Хуучин хуучирна. Шинэ шинэчлэгдэнэ. Хуучин хэнд хэрэгтэй вэ? Шинэ хэнд хэрэгтэй вэ? Яагаад хуучин хэрэгтэй? Яагаад шинэ хэрэгтэй? Өчигдөр хуучирна. Нэг жилийн өмнөх хуучирна. 100 жилийн өмнөх хуучирна. Маргааш гэдэг шинэ өдөр шинэ төлөвлөгөө шинэ амьдрал. Гагцхүү хуучнаараа юу эсвэл шинэчлэгдсэн үү? Дараагийн жил энэ жилийнхээс илүү зүйлийг мэдэж авсан мөн илүү ихийг хийж бүтээсэн байх учиртай. Ингэж зөвхөн бие хүн биш ард түмэн цаашлаад улс орон шинэчлэгдэх чухал.

Бие хүн хуучнаараа байхыг хүсэж магад. Гэтэл нийгэм хуучнаараа байвал хөгжихгүй зогсонги  байдалд орох магадтай бараг л хойшоо ухралт болох жишээтэй.

Хуучин гэдэг бол урьд өмнө болсон үйл явдал болон хийгдсэн зүйлсийг нэрлэнэ. Харин шинэ гэдэг дөнгөж сая болон цаашид хийгдэх болон бүтээгдэх зүйлсийг хэлнэ.

Бие хүн шинэчлэгдэж чадвал нийгэм шинэчлэгдэж хөгжил явагдана. Хуучиндаа хорогдсон ард түмнүүд шинийг бүтээж хуучнаа сайжруулж чадсангүй. Ийм ард түмэн яг л музей мэт л хуучиндаа хорогдож тоосондоо дарагдах жишээтэй. Тоос гөвөх шинэ залуу үе үүсэж чадахгүй бол хамтдаа тоосонд даруулсаар.

Мэдээж шинэ гэдэг бол өөрчлөлт гэсэн ойлголт. Тиймээс шинийг хүлээн авч чадахгүй гэдэг өөрчлөлтийг хүсэхгүй гэсэн үг. Зарим хүмүүс шинээс айдаг. Шекспирийн Гамлет хуучныг халж шинийг бүтээдэг.

Өнөөдөр яагаад нийгэмд шинэ үүсэж чадахгүй өөрөөр хэлбэл шинийг бүтээх эрх чөлөөг дарж нийт иргэдийг эрх чөлөөгүй болгож хуучин дотор хорьсон тухай ярьцгаая. Монгол хүн яагаад хуучныхаа боол болцгоов? Монгол хүн яагаад шинэ зүйлтэй танилцаж шинээр бодож, шинээр төсөөлж, огт танихгүй болон мэдэхгүйг хүлээн авах чадваргүй болцгоов? Тэр ч бүү хэл гаднаас орж ирсэн цоо шинэ үгийг болон ойлголтуудыг яагаад хуучин үг ухагдахуунаар орчуулж шинийг хуучин болгоно вэ?

Нийгмийг хараад байхад хуучныг шинэчлэгдэхэд боломж өгөхгүй байгаа явдал хуучныг бас устгасан мэт. Гэтэл хуучин дээр шинэ босож ирэх ёстой байдаг. Ингээд Монгол хүн хуучин ч үгүй, шинэ ч үгүй явах мэт.

Шинэчлэлийн засгийн газар гэж ярьсан. Тэгвэл хуучин ямар байсан түүнийг тодорхойлох хэрэгтэй. Хуучнаа гаргаж хуучиндаа үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй бол шинэ өөрөөр хэлбэл шинэчлэл ямар ч боломжгүй шүү дээ. Бодож сурах толгойгоо ажиллуулж сурах тэр цаг хүлээгдсээр. Бүгд хүлээнэ. Бүгдээрээ хүлээнэ. Нийгмээрээ хүлээнэ.

Зарим залуус урьд өмнө ээж аав эмээ өвөөгийнхөө үед юу ч байхгүй байсан мэт хандаж 50 жилийн өмнө 100 жилийн өмнө юу ч байгаагүй мэт бүдүүлэг загнана. Тэд цаашлаад өөрсдийнхөө дараа буюу үхсэнийхээ дараа цааш амьдрал үргэлжлэхийг ухамсарлахгүй явцгаана. Залуучууд ирээдүйд саад хийнэ. Тэд хойч үедээ шинэ боломж үлдээх ёстой гэдгийг ч ойлгохгүй төөрөгдөнө. Залуу үе яагаад өмнөх үе ч үгүй хойч үе ч үгүй болцгоов?

Хуучныг шинэчилж шинийг хуучин дээр босгоход шинэ болон хуучны зөрчил биш өөрөөр хэлбэл эсрэг тэсрэг биш харин ч хуучин шинэ хоёрын диалектик ирэх цаг болжээ.

- See more at: http://molorerdene.essay.time.mn/content/5393.shtml#sthash.iYBz9DI0.dpuf