааны хэм хэмжээний актыг нийцүүлэх шаардлагатай гэдэг зөвлөмжийг мөн өгсөн.

НИТХ-ын 2009 оны  арванхоёрдугаар сарын 23-ний өдрийн 27 дугаар тогтолоор баталсан нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам, 2013 оны арваннэгдүгээр сарын 28-ний өдрийн 47 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн авто зам замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс автомашин ашигласаны төлбөр авах журамд ишлэл хийгдсэн.  Үүнд 1998 оны Авто замын тухай хуулийг ишлэл болгосныг 2017 онд УИХ-аас шинэчлэн найруулж баталсан хуульд нийцүүлж өөрчил гэдэг зөвлөмж өгсөн.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 21 дүгээр тогтоолоор баталсан ахмад настан, хөгжлийн брэшхээлтэй иргэнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим  төлбөрийн карт олгох журамд ишлэл хийгдсэн. Захиргааны хэм хэмжээний актад заагдсан УИХ-аас 2005 онд баталсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиуд нь хүчингүй болсон тул 2017 онд шинээр баталсан Ахмад настны тухай хууль, 2016 онд баталсан Хөгжлийн брэхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нийцүүлэхийг зөвлөсөн.

Нийслэлээс 20-иод жилийн хугацаанд гаргасан 90 орчим захиргааны хэм хэмжэний актаас 89  бүртгэлгүй явж байсныг нь залруулах арга хэмжээ авсан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаас холбогдох арга хэмжээг авсны үндсэн дээр 2020 он гэхэд 33 тогтоол НИТХ-ын, Нийслэлийн Засаг даргын найман захирамжийг Улсын санд бүртгүүлж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авсан.

ХЭҮК-т захиргааны хэм хэмжээний акт нь хүний эрх зөрчиж байна гэдэг гомдол мэдээллийг иргэдээс ирүүлдэг. Жишээ дурдвал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс 2021 онд 50 дугаар тогтоолоор дархан бэрд энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журам баталсан. Энэ нь хүнийг хүйсээр ялгаварласан, Жендерийн ялгаварлан гадуурхалтыг бий болгосон шийдвэр байсан тул холбогдох  журмынг хүчингүй болгож шийдвэрлэж байсан.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны Covid-19-ийн үед иргэдийг тусгаарлах ажиглах түр журмаар тогтоосон тусгаарлан ажиглах арга хэмжээ нь хүний эрхэд хязгаарлалт тогтоосон арга хэмжээ мөн гэж үзээд энэ журмыг Цар тахлын хуульд нийцүүлэх арга хэмжээ авч, захиргааны хэм хэмжээний улсын актад бртгүүлэх шаардлага хүргүүлж байсан. Холбогдох журмыг бүртгүүлсний дараа гомдол гаргагч иргэнийг үндэслэлгүйгээр тугсаарлан, төлбөр авсан асуудлыг барагдуулах шаардлага хүргүүлж байсан.

2008 онд баталсан Төрийн ордны хамгаалалтын журамтай холбоотой гомдол ирсэн. Төрийн ордны аюулгүй байдлын хамгаалалт үйлчилгээг зохицуулсан журам батлах ёстой байтал иргэдийн хувцаслалтын талаар нарийвчлан зохицуулсан нь холбогдох хуулийн зүйл заалтыг буруу ойлгож журмаа баталсан байсан. Тиймээс энэ асуудалтай холбогдуулж, холбогдох арга хэмжээг авч, хууль журмыг зөв ойлгож хэрэгжүүлэх, нийтэд ойлгомжтой нээлттэй мэдээлэх захиргааны хэм хэмжээний актыг Улсын санд бүртгүүлж, дагаж мөрдөхийг зөвлөсөн.

Нийслэлийн боловсролын газрын дарга 2019 оны 45 дугаар тушаалаар элсэлт зохион байгуулах тухай журам баталсан байсан.

Журмын 4.4-т Оршин суугаа газраа нэгээс доошгүй жил оршин суусан байх. Элсэгчийг бүртгэхдээ байрны ордерыг эх хувиар нь авч ирэх, ордерын эзэмшигч нь эцэг, эхийнх нь аль нэгийнх нь нэр дээр байх зэрэг үл хөдлөх хөрөнгийн лавлагаа шаардсан журам баталсан байсан нь хүүхдийг оршин суугаа газар, эд хөрөнгөөр нь ялгаварласан хүний эрхийн зөрчил байсан тул зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахуулсан.

Захиргааны хэм хэмжээтэй холбогдон гарч байгаа нийтлэг зөрчил нь Улсын нэгдсэн санд захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэлгүй мөрддөг, тухайн захиргааны хэм хэмжээний актыг боловсхруулахдаа хууль тогтоомжоо сайтар судалдаггүй, боловсруулалтад анхаардаггүй, нөлөөллийн шинжилгээг бодитой хийдэггүй, нөлөөллийн шинжилгээ хийх хүний нөөц дутагдалтай. Нарийн мэргэжлийн судлаачаар шинжлүүлдэггүй. Нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан захиргааны хэмжэний актыг Хууль зүй дотоод хэргийн яамаар хянуулдаггүй, бүртгүүлдэггүй. Монгол Улсын хуулиас давсан зарим зохицуулалтыг захиргааны эрхийн актад тусгадаг. Хүний эрхийг үндэслэлгүйгээр хязгаарладаг, хүчингүй болсон хууль тогтоомжийг үндэслээд захиргааны хэм хэмжээний акт гаргадаг нийтлэг зөрчил байна” гэлээ.