Бэлэн мөнгө хармаалж явах нь үрэхэд хурдан, тэгээд ч баталгаагүй. Хулгай, дээрэмд өртчих гээд хэцүү. Тиймээс бид найдвартай хадгалах боломжтой гээд банкийг зорьдог билээ.

Хэдхэн жилийн өмнө банкинд дугаарлаж зогсдог байснаа больж бараг зогссон газартаа бэлэн мөнгөний машинаас мөнгөө авчихдаг болсон. Бас нэг үйлчилгээ нэвтэрсэн нь худалдаа хийхдээ мөнгө тоолж зогсохгүйгээр картаар уншуулаад л гүйцээ. Мэдээж цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэсэн үйлчилгээнд иргэд бид талархаад баршгүй. Гэхдээ нэг асуудал байна.

Худалдаа, үйлчилгээний байгууллагаас том жижиг, үнэтэй, хямдхан юуг ч аваад кассан дээр картаа уншуулахаар гарын үсэг зуруулсан болоод тооцоо хийчихдэг. Тэд анх картны нууц код нэхдэг байснаа одоо бүр больж. Энэ бүхэн эргээд хэрэглэгчдийг эрсдэлд оруулж байна. Хяналтгүй үйлчилгээнээс болж бидний дансан дахь мөнгө бусдын гарт орж болзошгүй болчихоод байна. Орчихсон тохиолдлууд ч бий.

Цагдаагийнхан бусдын картнаас мөнгө хулгайлсан гэмт хэргийг он гарсаар Сонгинохайрхан дүүрэгт зургаа, Чингэлтэй дүүрэгт дөрвөн үйлдлийг илрүүлэн шалгажээ. Бусдын картнаас мөнгө хулгайлагчид бол халаасны хулгайчид. Тэд бусдын түрийвч, эд зүйлийг хулгайлаад хамгийн түрүүнд худалдааны газруудыг зорьдог байна. Энэ нь манай худалдаа үйлчилгээний “шуурхай” үйлчилгээг ашиглах гэсэн зан. Тийм болохоор үйлчилгээнийхэн яагаад картны кодыг шалгадаггүй болчихов. Банк үүнд хэрхэн хяналт тавьдаг талаар тодруулахаар хэд хэдэн газрыг зорьсон юм.  Банк, болон үйлчилгээний байгууллагууд ийм тохиолдолд өөрсдийнх нь нэрийг зарлуулах тун дургүй учир мэдээлэл лавласан газруудаа нууцаллаа. /Зөвхөн эдгээр ч бүх банк, байгууллага ийм байр суурьтай байна/.

 

Банк:

Картаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд банкиндаа хандаж картаа хүчингүй болгуулах ёстой. Хэрэв ингээгүй бол гарах эрсдлийг бид хариуцахгүй.

 

Худалдаа, үйлчилгээний байгууллага:

Картны пин код нэхвэл кассан дээр ачаалал үүсдэг. Үйлчилгээгээ шуурхай байлгахын тулд гарын үсэг зуруулдаг. Гэхдээ хулгайн картаар худалдаа хийсэн тохиолдол манайд байхгүй. Тийм болохоор ийм эрсдэл гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Хэрэв сэжигтэй худалдаа хийсэн бол банкиндаа хандаад тэндээс камераар шүүгээд хэрэгтнийг олчих боломжтой.

Банк болон үйлчилгээний байгууллагуудын ярианаас үзвэл эрсдлийг зөвхөн иргэдийн нуруунд үүрүүлжээ. Банк ч бай, худалдааныхан ч бай аль алинд нь орлого оруулж байгаа болохоор худалдаа хийхдээ пин код нэхдэг байх ёстой. Биеийн байцаалтыг шалгадаг байвал бүр ч найдвартай. Уг нь бид банкаар үйлчлүүлэхдээ заавал иргэний үнэмлэх нэхдэг, АТМ-аар бол пин код нэхнэ. Данс нээхдээ картаа бусдад дамжуулах, пин кодоо мэдэгдэхийг хориглодог. Иргэдийн хувьд хэдхэн секунд зарцуулчихвал гарах эрсдлээс сэргийлж чадна. Харин үйлчилгээнийхэн ачаалал нэмэгдэнэ гэж үзвэл кассаа нэмчих хэрэгтэй.

Пос терминал машины хувьд ийм эрсдэлтэй байгаа бол АТМ-ийн үйлчилгээний хувьд ч эрсдэлтэй байгааг цагдаагийнхан хэлэх боллоо. Иргэдийн хэрэглэж буй картууд соронзон туузтай. Ийм картаар АТМ-ээр үйлчлүүлсний дараа тухайн хүний мэдээллийг тусгай картаар уншуулаад мөнгийг нь авах эрсдэлтэй аж. Тиймээс Олон улсын банкны холбооноос зөвлөснөөр чиптэй картыг хэрэглээнд гаргах хэрэгтэйг цагдаагийнхан анхааруулж байна.

 "Зууны мэдээ"  сонин