-Байртай болох мөрөөдөл-

Нийслэл хотод амьдарч буй иргэдийн дийлэнх нь залуус. Тэд эцэг, эхээсээ өрх тусгаарлах гэж хичээх авч байр гэдэг зүйл бараг л ирээдүйн мөрөөдөл нь болоод байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өнөө жил барилгын салбарт тулгамдаж буй асуудал нь гацаанд орж зарагдахгүй байгаа байраа худалдах.  Энэхүү барилгын салбарыг аврахаар тус салбарын сайд нь орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 10 хувь болгож, 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах шийдвэрт хүрсэн гэдгээ мэдэгдсэн. 

Мөн орон сууцны талбайн хэмжээг 80 ам.метрээс доош хэмээн заасан байсныг цуцалж, талбай харгалзахгүй орон сууцны зээлд хамрагдах боломж бүрджээ. Иргэдэд орон сууц авах хэрэгцээ байгаа боловч урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөх шалгуурт унаж байсан. Учир нь 30 хувиа төлөөд байр авах чадвартай хүмүүс бүгд байрандаа орж, зах зээлээ авсан гэж эрх баригчид үзсэн. Гэвч өнөөдрийг хүртэл эл шийдвэрийг чуулганаар хэлэлцэж батлаагүй байгаа юм. 

- Улаанбаатар агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт жагссан-

Байртай болох хүслээ биелүүлчихвэл, агаарын бохирдлын хэмжээг багасахад хувь нэмрээ оруулж байгаадаа баярлах иргэд ч байдаг. Нийслэлийн оршин суугчдын ихэнх хувь нь гэр хорооллын айл өрх. Гэр хорооллын айл өрхийн тоо нэмэгдэх тусам агаарын бохирдол утааны асуудал хурцадсаар байгаа гэдгийг хаа хаанаа сайн мэддэг. Гэсэн хэдий ч байранд орох иргэд нь цөөн. Хөөрхий том, жижиггүй орон сууц мөрөөдөгчид цалингаас цалингийн хооронд хоногийн хоолны махных нь үнэ буурч өгөхгүй эдийн засгийн хүндрэлийг даван туулах гэж жартайж яваа.

Нийслэлийн хотын хөрс 1970-1990 оны хооронд хоёрдугаар зэрэг буюу бага зэргийн бохирдолттой, 1990-2000 оны хооронд гуравдугаар зэрэг буюу бохирдолттой, 2000 оноос хойш дөрөвдүгээр зэрэг буюу их бохирдолттой гэсэн үзүүлэлттэй байна. Мөн хар тугалгын агууламж нийт 43.7 мг байгаа аж. Энэ нь байгалийнхаас  хоёр дахин, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4-6 дахин их юм. Гэтэл хөрсний бохирдол нь 60-70 жил арилдаггүй. 

Бохир хөрсөнд өвчин үүсгэгч нян 400 орчим хоног, цусан суулгийн нян нэг жил хүртэл, шимэгчид нэгээс хоёр жил, хялгасан хорхойн өндөг 6-10 жил амьдрах чадвартай байдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар Улаанбаатар нь нэг шоо метр агаартаа 179 микро грамм тоосонцор агуулж байгаа нь хүний эрүүл мэндэд аюултай байх хэмжээнээс даруй 9 дахин их байна. Улаанбаатар агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд хоёрдугаар байранд орсон.

Үүнээс гадна бидний ирээдүй болсон хүүхдүүдийн дунд бронхит өвчин, агаарын бохирдолгүй хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 5-15 дахин их байдаг.

Байртай болоод агаарын бохирдлоо бууруулъя гэтэл урт хугацааны жилийн төлөлт, банкны хүү, урьдчилгаа мөнгө зэргээс шалтгаалан гэр хорооллын бүх айлууд байранд орж чадахгүй ээ. Эдгээр санхүүгийн бэрхшээлийг даван туулахыг хичээх иргэд байгаа ч 30 хувь байсныг 10 хувь болгож, 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах шийдвэрийг хүлээж сууна. Гэвч учир мэдэх хүмүүс эл шийдвэрийг батлахад нэлээд хүндрэлтэй төдийгүй эдийн засгийн хүндрэлтэй энэ цагт Засгаас мөнгө гаргах нь юу л бол гэх юм. Нөгөөтэй-гүүр барилгын чанарт иргэд ихээхэн эргэлзэж байгаа аж. Ямартай ч барилгын сайдыг лоббидож 80 метр кв-аас дээш байранд банкны зээл олгох гэрээнд гарын үсэг зуруулсны ашиг хэзээ гарахыг хүлээж суухаас даа. 

 

Х.Даваа