Төрсөн үрээ гарынхаа шүүс болгож эрэмдэглэдэг мөс чанар нь арилсан эцэг эх ямар олон юм бэ. Бяцхан хүүгээ гар дээрээ өргөн эрхлүүлж тоглож байх ёстой эцэг хүн мэс барин дайрч заазуурдсан хүний санаанд багтамгүй хэрэг өнгөрсөн долоо хоногт гарлаа.

Энэ тухай хэвлэлээр нэг шуугиж байна. Бас хаа сайгүй ярьж байна. Олон хүн И хүүгийн тухай санаа зовж байгаа биз. Энэ сайн хэрэг. Гэхдээ жилийн дараа эсвэл ганц хоёрхон сарын дараа түүнийг дурсах хүн гарах болов уу. Түүний хаана амьдарч, хэрхэн аж төрж байгаа нь хэнд ч сонин биш болсон байна шүү дээ. Өнгөрсөн онд хойд эцэг, төрсөн эх хоёртоо ухаангүй болтлоо зодуулж байсан хүү хаана явааг бүгд мартсан. Түүний эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовох хүн өнөөдөр байхгүй байна.

Үнэндээ манай улсад хүүхдийн эрхийг ингэж л хамгаалж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд “Хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасан байдаг. Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал гэж чихэнд хоногштол ярьдаг хэрнээ хүүх­дүүддээ наад захын амьд явах эрхийг нь ч эдлүүлж чадахгүй л байна.

Хүүхдийн төлөө үндэсний газ­раас өчигдөр хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийсэн. Ниргэсэн хойно нь хаш­хирав гэгчээр бүх зүйл болоод өнгөрсний дараа дуугарч байгаа нь энэ. Уг нь тэдний үүрэг хүүхэд хохирсны дараа бус хохирохоос урьтаж хамгаалах болов уу.  Төрсөн эцэгтээ хутгалуулсан өрөвдөм, хөөр­хийлөлтэй хувь заяа ганцхан И хүүг дайраагүй. Өнгөрсөн онд архи ууж танхайрсан эр 10 настай охиныхоо гарыг заазуураар сийчэж гэмтээсэн хэрэг гарч байсан. Тэр болгонд Хүүхдийн төлөө үндэсний газрынхан ёс болгож ээлжит мэдээллээ хийж байлаа. Гэтэл хүүх­дийн амьдрах эрх зөрчигдсөөр байна.

Хүүхдийн төлөө үндэсний газ­рын Хүүхэд хамгаалал, үйлчил­гээний газрын дарга Б.Жавзан­хүү “Бидэнд айл бүрт ямар асуудал байгааг олж мэдэх боломж байхгүй” гэсэн. Мэдээж хэрэг айл бүрийн асуудлыг зохицуулах боломж хэнд ч байхгүй. Гэхдээ энэ мэт эрсдэлд ойрхон байдаг хүүхдүүдийг яагаад хараа хяналтандаа байлгаад байж болдоггүй юм бэ. И хүүгийн ээж нөхрийгөө “Үргэлж архи дарс ууж, харгис балмад авир гаргадаг. Мөн өөрийг нь болон хүүхдүүдээ байнга зоддог” гэж байсан. 40 настай Б өмнө нь эхнэр хүүхдүүдээ зодсон хэргээр 10 гаруй удаа саатуулагдсан тухай мэдээ ч байгаа. Ийм хүнд нөхцөлд амьдрах гэж ядаж байгаа хүүхдүүдийг хараа хяналтандаа байлгах боломж яагаад байхгүй гэж. Өнөөдөр хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон төрийн бус байгууллага байдаг. Хүүхдийн төлөө үндэсний газар гэхэд л харьяа олон хэлтэс, аймаг, дүүрэг бүрт салбартай үйл ажиллагаа явуулж байна. Энэ олон байгууллага юу хийж байна вэ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар хүүхдийн хамгааллын чиглэлээр юу хийдэг юм бэ. Ер нь хүүхдийн төлөө бай­гууллагуудын ажил тун хяз­гаарлагдмал байдаг гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Хүүхдийн төлөө үндэсний газрынханд айл бүрт очих боломж байхгүй ч гэсэн айл бүрийн хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах орчныг бүр­дүүлэх боломж бий. Гэтэл үнэн хэрэгтээ өнгөрсөн хугацаанд тус байгууллагаас энэ чиглэлээр ганц хуулийн төсөл боловсруулж байсныг санахгүй юм. Тус газрын дарга И.Нарантуяа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан улстөрч, биз­нес эрхлэгч хүн. Өнгөрсөн оны сонгуулийн дараа энэ албан тушаалд томилогдсон. Түүнийг өн­гөрсөн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах талаар дорвитой ямар ажил хийснийг хэлж мэдэхгүй юм. Уг нь энэ албан тушаалд намын томилгооны хүн бус хүүхэд бүрийг хайрлаж чадах хүн очих ёстой. Ийм хүн л хүүхдүүдийн төлөө ажиллаж тэдний эрхийг хамгаалж чадна.

 

Н.Санжаасүрэн