Би Аваргаа дэмжинэ ээ. Энэ бол миний эрх чөлөө. Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувиар эдэлж буй эрх минь. Миний болон бусдын эрхэнд хэн ч халдахгүй байгаасай гэж би хүсдэг. Сүүлийн үед Ардчилсан Намыг, энэ намаас нэр дэвшигч хэн нэгнийг дэмжихээс татгалзсан л бол ардын дайснаар өргөмжлөх гээд байдаг, хараан зүхэж гутаан доромжлохыг урьтал болгодог хэсэг бүлэг бий болсон. Тиймээс үүнийг сануулж байгаа юм.

Ардчиллыг анхнаас нь дэмжиж, Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөлгөөний үеэр Дарь.Сүхээгийн захыг мушгиж, нутгийн ах Сосорбарамыг бусдаас өмөөрч, Ардчилсан холбоог Дарханд байгуулалцаж, ардчиллын үйл хэрэгт хувь нэмрээ оруулж явсан мөрүүд миний намтарт бий. Өнөөдөр Б.БатЭрдэнийг дэмжлээ гээд энэ гэгээн сайхан хуудсандаа бэх дусаачихна чинээ бодохгүй байна. Яагаад гэвэл ардчилал гэдэг бол нэг намын, нэг хэсэг хүний өмч биш. Энэ бол Монголын ард түмний, миний ч, чиний ч өмч. Танд Н.Удвалыг, эсвэл Ц.Элбэгдоржийг дэмжих ямар нэгэн шалтгаан байж таарна. Надад ч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн төлөө саналаа өгөх шалтгаан бий.

Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар би Ц.Элбэгдоржийг дэмжиж саналаа өгсөн. Түүний өрсөлдөгч Н.Энхбаярын гар авлига, албан тушаалын хэнээ, хагарал, талцал, хөрөнгө мөнгө, хөөсөн магтаал гээд эвгүй орооцолдсон утас бүхний учгийг гогцоолдож байгааг мэдэрсний учир дэмжээгүй. Ардчиллын туг нь болж, амь насаа дэнчин тавин байж ардчилсан хувьсгалыг эхлүүлж, үзэл бодолдоо үнэнч тууштай, үзэх ном, сурах эрдмээр өөрийгөө тэтгэж, үнэн үг хэлж, үйлс зорилгынхоо төлөө тэмцэж яваагийнх нь учир би Цахиагийн Элбэгдоржийг дэмжсэн юм.

Одоо бол Б.Бат-Эрдэнийг дэмжинэ. Ц.Элбэгдорж монгол түмний, монгол төрийн биш, Ардчилсан Намын албан бус дарга харагдаад байгаад нь, авлигатай хийх тэмцлийг эхлүүлсэн нь үнэн ч алагчилж хандсанд нь, хэлсэн үгэндээ эзэн болохгүй хэтэрсэн авьяастай шоучны дүрийг бүтээгээд буйд нь эмзэглэхийн учир түүнд өгөх байсан саналаа татав.

Монголчууд үнэнийг дэмждэг. Хүчгүйдсэнийг өрөвддөг. Бат-Эрдэнэ ямагт үнэнээрээ, байгаагаараа л байсан. Одоо ч тэр хэвээрээ л явна. Хүрэн дээлтэйгээ, хүчирхэг төрхөөрөө, хэнийг ч үл ялгах энгүүн сайхнаараа, хүмүүсийн хүндлэл хүрээлэл дунд Монголоороо хөндлөн гулд аялсаар байна. Түүнийг амьдаар нь харахыг азын од гийлээ гэж үздэг, гар барьчихвал хишиг буяны хийморь мориллоо хэмээн сүсэлдэг түмэн олон нь түүн рүү хошууран ханарсаар байна.

Түүнд элдэв хуурай хоосон амлалт хэрэггүй. Санал авахын тулд худлаа ярьж хэзээнээсээ чадахгүй. Элбэгээ Ерөнхийлөгч ээжүүдийг хоёр жил гэрт нь ажил хийлгэхгүй суулгана, гэхдээ цалин өгнө, оюутнуудын 70 мянгыг 96 мянга болгоно, таваас дээш хүүхэдтэй өрхөд сар бүр 570 мянган төгрөг өгнө, хамгийн өндөр хувиар санал өгсөн сумыг “Жишиг сум” хөтөлбөрт хамруулна гэх мэтээр амлаж байна. Монгол Улсын Төсвийн тухай хуулиар баталгаажсан аймаг, орон нутаг дахь хөрөнгө оруулалтыг өөрөөсөө гаргаад хуваарилчихсан мэтээр сурталчилж байгаа. Өнгөрсөн хугацааны өөдтэй өнгөтэй болгоныг өөрийн духан дээр наачихсан яваа. Хүн рүүгээ хандсан, хөгжлийг баталгаажуулсан хууль болгон түүнийх гэнэ. Яг үнэндээ бол Ерөнхийлөгч маань таван хууль л санаачилсан юм билээ шүү дээ. Гэхдээ тэрнийхээ хоёрыг нь буцаагаад татчихсан байна лээ.

Аварга маань Ардчилсан Намтай, Засгийн газартай, УИХ-тай, Ерөнхийлөгчийн Тамгын газартай, нэг намын гарт төвлөрсөн шүүх, прокурор, СЕХ-той, орон нутагт эзэн суусан “ардчилсан” Тамгын газруудтай, асар их хөрөнгө мөнгөтэй “барилдаж” байгаа. Сурталчилгааны самбараа л гэхэд АН хэд ч солив, хэчнээнийг ч ярайлгав даа. Аварга харин ганц удаа солих шиг боллоо.

Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ өгч, хувь нэмэр оруулж байгаагаа харуулахын тулд УИХ-ын гишүүд чуулганаа завсарлуулсан. БатЭрдэнийн төлөө хэд нь явж, Элбэгээгийн өмнө хэн нь гүйгээ бол? УИХ-ын дарга, Ерөнхий сайд хүртэл энэ гүйлтэд хөлсөө урсгаж байгаа.

Нэр дэвшигчдийн ард байгаа хүмүүс гэсэн нэг хөгийн PR МАХН-аас явж байгаа. Яг үнэндээ Бат-Эрдэнийн ард намынх нь дарга Ө.Энхтүвшингээс өөр хэдэн хүн байгаа юм бол? Гэхдээ тэр араасаа түлхүүлж, гараасаа хөтлүүлдэг хүн биш. Өдий хүртэл туулж ирсэн зам нь өөрийнх нь л байсан. Бат-Эрдэнийн мөр баларшгүй тод. Хүн бүхэнд, монгол хүн бүрт танигддаг. Үнэний төлөө зорьсон улстөрчийн дүр нь ч гэгээтэй. Эх орноо, газар шороогоо, шударга үнэнийг л дээдэлсэн. Түүнийхээ төлөө тэмцсэн. Тэр албан тушаалын хойноос гүйсэн бол Ардын Намынхан Аваргадаа сайдын суудал өгвөл өгчих л байсан байлгүй. Эрх ашгийн элдэв сонирхлоор нэгдсэн бүлэглэл фракцад тэр нэгдсэнгүй. Ийм хүнийг эгнээндээ багтаачихвал бид хүчирхэг харагдана гэж тооцоолоод гуйлт хүсэлт дайсан л байлгүй.

Тэр хоёр нүүр гаргадаггүй, нэг л Бат-Эрдэнэ байж чаддаг. Аварга ямар байсан, тэр хэвээрээ л үлдсэн. Өөр болсон нь бол түүний улстөрчийн зиндаанд дэвшсэнд л байгаа байх. Шударга улстөрч Монголын төрд хэд байгаа бол? Хуруу даран тоолбол нэг гарынхаас хэтрэхгүй дээ. Би харин Бат-Эрдэнийг шударга улстөрч гэж хэлж чадна. Дарга харж далбайдаг, далдын хонжоо мөрөөдөж бүлэглэдэг энэ цагийн улс төрд түүн шиг ямар нэгэн атгаг эрх ашигт хөтлөгдөлгүйгээр намын даргаа, Ерөнхий сайдаа огцруулах шаардлага тавьж чадах нь хэн бол?

Авлигатай тэмцэх ажлыг нэлээд хударгаг үй, хүчирхийлж эхлүүлсэн хэдий ч энэ бол Элбэгдоржид ногдох гавьяа мөн. Гэхдээ Г.Батхүү юм уу, “Женко” Баттулга, магадгүй Э.Бат-Үүлийн нэр холбогдоод ороод ирвэл “бариад шалга” гээд хэлчих боломж Элбэгээд олдох болов уу. Би лав эргэлзэж байна. Харин Б.Бат- Эрдэнэ бол “барь, хорь” гэхгүй юмаа гэхэд “шалга” гээд хэлчихэж чадна гэдэгт би итгэж байна.

Айлын хойморт аав л суудаг. Хойморт суудалтай аав ханхайж, дүнхийж байх ёстой. Түүнээс түшиг, нүнжиг үнэртэж байх учиртай. Ийм хүнийг төсөөлье гэвэл Бат-Эрдэнэ л харагдаад байгаа юм даа. Аав хэрвээ хүүхдүүддээ худлаа хэлчихдэг бол нөгөө сайхан нүнжиг нураад л унана. Нэгэнд нь болохоор “Миний хүү дан дээлтэй явсан нь дээр” гээд байх мөртлөө нөгөөд нь давхар дээл өмсүүлээд, зузаалаад байвал тэр аав биш. Монгол төрийн хойморт жудгийн дутал, нүнжгийн хомсдол нүүрлэж байгааг хүнээр хэлүүлэлтгүй бид бүгдээрээ мэднэ. Бат-Эрдэнэ шиг жудагтай, нүнжигтэй эр хүн хойморт суугаасай гэж би хүсэж байна. Энэ бол зөвхөн миний биш, монголчуудын хүсэл итгэл гэдэгт эргэлзэхгүй байна.

Төрийн тэргүүн болох хүн ЗӨВ ХҮН байх ёстой. “Зөв хүн” гэсэн хэлц монгол хэлэнд бий. Худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, ёс жудагтай, нэр нөлөөтэй, түшиг нүнжигтэй хүнийг ийн хэлдэг. Монгол төрийн хойморт суух Ерөнхийлөгч хүнд энэ мэт олон шалгуур тавьж болно оо. Чухлаа хүрвэл размер ч чухал. Ангела Меркелийн суган дор үзэгдэх, арван таван үе өрсөн тавгийн идээний араас цухуйхгүй байх нэг их сайхан харагдахгүй л байсан шүү, үнэнийг хэлэхэд. Гэхдээ энэ бол хамгийн чухал нь биш. Монголын улс төрд ёс зүй алдарч, Монгол төрөөс жудаг алсарсаар байгааг нөхөх нь л хамгийн чухал болоод байна, энэ цаг үед.

Бат-Эрдэнэ аварга шиг “Миний нэр цэвэр. Гар цэвэр. Сэтгэл цэвэр” гээд шууд хэлчих аавын хүү Төрийн хойморт хэд байгаа вэ? Яагаад Элбэгээ хэлж чадахгүй байгаа юм. Бохирдсон, хиртсэн энэ заваан улс төрөөс чинь ард түмэн цээрлээд, цэвэр эрүүлийг хүсэмжлээд байна шүү дээ. “Цэвэр” гэдэг улс төрийн ухагдахуун хиртэй, тоостой гарын тухай ойлголт биш. Авах идэхийн шуналдаа хөтлөгдөөгүй, албан тушаалын наймаа хийгээгүй, авлига хээл хахуулиар амь, албаа ашиглаагүй хүнийг “Нэр цэвэр, гар цэвэр хүн” гэж монголчууд, Монголын улс төр тодорхойлдог юм. Сэтгэл нь ариуссан хүн гэж Аваргыг хэлэхгүй бол хэнийг хэлэх юм бэ? Тэр шүтдэг шашинтай, гэхдээ мухар сохор биш, зүрхэн дотроосоо бясалгасан шүтлэгтэй хүн гэдгийг мэдэх нэг нь мэднэ дээ.

“Цэвэр цус”-ны тухай тэр нэг ч үг хэлээгүй. Хэлэх ч үгүй. Аваргад хайртай нэг залуу сэтгүүлчийн бичээд, блогтоо тавьсан нийтлэлийг АН айхтар муухай ашигласан нь бол харин үнэн. Харин ч өөр цусны тухай сэдвийг Элбэгээ Ерөнхийлөгч жиргээчидтэй уулзахдаа өөрөө хөндчих шиг болно лээ. Бат-Эрдэнэ, Элбэгээ, Удвал гурвын хэнийг ч монгол биш гэж хэлэх цөсгүй, цусгүй хүн Монголд байхгүй. Гурвууланг нь бид мэднэ. Ялангуяа хоёр эрийг. Энэ сонгуулиар Нацагийн Удвалыг монголчууд тун сайн таньж авах шиг боллоо. Бүсгүй хүний нимгэн биед даагдамгүй хатуу хөтүүг үзэж, хатуужин тэсвэрлэж, урагшлан тэмцэж, өөрийн гэсэн зам мөрийг сийлэн үлдээсэн энэ сайхан эмэгтэйг Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш монголчууд хамгийн сайнаар хайрлана гэдэгт эргэлзэхгүй байна.

Аваргыг жижигхээн болгож харагдуулах гэсэн элдэв л юм явж байна. “Тэр бол бөх” гэв. Барилдаж байсных нь төлөө хэн нэгнийг баалах хэрэг юун. Бөх хүн улс төрд хэрэггүй гэвэл бөх болсон заяандаа гомдож суух юм уу. Бөх хэрэггүй гэсэн хэрнээ яагаад АНынхан бөхчүүдийг дуудан намдаа элсүүлж, бөхчүүдээр нүүрээ болгож, айл аймгаар хэсээд байгаа юм бэ. “Тэр намдаа хэн юм бэ” гэсэн басамжилсан тохуурхал илгээгдлээ. Намдаа хэн нэгэн буюу дарга, сайд байсан хүмүүсийг л бид Ерөнхийлөгчөөр сонгосоор иржээ. Тэр нь бидний алдаа болж. Яагаад гэвэл намдаа дарга байсан хүн Ерөнхийлөгч болоод яах аргагүй намдаа татагддаг юм байна. Ард нь ард түмэн адуун доторх алаг нь болж үлддэг биш гэж үү? Бат-Эрдэнэ бол намдаа дарга байгаагүй, жирийн гишүүн нь, чухамдаа бол эгэл ард нь байсан учраас Ерөнхийлөгчид хамгийн сайн тохирох хүн мөн.

Хуульд заасан хугацаа дуусахтай зэрэгцүүлэн рейтинг гээч зохиол энд тэндгүй хөврөв. Элбэгдорж 70 хувиар ялна гэв. 54 хувиар Ерөнхийлөгч болно гэлээ. Иймэрхүү судалгаа өдий төдий байна. Миний олж үзсэн судалгааны дүн яагаад бусдынхаас өөр байгаа юм. Дүн нь яг эсрэгээрээ л харагдсан. PR-ын акц хийж болдог юмаа гэхэд эргэж харах нүүртэй үлдсэн нь хэн хэндээ өлзийтэй дээ.

Бат-Эрдэнэ бол монголчуудын жинхэнээсээ монгол гэж харагддаг магадгүй цорын ганц илэрхийлэл байж мэдэх монгол наадмын, үндэсний бөхийн дэвжээнд хамгийн олон удаа түрүүлж, гайхалтай шинэ дээд амжилт тогтоож, монгол хүн бүрийн сэтгэлийн хойморт залагдсан хүн. Монгол наадам, үндэсний бөх минь цагийн шуурганд битгий сэвтчихээсэй гэж боддог хүмүүс түүнээс эш татах дуртай. Монгол бөхөд цаг бусаар бий болсон найраа, буулт, мөнгө төгрөгөөр даваа үнэлэх энэ тэрд хутгалдаагүй нь түүнийг хүндлэх шалтгаан гарцаагүй мөн.

Тэр нэгэн жилийн наадмаар улсын заан цолтой байсан Баянмөнхийн Гантогтоход элэг бүсээ тайлаад өгчихөд нь дээр доргүй л шуугисан. Гэхдээ “яагаад” хэмээн гайхсанаас биш, “Аварга гэж нэг хөгийн амьтан” гэж хэн ч хэлээгүй. Хожим нь учир шалтгааныг өөрийнх нь амнаас сонсоод түүнийг аргагүй л АВАРГА УХААН-тай хүн юм байна гэж зөвшөөрсөн. Бөхийн жудаг гэж үүнийг хэлдэг.

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй наадмын үзүүр түрүүнд таван удаа үлдэхдээ “Аварга болог дээ, хөөрхий. Өгчихдөг юм бил үү” гэсэн бодол орж ирсэн байж таараа. Гэхдээ тэр бууж өгөөгүй. Ингэснийх нь төлөө Мөнх-Эрдэнэ арслан жаахан гомдонгуй үлдсэн байж болох ч монгол бөх хожсон. Бат-Эрдэнэ аваргаараа үлдэж чадсан. Аваргууд нэрээ, нүүрээ сонгуульд худалдаж байхыг харах таагүй байна. Харин жинхэнэ аварга Монголд ганцхан байдгийг олж мэдсэндээ олзуурхаж байна.

Монгол эр хүнд байх учиртай хамгийн сайхан шинжүүдийг шингээснийх нь төлөө, монгол төрд дутагдаж буй бүхнийг нөхөж чадна гэж итгэсний учир би түүнийг дэмжиж байгаа юм. Ахас ихсээ, төр засгаа, бурхан шүтээнээ, хүмүүсийг дээдлэх жишгийг би Аваргаас л олж хардаг. Тийм ч учраас хоймортоо АВАРГА УХААН-тай, аав түшигтэй энэ хүнийг суугаасай гэж хүсэж байна.

С.Батбаатар